Press ESC to close

Усны ГудамжУсны Гудамж Бичээчийн Хөгжих Талбар

МИНИЙ БАЙХ ГАЗАР

Өдгөө 56 настай зохиолч, орчуулагч Жумпа Лахири “Эмгэг зовуурийн хэлмэрч” (Interpreter of Maladies, 1999) бүтээлээрээ Пулицерийн шагнал хүртэж байв. Тэр бээр гурван өгүүллэгийн түүвэр гаргаж, гурвуулааг нь өөрөө англи хэлнээ орчуулжээ. Мөн “Амьдай” (The Namesake, 2003), “Нам дор газар” (The Lowland, 2013), “Орших газар” (Whereabouts, 2018) гэсэн гурван роман бичсэн байна. Лахири италиар бичсэн анхны бүтээл болох “Орших газар”-аа өөрөө англи хэлнээ буулгажээ. Энэтхэг цагаач гэр бүлээс гаралтай тэр Лондон хотод мэндэлж, АНУ-д өсөж хүмүүжсэн байна. бенгал, англи, итали хэлтэй тэр бээр “Франц, испаниар жаахан ярьдаг, одоо харин орчин үеийн грек хэл сурч байна. Бас латин, эртний грекээр уншиж чадна” гэсэн юм. Жумпа Лахири Италийн алдарт зохиолч Доменика Старнонегийн гурван романыг орчуулж, мөн Овидын “Хувирал”-ыг латин хэлнээс англи хэлнээ буулгажээ. Лахири “Хувирал”-ыг өөрийн амьдралын хамгийн утга учиртай бүтээл, “ариун” хэмээн тодорхойлж байсан юм. Түүний сүүлд гаргасан өгүүллэгийн түүвэр “Ромын түүхүүд”-ийг зохиолч Тодд Портновиз итали хэлнээс англи руу хөрвүүлсэн байна. Жумпа Лахири өдгөө жилийн хугаст Ромд амьдарч, үлдсэн хагасыг Нью-Йорк хотноо Колумбын их сургуулийн Барнард коллежид багшлан өнгөрүүлдэг ажээ. Тэр бээр “Энэ хоёр хотыг харьцуулна гэдэг утгагүй хэрэг. Хоёулаа л амьдрахад ая таатай сайхан газар хойно. Гэхдээ аль нэгийг нь сонго гэвэл би Ром хотыг сонгох болно” гэсэн юм.

Ярилцсан: Женев Абдул

 

ЖА: Та шинэ өгүүллэгийн түүврийнхээ талаар ярьж болох уу? Зохиолч Альберто Моравиагийн 1954 онд бичсэн Ром хотын түүхүүдээс бүрдсэн бүтээлээс нэр болон гол санааг авсан хэмээсэн . Танд чухам юу нь нөлөөлөв?

Лахири: Би Моравиаг биширч шүтдэг, түүний бүтээлүүдийг уншиж эхлээд олон жил өнгөрч байна. “Ромын үлгэрүүд”-ийн фреско зураг, мөн хэрхэн хотыг дүрсэлж бичсэн нь намайг ёстой гайхшируулж байсан. Хэмжээ далайцын хувьд туульсын гэмээр бүтээл. Үнэнийг хэлэхэд түүнээр дамжуулж л анх Ром хоттой танилцаж байлаа. Ромд огт очиж үзээгүй байсан юм. Олон жилийн дараа, италиар ер төвөггүй, бүтэн ойлгож уншсан анхны номын маань зохиолч Моравиа. Италиар бичиж эхлэхэд ч тэр миний чиглүүлэгч болсон юм л даа. Цэвэр тунгалаг хэв маягтай, нягт чамбай, эмх цэгцтэй найруулгатай болохоор өгүүлбэр хэрхэн бичих, үгээ яаж сонгохыг түүнээс л сурсан. Номын минь нэр түүнд үзүүлж буй хүндэтгэл юм шүү дээ. Түүнчлэн дайны дараах үеийн Итали орон болон миний арав гаруй жил амьдарсан Итали орон хоёрын ялгаатай талыг харуулахыг зорьсон. Дүрүүд маань ч гэсэн гаднын хүмүүс, эсвээс төөрч будилж яваа, цаг үргэлж л түгшүүр зовуурьтай автаж, дөнгөн данган яваа хүмүүс л дээ.

 

ЖА: Та өмнө нь дурдаж байсан даа. Орчуулга бол “хувирал” (methmorphosis), тухайн бүтээлийг дахин төрүүлж байгаа хэрэг хэмээсэн. Та энэ зохиолоо ч гэсэн англи хэлнээ дахин төрснөөр харж байна уу? 

Лахири: Миний бодлоор орчуулга гэдэг… бүхлээрээ өөрчлөгдөж буй хэрэг. Эх бичвэрийн агуулга хувираагүй ч анхны хэлбэрээс тэр чигээрээ өөрчлөгдөн шинэчлэгдэж, танигдахын аргагүй болдог шүү дээ.

ЖА: Таны өгүүллэгүүдэд бусдаас ондоо, байгаа газраа идээшиж чадахгүй байгаа, эсвээс шилжин суурьшиж буй сэдэв зонхилсон байдаг. Эдгээр мэдрэмж таны Ромд байхдаа туулсан зүйлс үү?

Лахири: Энэ мэдрэмжийг мэдрээгүй үе байхгүй ээ. Үнэндээ ийм мэдрэмжгүй амьдрах нь ямар гэдгийг ч мэдэхгүй байна. Бага насны минь дурсамж бүр үүнтэй холбоотой. Хүүхэд байхдаа Энэтхэгт очиход, өсвөр насанд эргээд төрсөн газар Лондондоо ирэхэд ч гэсэн, ер хаа ч байсан уг мэдрэмж төрдөг. Уран бүтээл маань ч энэ мэдрэмжийг л судалж нээгээд буй хэрэг юм шүү дээ. Гэхдээ Ромд тэс өөр мэдрэмж төрсөн. Тэнд л би анх удаа, миний байх газар мөн байна гэж мэдэрсэн, өөр хаана ч тийм мэдрэмж төрж байгаагүй ээ.

ЖА: Та “Миний байх газар” гэж хэлэхдээ ямар утга илэрхийлэв?

Лахири: Би амгалан тайван байдаг, амьдрал маань ч энд л учир зүйгээ бүрэн оллоо доо гэж мэдрэгддэг газар. Би тэнд л хорвоо ертөнц, нийгмийн тодорхой нэг хэсэг гэдгээ хамгаас гүнзгий, бүрэн дүүрэн мэдэрдэг… Тийм болохоор хэл соёлд нь ч ингэж гүнзгий татагддаг байх. Миний хувьд Ром өөрчлөлт хувьсал байсан гэх үү дээ. Би хувь хүнийхээ болон зохиолчийнхоо хувьд тэнд л нэг төрлийн хувиралд орсон гэхэд болно.

ЖА: Та дүрүүддээ их ховор нэр өгдөг? Яагаад тэр вэ?

Лахири: Би нэр өгөлгүй бичдэг болоод их удаж байна. Итали хэлээрх бүтээлд маань нэр огт байхгүй… үнэндээ залхсан гэх үү дээ. Уншигчид нэрийн утгад дөрөөлөн ямар нэг таамаг гаргадгаас залхаж гүйцсэн. “Пи” гэдэг нэртэй, эмэгтэй бас Ромд төрсөн дүр байлаа гэж бодъё л доо. Гэхдээ түүний дүр төрх, үндэс угсаа, аав ээж нь хаанаас гаралтай, ямар бүлгийн цустайг нь мэдэхгүй л бол бид огтхон ч таамаг дэвшүүлж чадахгүй шүү дээ. Ээж минь жил бүр Рөүд Айландын Их сургуулийн утасны лавлахад буй нэрсийг хуруугаараа гүйлгэж харан, овог нь энэтхэг нэр олохоороо, “Ашгүй энд байна, энд байна шүү дээ. Ийшээ залгана, тэгээд гэртээ урина” гэдэг байсан юм. Нэр гэдэг зүйл тодорхой нийгмийн нэг хэсэгт хамаатуулж эсвэл “Бид нар чинь адилхан юм байна шүү дээ” гэдэг мэдрэмж төрүүлдгийг би мэднэ л дээ. Гэхдээ одоо үүний эсрэг зогсдог болсон.

ЖА: Та энэ цаг үед туурвиж яваа ямар зохиолчийг хүндэлж биширдэг вэ?

Лахири: Үнэнийг хэлэхэд би орчин үеийн уран зохиол маш бага уншсан, бараг уншаагүй гэж хэлэхэд болно. Гэхдээ Лидиа Дэвисийг тэсэн ядан хүлээдэг. Бас Доменико Старнонегийн орчуулагчийн хувьд түүнийг юу бичих бол оо гэж байж ядан хүлээдэг шүү. Гэхдээ ихэнх цагаа Овидод л зориулдаг. Бас одоо Горацийн төсөл дээр хамтарч орчуулга хийж байгаа юм. Тиймээс латин хэлнээс, эртний грекээс бас орчин үеийн грек хэлнээс орчуулга хийж байгаа. Мөн франц хэлээ сэргээж, Бэккетийг дахин унших хэрэгтэй болж байна. Миний ажил ийм л хойно, хүсэл зориг маань тийшээ л асгарч байна даа.

ЖА: Та хүндэтгэж явдаг орчуулагчийнхаа талаар ярьж болох уу? Бас яагаад гэдгээ?

Лахири: Би зохиолч, орчуулагч Чезаре Павесе, Антонио Табуччи, Итало Кальвино зэрэг олон хүнийг биширч, хүндэтгэж явдаг. Бас Кейт Бригсийн “Бартс”, Росмари Уолдропын “Жэйбес”, Гаятри Спивакийн “Деррида”-гийн орчуулгыг биширдэг шүү. Криста Вольфыг германаас итали руу буулгасан Анита Ража, мөн “Сири Хустведт”- ыг орчуулсан Жиоя Герзони гээд биширч явдаг олон хүн бий. Гарсиа Маркесаас авхуулаад олон испани хэлт зохиолчдын бүтээлийг гайхалтай орчуулсан Эдит Гроссманд их талархдаг. “Яагаад орчуулга чухал вэ?” гэдэг номыг нь би орчуулгын хичээлээрээ заадаг шүү.

ЖА: Хамгийн сүүлд уншсан гайхалтай ном тань юу байв?

 

Лахири: Селма Лагерлёфийн “Госта Берлингийн тухай туульс”.

ЖА: Та шавь нараасаа юу сурав?

Лахири: Үргэлж суралцагч байхыг.

Орчуулсан: МУИС-ийн Утга зохиол судлал хөтөлбөрийн II түвшний оюутан

Б.Оюун-Ундар

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

@Katen on Instagram
[instagram-feed feed=1]