МУИС-ийн Утга зохиолын нэгдлийн “Зүймэл улирал” шүлгийн түүврээс та бүхэнд цувралаар танилцуулж байгаа билээ. Энэ удаад дараах есөн шүлэгчийн онцлох бүтээлийг хүргэж байна. Зүймэл улирал түүвэрт залуус хэн нэгний болон өөрөө өөрийнхөө өмнө үнэнээ нээсэн, ойрхон мэдрэмжүүдийг шингээжээ.
Баясалын БҮЖМАА
Сүнсний хамтрагч гэж
нэгнийхээ амьдралаар амьдрахыг хэлнэ.
Нэг сүнс хоёр хуваагдахыг
Бидний уруул шүргэлцэхэд
Чи өөрийгөө амтлахыг
Надад хүрээд өөрийгөө илүү хүчтэй мэдрэхийг
Надгүйгээр байхдаа ч намайг мэдэрч чадахыг
Бидний сэтгэл солигдохыг
Бодол шилжихийг
Зүрхний холбоос харилцаа утсаа
нэг нь нөхөн барьж
Ээлжлэн манаж
Хэзээ ч нэгнээсээ холдохгүйн тулд
үргэлж нэг нь шархтай үлдэхийг
Хэлнэ.
Итгэлийг хэлнэ.
Айдаст дарагдсан итгэл
амь тэмцэхийг хэлнэ.
Нэг чигт хоёр бие нэг сүнс
Урагш ээлжлэн алхахыг хэлнэ.
Сайхныг санаж, үргэлж энхрийлж
Зэрэгцэх өдрийг адгаж
Чиний мэдрэхийг харж
Цонхон доороо сараанын буттай
Дүнзэн байшин шиг дурсамжаа сахин үлдлээ.
Түлээгээ оруулж дулаацаж сууна.
Чи надад ийм тайван байхыг заасан.
Хөнжлөө чигжээд ганцаар унтаж сурна.
Чи надад амрахыг заасан.
Сайнзоригтын МӨНХ-ОРГИЛ
Газарт шингэсэн бурхны
Дүрийг сэрээхгүй гэсэн дээ л
Гадаа цас аяархан газардана…
***
Эрвээхэйнд нулимсаа долоолгуулах
яст мэлхий,
Эргэх дэлхий халуу шатахад дэгдэх хачиг,
түүнд хазуулсан хүн махнаас гарах,
Эмийн сангийн хаяганд идшээ борцлох хэрээ,
Эгэл нэгэн ураацай хагас сар агаарт унтах,
Төрсөн усныхаа амтыг санаж түрсээ шахаж,
үхэхээр ирдэг загас,
Тархиндаа соронзтой шувууд
төөрөх тухай мартах,
Түймэрт нэрэгдсэн газрын охийг
хүртэх гэж хэрэх зээр,
Тэс хөлдчихсөн гүлмэр
зуун жилийн дараа амь орох,
Тийм, ийм л юмс бодож байгаад
унтчих тул яруу найрагаас алсрах.
Батбаатарын ЧАНДМАНЬ
Цааш явах замгүй болсон
Цаг хугацаа сүүрс алдана.
“Маргааш” бүхэн өнөөдрөөс дайжин
Малгай, цуваа өмсөөд л одно.
Цагаа олоогүйд орчлон л унтууцаж
Цаанаа зовуурьтай цас оруулна.
Цайрч амжаагүй санчиг минь тийнхүү
Цасанд дарагдаж цагаан болно.
Батбаярын САНЧИР
Аав минь тамхи татдаг
Гэхдээ гэртээ утаа гаргаж үзээгүй
Хааяа балгах дуртай
Эмээ бид хоёрын гаргасан
Тайтгарлын замаар
Гэртээ ирээд гэмгүй унтаад л өгдөг
Эмээ минь 76-тай
Насыг нь хүндлээд
Гэрийн онгон ганц ч үг дуугардаггүй
Тэр гурил зуурдаг
Хоолны мах хөшиглөдөг
Хорин гурван жил надад хоол хийсэн
Найман жилийн өмнө өвөө тэнгэр зүг
Байнга зогсдог тагтыг нь би өвлөж авсан
Дээрээ хов зөөх ахгүй өссөн
Ганцаардал бид хоёр сайн найз
Эмээ байсан болохоор
Зодооноос харин холуур явсан
Ганц хоёр удаа алгадуулж явсан удаа бий л дээ
Гэхдээ өвдөлтгүй амьдралыг
ямар амьдрал гэх юм.
Айлын хүүхдүүдийг
ээж нь сургуульд нь хүргэж өгдөг
Харин намайг эмээ, өвөө хоёр л зөөдөг байсан
Авга эгч, эмээ хоёр зах дээрээс
Тор дүүрэн тайтгарал авчирч өгсөн
Би өлсөж үзээгүй
Товчхондоо амьдрал
Ганцаардахыг бас өглөгч байхыг заасан
Тоглоомуудаа би ганцаардлаас
Ганц ч удаа харамлаж байгаагүй.
Батцэцэгийн ЗҮНЖИЙМАА
Нар жаргах үест чамайг
Намайг тэврээсэй гэж хүсдэг.
Модон ширээн дээр цагаан аяга тавихад чамайг
Намайг тэврээсэй гэж хүсдэг.
Өндөр барилгын цаанаас
сарыг харж чадахгүйд чамайг
Намайг тэврээсэй гэж хүсдэг.
Өдөр бүр, өдөр бүр
Чамайг
Өнгөрсөн шиг намайг тэврээсэй гэж хүсдэг.
Санахдаа
Чамайг биш
Чамайг сануулах дурсамжаа тэвэрч дулаацдаг.
Тэгэвч нар, сар, сүү хийсэн цагаан аяга ч
чи биш болохоор
Чамайг санаад л байдаг.
Энхбаярын ДОРЖСҮРЭН
Дэргэд чи ирсэн ч,
Дэргэд чинь би очсон ч
Ганцаардана л даа, чи.
Ганцаардана л даа, би.
Урагдсан нүүр, зурагдсан харц минь чинийх ч,
Уруул чинь, нүд чинь минийх ч
Уй гуниг чинь даанч чинийх л дээ.
Уйтгар ч, цөхрөх минь ч бас минийх л дээ.
Хажууд чи байсан ч,
Хажууд чинь би суусан ч
Шанална л даа, чи.
Шанална л даа, би.
Өлзийдэлгэрийн СУМЪЯА
ӨӨРТӨӨ ЗАХИХ ҮГС
Хамгийн хямд хоол өгч
Хамгийн хүнд ажлыг үүрүүлж
Хүн бүрийн өмнө сөгдүүлж явсныг өршөөж үз.
Хүлцэнгүй, дорой харагдуулж,
гав гинжинд хүлж
Хүмүүс хайж ирэхэд нь
“Байхгүй” гэж мэлзсэнийг минь
Аминчилж хэлсэн мөрөөдлийг чинь
үрэн таран хийснийг
Аз жаргал, гоо үзэсгэлэнг чинь
салхинд хийсгэснийг уучил.
Үгийн муухайг хэлж
өсгөж бойжуулсан чамтай
Үргэлж хамт явах, гудамжаар хэрэн хэсэх
Үхсэн гэж найдаад олон жилийн хойно
Үүргэлэх зүүдэндээ үзээд цочин газарт унах…
Үнэн хэрэгтээ чи бид
ертөнцийн модонд зэрэгцэн
Үндэс, мөчрөөр нь холбогдсон
зулзаган навчис болохоор
Өнөөдрөөс чамд би цай зөөж, хоол өгч
Өнгөтэй сайхан торго дурдан,
дулаан нэхий нөмөргөж
Орон гэрийг чинь угааж,
хөл нь даарвал дулаацуулж
Огт байгаагүй эрүүлийн туяа
хацарт нь тодрохыг харна.
Тэр хооронд энд хавар болно, чи мод тарина.
Тэрхэн зуур чамд зориулж би
дотроо дуу аялна.
“Ногоон модны мөчрөөс
хагдран унахын цагтаа
Над дээр үр цацаад өөрөө тэнгэрт нисээрэй.”
Энхболдын ГАНБАЯР
Чиний зүрх миний алганд
миний үсэнд
миний чихэнд
миний нүдэнд цохилдог.
Чиний төрх усанд
шувуунд
салхинд
зүүдэнд үзэгддэг.
Өвс шөнөжин зүүдлээд,
уйлж сэрдэг
шүүдэрт цагаар
Би чамайг шөнөжин зүүдлээд
Уйлж сэрдэг дэр нойтон цагаар
Би чам руу очдог.
Нүүр гараа угаахдаа
Цайгаа уухдаа
Юуг ч юм бодон гиюүрч хэвтэхдээ
Шөнөжин унтаж чадахгүй хөрвөөхдөө
Би чам руу очсоор л байдаг…
Саранцацралын ЭНХЦЭЦЭГ
НЯМАА АХДАА
Таны нүд дурсамжин дотроос намайг
Хайрлан ширтэх юм.
Цаг хугацааны цаанаас Харц тулгарах та минь үргэлж л
Над руу хараад инээмсэглэх юм.
Зүүд болоод уулздаг болсон шигээ
Хүлээлт аргадан хүрээд л ирэх ч юм шиг
Хэзээд үл тоогдсон таны үгс
Хэнэггүй эзнийхээ чихэнд ингэж хүрч байна.
Хэрэв санаа алдах минь таны тухай бол
Хоолойд тээглэж цээж рүү залгигдах
хөндүүр бүрийг зөөлрүүлж
Холоос намайг аргадах
Хүнгэнэсэн хоолой тань нар болон ээн ээсээр
Ахиад айхгүй байх тухай
Ахиад уйлахгүй байх тухай зүүд ярьж өгнө…
2022.06.15
Comments (1)
Номин-Эрдэнэsays:
10/15/2024 at 13:37Ямар сайхан уужирмаар шүлгүүд вэ