Нобелийн шагналт зохиолч Дорис Лессинг (1919-2013) нь Персийн Керманшах буюу одоогийн Иранд төрсөн, англи зохиолч юм. Тэрээр 2007 онд Нобелийн утга зохиолын шагнал хүртсэн бөгөөд уг шагналыг авсан хамгийн өндөр настай зохиолч билээ. Лессинг 1950 онд “Дуулж буй өвс” гэх анхны номын хэвлүүлж, нийт тавь гаруй бүтээл туурвижээ. Та бүхэнд хүргэж буй “Хязгаарыг гэтлэх” (Through the tunnel) өгүүллэг нь анх 1955 онд Нью Йоркер сэтгүүлд хэвлэгдэж байв. Харин хоёр жилийн дараа тэрээр“Хайрлах зуршил” өгүүллэгийн түүвэртээ багтаан олны хүртээл болгожээ.
Зуны амралтын эхний өдрөө бяцхан англи хүү далайн эрэг рүү явжээ. Явуут дундаа замын уулзвар дээр зогсон тээр доор хүглийх атар онгон, хад асгат тохой руу харж, дараа нь хэзээний танил дотно, түмэн хүн бужигнах далайн эрэг өөд харлаа. Ээж нь нэг гартаа цайвар, судалтай цүнхээ барьсаар урд нь алхана. Харин сул унжих нөгөө гар нь нарны гэрэлд цагааран үзэгдэх ажгуу. Эхийнхээ цав цагаан гарыг ширтэж байснаа хүү хөмсгөө зангидсаар эргэж тохой руу хараад, буцан ээж рүүгээ нэг харлаа. Хүү нь ард нь байхгүй юм шиг санагдахул эмэгтэй ч эргэж харав. Тэгээд, “Жэрри! Чи минь байна, ашгүй” хэмээгээд, яарч байсан ч уужуу инээмсэглэсээр, “Энхрий минь, надтай хамт явмааргүй байгаа юм уу? Арай өөрц…” гэв. Ээж нь цаг завгүй ажлынхаа хажуугаар, эсвээс анзааргагүйн харгайгаар хүүгийнхээ нууцхан хүсэж буй ямархан зүйлийг огт хайхралгүй өнгөрөөчихсөн юм бол хэмээн үнэн сэтгэлээсээ санаа зовж, хөмсгөө зангидан зогслоо. Энэхүү зовниж чилсэн, уучлал эрсэн инээмсэглэлийн учрыг хүү сайн мэднэ. Гэмшил түүнийг бүчин авч, жаал хүү ээжийнхээ араас гүйсээр гүйцэж очив. Гэсэн ч замдаа мөнөөх зэрлэг онгон тохой руу эргэж харахгүй байж чадсангүй. Далайн эрэг дээр хүү өглөөжингөө тоглохдоо ч туж тохойн тухай л бодсоор байжээ.
Маргааш өглөө нь мөн л усанд сэлж, наранд биеэ ээхээр гарах гэж байхдаа ээж нь, “Эрэг рүү явахаас залхаад байгаа юм уу, Жэрри? Өөр хаа нэг тийшээ явмаар байна уу?” гэв.
Хүү “Үгүй дээ!” хэмээн түргэн хариуллаа. Тэгээд ээж рүүгээ үнэн зүрхнээсээ гэмшингүй, тун чиг эелдэгхэн инээмсэглэв. Тийн боловч замаар уруудаж байхдаа хүү тэсгэлгүй, “Би тэнд байгаа хад руу явмаар байна” хэмээн хэлж орхижээ.
Эх нь заасан газар луу нь харав. Зэрлэг дагшин тэр газарт хүний бараа үл үзэгдэнэ. Ээж нь зөвшөөж, “Бололгүй яах вэ, Жэрри минь. Үзэж танилцаад болмогцоо эрэг рүү хүрээд ирээрэй. Эсвээс зуслан руугаа буцсан ч болно” гэв. Сул унжих нэг гар нь өчигдрийн нарнаас яльгүй улайжээ. Ээж нь эрэг рүү ганцаархнаа явж, харин жаал хүү араас нь харсаар үлдвэл түүнд гэнэт л тэсдэшгүй санагдаад явчхав. Эхийнхээ араас арай ч гүйчихсэнгүй, тэвчиж дөнгөжээ.
Эмэгтэй, “Хүү надтай байсан байгаагүй, ганцаараа байхуйц хангалттай том болсон шүү дээ. Хэтэрхий их цагийг хамт өнгөрөөгөөд байна уу? Заавал надтай л хамт байх ёстой гэж бодож болохгүй юм сан. Анхааралгүй бол горьгүй дэг” хэмээн бодсоор явав. Хүү арван нэгэн настай, айлын ганц хүүхэд бол хүүхэн бэлэвсэрч үлдсэн нэгэн билээ. Ганц хүүгээ аль болох бие даасан байлгахыг хичээнэ. Гэлээ гээд хайр халамжаар гуцаасан нь үгүй.
Ээж нь далайн эрэгт хүрснийг үзээд Жэрри цавчим эгц хавцгайгаар уруудаж эхлэв. Зогсож байсан газраас нь буюу хүрэн улаан хад дүхийх өндрөөс тээр доорх тохой цагаан эмжээртэй, номин ногоон утгуур мэт харагдаж байсан билээ. Буугаад иртэл олон жижигхэн хошуутай, арзгай сарзгай элгэн хадаар хүрээлэгдсэн газар байв. Харин бидэртэж долгих усан мандал нил ягаан, гүн хөх өнгөтэй юм санж. Үлдсэн жаахан замаа хүү хөлөөрөө тулан болгоомжтой гулссаар очив. Цагааран цалгих давлагаа, хөөсрөн гилтгэнэх усан эргийн цайвар элсийг илбээд буцна. Цаана нь эх захгүй цэнхэр цэлэлзэн үзэгдмүй.
Хүү шууд л гүйж очоод сэлж эхэллээ. Жаал хүү усанд сайн сэлнэ. Тэр бээр гэрэлтэн үзэгдэх элсэн дээгүүр хурдлан гүйсээр шунгаж, усан дор барим тавим үзэгдэх гандмал хад чулууг өнгөрөхүл түүнийг жинхэнэ тэнгис угтан авав. Тэнгисийн ус бүлээхэн ч гүнээс нь ирдэг, хаашаа ч урсдаг байж мэдэх, чөмөг царцам хүйтэн урсгал хүүг дагжтал хайрчээ.
Жаал хүү далайн эрэг болоод хаяа хошууг өнгөрч мөнөөх тохой бүр жижигхэн болж харагдтал холдлоо. Тэгээд түр амсхийж хөвсөөр явахдаа ээжийгээ хараачлав. Эх нь эгээ л амтат жүржийн хальс шиг шүхэр дор буй жижигхэн шар толбо мэт харагдана. Санаа нь амарсан хүү буцаж сэллээ. Сэтгэл нь амрахтай зэрэгцэн тэр гэх аргагүй их ганцаардал түүнийг хулдан авчээ.
Тохойн нэг үзүүрт армаг тармаг хэдэн хад буй. Тэнд хэдэн хөвгүүд усанд сэлэхээр хувцас хунараа тайлан байлаа. Тийнхүү нүцгэлж гүйцээд бүгдээрээ доошоо гүйлдэв. Англи хүү тэдний зүг сэлсэн ч нэг их ойртож очсонгүй. Хөвүүд бүгдээрээ хөрслөг агаад чийрэг бор арьстай, өөрийнх нь огт мэдэхгүй хэлээр ярилцана. Тэдэнтэй нийлэх хүсэл жаал хүүгийн хамаг биеэр нь булгилж буцлаад ирэв. Тиймээс ахиад жаахан ойртож очлоо. Хөвүүд түүн рүү хав хар нүдээ онийлгосоор сэрэмжлэн харна. Нэг нь бүр инээмсэглэж, гар даллав. Ийн мэндэлсэн нь л хүүд хангалттай байлаа. Нэг минутын дараа гэхэд л жаал хүү сэлсээр тэдний хажуухан дахь хаданд хүрчихсэн, нэг байрын цөхөж гүйцсэн, нөгөө талаараа бишүүрхэж зовсон инээмсэглэл тодруулаад зогсож байв. Хөвүүд өөдөөс нь цовоо цолгиноор хашхирч мэндэлжээ. Жаал хүү бишүүрхэж зовсон янзаараа, тэр гэхийн тэмдэггүй инээмсэглэн зогссоор байв. Хөвүүд сая л нэг хүүг далайн эргээс дайжиж яваа харь хүн болохыг нь ойлгожээ. Тэгээд л түүнийг мартаж орхив. Гэсэн ч жаал хүү жаргалтай байлаа. Хамт байж чадсан хойно.
Хөвгүүд өндрөөс ахин дахин үсрэн, эгц цавчим, шовх оройт хад асган дундах цэнхэр уснаа шунгасаар байв. Шумбаж гүйцээд ойр тойрноор сэлэн, буцаад хад руу гарч, ахин үсрэх ээлжээ хүлээнэ. Том хөвүүд – Жэрригийн хувьд бараг эрчүүд юм санжээ. Жаал хүү ч мөн үсэрч үзүүлбэл хөвүүд түүнийг сониучирхав. Буцаж сэлэх замд нь хүртэл зам тавьж өглөө. Жаал хүүд тэдний нэг болж зөвшөөрөгдсөн мэт санагдахуй өөрөөрөө бахархаж, ахиж нэгэнтээ үсрэв.
Хөвүүдийн хамгийн биерхүү нь байраа эзлэн зогсоод, ус руу үсэрлээ. Гэсэн ч гарч ирэхгүй их удав. Бусад хэд нь ажигласаар зогсоно. Гилгэр бор толгой уснаас цухуйхыг хүлээсээр, сүүлдээ сандарч эхэлсэн Жэрри хашхирч гарав. Бусад хэд нь тоосон шинжгүй түүн рүү нэг харчхаад эргэж ус руу харлаа. Нэлээн урт хугацааны дараа өнөө хөвгүүн нөгөө талын том хар чулуун дээр амь тэмцсээр гарч ирэн, байдгаараа аахилж уухилсаар ялалтаа батлан уухайлав. Түдэлгүй бусад хэд нь ч шумбаж эхэлжээ. Өглөөхөн л баахан хөвгүүд үй зайгүй цуугьж шаагин байсан бол ганцхан хормын дотор усны мандал болоод хад огт хүнгүй, хов хоосон болох нь тэр ээ. Харин гүн цэнхэр уснаа хар дүрснүүд бараантаж эрээлжлэн үзэгдэнэ.
Жэрри шумбав. Тэгээд шумбагчдыг гүйцсэн боловч урд нь хар өнгийн хана тулаад ирэх нь тэр. Жаал хүү дээшээ гарав. Усанд хэн ч байсангүй. Доогуур нь сэлж асан бүдэг бадаг дүрснүүд ч гэсэн ор мөргүй замхарчээ. Ийн байвал чулуун хананы нөгөө талнаа хөвүүд нэг нэгээрээ гараад ирэх нь тэр. Энэхэн мөчид хүү ямар нэг нүх ч юм уу ховилоор сэлж цаашаа гарсныг нь ойлгожээ. Тиймээс ахин шумбав. Даанч давстай гашуун ус харагдац муутайгаас гадна хувхай чулуунаас өөр юу ч байсангүй. Хүү буцан гарч ирэхэд хөвгүүд хэдийнээ чулуун тавцан дээрээ оччихсон, ахин шумбахаар бэлтгэж байлаа. Бүтэлгүйтсэндээ сандарч цөхсөн хүү англиар, “Над руу хараач! Над руу!” хэмээн хашхирч, галзуурсан нохой шиг ус цацалж, хөлөөрөө тийчив.
Тэд Жэрри рүү хөмсгөө зангидсаар цоонов. Ямархан үед хүмүүс хөмсгөө зангиддагийг хүү сайн мэднэ. Бүтэлгүйтэж эндсэнээ цагаатгах санаатай жаал хүү ээждээ элдвээр алиалж үзүүлэхүй эх нь яг ийм айж сүрдмээр, ичиж зүрхшээмээр төрх гаргаж түүнийг хариу шагнадаг байв. Нүүр нь ичсэндээ түлэгдэж байсан боловч жаал хүү царайнд нь хэзээ ч арилахааргүй лав сорви болтлоо тогтсон тэр л хуурамч, ая тал зассан инээмсэглэлээ хүчээр тодруулсаар, хадан дээр буй чийрэг бор арьстай том хөвүүд рүү гараа өргөн савчиж, “Bonjour! Merci! Au revoir! Monsieur, monsieur!” (Сайн уу! Баярлалаа! Баяртай! Ноёд оо, ноёд оо! орч.) хэмээн хашхирав.
Ус ам руу нь орж, баахан хахаж цацсаар буцаад л мандал дээр гарч ирнэ. Том хөвүүдийн жин дарж байсан чулуун тавцан өдгөө эзгүйрчээ. Хөнгөрчихсөн гэлтэй уснаас нэг л өргөгдчихсөн юм шиг харагдана. Тэд нар ус руу ахин, нисэх шахам шумбаж байлаа. Цэнгэг тунгалаг агаар унаж буй биесээр дүүрэн. Төөнөм халуун наран ээсээр, чулуун тавцан хоосорч хохийжээ. Жаал хүү тоолж эхлэв. Нэг, хоёр, гурав…
Тоолсоор тавь хүрэхэд тэр айж эхэлжээ. Хөвүүд бүгдээрээ түүний дор, чулуун хананы аль нэг хонгилоор сэлж буй нь зайлбаргүй. Зуу хүрсэн ч хүний бараа үзэгдсэнгүйд тусламж дуудан хашхирах уу гэж хүртэл бодов. Хөвүүдийг яаруулж, хурдан гарч ирээсэй гэсэндээ, мөн энэ оёоргүй хоосон цэнхэрт зогсолтгүй тоолсоор үлдчих вий гэж айснаас жаал хүү тоолох хурдаа хурдасгав. Зуун жар хүрч байвал эгээ л бор халим уснаас цоролзох мэт хөвгүүд цөмөөрөө багшралдсаар гарч ирэх нь тэр ээ. Тэд хүү рүү харсан ч үгүй, бүгдээрээ хөвөө рүү буцаж сэлсэн билээ.
Хүү чулуун тавцан руу авиран гарч суувал, гуяных нь дотор тал халуу шатан, үйлтэй чимчигнэж байв. Том хөвүүд тарааж шидсэн хувцаснуудаа түүж авмагцаа, үсэрч болох өөр өндөрлөг олохоор гүйчих нь тэр. Түүнээс холхон очих гэсэндээ энэ буюу. Жаал хүү тэссэнгүй, нүүрээ дарж байгаад цурхирч гарлаа. Харах хүн байхгүйгээс хойш ханатлаа уйлж авчээ.
Их л удах шиг санагдсан юм даг. Уйлж дуусаад ээжийгээ харахаар эрэг рүү сэллээ. Ээж нь тэнд хэвээрээ, жүржин дор хэвтэж буй шар цэг мэт. Жаал хүү буцаж сэлэн, чулуун тавцан руу авирч гараад, дор хүглийх хурц шовх ирмэгтэй хилэнт хаднууд дунд цэлэлзэн хөхрөх ус руу ахин шумбав. Дахиад л мөнөөх чулуун хананд тулаад буцжээ. Давстай ус нүдийг нь үй зайгүй хорсгож байснаас мөн л дорвитой юм харж чадсангүй.
Хүү уснаас гарч, зуслангийн байшиндаа очлоо. Тэгээд ээжийгээ хүлээв. Түдэлгүй ээж нь мөнөөх судалтай цүнхээ барин аажуухан алхаж ирлээ. Гар нь улайчихжээ. “Надад усны шил аваад өгөөч” хэмээн хүү уухилсаар, нэн шаардангуй, гэхдээ чин сэтгэлээсээ гуйжээ.
Ээж нь тайван дөлгөөн боловч хачирхаж ширтсээр, “Тэгье ээ, энхрий минь” гэв.
Гэхдээ одоо, одоо л хэрэгтэй байна шүү дээ! Одоо л усны шилтэй болохгүй бол болохгүй шүү дээ. Хүү тасралтгүй гувшсаныхаа ачаар ээжийгээ амжилттай залхааж, усны шилээ ч авахаар болов. Тэгээд хүссэнээ авхуулав уу үгүй юу эхийнхээ гараас булаан аваад цавчим хадат тохой руу чавхдаж одлоо.
Жэрри чулуун тавцан дээр гарч, усны шилээ зүүмэгцээ шууд үсрэв. Хаймраар хийсэн шил нь ус руу шунгав уу үгүй юу, хүчинд нь дийлдэн тайлагдаж орхих нь тэр. Жаал хүү сэлж байгаад хадны оёор луу шумбах ёстойгоо ойлгожээ. Тэгээд ахин шилээ янзалж, сайтар чангалан зүүгээд гүнзгий амьсгаа авмагцаа нүүрээ доош нь харуулан хөвлөө. Харин одоо бол харж чадаж байна. Эгээ л өөр төрлийн нүдтэй болсон мэт ээ. Загасны нүдээр харахул гэрэлт уснаа юм бүхэн тунгалаг агаад эмзэг гоёмсогхон үзэгдэх юм санж.
Зургаа юм уу, долоон тохойн дор төгс гэмээр цэвэрхэн, цалин цагаан элс гилтгэнэнэ. Далайн түрлэгт мөлийсөөр элс дагтаршиж хатууран, долгиж атирчээ.
Мөн урт бөөрөнхий хэлбэртэй, мод шиг эсвээс занар чулуу шиг хоёр саарал дүрс мушгиран сэлж байсан нь загас байв. Хоёр загас эхлээд хамраараа ойртож дөхмөгцөө, дараа нь огт хөдөлгөөнгүй хэсэг зогсож, тэгснээ гэнэт хоёр тийшээ салан сэлж, түдэлгүй замаа өөрчлөн хэлбийж эргэмэгцээ буцаад ирнэ. Усан бүжиг бүжиглэж байгаа юм санж. Дээр нь хэдхэн ямхын зайд ус гялтганаж туяарах нь эгээ л саа цацсан мэт үзэсгэлэнтэй харагдана. Ийн байвал хумсны толион чинээ жижигхэн биетэй, түм буман сүрэг загас жаал хүүг дайрч, тоолж баршгүй олон өөдсөөрөө биеийг нь шүргэв. Хүүд хэжишгүй олон мөнгөн илтэс дунд сэлж яваа мэт санагдах нь тэр. Том хөвүүдийн үсрэн байсан чулуун тавцан цагааран гилтгэнэх элсний хажууд зэрлэг өвсөн цацагтай нүсэр хар чулуу шиг харагдах аж. Хэчнээн ажсан ч нүх харагдсангүй. Тиймээс ёроол руу нь сэллээ.
Тэр зуураа хэдэнтээ уснаа гаран гүнзгий амьсгаа авч, буцаж хэдэнтээ шумбажээ. Хар чулууг гараараа тэмтчин, нэвтэрч болох тэр л үүд хаалгыг нь цуцалтгүй хайсаар байв. Тийн байхдаа өөрийг туршиж, хар хананаас зуурч байгаад хөлөө нугалан жийж үзвэл чөлөөтэй тэнийж байх нь тэр. Нүх олджээ.
Жаал хүү усны мандалд хүрч, хадан дээр сул хэвтэх чулуудаас дөнгүүр томхон нэгийг олж аваад буцаж шумбалаа. Чулууны жин дарсаар жаал хүү далайн ёроол дахь шаргал элснээ буув. Гартаа чулуугаа чангахан атгасаар элсэн дээр нэг талаараа хэвтэж, хөл нь ороод явчихсан өнөө хар нүх рүү харлаа. Амсар нь арсгар сарсгар юм санж. Даанч цаана юу байгаа нь ер үл харагдана. Хүү чулуун зангуугаа хаяж, нүхний амсраас зууран, өөрийгөө татаж оруулах гэж үзэв.
Толгойгоо оруулсан боловч мөр нь багтаж өгсөнгүй. Тиймээс мөрөөрөө наашаа цаашаа холхигносоор бэлхүүс хүртлээ оруулж дөнгөв. Юу ч харагдахгүй хэвээрээ л. Тэгтэл аманд нь зөөлхөн, наалдамхай зүйл орчих нь тэр. Түрүүхэн бараан өнгөтэй мөчир шиг нэг зүйл усанд байсныг санаад жаал хүү өөрийн эрхгүй бажгадаж орхив. Наймалж ч юм уу, эсвэл замаг байх гэж боджээ. Тэгээд гараараа хананд тулж, өөрийгөө хойшоо түлхлээ. Ухраад харваас хадны амсраар гэм хоргүй далайн замагхан хөвж байв. Сэтгэл нь уужирчээ. Ажиглалт нь ч одоохондоо хангалттай байж. Тиймээс гэрэлт наран өөд цоройн уснаас гарч, далайгаас цухуйх нэг хад руу авирч гараад тэрийн хэвтэв. Тэгээд цэнхэрлэн цалгих их усан руу харсаар мөнөөх агуй, эсвээс нүхийг ямархан аргаар гаталж, цаана нь гарахаа тунгаалаа.
Юун түрүүнд амьсгалаа хуваарилж сурах нь зайлшгүй хэмээн бодсон тул өөр нэг том чулуу олж аваад ахиж шумбав. Тэгээд тоолж эхэллээ. Нэг, хоёр, гурав. Тасралтгүй тоолсоор байв. Цээжээр нь эрчлэн урсах цусных нь чимээ хүртэл чихэнд нь сонстож байлаа. Тавин нэг, тавин хоёр… Цээж нь өвдөж эхлэв. Тиймээс чулуугаа хаяж, эрэг рүү гарлаа. Нар хэвийжээ. Байшин руугаа яарсаар очвол ээж нь оройн хоолоо идээд сууж байна. Эх нь, “Сайхан байв уу?” гэх ганцхан асуулт асуусанд хүү, “Тийм ээ” гэхээс өөр зүйл хэлсэнгүй.
Хүү бүхэл шөнийн турш туж усан доорх агуйн талаар бодож хоножээ. Тэгээд өглөөний цайгаа уув уу үгүй юу, тохой руу чавхадлаа.
Энэ шөнө хүүгийн хамраас үйлтэй их цус гарав. Амьсгалаа удаан түгжиж сурах гэсэндээ усан дор төчнөөн цаг болсноос учиргүй тамирдаж, толгой нь баахан эргэж хоножээ. Ээж нь, “Энхрий минь, чиний оронд байсан бол өөрийгөө хэт ядраахгүй байх байлаа” гэв.
Маргааш, нөгөөдөр нь Жэрри бүхий л амьдрал, хамаг ирээдүй нь үүн дээр л тогтож буй мэт уушгины дасгал шаргуу хийлээ. Шөнө нь дахиад л хамраас нь цус гарч, ээж нь маргааш заавал эрэг рүү хамт яв гэж үүрэгдэв. Нэг өдрийн бэлтгэлээ алдана гэдэг түүнд дэндүү их гарз учруулах боловч аргагүй хамт явжээ. Ээж нь наранд биеэ таатайяа ээн хэвтдэг далайн эрэг хүүд өдгөө гагцхүү жаахан хүүхдүүдийн очдог газар мэт санагджухуй. Эрэг түүнийх биш болжээ.
Маргааш нь хүү өөрийнхөө эрэг рүү явахдаа зөвшөөрөл огт авсангүй. Ээж нь тохиолдож болзошгүй аюул төвгийн талаар ярихаас хэзээний урьтаад жаал хүү гараад явчхав. Үд хэлбийж байх үес хүү амарч байхдаа амьсгалаа түгжих чадвар нь арван тоогоор ахисныг олж мэдэв. Мөнөөх том хөвүүд зуун жар тоолсны дараа гарч ирсэн билээ. Хэрэвзээ одоо оролдвол нүхийг гаталж ч магадгүй боловч тэр оролдох гэж завдсангүй. Сониуч зан хийгээд хүүхдийнх гэмээргүй тэсвэр хатуужил, өөрийгөө сайтар хянах чадвар нь хүлцээж дөнгөжээ. Жаал хүү бэлтгэлээ хийсээр, далайн оёорын шаргал элснээ зөөж авчирсан чулуунууд дунд суунгаа нүхний үүд хаалгыг сайтар ажна. Улмаар хаанаа сөрдгөр, хаанаа булантайг цөмийг нь нэг нэгэнгүй мэддэг болов. Эгээ л тэмтрээд үзчихсэн аятай нэвт шувт мэддэг болжээ.
Ээж нь ойр байхгүй үед жаал хүү гэрийнхээ цагийн хажууд суун, амьсгалаа түгжиж өөрийгөө шалгана. Ер зовж түдэлгүй амьсгаагаа хоёр минут барьдаг болсондоо өөрөө бахархавч нэг л итгэж өгдөггүй байв. Ханын цагаар хэмжиж тогтоосон “хоёр минут” гэгч түүнд зайлшгүй хэрэгтэй байгаа тэрхүү адал явдал хаяанд нь дөхөөд ирснийг сануулан байжээ.
Нэг өглөө ээж нь дөрвөн хоногийн дараа гэртээ харьцгаая хэмээн огт шижээргүй хэлжээ. Жаал хүү явахынхаа өмнө өдөр хүссэнээ гүйцээнэ гэж тогтов. Тэгээд амь насаа алдах байсан ч заавал гатлах ёстой хэмээн өөртөө эрс шийдэмгий тушаажээ. Явахаас хоёр хоногийн өмнө жаал хүү хугацаагаа арван таван секундээр уртасгаж ялгуусан амжилт тогтоосон боловч гай дайрч, хамраас нь ахиад л учир зүггүй цус гарч, толгой нь дайвалзаж эргэв. Жаал хүү том хадан дээр яг л далайн замаг шиг гулзайн хэвтлээ. Өтгөн улаан цус хадан дээгүүр зугуухан урссаар далай руу дусална. Жаал хүү сэрдхийн түгшив. Нүхээр сэлж байтал толгой нь эргэвэл яана? Тэндээ гацаад үхвэл яана? Бодон бодсоор, толгой нь дүйрч манарсаар сүүлдээ золтой л буугаад өгчихсөнгүй. Гэртээ хариад амардаг ч хэрэг үү, тэгээд хойтон зун ирж, ахин бүтэн жил сайжирч дэгжсэнийхээ дараа нүхийг гатлах гэж оролдож бас болох шүү дээ гэж хүртэл боджээ.
Ийнхүү нэг мөр шийдсэн боловч, эсвээс шийдчихлээ гэж бодсон боловч жаал хүү хадан дээрээс, цэлэлзэх их ус руу гөлөрсөөр л байлаа. Тэгээд яг энэхэн мөчид буюу хамрынх нь цус тогтсон ч толгой нь өдгөөг хүртэл лугшиж дэлсэн өвдсөөр ахуйд, гарцаагүй одоо л санаснаа гүйцээх ёстойгоо ойлгожээ. Одоо л гүйцээхгүй бол хожим хэзээ ч чадахгүй. Гэсэн ч жаал хүү гаталж чадахгүй байх вий гэхээс учиргүй айж, түүнчлэн тэрхүү нүсэр чулуунд буй урт нүхнээс ч үнэхээр зүрх алдан эмээж байв. Хэрэвзээ тэнд үхчихвэл хойтон жил ч арай хүргэхгүй биз ээ, мөнөөх том хөвүүд л нүхэнд гацсан түүнийг олох магадтай билээ.
Жаал хүү усны шилээ зүүж сайтар чангалаад, агаар алдахгүй байгаа эсэхийг нь мөн нягтлав. Гар нь салганан чичирч байлаа. Тэгээд дийлж дөнгөх хамгийн хүнд гэсэн чулуугаа өргөн, хаднаас биеийнх нь тал бие далд ортол зугуухан гулсаж буув. Сүүлд нь цэв цэлмэг тэнгэр өөд нэгэнтээ хараад уушгиа дүүртэл хоёронтоо амьсгалж, хүнд чулуугаа тэвэрсээр шумбажээ. Доошилсоор нүхний харалдаа очмогцоо чулуугаа хаяж, тоолж эхэллээ. Жаал хүү нүхний амсраас зуурч аваад өөрийгөө татан, урьдын туршлагаараа цээжээ хумин зайцаж холхигносоор, давхар хөлөөрөө тийчиж хүч нэмсээр нүх рүү оров.
Удалгүй доторх байдал тодроод иржээ. Өрсгөр сөрдгөр ханатай, зэгэл шаргалдуу өнгийн устай нүх байлаа. Ус жаал хүүг дээвэр зүг шахаж байв. Хад чулуугаар хүрээлэгдсэн, зэгэл шаргалдуу өнгийн устай юм санж. Адар нь арсгар сарсгар, нурууг нь түйтэй еэ хатгаж зовооно. Тэр гараараа байдаг чадлаараа хурдан хурдан самардсаар, хөлөө хөшүүрэг болгон ашигласаар урагшилж байв. Тийн байвал хурц ирмэгтэй зүйлд толгойгоо цохиж, час хийн өвдөн дуниартаад явчих нь тэр. Тавь, тавин нэг, тавин хоёр… Гэрэлгүй шахуу, дээрээс нь ус эгээ л чулууны жингээр дарж байгаа мэт хүнд. Далан нэг, далан хоёр… Уушги нь өвдөж барьсангүй, зүв зүгээр байв. Хийлчихсэн шаар шиг л цээж нь хөнгөн шингэн агаад ая таатай, даанч толгой нь дэлсэж өвдөөд болох юм биш.
Жаал хүү тасралтгүй адар луу шахагдсаар байв. Хурц ирмэг хатгаж, хажуугаар нь улцан нялцгай зүйлс мэдрэгдэнэ. Наймалж юм уу гэж санасан ч орооцолдоод байхыг бодвол замаг бололтой. Жаал хүү бажгадаж сандарсандаа толгой гудайлган, байдгаараа татганасаар урагшилж байв. Тэгтэл гар хөл задгай усанд байгаа юм шиг л огт чөлөөтэй хөдөлж эхлэв. Нүх арай өргөсөөд ирсэн бололтой. Хамаг эрчээрээ л хурдан сэлж байгаа хэмээн тэр бодож байлаа. Мөн нүх буцаж нарийсаад эхэлбэл толгойгоо цохичих вий гэхээс эмээж байв.
Зуу, зуун нэг… Усны өнгө арай цайраад ирэв. Ялалтын уухай ч түүнийг түрээд ирлээ. Уушги нь өвдөж эхэлжээ. Одоо жаахан сэлчихвэл хүрэх гээд байдаг. Жаал хүү эмх замбараагүй тоолж эхлэв. Зуун арван тав гэж аль түрүүн хэлснээс хойш төчнөөн хугацаа өнгөрсөн ч ахиад л зуун арван тав гэж тооллоо. Ус өдгөө эрдэнийн чулуу мэт ногоон өнгөтэй болжээ. Дээшээ харвал хадны ан цаваар нарны гэрэл тусаж байлаа. Дор нь ганц ширхэг хясаа хэвтэж байна. Нүх хав хар чулуугаар бүтжээ. Урд нь хав харанхуй тосно.
Зорилгодоо хүрэхэд ойртоод иржээ. Жаал хүү эгээ л нарны гэрэл тусах тэрхүү ан цаваар ус бус агаар урсаж буй мэт, шуудхан уруулаа наагаад амьсгал авах гэж байгаа аятай хадны заадал руу харав. Толгой дотроо зуун арван тав гэж ахин тооллоо. Уул нь аль эрт ийн тоолчихсон сон. Өдгөө цаашаа, урд нь зурайх харанхуй руу сэлэхгүй л бол живэх нь баараггүй болжээ. Толгой нь хавдаж, уушги нь чимчигнэнэ. Жаал хүү дотроо зуун арван тав, зуун арван тав хэмээн ахин дахин тоолсоор, чармай нэг булан олж зуураад өөрийгөө татан, нар туссан өчүүхэн зайцаас холдов. Алгуурхан үхэж байгаагаа мэдэрч байлаа. Ухаан балартахад ойртоод иржээ. Нүдгүй харанхуйд ухаан балрахгүй гэсэндээ жаал хүү мачийж байв. Толгой нь аймшигтай өвдөж сэлхэрсээр, урагшаа давшсаар байвал гэнэт ногоон туяа үзэгдэж, түнэр харанхуй ор мөргүй замхран арилах нь тэр ээ. Гараараа урагш самардсан ч юу ч тээглэсэнгүй, хөлөөрөө жийж үзсэн ч бас л юу ч байсангүй. Жаал хүү задгай тэнгист гараад иржээ.
Хүү дээшээ сэлэх гэж үзэв. Яг багтрах нь уу гэлтэй. Тийн байвал, дээшилсэнгүй харин ч бүр живж буйгаа мэдэрчээ. Хад руу буцаж очиход хэдхэн тохой зай үлдсэн атал сэлж огт чадахгүй байлаа. Тэгтэл ашгүй гарт нь барьц тэмтрэгдэж өөрийгөө татсаар, дээшээ гарав. Тэгээд амьсгаа аван, уухилж гарлаа. Нүдэнд нь улаан хүрэн өнгө, хар бүлэгнэсэн юмнаас өөр юу ч харагдахгүй байв. Цус байсанд нүд нь задарчихсан юм болов уу гэж боджээ. Усны шилээ тайлбал далай руу нөжирч бүлэгнэсэн цус гоожив. Хамраас нь цус гарч усны шилийг нь дүүргэсэн байжээ.
Жаал хүү далайн давстай, хүйтэн уснаас утган авч нүүрээ шавшихдаа аманд нь амтагдсан зүйл цус байсан уу ус байсан уу гэдгийг ялгасангүй. Хэсэг хугацааны дараа зүрх нь тогтож тайвшран, нүд нь ч цэлмээд ирсэнд өндийж суулаа. Ердөө хагас бээрийн цаана хөвүүд усанд шумбан наадна. Өдгөө түүнд том хөвүүд хэрэггүй болжээ. Хүсэж буй зүйл нь гэвэл гагц гэртээ хариад амрах л байлаа.
Жаал хүү жаахан сэлээд л эрэгт хүрч, зугуухан авирсаар замтай нийлэн гэртээ харив. Тэгээд ор луугаа шунгаж, нам унтлаа. Замаар өгсөж яваа хүний хөлийн чимээ сонстох дуунаар л сая нэг сэржээ. Ээж нь ирж байлаа. Нүүрэн дээрх цусны толбо, эсвээс нулимсны толбоо харуулахгүй гэсэндээ хүү угаалгын өрөө рүү хам хум гүйв. Угаалгын өрөөнөөс гарч ирэхтэй зэрэгцэн, гэр лүүгээ өгсөж яваа, нүдэнд нь гэрэл очтон гэрэлтэх ээжтэйгээ таарчээ.
Ээж нь“Сайхан байв уу?” гэж асуугаад, хүүгийнхээ ээвэр бор мөрөн дээр гараа тавилаа.
“Сайхан байлгүй яах вэ” хэмээн хүү хариулав.
Ээж нь “Нэг л цонхигор харагдаад байх чинь” гэснээ, дуу нь ширүүн агаад санаа зовнингуй болон хувирч, “Толгойгоо юунд цохичхоо вэ?” гэв.
“Аан, зүгээр л цохьичихсон юм аа” хэмээн хүү нь хариулжээ.
Ээж нь ойртож нэг харав. Нүүр нь халтайж, нүд нь гөлийчихжээ. Санаа зовохгүй байж чадсангүй. Гэсэн ч өөртөө хэт их дэвэргэх хэрэггүй дээ, юу ч болоогүй, хүү минь загас шиг сайн сэлдэг шүү дээ гэж хэлэв.
Тэр хоёр хамтдаа өдрийн хоол идлээ.
Жаал хүү, “Ээж ээ, би усан дотор дор хаяж хоёр минут, за даа гурван минут байж чадна гээч” хэмээн гэнэтхэн сайрхав.
“Тийм үү, энхрий минь? Гэхдээ хэтрүүлж болохгүй шүү. Өнөөдөр ахиад сэлэх гэж яваад хэрэггүй байх” хэмээн ээж нь хэлэв.
Эх нь хүсэл зоригийн тулаанд ороход бэлэн байсан боловч хүү шуудхан бууж өглөө. Учир нь тохой руу явах тийм ч чухаг байхаа нэгэнт больжээ.
Leave a Reply