Press ESC to close

Усны ГудамжУсны Гудамж Бичээчийн Хөгжих Талбар

ХАН ГАН-НОМ-ХӨГЖИМ

Энэ жилийн Нобелын утга зохиолын шагналтан зарлагдсанаар Солонгосын номын зах зээл төдийгүй хөгжмийн ертөнц ч томоохон хөдөлгөөнд ороод байна. 


БНСУ-ын Үндэсний номын сангийн дата мэдээллийн Биг Дата платформын гаргадаг номын сангийн хамгийн эрэлттэй номын жагсаалтыг Хан Ганы номууд тэргүүлж эхэллээ. Өнгөрсөн долоо хоногт Нобелын утга зохиолын шагналтныг зарласнаар Хан Ганы “I Do Not Bid Farewell” ном дээрх жагсаалтын 445 дугаар байрнаас нэгдүгээрт, “Цагаан хоолтон” роман 166 дугаар байрнаас урагшлан мөн адил нэгдүгээрт эрэмбэлэгдээд байна. Солонгосын номын худалдааны зах зээлийн хамгийн том компаниуд болох Kyobo Book Center болон Yes24 -ийн зүгээс ням гараг гэхэд Хан Ганы бүтээлүүд нэг сая хувь борлуулагдаад байгааг зарласан байна. Ингэснээр Хан Ган Нобелын шагналтнаар зарлагдсанаасаа хойш долоо хоногийн дотор нэг сая борлуулалттай болсон анхны зохиолч болж байна.

Үүнээс гадна Солонгосын Акму хамтлагийн 2019 онд гаргасан How Can I Love The Heartbreak дуу хөгжмийн чартуудыг дахин тэргүүлж эхэллээ. Юуны учир вэ гэвэл энэ дуу нь Хан Ганы хамгийн сүүлд гаргасан “We do not part” романаа бичихэд нь нөлөөлсөн гэж зохиолч нэгэнтээ хуваалцаж байжээ. 

Тэрээр энэ тухайгаа 2021 онд Мүн Хаг Дун Нэ ютүүб сувгаар дурсан ярьсан байдаг.

We do not part номынхоо эхний нооргийг дуусаад байх үедээ энэ дууг таксинд сонсож байлаа. Тэгээд хамгийн сүүлчийн бадаг явж эхлэхэд нүдэнд нулимс дүүрээд ирсэн. Хагацлыг далай ширгэхтэй зүйрлэсэн байсан юм. Гэтэл энэ ертөнцөд далай ширгэж дуусна гэж байна гэж үү? Хэн нэгнээс хагацна гэдэг үүний адил хэзээ ч дуусашгүй, бас биелшгүй зүйл аж. Хүн хэнээс ч хагацаж чадалгүй амьдралыг бардаг байх.

Урлаг урлагтаа хэрхэн нөлөөлдгийг, түүнийгээ дэлгэхээс ичиж эрээлэлгүй бие биеэ дэмжин хамтдаа урагшилдаг жишээг бид гэрчилж байна. Бичихүйд нөлөөлдөг зүйлсийн нэг бол яах аргагүй дуу хөгжим билээ.Зохиолч ирэх арванхоёрдугаар сарын 10-нд болох Нобелын шагнал гардуулах ёслол хүртэл ямар нэг ярилцлага, мэдэгдэл хийхгүй гэдгээ албан ёсоор хэлсэн. Тэр болтол та бүхэндээ шинэхэн нобелтныхоо бичих сэдэл болсон дууны шүлгийг орчуулан хүргэж байна.

Надгүйгээр алхахыг чинь харахын тулд

Зориуд хэдэн алхам ухарч зогслоо

Оргүй хоосон зай дэргэд чинь үлдэж

Орог саарал зам дээр чи над руу эргэв

Чамайг орхиж чадахгүй гэдгээ

Тэгэхэд л ойлгох шиг болсон

Хясал зовлон, бидний асуудал олон ч

Хагацлаас илүү зүдүүртэй нь үгүй билээ

Зөвхөн чамайг хайрладаг болохоор

Зүрхнийхээ шархыг хайрлах аргагүй

Гагц хайраас болоод хамтдаа үлдэж 

Гол зурам өвдөлтийг хүлцэж дийлшгүй

Ахиад хэдэн удаа эргэж харах хэрэгтэй юм болов уу

Анир үгүй замаар үг дуугүй алхах бид хоёр

Амьгүй хоосон яриа дэлгэж

Алсад туяарах гэрлийн зүг ширтэнэ.  

Цааш нь алхаж чадахгүй гэдгээ

Би тэр үед л би ойлгосон 

Алхам бүр хагацал руу л улам дөхүүлж

Атгалцсан гараа тавьчих шиг санагдсан 

Зөвхөн чамайг хайрладаг болохоор

Зүрхнийхээ шархыг хайрлах аргагүй

Гагц хайраас болоод хамтдаа үлдэж 

Гол зурам өвдөлтийг хүлцэж дийлшгүй

Яаж чамд хэлэх вэ

Далай шиг гүн энэ хайраа 

Хатаж дуусахыг хүлээнэ гэдэг чинь л 

хагацал шүү дээ

Яаж би чамд ойлгуулах вэ

Хатаж эс дуусах далай бол

Хагацаж үл тэвдэх бид хоёр гэдгийг… 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

@Katen on Instagram
[instagram-feed feed=1]