Press ESC to close

Усны ГудамжУсны Гудамж Бичээчийн Хөгжих Талбар

БОБ ЖУНИОРТ ШИВНЭСЭН ҮГ

    Түүнийг өмнөө сөхрүүлчхээд өндийж харах нь ээ, Боб Жуниорын хөрөгтэй харц тулгарчих нь тэр. Бобыг үхсэний маргааш л агуу алдрыг нь анх дуулж билээ. Бидний уулзалт ийм гэнэ сэрэггүй явахад тохионо гэж санасангүй. “Сэрэнгэтийн хааныг цааш харуулсан алуурчдыг эрэн сурвалжилж байна, дөрвүүл нийлж энэ баатарлаг үйлээ хийсэн шиг байна” хэмээхдээ “дөрвүүл” хэмээн тодотгож байсан сан. Дан ганц Вашингтон Пост ч ийн тодруулсан юм биш л дээ. 

   Зайлбаргүй агууд тооцогдох Бобын замналыг төгсгөл болгохоор шийдсэн дөрвөн дэгжин эрийн хоёр нь, амьсгалынхаа тоог гүйцээж буй хааныг сахин сууна. Уухилан хэвтэх түүний улаан хоолойгоор агаар салхи түрхрэлдэж нудралцан гарч байх шиг зовлонтой сонстох ажээ.

   Адислагч-1 шүдэнд нь Бобын зогдроос наалдсан үсийг тургиад “Алив ээ, хулчгар минь чахраад байгаа хоолойд нь наад муу хоёр ясаа зоогоод өгөөч” гэснээ “Муу өгөр!” гэж зүхэв. Адислагч-2 харин Сэрэнгэтийн умард нутаг тийш жишим ч үгүй ширтэж зогсоно. Гуравдугаар адислагчаас бараа сураг ч алга. Гагцхүү түүний Бобын нуруунд үлдээсэн соёоных нь мөр л онгойж харагдана. Эдүгээ өндийж ч чадахгүй байгаа хааны зовлон гарцаагүй тэр зуултаас үүдэлтэй. 

   Адислагч-1 Бобын чанх өмнө очиж хэвтлээ. Талаараа харуулдаж хэвтсэн хаан энэ мөчид янцаглан өлийхчөөн болсноо тэрийн унав. Тулаан эхлэхэд цөм Бобын биед үлдээж байгаа соёоны ормоо тоолж дөнгөхөөр байсан бол өдгөө хаана нь хэний тамга тэмдэг буйг ялгахын аргагүй болжээ. Адислагч-1 дээш харан хэвтэхэд хамсаатан нь аанай л умард тийш гөлөрсөн хэвээр. Тэгээд нэгдүгээр адислагч үхлүүт хааныг ширтэнгээ,

-Цаадхаа орхиоч дээ хэмээн дуугарав. 

   Адислагч-2 үг дуугүй эргэж, Бобын гуяыг лавхан гэгч нь зуугаад сэгсэрч алдав. Хааны бие адислагчийн аясаар гулжганах аж. Эцэст нь мөнөөх эр Бобын хөлийг салдасхийтэл чулуудчихаад гүрээ тийш хандлаа.  Боб адислагчдад буй биеэ эгнэгт тушааж орхижээ. Одоо хаанд омог сүрт бие хаа нь ч, хоёрдугаар адислагчийн тасар татаж орхих хоолой багалзуур нь ч, тэр бүү хэл Сэрэнгэтийн уудам нутаг ч огт хамаагүй мэт. Тогтоосон хил хязгаар хийгээд өнө удаан жилийн хаанчлалд нь ч оноох утга учир нэгээхэн ч үгүй мэт хэвтэнэ. 

   Тэгтэл дээш харан хэвтээ нэгдүгээр адислагч “Өнөөх чинь ирж явна” хэмээгээд өндийхөд хоёрдугаар адислагч хааныг орхиод умард тийш толгой эргүүлэн хэд гурав алхав. Чингэхдээ Бобын урд хөлийн хурууг гишгэж буйгаа анзаарлаа. Хязгааргүй цэлийх Сэрэнгэтийн тал нутагт тэднийг чиглэж яваа хэн ч байсангүй. Адислагч-2 Боб руу эргэхээр завдтал тэртээд урсах зэрэглээн дунд хааны дүр тодрох нь тэр.

-Яагаад? Яагаад хэмээн хоёрдугаар адислагч давтана. Боб зэрэглээ дундаас тодорсоор өмнө нь тулж ирэхэд ч мань эр “яагаад, яагаад” хэмээн бувтнасаар байв. Тэгээд хаан,

-Үнэхээр их хүсэж байна уу? гэж түүнээс асуулаа.

Адислагч-2 толгой дохив. Хаан хариуд нь “Харин би залхаж байна”  хэмээгээд сарнин алга боллоо.

Адислагч-1 өмнөдийг ширтэн зогссоор… Бобд одоо  хэдхэн хором үлджээ.

   Одоо нүүр нүдгүй бүчиж, дамжлаад нисэх нь холгүй шавах ялаа, шумуулаас өөр анзаарах зүйл хаанд үгүй. Тэр арайхийн урд савраа өргөж нүүрээ самардах аядлаа. Тэгтэл чанх урд нь өмнөдийг ширтэж зогссон залуу арслан давхийн цочоод эргэж харахад Адислагч-2 Бобын ар нуруу руу аажуухан дөхөж байв. Үхлүүт эзэн хааны  цус харвасан нүдэн дээрхээс ч олон ялаа нүүр нүдийг нь бүрхжээ. Дунд нь аварга хөхтүрүү суугаад хамраас нь цэрийтлээ цус сорж буйг Адислагч-1 анзаарлаа.

   Хугарах, үйрэн шажигнах дуунаар Адислагч 2-ын нүүрнээс үй түмэн шумуул үргэн нисэлдэв. Хаан эцсийн хүчээ шавхан өндийж, Адислагч-2 чухам ар нурууг нь хэрхэн сэглэж буйг сонжих мэт харлаа. Хоёрдугаар адислагчийн хамар дээрх хөхтүрүүний бие томорч, нимгэн бүрхүүлд нь хоёрын хоёр эрэгчний цус улааран эргэлдэж байв.

   Адислагч-1 сая сэхээ орж “Сэглээд өг! Дахиад. Хүчтэй!” хэмээн бархирав. Харин хамсаатан нь тэр л мөчид хаан эцсийн хүчээ шавхан өндийгөөд өөрийг нь багалзуурдаад аваасай, яг л дөрөвдүгээр адислагчийг гүйцээсэн шиг ээ! гэж хүсэж байлаа.

***

   “Хөдлөөд өг, мундаг эр минь! Дахиад, дахиад… Болж байна, улам хүчтэй” гэж тэр орилно. Зоо нурууг нь дагаад шар үс халиурчээ. Уулзахгүй л бол, царай зүсийг нь харахгүй л бол хорвоо  утга учраа гээчих шиг болдог тэр л өдрүүдийн нэг. “Чилээд байна мөр бариад өг” гэж тэр гуйсан. Хүзүү мөрийг нь нухалж зогсохдоо би яг ийм л халиурсан шар үс ар нуруугаар нь урсаж байгаа вий гэж төсөөлсөн сөн.

   Ханын цаасны угалзарч мушгирсан хээг тайлах гэж оролдлоо. Сэрэнгэтийн хаан намайг цоо ширтсэн хэвээр. Чингээд “Боб, би зүгээр л харимаар байна” хэмээн шивнэлээ.

Э.Доржсүрэн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

@Katen on Instagram
[instagram-feed feed=1]