Намар цаг айл бүрийн үүдэнд өнгөө асгаж, моддын навч хөтлөлцөн гүйх мэт газраар дэгдэнэ. Хүн ардын хөл хөлхөөн тасрахгүй “Хороолол”-ын зам дагуу алхаж яваагийн учир гэвэл хүндэтгэлт нэгний гэр энд бий. Очих газар мөн эсэхийг хүнээс сураглаж, эргэн тойрон алхсаар ямартай ч олов. Энэ хороололд хуучин цагийн үнэр, дурсамжийг тээсэн байрнууд эгнэх агаад бүгдийг нь хөндлөн зураасаар зорох шиг цагаан байранд тэднийх амьдардаг аж. Уран зураг уншаад зогсож байгаа мэт хэсэг чимээгүй, ажин түжинд автаж хаалганых нь гадаа баахан зогслоо. Намхан аараг даван одсон айлуудын бараа хөдөө талыг санагдуулна. Эцэст нь үүдийг нь зүрхлэн тогшив.
Хаалга нээмэгцээ инээмсэглэсээр тосон ирэх буурал үстэй, энэ хөх хүнийг Дашлхүмбийн Галбаатар гэдэг. Тэрбээр Монголын орчин цагийн уран зохиолд гал маналзуулж, оч үсчүүлсэн нэгэн. Түүний бичсэн ном, бүтээл гарын арван хуруунд үл багтана. Онолын ном бичнэ гэдэг хэн дуртай аавын хүүгийн ханцуй шамлан ордог ажил ч биш ээ. Оюутнууд, гэлтгүй уран зохиолын салбарынхан шүүмжийн номоос нь эхлээд “Уран зохиолын онол, түүх, шүүмж” номынх нь хатуу хавтасыг элэгдтэл эргүүлсээр байна. Он жилийн хойно ч уншсаар л байх болно гэдгийг өчүүхэн би сэтгэлдээ хэлсээр тэдний гэрийн босгыг давсан юм. Ийн цааш ярилцсанаа та бүхний өмнө дэлгэж байна.
-Дөч гаруй жил боловсролын салбарт багшилсан хүний хувьд “Шүүмж, судлал”-ын салбарт “Энэ л цахиур хагална даа” гэж бодож байсан шавь бий л биз дээ?
-Бий, бий. “Намайг давж чадаасай” гэж бодож, хүсэж байсан сайхан залуучууд замынхаа дундаас гээгдсэн, шантарсан. Хийж чадах байсан зүйлийнхээ өмнө очоод хүч мөхөдсөн гэх үү дээ. Хахаж цадсан авьяастай тэр залуус анхныхаа шүүмжлэлтэй нүүр тулахаараа л сүйрдэг байхгүй юу. МУБИС-ийн С.Энхбаяр, Г.Батсуурь бүгд миний шавь, хамгийн отгон нь Х.Чойдогжамц. Миний эргэн тойронд эрдэм хураах гэж бүгд бөртөгнөөд л явж байдаг байсан сан. Би юу ч хэлэхгүй, чимээгүй л байдаг. Хааяа нэг ёгт үг хэлнэ. “Чи, очиж очиж, энэ нэг нохойн гөлөг шиг юмтай маргалдснаа мундаг юм болчихлоо гээд байх шаардлага байхгүй” гэдэг. Залуу хүн, асар түргэн хугацаанд нэр хүндтэй болоод, цээж нь төвхийгөөд явдаг гэж ойлгоно. Гэвч бичвэрээрээ л сайн, муу нэрийг олдог юм шүү дээ. Болоогүй байж хашхичаад явж болохгүй.
Би Оросын утга зохиолын ид үед, тэнд сурсан. Энэ бага залуу, тавааршууд хүнийг алчихвий, хүнийг алдчихвий эсвэл хүний үнэ цэнэтэй зүйлийг үгүй хийчихвий гэх зэрэг хар мянган айдас, дагаваруудыг хөтөлж явна. Жишээлбэл Г.Батсуурь, С.Энхбаярыг яриад л байдаг. Харин тэр судлаач, шүүмжлэгч хэн ч бай, монголын орчин үеийн уран зохиолын шүүмжлэлийн салбарт шинэ гаргалгаа, шинэ онолын элементүүдийг гаргаж ирэх учиртай. Над мэт хөгшин үгтээж өгөхөөс өөр шидгүй. Зарим нь огт ойлгохгүй, “Багш өөрийн дайснаа намнуулах гэж байна” гэдэг. Тэгэхээр нь “Чам шиг идэш хоол нь дутсан амьтантай ярихгүй ээ” гэж хэлдэг. Магтмаар юм бас байна аа. Ганц өгүүлбэр. Гайхалтай. Гэхдээ “Чиний тэр нэг өгүүлбэр чинь гайгүй юм байна” гэхээс өөрийг хэлэхгүй. Сайшаал бол сүрхий, сайхан юм биш. Энэ салбарын хүнд ганц үг л урам өгдөг. Ном гаргачихаад барьж гүйгээд байдаг, нэр олох гэж ядсан хүнд үнэн голоосоо дургүй. “За давгүй, давгүй” гэж хэлээд явуулна.
Би уран зохиолыг бүхэлд нь үнэлж цэгнэдэг хүн биш. Тэр номуудыг уншаад, түүн дээр анализ хийдэг хүн ч биш. Уран зохиолын онол, түүх, шүүмжлэл бол миний оршин тогтнох тулгуур багана.
Шавь нартаа “Чи хэнээс ч бүү ай, нэр алдарт нь битгий гялба, мэдэж байгаа юм бол өөрийнхөө үзэл бодлыг л тавь” гэх ганцхан үгийг захидаг. Тэгж байж л мундаг болно.
-Яагаад шүүмжийн маргаан байхгүй болчихов оо, энэ зүйл байхад уран зохиолд ч өрсөлдөөн байсан юм шиг?
-Тэр тэгэлгүй яахав. Гэхдээ дургүй л юм байгаа биз. Мэдлэг нь дутмаг ч байж болох юм. Өөрөөр хэлвэл “Уран сайхны шүүмжлэлийн онол арга зүй” гэдэг бүхэл бүтэн шинжлэх ухаан шүү дээ. Нэг талаараа утга зохиол, нөгөө талаараа урлагтай холбогдоно. Залуу хүн их төөрөлддөг. Ихэнх нь магтаалд дуртай. Жишээ нь миний шавь оюутан “Багшаа, би анхны номоо гаргачихлаа” гээд бариад ирнэ. Тэдэнд миний дэмжлэг, нэр хүнд хэрэгтэй байгааг ойлгодог. Мөн “Уран зохиолын онол, түүх, шүүмжлэл” гэдэг зүйл байдаг. Нөгөө талаараа бидний үетэй холбоотой. Ц.Мөнх гэж сайн шүүмжлэгч байсан. МУБИС-т Цэнд гэж мундаг хүн байлаа. Бид өөр өөрсдийн хийх ёстой зүйлээ л хийнэ. Түүнээс биш “Чи мундаг шүүмжлэгч болох юм байна” гэж хэлэхэд хэцүү.
Хүн өөрийн замаараа л явах хэрэгтэй. Өөрийн дур хүслээр явах, тэр дур хүсэл үгүй бол юу ч үгүй. Гэхдээ зоригтой байх ёстой. Маш олон саад бий. Тэр болгонд бууж өгөх үедээ бууж өгч, инээх газраа инээж давах ёстой.
Шүүмжлэгч, зохиолчийн ч юм уу, ер нь хоорондын мэдлэг нэлээн хол зөрүүтэй болчихсон болохоор хариу шүүмж бичих, маргаан дэгдээх үндэслэл бага болж. Учир нь роман, тууж, жүжгийн зохиол, яруу найргийн тухай ойлголтууд социализмын үеийн ойлголтоос өөрчлөгдсөн нь ойлгомжтой.
-“Сайн зохиолч олддог биш төрдөг” гэдэг дээ. Тэгвэл яагаад “зохиолч”-ийг бэлдээд байгаа юм бол, бэлтгэгдсэн хүнээс “сайн зохиол” хүлээхгүй гээд яах билээ дээ?
-Манай зохиолч, судлаачдын ихэнх нь М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийг төгссөн шүү дээ. Жаран жилийн турш тэр сургуульд л сурч, тэр сургуулиас л “лидер”-үүд төрөн гарсан. Зарим нь шалиагүй л дээ. Биднээс өмнө Б.Явуухулан, Юмсүрэн гээд бүгд л төгссөн. Би тэг дундах төгсөгч нь. Одоо бол, та нарт Горькийн сургууль тэнгэрийн амьтан болсон байна. Тэнд иддэг, уудаг, зодолддог, есөн шидийн л юм хийдэг байлаа. Зургаа, долуулаа оюутны байрны нэг өрөөнд байдаг байсан юм. Өөр, өөр ангид өөр, өөр салбарт мэргэшихээр сурч байсан хэдий ч бидний уран бүтээлийн урлан бол “Оюутны байр” байлаа. Тэр үеийн нэг онцлог нь “өөрчлөн байгуулалт” болсон. Орос орон бужигнаад, өөрийн уран зохиолоо сайшааж, муушаагаад эхэлсэн бужигнаан дотор О.Чинбаяр тэргүүтэй залуус төгссөн юм.
Тэр сургуулийн жижүүр нь хүртэл биднийг зохиолч болгох гэж зүтгэсэн тийм үе байлаа.
Тэнд европын улсуудаас зохиол бичих авьяастай гэгдэх залуус ирдэг. Гэхдээ дараа нь сайн байсан ч сайн, муу байсан ч сайн гэсэн нэг ойлголт түгсэн. Муу уран зохиолтой үндэстэн гэж уг шугамандаа байхгүй л дээ.
-Орчуулгын уран зохиолыг их унших болж. Тэдгээрийн дунд монголын уран зохиол гээгдэж байна?
-Тийм ээ. Мэргэжилтнүүд нь байхгүй юм чинь өөр яах юм. Жишээлбэл Оросын утга зохиол бол цэвэр Орос. Бид, энд халтар хултар ч гэсэн үзсэн. Гэтэл тэднийх дэг сургуультай болчихсон. Харин бидэнд юу ч алга. Бас болоогүй, Соёл Урлагийн Их Сургууль, Зохиолчдын Эвлэл гэх мэт байгууллагад сургалтынх нь хэлбэрийг оруулах гэж оролдсон. Даанч болоогүй л дээ. Хүний замаар явна гэдэг чухал зүйл биш. Өөрөө л тэсэрнэ. Тэсэрнэ гэдэг бол өөрийн замаар л яв гэсэн үг. Хэчнээн мундаг хүн байсан ч түүнд чиний чадвар байхгүй. Ингэж чадаж гэмээн сайн зохиолч, сайн судлаач, сайн шүүмжлэгч болно.
-Түүнийг ч, үүнийг ч яаж бичсэн бэ гээд л шалгаадаг хүмүүс байдаг даа.
-Тэр орон зайд өдий төдий он жилүүд өнгөрсөн байдаг. Тэр хугацаанд халдвар авна. Европоос, Азиас гээд л. Энэ хүн туульсын яруу найраг бичдэг, энэ хүн уянгын яруу найраг бичдэг, энэ хүн дедиктив (гэмт хэрэг) зохиол бичдэг гэдэг. Уран зохиолын онолд, болхидуу томьёолол байдаг. Тэр хүний сонголт чухал болохоос биш уран зохиолыг яаж бичдэг вэ, гэвэл тэнэг зүйл. Чи өөрийнхөөрөө л бичнэ. Дээр үед яаж бичсэн нь тодорхой зохиолууд байж л байсан. Бидний одоо уншиж байгаа зүйлийг илэрхийлдэггүй байхгүй юу. Тэр хүний сэтгэлд юу байна, түүнийгээ гадагшаа тайчиж хаяж байгаа хэрэг. Оронд нь өөрт тохиромжтой байр суурийг олохыг л хэлж байгаа гэсэншүү юм. “Дураараа жаргаж, дунд чөмгөөрөө жиргэж” гэдэг шиг байж л өөрийгөө олно. Өөрөө өөрийгөө өөртөө нээх л асуудал. Уран зохиолын ертөнцөд орох гэж байгаа бол жишээ нь Явууг байхгүй болгох хэрэгтэй. Ор тас март гэсэн үг биш. Гэхдээ мэдэхийн хажуугаар даган дуурайхгүйн тулд өөрийгөө хянах хэрэгтэй.
-Сайн зохиол, муу зохиол гэж хэрхэн ялгаад байна. Сайн зохиол бичихийн тулд яах ёстой вэ?
-Монгол хэлнийхээ найруулга зүйг мэдэхгүй байж өөрийгөө мундаг гэж ойлгодог нэг хэсэг байдаг. Уран зохиолын ажил гэдэг бол маш их эмоцитой, тэгсэн хэрнээ “би”-гээсээ салах гэж оролдох тэмүүлэлтэй холбоотой. Ч.Чимэдээс эхлээд бүгдийнх нь ур зүй өөр. Өөрийн үзэл, өөрийн онолтой, өөрийн ур зүйтэй, уншигч олныхоо сэтгэхүй, аж төрөх ёстой хамгийн их ойр хэрэг явдлууд уран зохиолд гардаг.
Тэр өөрийг л харах хэрэгтэй. Миний орон зай хаана байна, гэж хайх ч хэрэгтэй.
-Шүүмж бичснийхээ дараа шүүмжлэлтэй нүүр тулна биз?
-Тэгэлгүй яах вэ, навсайтал зодолдоно шүү дээ. Эцэст нь миний зөв үү, буруу юу гэдгийг удаан хугацаанд эрж хайх хэрэгтэй болно.
Араасаа олон чиргүүл чирээд байхгүй өөрөө л яв. Одоо Явуухулан уянгын тэнгэр болчихлоо гээд л ярьдаг. Хажуунаас нь очоод сүлбээд ав л даа. Битгий худал ярь, судлаачид яагаад ингэсэн юм, мундаг гэж үнэлэгдсэн баталгаа нь хаана байгаа юм гэх ёстой. Нахалны юм шиг боловч зориг санаа, итгэл үнэмшил үүн дээр тогтдог.
-1990-ээд оныхон үнэхээр өрнийн уран зохиолоос “хусчихсан” байсан юм уу?
-Байх юм нь байгаа шүү дээ. Дэлхийн зарим улсын хүмүүс ухаалаг учраас биднээс өмнө тэр урсгалуудыг уран зохиолдоо татан оруулчихсан л байхгүй юу. 1990 онд өнөөх цаг үе өөрчлөгдсөн. Сайхан, муухай болох нийгмийн хөгжлийн учир шалтгаанууд ч өөр өөр. Диван дэлхийн ялгарах, ялгарахгүй хамаг л юмыг хамж шимдэг болсон. Арваад залуусын дундаас арай уламжлал руугаа дөхсөн нь Б.Галсансүх. Би өөрөө бүгдийг нь тарьсан учраас юу гэж хэлэх вэ дээ.
-Өөрийгөө давтсаар хуучирсан зохиолчид байх юм уу?
-Лидер болж чадаагүй бүх зохиолч нооль. Уран бүтээл бол ганц хүний зохиол. Ганц хувь л үзэл бодол байх ёстой.
-Зарим хүн чинь бүхэл бүтэн сургуулийн номын сантай юм шиг болтолоо “ном” хураадаг. Харин танд цөөн бололтой.
-Би ер нь одоо ч их уншдаг. Орж ирээд л цүнхээ чулуудчихаад ном тэврээд суучихна. Нэг ёсондоо зуршил болчихсон. Яах вэ, ном цуглуулаад байдаггүй. Хэрэгтэй гэсэн чухал номуудаа л өөртөө байлгадаг. Түүнээс биш надад хэрэггүй юм, бусад хүнд хэрэгтэй. Түүнд үлдээсэн нь дээр л гэж боддог.
-Бичигдэхийг хүлээдэггүй бичдэг зохиолч бас байна?
-Чамайг зовоож л байвал бичих хэрэгтэй.
-Монголын үргэлжилсэн үгийн зохиолын түвшин хаана явж байх шиг байна, ер нь хөгжлийнхөө түвшинд байгаа гэдэг үгийг олон сонссон л доо?
–Хөгжлийнхөө түвшинд бол байгаа. Гэхдээ “ур зүй” гэж нэг зүйл байдаг. Ур гэдэг нь авьяасыг хэлж байгаа юм. Зүй гэдэг нь ном ёсоороо болж байна уу гэдгийг хэлж байгаа юм. Тэгээд өмнө үеийн ч юм уу, зохиолтой зэрэгцүүлж үзэх хэрэгтэй. Үүнтэй би эн зэрэгцэж байна уу, үүнээс илүү байна уу гэдгээ ялгаж салгаж бодох нь чухал. Бум түмэн зохиолоос энэ амьдралтай таарах ч юм байна. Таарахгүй ч юм байна. Эл хуль юм шиг тэр орон зайг эвдэж, шинэ зүйлийг эрэлхийлж, бий болгох учиртай.
-Энэ олон жил юуны тулд шүүмж бичиж ирснээ нэг удаа цухуйлгаад үзэх юм уу, хэрэггүй юм гэж боддог салбарын хүмүүсийнхээ тархин дундуур ганц, хоёр үг чулуудаад өгөөч. Цоо шинэ урсгалыг бий болгох боломжтой, тийм биз?
-Би шинэ урсгал, чиглэл гаргаж ирэхийн төлөө л амьдралынхаа дөчин жилийг зарцуулсан. Намайг энэ салбарт орж ирсний дараа хиймэл хэв маягууд гарч ирсэн, тэр бол үнэн. Миний шавь Д.Энхболдбаатар, н.Дашмөнх, Г.Бадамсамбуу гэх мэт. Энэ залуусын зохиолыг үзэхэд түүн дотор шинэ соргог зүйл, шинэ нээлт, шинэ санаа, юу байна гэдгийг л судлаач хүн харах хэрэгтэй. Түүнийгээ тодорхойлж чадах юм бол судлаач хүн, шүүмжлэгч хүн. Хэн нэгэн зохиолч эхлээд шинийг бий болгоно. Онол бол шинжлэх ухаан. Уран зохиол бол урлаг. Үүнийг манай уншигчид ч, уран бүтээлчид ч ойлгодоггүй. Шүүмжлэл бол шинжлэх ухаан, урлагийн хослол. Шүүмжлэл сайхан бас сонирхолтой байх ёстой. Нөгөө талаар шүүмжлэл онолын суурьтай байх ёстой. Үнэмшил итгэлтэй байх ёстой. Олон жилийн дараа хэрэгтэйг нь авч, хэрэггүйг нь хаяад явна гэж ойлгох хэрэгтэй.
Зохиолч хүн, зохиол бүтээлээ туурвихдаа ямар аргаар бичиж байгаагаа мэддэггүй. Түүнийг нь онолын үүднээс энэ зохиолын хэв маяг, ур чадварыг ямар онолтой нь хамаатуулж болох вэ, гэдгийг нь судлаачид хийх ёстой… Тэгж байж л шинэ онолын нэр томъёог гаргаж ирнэ шүү дээ. Шүүмж байхгүй бол шинэ ололт байхгүй л гэсэн үг. Хэн зарлан тунхаглаж, хэн ялгаж, салгах юм.
-Энэ үед шинэ салхи эрхгүй үгүйлэгдэж байна, тийм үү?
-Үгүйлэгдэлгүй яах вэ дээ. Уран зохиол өөрөө хөгжлийнхөө явцад шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай тулгардаг л даа. Хуучин уран зохиолынхоо үнэт зүйлсийг шинээр нээж гаргах асуудал байна. Түүнд нь шинэ онол хэрэгтэй. Уламжлалгүй шинэчлэл гэж байхгүй. Гэхдээ энэ а,б-гүй хуул гэсэн үг биш гэдгийг л ойлгох хэрэгтэй байгаа юм.
-Жүжгийн зохиол, зохиолч гэгч нэн ховордлоо. Гадны зохиолыг тайзан дээр нэг гараар нэлээн хэд тавьж байгаа нь ядсан ч юм шиг, ядруухан яваа театрын урлагт шүүмжлэх юм ч алга уу?
-Ховор болсон. Би мэдэрдэг. Гэхдээ түүнийг хэнд тохож болох нь мэдэгдэхгүй. Нийгэм драмыг хүсэхгүй байгаа бол хэчнээн мянган драмын жүжиг бичээд ч хэрэг байхгүй. Зохиолч, түүний бүтээл нийгэм, цаг үе, хүмүүсийн хүсэл сонирхол дээр дөрөөлж л дээшээ гарна. Үгүй бол гэнэт нэг санаа, гүд гэж ухаан ороод л шууд бичиж эхлээд Ч.Лодойдамба шиг болчихгүй шүү дээ. “Уран үгсийн чуулган” зэргийг одоо уншихаар хөгийн юм байдаг. Гэвч үндсэнд нь амьсгал байдаг.
Судлаач хүн бол бүгтхэн дуулдах тэр амьсгалыг ч олж сонсох ёстой.
-Зохиолд бий болсон үнэт зүйлийг үгүй хийх гэж дайрах нэг хэсэг хүн байна?
-Хэдийн бий болсон үнэт зүйлийг нь муу зүйлээр орлуулаад эхлэхээр “Урлаг” унаж байдаг. Эсвэл нэг содон юмыг аваад, түүнийгээ ертөнц дээрх ганц содон зүйл шиг санадаг юм. Түүнийг нь хэдэн живаа байдлаар тайлбарлаж болно. Тийм тохиолдлуудыг ч бид бүртгэж дөнгөнө.
-Уран зохиолын онол, түүх, шүүмжлэл номыг бичихдээ амьдралынхаа арван жилийг зарцуулсан юм билээ?
-Энэ салбарт ажиллах хугацаандаа дөч гаруй ном гаргажээ. Энэ хугацаанд ийм хэмжээний ном гаргасан хүн надаас өөр байхгүй л болов уу. Энэ бүхний ард нойргүй хоносон, хоолгүй явсан олон үе бий.
Ярилцсан М.Дэвээжаргал
2020 он
“Үндэсний шуудан” сонинд нийтлэгдсэн ярилцлагыг сэргээн хүргэж байна.
Leave a Reply