2024оны 1 сарын 21-ний өдөр
Сайн уу чамд захиаг минь унших цаг мөчийн мэнд хүргэе. Сайн биз дээ. Бие нь сайн уу? Бүх зүйл нь давгүй байна уу?
Бүх зүйл хоорондоо төгс уялдаа холбоотой байдаг гэдэгт итгэдэг юм. Би сайн байгаа. Сүүлийн үед илүү тайван амгалан байх тухай, ертөнц эгээ л өмнөх шигээ энэрэнгүй, дотно хандаж байгаа тухай бодож байна. Энэ хэдэн сар олон зүйл болж өнгөрсөн.
Гэнэт ийм бодол төрлөө. Энэ лав үнэн байх. Хэрвээ байна аа, хэрвээ амьдралын тухай надаас ямар нэг юм асуух юм бол би “үзэсгэлэнтэй юм аа” гэмээр байна. Өнөөдрийг хүртэл надад хэцүү өдөр бас уйлсан нь ч олон байлаа гэхэд тэр тухайгаа чамд бичиж суугаа нь энэ бүхнийг хэчнээн үзэсгэлэнтэй болгож байгаа ойлгож байна уу. Тийм болохоор бүх зүйл өөрийн гэсэн төгс төгөлдөр уялдаа холбоотойд итгэсээр байнам. Өглөөний үнэр, унших, бичих, мэдрэх энэ бүхэн өөрсдийн шидээ алдаагүй байгааг ойлгож байна.
“Зураг хавсаргав”
Тэгээд энэ зургийн тухай. Мэдээж таамаглаж байгаа байх. Энэ зургийг Мөндөөхөн чамд зориулж зурсан юм. Зүүн талынх нь чи, Мөндөөхөн, тэгээд би.
“Энэ сайн улс. Аниа Монгол улс гэдэг биз дээ. Энэ сайн улс шүү” Мөндөөхөн ингэж хэлсэн. Тэгэхээр гурвуулаагийнх нь байгаа газар бол “Сайн улс”. Гурвуулаа баатар. Бас өөр өөрийн гэсэн өнгөтэй нөмрөгтэй, титэмтэй. Мөндөөхөн эхлээд чамайг, дараа нь чамаас хөтөлсөн өөрийнхөө гарыг залгуулаад өөрийгөө, тэгээд намайг зурсан. Чи сайн ажиглаарай. Тэр бяцхан гараар хэчнээн аз жаргалтай, хайр дүүрэн, үзэсгэлэнтэй зураг зурсныг хараач.
Би нээрэн чамд нэг юм хэллүү? Алимаа Мөндөөхөн хоёр сэтгэл хөдлөлөө таних тухай хүүхдийн ном уншиж байсан юм байна л даа. Номд өөрийнхөө хамгийн аз жаргалтай үеэ яриарай гэсэн даалгавар байж л дээ. Тэгээд Мөндөөхөн гурвуулаа хамт парк орсон өдрийг хамгийн аз жаргалтай гэж хэлсэн гэсэн. Хөөрхөн байгаа биз. Хүүхдийн ой дурсамж, бодол мэдрэмж гэдэг хэчнээн чухал үнэ цэнтэй вэ гэж боддог юм. Тэд цаашдаа амьдралынхаа туршид мэдрэх мэдрэмжүүдээ таних, ялгах кодыг энэ л үйл явдлуудаар зохиож байгаа. Тэгэхээр тэр үзэсгэлэнтэй ой дурдатгалд хамт байгаа гэсэн үг. Мөндөөхөний хувьд энэ зурган дээрх хүн болж, гараас нь хөтөлж байгаад чин сэтгэлээсээ талархаж байна.
За тэгээд ярьж өгөх зүйл олон бий. Надаар нэг иймэрхүү.
Бороо хүүрнэгч минь ядарч байна уу? Даарч байна уу? Өвдөөгүй биз? Ханиад хүрээгүй биз? Тангаргийн баярт нь галт тэргээр очно доо гэж бодож байсан юм сан. Эмнэлэгт хэвтэж таарсан. Бас өнөөдрийг хүртэл захиа бичээгүйг минь уучлаарай. Тэр бүхнээс санаа зовж байна.
Туул чамайг мундаг болохоор санаа зовох хэрэггүй дээ гэж хэлсэн. Тэр үгэнд их тайвширсан. Хүмүүс ой дурдатгал дахь бүрэг бүдэг дурсамжуудыг тал талаас нь эвлүүлж бүтэн болгох гэж, мэдрэмжүүдийг улам дулаан болгох гэж хэн хэнтэйгээ ерөөлөөр учирдаг байх. Зөөлөн, дулаан, ээлт хүн минь. Бүх хугацаанд х…(ингээд “х” үсгээр эхэлсэн үгээ ч дуусгаагүй юм)
2024 оны 6-р сарын 20-ны өдөр.
Бороо хүүрнэгч минь өнөөдрийг хүртэл захиагаа дуусгаад чамд илгээж чадаагүйг минь уучлаарай.
Энэ хугацаанд гайхмаар олон зүйл болж өнгөрчээ. Аль эрт л очно доо гэж бодсоор дөрвөн сар гарчихсан. Арай гэж завтай болоод чам руу гарсан боловч уулзаж чадсангүй. Гэхдээ сайхан аяллын дурсамжтай болсон.
Чам руу очих гээд бүх төлөвлөгөөгөө гаргачихсан байсан. Тэгээд чиний захиа ирсэн.
Энэ тухай чамд юу гэж хэлэхээ бас өөртөө юу гэж хэлэхээ бодсон юм. Бороо хүүрнэгч минь, ямар нэг хариу хэлэх хэрэгтэй болжээ. Үнэн хариулт хэлэх сэн.
Үнэний тухай би нэг зүйл олж авсан юм. Их зүйл болж өнгөрсөн гэсэн дээ. Бороо хүүрнэгч минь чамд ярихыг хүссэн зүйл ямар их байна гээч. Хүнд хэцүү өдрүүд үнэндээ олон байлаа. Сайхан найз минь үнэндээ миний итгэсэн шиг хүн биш байсан. Тэр хүмүүс алдаагаа, буруу зүйлсээ надад л үүрүүлээд их муухай хандсан юм. Тэгээд л үнэнийг хүмүүст бүтнээр нь ойлгуулах боломж байдаггүй юм байна, хүн үнэнийг өөрийнхөөрөө өөрчлөн ярьж, өөрчилж ойлгодог болохоор яг бодит үнэнийг яаж ч тайлбарлаад ойлгож, олж харах боломжгүй юм байна гэсэн дүгнэлтэд хүрчихсэн байлаа. Тийм дүгнэлт хийчхээд өдөр хонгийг элээх, цааш амьдрах жаахан аймар шүү дээ. Би бясалгал хийсэн тухайгаа хэлсэн дээ. Тэр хугацаа бол миний хувьд жинхэнэ тайвшрал, амар амгалан байсан шүү. Бороо хүүрнэгч минь бүгдийг нь нэгд нэгэнгүй чамд хэлмээр байдаг. Тэнд худал хэлэхгүй, хэнтэй ч юу ч ярихгүй сахил хүртдэг. Зөвхөн багштай цөөн үгээр ярилцдаг. Хүмүүс өөрсдийнхөө үнэнийг өөрсдөө л хамгийн сайн мэдэж байдгаа мартчихдаг бололтой. Тэнд би үнэхээр юу ч бодохгүй байж чадаж байгаа эсэхээ анзаарч, анхаарлаа төвлөрүүлээд юу ч бодохгүй байж чадсан минутын баримжаа маань хүртэл үнэн байх ёстой болсон. Зөвхөн өөр лүүгээ хандахаар өөрийнхөө тухай үнэнүүдийг тод мэдэрдэг. Тэгээд үнэн гэдэг ямар бодитой, амьд, ариун (энэ үг яг л илэрхийлээд байгаа юм) байдгийг мэдэрсэн. Ингэж хэчнээн их тайвширснаа чамд хэлэх гэсэн юм. Тийм болохоор чамд өөрийнхөө яг л үнэнийг хэлмээр байна. Би ертөнцийн зүй тогтлыг хоёр талтай эсвэл олон талтай биш хязгааргүй эрх чөлөөтэй гэж ойлгож байна. Зөвхөн тийм, үгүй гэсэн хариултаар хязгаарлахыг хүсэхгүй байна. Хэрэв тэгэх юм бол хоёулаа тийм, үгүй гэсэн хариултын аль нэг талд гацчих юм шиг санагдаад байна.
Чи миний хувьд хэчнээн эрхэм сайхан хүн юм бэ. Хайр сэтгэл, магадгүй дурлалын тухайд би үнэндээ юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Тийм зүйлсийг яаж таньдаг юм бэ? Мэдэхгүй юм. Олон зүйлд суралцаагүй байгаа шүү дээ. Чиний таньсан шиг тийм зүйлсийг хэлж мэдэхгүй байна, уучлаарай.
Харин чамтай учирсан нь, чи надад байх нь хөгтэй, ид шидийн, бас бүх зүйлийг орь залуухан болгодог шиг санагддаг.
Гадаа бороо орж байна.
-Чамтай борооны тухай ярьж байж энэ бороо жинхэнэ бороо жигүүртэй бороо (яг хоолойгоор нь уншаарай хха)
-Чамтай ярьдаг болохоор энэ дэлхийн бороонууд ийм дулаахан болсон (Батрэгзэдмаа зохиолчийн хоолойгоор шүү ххэ)
Бороо хүүрнэгч минь.
За байз. Бороо ордог нь, ингэж сонсогдож, ингэж нойтон байгаа нь, гар хөл бүх биеэрээ ч норж болох нь… Бас юу ч гэмээр юм, үүнтэй адилаар худлаа ярьж, хэнд ч хэчнээн ч их худлаа ярьж болохоор байдаг нь… Бас яг л адилхан хөндүүр мэдэрч уйлж болох нь, уйлаад л, уйлаад л байж болохоор байгаа нь хачин юм шүү. Хэн хэнийхээ амьдралдаа алхсан эгэл тоост зам, энгийн ажиг сэжиггүй үйл өрнөлөөр холбогдоно гэдэг хачин сайхан юм шүү.
Танил дотно минь. Цаг хугацааг хөгжимлөг, бүлээн дулаан болгогч чамд.
Камигаас.
Эхний захидлыг дараах холбоосоор ушина уу: https://usniigudamj.com/2024/10/10/borohuurnegchkamineg/?swcfpc=1
Удаах захидлыг дараах холбоосоор уншина уу:
Leave a Reply