Англи хэлнээ хэвлэгдсэн бүтээлийн “олимп” хэмээгддэг уран зохиолын ертөнцийн нэр хүндтэй шагнал болох Бүүкерийн цомын эзэн тодроход тун ойртсон байна. 2024 оны хувьд Бүүкерийн шагналын 55 жилийн түүхэн дэх хамгийн олон эмэгтэй зохиолчийн бүтээл тунан үлдсэн жил боллоо. Нидерланд, Австрали, Британи, Канад, Америк зэрэг орнуудын таван эмэгтэй, нэг эрэгтэй зохиолчийн бүтээл тунаж үлдээд байгаа бөгөөд 2024 оны арваннэгдүгээр сарын 12-нд Бүүкерийн шагналтан тодрох юм.(Усны гудамж танд Бүүкерийн шагналын эргэн тойрон дахь мэдээ мэдээллийг цаг тухай бүрд нь хүргэсээр байх болно)
БҮҮКЕРИЙН ШАГНАЛЫН ТУХАЙ: Англи хэл дээр хэвлэгдсэн, тухайн жилийн шилдэг бүтээлд олгодог утга зохиолын нэр хүндтэй шагналуудын нэг. 1969 оноос хойш уламжлагдан ирсэн уг шагнал нь аль ч улс үндэстний зохиолчдод нээлттэй. Хүн төрөлхтний уран зохиолд хувь нэмрээ оруулж байгаа, чанартай бүтээлүүдийг шагнан урамшуулах, алдаршуулах зорилготой юм. Бүүкерийн шагналын эзэн 50 мянган фунт стерлингийн мөнгөн шагнал хүртэх бөгөөд шалгарсан бүх зохиолчдод 2500 фунт стерлинг олгодог. Бүүкерийн шагнал хүртэх, түүнээс гадна шагналд шалгарч үлдэх нь номын борлуулалтыг мэдэгдэхүйц нэмэгдүүлж, зохиолчийг дэлхий даяар хүлээн зөвшөөрөх гүүр болдог байна.
2024 ОНЫ БҮҮКЕРИЙН ШАГНАЛД ШАЛГАРСАН БҮТЭЭЛҮҮД: Энэ удаа шалгарсан бүтээлүүдийн хөндсөн сэдвүүд нь адилсал, уур амьсгалын өөрчлөлт, хүний цаг хугацаа хийгээд орон зайтай холбогдох холбоо гэсэн утга дор зангилагдах аж. 2023 оны аравдугаар сараас 2024 оны аравдугаар сарын хооронд хэвлэгдсэн 156 бүтээлээс зургаан роман тунан үлдээд байгаа билээ.
“Held”
Энн Майклс нь Канадын энэ цаг үеийн алдарт зохиолч, яруу найрагч юм. Түүний зохиол бүтээл дэлхийн 50 гаруй орны хэл дээр орчуулагджээ.
Романд нийт дөрвөн үеийг хамарсан үйл явдлыг дүрслэн үзүүлэх бөгөөд шалтгаан үр дагаврын харилцан сүлэлдээн дунд зуун жилийн турш үргэлжилсэн цаг хугацааны түүхийг өгүүлжээ.
“Orbital”
Саманта Харви нь Их Британийн зохиолч, Британийн Бат Спа Их Сургуулийн ахисан түвшний сургалтын туурвил зүйн зүйн багшаар ажилладаг.
Олон улсын сансрын станцад ажилладаг зургаан нисэгч сансрын аялалд гарч буй үйл явдлаар тус роман эхэлнэ. Энэ бол дэлхийгээсээ алсран холдож байж сая нэг эх гаргийнхаа тухай эргэцүүлэн буй хүн төрөлхтний түүх юм. Хязгааргүй уудам сансарт хүн дэлхийгүйгээр амьдрах, дэлхий хүнгүйгээр оршин тогтнох тухай бодол, шаналал, санагалзлууд нисэгчдийг маань нөмрөн авна. Тэд хамтдаа нам гүмхэн орших цэнхэр гаргаа алсаас ширтэнэ. Улирал хийгээд тив, мөсөн гол, элсэн цөл, уулсын оргил, далайн давлагаа эд бүгд дэлхийг тойрох аяллын замд нүднээ ил. Гараг дэлхийн гоо үзэсгэлэнгийн эцэс төгсгөлгүй олон өрнөлийг ганцхан өдөрт гэрчилнэ гэдэг…
“The safekeep”
Яел ван дер Вуден нь Нидерландын зохиолч, харьцуулсан уран зохиолын чиглэлээр мэргэшсэн судлаач, багш юм.
Энэхүү роман нь XX зууны хамгийн эмгэнэлт явдлын тухай түүх юм. Дэлхийн хоёрдугаар дайны тухай биш, дайн дууссаны дараах нөхцөл байдлыг дүрсэлжээ. Дайн хэдий бодит байдалд дууссан ч хүний сэтгэл зүрхэнд хэдэн жил үргэлжилдэг вэ гэсэн урьд өмнө хэний ч асууж байгаагүй асуултад Изабел хэмээх дүр хариулт эрэлхийлэх аж. Дайны халуун ором, бөмбөгдөлтийн ул мөрт үнгэгдсэн балгас дунд урьдын амар тайван дахин өндийтлөө юу туулах вэ? Энэ бүтээл бидний мартаж алгассан түүхийн хуудсыг дахин сөхөх болно.
“Creation Lake”
Рэйчел Кушнер нь АНУ-ын энэ цаг үеийн нэрт зохиолч юм. Түүний зохиол бүтээл 27 орны хэл дээр орчуулагдан гарчээ. Өмнө нь түүний хоёр ч бүтээл Бүүкерийн шагналд нэр дэвшсэн байна.
АНУ-ын тагнуулын ажилтан Сади Смит Францын алслагдсан тосгонд даалгавар гүйцэтгэхээр ирж буйгаар роман эхэлнэ. 34 настай чанд хатуу эмэгтэйн амьдрал эртний тосгон, нойрмог хөндийн шидэд автан бүхэлдээ өөрчлөгдөж буй тухай гарна. Хоёр өөр цаг хугацаа, хоёр өөр үнэт зүйл бүхий орон зай, хөгжил дэвшил хийгээд байгаль дундах хүний ялгааг хошин шогийн өндөр мэдрэмжээр дүрслэн илэрхийлсэн роман юм.
“James”
Персивал Эверетт нь Өмнөд Калифонын Их Сургуулийн англи хэлний профессор, судлаач эрдэмтэн юм.Түүний хоёр ч бүтээл Бүүкерийн шагналд нэр дэвшиж байсан төдийгүй Пулитцерын шагналын эцсийн шатанд тунан үлдэж байжээ.
“Хаклберри Финд тохиолдсон адал явдал”-ыг дахин дүрсэлсэн зохиол юм. Энэ удаа амьдралын төлөөх тэмцлийг бид яг хэн бэ? гэсэн асуултад зангидан илэрхийлжээ. Жеймс роман нь амьдралд гаргахаас өөр аргагүйд хүрдэг олон золиосны мөн чанарын бясалгал юм.
“Stone Yard Devotional”
Шарлотт Вүд АНУ-ын зохиолч, нийтлэлч. Долоон роман, гурван уран зохиолын бус бүтээл туурвижээ.
Дунд эргэм насны нэгэн эмэгтэй Сиднейг орхин, бага насаа өнгөрүүлсэн Өмнөд Уэльсийн хөдөө нутагт буцаж ирэв. Ямар ч сүсэг бишрэлгүй тэрээр амар амгалан амьдрах арга хайн шашны нийгэмлэгт очдог. Хүнийг уучлах тухай, гансрал зовлон, эмэгтэй хүмүүсийн нөхөрлөлийн тухай өгүүлэх зохиол нь өнгөрсөн хийгээд одоо цаг хугацааны уусан шингэхүйн дор өрнөх болно.
thebookerprizes.com
Leave a Reply