Press ESC to close

Усны ГудамжУсны Гудамж Бичээчийн Хөгжих Талбар

ОПАЛ: ХУУРАХЫГ ХҮССЭН БОЛОХООР ЧИНЬ ‘БИ ХУУРТЪЯ’

Найруулагч: М.Батболд 

(‘Опал’, мөн ‘Бүгд чамд хайртай’ нэрээр шинэчлэн тавигдсан Жон Патрик зохиолчийн ‘Everybody Loves Opal’ жүжгийн тухай)

Зүгээр л надад ингэж санагдаад:

Хаанаас ч билээ уншиж байсан юм. Гэмт хэргийн хохирогчид өөрт нь аюул занал учрахаас өмнө хар зөнгөөрөө л юмс буруугаар эргэх гэж байгааг мэдчихдэг. Тэрхэн зуур, хэдхэн хормын төдийд хүн сонголт хийх хэрэгтэй болдог гэсэн үг. Зугтах уу, эсвэл зөн мэдрэмжээ дараад энэ хүнд итгээд үзэх үү? Хохирогч болсон гэхээр итгээд үзэхийг сонгожээ. Тийнхүү хууртсанаа насан туршдаа, санан санан бодох бүрдээ итгэл гэгч хамгийн их өвтгөдөг зүйл болохыг гашуунаар мэдэрнэ. Гэхдээ хууртсан ч, хууртсан гэдгээ мэдсэн ч нүдээ аниад дахин итгэх нь тэнэглэл үү? Эр зориг уу? 

Миний хувьд энэ бол эр зоригийн тухай жүжиг. Сэвтсэн ч, урагдсан ч, байгаа бүхнээ алдсан ч дахиад итгэх эр зориг, хайр хэмээх хүнд хүчир хөдөлмөрийн тухай. 

Зохиолын товч:

Насаа ч үл мэдэх Опал Кронки үжирч, нурахаа дөхсөн байшиндаа үй олон хулгана, бас өөрийн цор ганц хамгаалагч болох ноён Теннерийн (түүний тэжээвэр муур юм) хамт аж төрдөг. Опал хог түүж, элдвийг цуглуулдаг болохоор брэндийн үнэртний сайхан шил олныг цуглуулжээ. Үүнээсээ болж хуурамч үнэртэн зардаг луйварчдын овоо хараанд өртөв. Эхэндээ түүнээс шилийг нь авах гэж ирснээ гэнэн итгэмтгий зан, ганцаардмал ахуйг нь анзаараад Опалыг үхэх хүртэл нь хамт байж, дараа нь даатгалын мөнгийг нь авахаар шийджээ. Гагцхүү тэд эмгэний үхлийг ойртуулах л хэрэгтэй.

Гэхдээ энэ бас яг ч тийм түүх биш л дээ. 

Ганцаардмал Опал дээр охин Барбаратай нь тун төстэй үзэсгэлэнт бүсгүй, хоёр сайхан эрхмийг дагуулан ирээд үнэртний шилийг нь сонирхохыг хүссэн юм. Тэгснээ сайх нинжин сэтгэлтнүүд Опалыг орь ганцаар (ноён Теннерийг эс тооцвол шүү дээ) амьдардгийг мэдмэгцээ хажуу өрөөг нь түрээсэлж аваад (яаж болох вэ дээ, энэ муу овоохойд үнэгүй суулгах хэрэгтэй юм сан) бүр түүнийг өөрсдийн пүүсийн хамтран зүтгэгчээр элсүүлж, нэг ёсондоо найзалъя гэв ээ. Тэднийг таних тусам ямар сайхан, ямар гэгээн хүмүүс байв аа. Тэд байшинг нь засварлаж (үнэндээ нурааж Опалыг алах гэсэн юм. Нэгэнт бүтээгүйгээс хойш юуны ялгаа байх вэ), зул сарын гацуур бэлэглэж (Гацуурын чимэглэлээ асаасан бол Опал дэлбэрэх байсан юм. Мөн л бүтээгүйгээс хойш юуны ялгаа байх вэ), түүнд амь насны даатгал хийлгэхэд ч тусалсан (үхмэгц нь мөнгийг нь авах л зорилготой шүү дээ. Энэ харин бүтэлтэй болсон шүү). Тийнхүү хөгшин Опал насан эцэс болтлоо найз нөхдийн хамт аз жаргалтай амьдран сууж гэнэ. 

Бурхан Тайз хоёр:

Үгээгүй ядуу бөгөөд хөгшин гэх үг ‘эд юм’ байсан бол юу байх сан билээ. Үгээгүй ядуу бөгөөд хөгшин гэдэг үг ‘өнгө’ байсан бол ямар өнгө байх сан билээ. Миний төсөөллөөр бол зураачийн ажил иймэрхүү л асуултаас ургаж, яван явсаар эцэст нь яг тохирох хариултыг олж гэмээ нь сүүлийн чимхлүүр ажлаа дуусгадаг байх. Зураач О.Баярмагнай яг энэ асуултыг голыг онож хатгаснаар Опалын тайз тун нь таарсан агуулга, хэлийг бүтээж үзэгчдэд хүрсэн байна. Жүжигт Опалыг сагс түрж, хог түүдэг ядуу, хөгшин эмэгтэй гэж дүрсэлсэн буй. Зураач энэ яв цав дүрслэлд түшиглэн бүхэл жүжгийн тайзыг босгосон харагдана. Ядуу гэдгийг гандаж шарласан сонины хуудсаар шийдэв. Тайзны ерөнхий ар тийм гандуу шаргал сонин мэт бүүдгэр өнгийн хөшигтэй. Сагс түрдэг эмэгтэйгээ тэгвэл сагсанд нь амьдруулъя. Тайзны төв хэсэгт аварга том сагс байх бөгөөд тэнд бидний хайртай Опал аж төрнө. 

Үзэгдэх нь тийм байдаг аж. Тэгвэл зураачийн ажлаар зохиолын бэлгэдэлт санааг хэрхэн тусгав? Тус жүжигт бурхны тухай ганц нэгээр тогтохгүй ярина аа. Опал маань үнэн сүсэгтэй эмэгтэй. Аймшигт хэргийг сэдэж, аллага хийхдээ бэлхэн байгаа манай хэдэн луйварчид мөн л сүсэгтэй. Ямар сайндаа Опалыг дэлбэлж хөнөөхөөсөө урьдаар бурханд нь мөргүүлье гэж шийдэх вэ дээ. Театрын хүн хэмээх туслах дүр өөрөө бусад баатруудын хувь тавиланг зураглаж буй бурхны адил шинжтэй зохиолч билээ. Бурхан мэт театрын хүнд эрх мэдэл хэрэгтэй учраас шидэт дохиур шиг хэрэгсэл хэрэг болох нь дээ. Үүнийг тайзны зураач макетаар шийджээ. Тайзтайгаа ав адилхан макет руу цас цацвал тайзан дээр цас орно. Ус асгавал үер болж жүжигчид үймнэ. Салхи үлээлгэвэл хуй ч эргэж мэдэхээр байлаа шүү дээ. Энэ бол зураач найруулагч хоёрын бодож олсон сайхан шийдэл. Тэрхүү жижиг макетын тусламжтай бурхны үйл хэрэг хүн төрөлхтний аж амьдралд хэрхэн нөлөөлж буйг харуулахын зэрэгцээ хүн төрөлхтөн ч бас өөрсдийн аж амьдралыг хэрхэн дураараа хөтөлж, бурхны зохиолын эсрэг залуурдаж чадах вэ гэдгийг харуулах боломжтой болжээ. Тиймдээ ч энэ жүжгийн зураач “Гэгээн Муза-17” наадмын шилдгээр тодорсон байна. 

Аз жаргалтай гэнэтхэн учирсан гурван хүн 

Аз жаргалыг улайдсан чулуу шиг санаад, атгадаа удаан тогтоож чаддаггүй хөөрхий хүмүүсийг ээ? Опалыг сэм хөнөөж, даатгалын мөнгөөр нь л жаргана гэж бодсон гурван луйварчин маань үнэндээ Опал хэмээх аз жаргал (улайссан чулуу)-тай таарчихсанаа бүрэн ойлгож өгөхгүй л, удаан барьж тэвчилгүй унагаж алдах шахаад байв.

Луйварчдын тэргүүн Сола Боза, нөхдөө дагуулан ирсэн булган сүүлт үнэгхэн Глориа Гулак хоёр Опалтай учраад аз жаргал, амар амгалангийн өнцгөөс амсах боловч түүнээсээ бүрэн атгаж үл чадна. Учир нь энэ жаргалд эцэс тавьж, үгүй хийхээр санаархаж байгаа хүмүүс нь өөрсдөө болохоороо эргэлзэж, итгэж ядах ажээ.  

Харин Брэд Виннерийн дүр нөгөө хоёрынхоо эсрэг чиглэлтэй байна. Тэр зол жаргалыг мэдэрч эхэлмэгцээ эсэргүүцэн тэмцэлдэж гардаг. Түүний мэдрэмжээр бол аз жаргал гэгч нь хуурамч, хий хоосон зүйл тул хоёр нөхрөө Опалын нөлөөнөөс ангижруулах гэсэндээ гөжүүдлэн зүтгэх ажээ. Эрхэм үзэгч ажигласан бол Брэд анхандаа Опалыг хөнөөхийн эсрэг саналтай байсан ганц хүн. Гэвч тэр мөнгөний төлөө эргэн ирсэн хойноо эмгэнийг хөнөөх гэж тууштай зүтгэдэг. Түүний хувьд аз жаргал бол одоо мэдэрч байгаа амьдрал нь биш (жаргаж болох ч түүнийгээ үгүйсгэхийг хичээнэ), ирээдүйд олж авах ёстой мөнгө л мөн юм шиг санагдаж л дээ. 

Энэ гурван дүр бол хүн төрөлхтний аз жаргалд хэрхэн хандаж байдгийн тодорхой жишээ мэт. Тийнхүү эргэлзэж, эсвэл эсэргүүцэж байснаасаа болоод Опалыг гомдоож, түүнийг үүрд алдаж байна. 

Тэдний хэн хэн нь анхандаа даатгалын мөнгөнд шунасан луйварчид л байсан. Гэвч Сола, Глориа хоёрт Опал нөлөөлж, сайн сайхан руу хөтөлсөн бол Брэдийн хайр амсаж үзээгүй хоосон зүрхэнд Опалын өег сэтгэл хурцадсандаа ч тэр үү буцаан нулимах гэж үйлээ үзэх ажээ. 

Би уг жүжгийг тайзнаа тавигдаж эхлээд удаагүй байхад нь нэг удаа, мөн хамгийн сүүлийн тоглолтыг нь үзэж таарсан юм. Энэ жүжгийг олон сарын хугацаанд тоглох бүрд жүжигчид дүрээ улам сайн ойлгож, зорилго, тухайн үйлдлийг хийж буй шалтгаан, сэтгэлийнх нь эмзэг цэгүүдийг өөртэйгөө нягт холбож чадсан нь сүүлийн тоглолт дээр тун илэрхий харагдлаа. Тэр дундаа жүжигчин Т.Сэргэлэн барьцгүй этгээд юм шиг мөртөө бодсон зүйлдээ ихэд улайрдаг, өөрт оногдсон шударга бус хувь тавиландаа тохирох шударга ёсны үзлийг бүтээсэн, бусдын санаа сэтгэлийг гарын аясаар сойдог, сүйхээтэй хэр нь өөрт нь дэндүү ойртоод ирсэн үхэл мөхлийн мэдрэмждээ туугдаж сэтгэлийн гүн дарамтад автаад буй Брэдийн дүрийг биедээ тааруулж эсгээд, тунг нь тааруулж чимэглээд тайзан дээр өмсчихсөн гүйж байгаа мэт л харагдав. Түүний амилуулсан дүр энэ цогц хүнлэг шинжээрээ үзэгчдийн сэтгэлийг татаж, үзэн ядах, өрөвдөн шогшрох сэтгэлийг давхар давхар мэдрүүлж байна. 

Глориа (жүжигчин Т.Ариунчимэг) улам эмзэг болжээ. Тэр бусдын л адил сэтгэлийн ариун, зөөлнөө амьдралын уртад гээж, бүдгэрүүлсэн хүн. Сэтгэлийн гял цалаа гээсэн Глориа эхэндээ хувцас хэрэглэлээрээ гял цалаа нөхөж, дэгжин хүний дүр эсгэнэ. Гэвч Глориа Опалтай уулзаад түүнд тун хурдан уусчихдаг. Учир нь Глориа дотроо Опал шиг л хүн байж шүү дээ. Аажимдаа хүнийг чин үнэнээр хайрлах эмэгтэй зөн нь сэргэжээ. Глориа бол Опалаас хамгийн ихийг өөртөө шингээсэн дүр юм. Жүжгийн туршид дүрийн дотоод өөрчлөлтийг хувцас, мөн тайзны эдлэлээр оновчтой илэрхийлсэн байна. Урьд нь ганган шаавай явсан Глориа хүүхэн жүжгийн дунд хэсэгт хээнцэр хэр нь арай даруухан хувцастай болж, эцэстээ Брэдээс болж шархалсан сэтгэлээ үзэгчдэд ил болгомогцоо элдэв чимэггүй унтлагын хувцас хөдрөөд өөрийнхөө сэтгэл шиг нөхөөс олонтой томоо бамбарууш тэврэн хэвтэж байдаг. Опалын бэлэглэсэн хуримын даашинзыг өмсөөд тэр бусдынхаа сэдсэн хорон төлөвлөгөөний эсрэг зогсоно. Хүний сайхан сэтгэлийг биедээ углачихсан зогсоо юм чинь арга ч үгүй дээ. 

Сола Бозагийн дүрд Н.Онон, П.Эрдэнэзаан нар тоглосныг аль алиныг нь үзэх завшаан тохиолоо. Батболд найруулагч хошин шогийн гэх тодотголдоо хүлэгдэж дэндүү удсан авьяасыг нэг нэгээр нь зүлгэн, тодруулах ажлыг зориглон эхэлсэн. Үр дүн нь нүднээ илхэн харагдах боллоо. Түүний жүжигт дүр бүтээх нь жүжигчдийн хувьд мэргэжлийн ур чадвараа батлан харуулах боломж болж, цаашдын уран бүтээлүүдэд нь ээлтэй байгаа бололтой. Жүжигчин Онон дүрээ марзан хэр нь луйварчдыг толгойлдог гэх утгаараа хатуу ширүүн янзаар харуулсан. Харин Эрдэнэзаан жүжигчин сэтгэлийн гал цогтой, дэврүүн Сола Бозаг гаргажээ. Тэр дундаа Эрдэнэзаан жүжигчний дуу хоолой эрхгүй анхаарал татсан юм. Сонсмогц л ‘танигдахааргүй, нэг л өөр байна’ гэх бодол  харван орж ирсэн шүү. 

Сарказм (сэтгэхүйн комеди)-г суулгасан нь 

Сарказм гэдэг нь хөндүүртэй сэдэв, онцгүй уур амьсгалыг егөөдөж, “инээлгэх зуураа өвтгөж, инээлгэх зуураа нэгийг бодуулна” гэсэн үг.  Сарказмыг үгээр илэрхийлсэн уг зохиолыг жүжиглэлт, уур амьсгал, тайзны хэлээр үзэгчдэд хүргэх нь найруулагчийн үүрэг ээ. Хамгийн түрүүнд ажиглагдсан зүйл гэвэл найруулагч зохиолыг хаана, хэзээ тавьж байгаагаа сайтар тунгаасан байна. Орчин цагийн монгол хүнд Жон Патрикийн зохиолыг ойлгуулах үүднээс орчуулгад анхаарсан нь илт. Жишээ нь зохиолыг монгол хүнд ойлгомжтой байлгах үүднээс “Зуун доллартай явснаас зуун найзтай явсан нь дээр” гэх хэлц ашиглаад түүнийгээ цааш дэлгэрүүлэхдээ “одоогийн монгол төгрөгийн ханшаар бол тэг арван мянганы нэг төгрөгтэй байснаас нэг найзтай байсан нь дээр” гэж буулгажээ. Энэ нь нэг талаараа хөгжилтэй боловч нөгөөтээгүүр монгол төгрөгийн ханш унасаар буй гэх нийгмийн асуудлыг зурсхан ч болов сануулаад авч байна. 

Хөгжимд хэмнэл байдаг шиг урлагийн бүхий л төрөлд хэмнэл бий. Тэр дундаа тайзны бүтээл хэм хэмжээ, хурд, хэмнэлийн нарийн мэдрэмж шаарддаг. Ихэнх найруулагч үүнийг төдий л сайн мэдэрдэггүй шиг санагдах нь олон. Уг нь жүжиг бол хүний таван мэдрэхүйг зэрэгцүүлэн ашиглаж болох өргөн хүрээний боломжтой хэр нь тунг нь хэтрүүлбэл амархан залхааж ч мэдэх аюултай урлаг. Зарим жүжгийг үзэх үед хэт чимээтэй, тайзны үзэмж, орон зайн ашиглалт тааруу, дээр нь жүжигчдээ хэдийд нь намуухан, хэдийд нь түргэн хэмнэлтэй яриулж, ямар үед сэтгэл хөдлөлийг нь тултал гаргах вэ гэдгээ нарийн төлөвлөж чадаагүй шиг санагдах нь бий. Харин Батболд найруулагч энэ тал дээр тун чамбай ажилладаг. Тэр дундаа Опал жүжгийн тавилт баялаг мөртөө бас хэдийд нь үзэгчээ амраахаа овжин мэдэрсэн харагдав. Жишээ нь тэр тайзан дээрх жүжигчдийн хөдөлгөөнд хүмүүсийн анхаарлыг хандуулах зорилгоор хөдөлгөөн удаашруулах арга ашигласан. Мөн нэгэн цаг хугацаанд болж буй үйл явдлыг олон өнцгөөс харуулж, дүр бүрийн царайны хувирлыг үзүүлэх үүднээс дугуй ширээний ард ярилцдаг үзэгдлийн үеэр цаг хугацааг зогсож, жүжигчид сандлаа барин явж байрлалаа өөрчилмөгц үйл явдал буцаад үргэлжилж буй хэсэг бий. Цаг хугацаагаар ийн даажин хийх аргыг мөн хэд хэдэн янзаар ашигласан. Глориа, Брэд хоёрын маргааныг олон давтаж харуулснаар сэтгэл эмзэглэм асуудал нь сүүлдээ үзэгчдэд инээдэмтэй санагдах боловч олон удаа давтан үзүүлсэн гэх утгаараа хэлэх гэсэн санаагаа илүү тодотгож чадсан. Түүнчлэн тог тасарч буй үзэгдлийн үеэр тайзны гэрэл бүрэн унтарч, үйл явдлыг зөвхөн харилцан  яриагаар илэрхийлэх тэрхэн зуурт үзэгчдийн харааны мэдрэхүй амарч байна. Сола, Брэд хоёрын маргааныг ч мөн зөвхөн дуугаар шийдсэн нь үзэгчдэд ч, жүжигчдэд ч амралт болсон биз ээ. 

Ийнхүү зарим хэсэгт хүний харааны мэдрэхүйг, заримдаа сонсголыг амрааж, хэзээ зогсоож, хаана үйл явдлыг түргэн эсвэл аядуу өрнүүлэхээ мэднэ гэдэг нь урьд миний дурдсан хэмнэлийг мэдрэх асуудал. Мэдрэх буюу зохиомжлох. Тайзан дээрх цаг хугацаа, орон зайн эзэн гэдгээ ухамсарласан найруулагчид л түүнийг чадна.

Ө.Сумъяа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

@Katen on Instagram
[instagram-feed feed=1]