Press ESC to close

Усны ГудамжУсны Гудамж Бичээчийн Хөгжих Талбар

ЧАМД ӨӨРИЙНХӨӨРӨӨ УНШИХ ЭРХ ЧӨЛӨӨ ОЛГОЁ

Нэгдүгээр хэсэг: Энэ хэсгийг уншихгүй байсан ч зүгээр 

Яг одоо миний бичих гэж байгаа зүйл болбоос хэрэв мэргэжлийн ангийн багш нар маань уншвал намайг зуун ташуур жанчиж мэдэх тийм л нүгэлтэй зүйл юм. Rokitbay “Ээ дээ энэ эрчүүд үү” дуундаа

Дуу дуулж байгаа янзыг минь 

Ээж, эмээд минь бүү сонсго 

Бусад нь ч яах вэ, хамаагүй

Хамаатан ах дүү сонсог гэдэг дээ. Тийм  ээ. Тэд маань бүү уншиг, бурхан өршөөг. Ингээд хэргээ улайж, нүглээ наманчилж дууссан тул гол яриандаа оръё. 

  • Та номыг яаж уншдаг вэ?
  • Харж, нүдээрээ харж уншдаг байх  
  • Та шүлэг яаж бичдэг вэ?
  • Зохиож бичдэг байх…

Энэ бол маш энгийн зүйл. Уран зохиол уншихын тулд зохиолчийг таньж мэдэж, үйл явдлуудыг нь заавал дарааллаар нь санаж байх ёстой юм шиг энэ залхмаар үзэгдлээс таныг би чөлөөлөхөөр ирлээ. Тиймээс гүй, Гамп аа гүй…

Эхлээд уран зохиолын нэгэн номыг авч, гартаа барин унших гэж буй нэгнийг төсөөлье. Бор арьст Гамп байг л дээ. Тэр эр номын эхний хуудаснууд дахь өмнөтгөл, оршил, нээх үг, зохиолч, редакцын зурвас, өө тэгээд л зохиолчийн танилцуулга гээд бүхий л зүйлийг уншиж дуусаад арай гэж нэг юм яг үндсэн хэсэг рүүгээ орох гэтэл тэр аль хэдийн уншихаас залхсан байжээ. Төгсөв.

Энэ бол миний хувьд их эмгэнэлтэй түүх. Номыг барьж авсан мөчөөс эхлээд одоо бидэнд яг юу чухал билээ дээ гэсэн асуулт өмнө маань тулгарна. Зүгээр л уншаад байх уу? Яах вэ? Уншихад нь ер арга барил гэж юм байдаг уу? 

Хүн бүрд өөрийн гэсэн арга барил байдаг ч юм билүү. Зарим хүмүүс зүүнээс баруунш хараа гүйлгэн уншиж байхад, зарим нь эсрэгээрээ баруунаас нь зүүн рүү, зарим нь номоо буруу харуулж байгаад үзэж тарах бол зарим нь бүр толинд тусгаж байгаад л шимтэн шимтэн уншина гээд төсөөл дөө. Харин миний танд танилцуулах арга тун энгийн. Утга зохиол судлаачийнхаа хувьд би та бүхэнд хоёр нууцыг дэлгэх болно. Нэгдүгээрх нь та зохиолчийг нь танихгүй байсан ч болно доо. Уншиж байгаа номынхоо зохиогдсон түүх хийгээд зохиолч нь яажшуухан амьдарсан талаар мэдэхгүй байсан ч таныг би номоо сайн уншсан гэж тооцож өгье. Ямар вэ дээ? Уран зохиолд аливаа бүтээлийг зохиолчоос нь, харгалзах түүх нийгмийн байдлаас нь ангид, зөвхөн текстийнх нь хүрээнд авч үздэг нэгэн онол бий.(Бүтцийн онол-Структуралист) Хоёрдугаарт бусад хүмүүсийн уншсан номыг унших хэрэггүй дээ. Үнэн биз дээ. Бусад хүмүүс уншчихсан юм чинь уншиж яах юм бэ? Оюунтан байхад тэвчээрийг минь хамгийн их бардаг байсан зүйл энэ. Яг нэг зохиолын тухай нэг л зүйлийг маш олон оюунтан яриад л, яриад  л. Зиа тэгэхээр одоо дахиад уран зохиол уншиж буй хэн нэгнийг төсөөлье. Нөгөө Гампыгаа ч юм уу. 

“Сүүний үнэр шингэсэн 

Сэвлэг даахитай байхад минь

Дууны сайхан эгшгээрээ 

Эвлэг зөөлөн бүүвэйлсэн…” гээд л дууны шүлэг уншиж байлаа л даа. “Эрин цагийн гайхамшигт зуун дуу” гэдэг ч юм уу нэгэн ном уншиж байг л дээ. (Дууны шүлэг ч гэсэн уран зохиолын төрөл шүү) Бусад хүмүүс ээжийн тухай бичсэн байна гэж уяран уншицгаажээ. Харин Гамп юу гэж унших вэ? Тэр мэдээж сүүний тухай шүлэг байна гэж уншина. Браво. Энэ шүлгийн ганц мөр түүний дотор амьд оршсон бол уран зохиолын зорилго тэр. Сүүний цагаан, ариун гэгээн чанарынх нь тухай, эсвэл сүүний үнэрийн тухай, бүр сүүний доторх бодис, амин дэм, өөр юуны ч тухай  уншсан байхаас үл хамааран илүүц тайлбар нэхэлгүй дурсамж хийгээд мэдрэмжтэй нь Гампыг тайван орхиё. Гамп сэвлэг даахитай байсан байх албагүй шүү дээ. Ээж нь заавал бөн бөн бүүвэйлсэн гэж зүтгэх хэрэггүй дээ. Алив зохиол бүтээл зохиолчийн гараас гарсан тэр цаг мөчөөсөө эхлээд ямар ч судлаач, мэргэдийн тайлбараас үл хамааран бие даан орших бөгөөд уншигч бүрийн гар дээр ахин дахин шинээр төрдөг гэх онол бий. (Уншигчийн онол)

Түүхийн туршид хүмүүсийн унших арга барил өөрчлөгдсөөр ирсэн гэж бодъё. Тэгвэл орчин үед номыг яаж уншина гээч. Жинхэнэ орчин үеийн чөлөөт арга барилаар уншина биз? Номынхоо үйл явдлыг яс цээжилж, зохиогчийнх нь тухай хээнцэр түүх ярьж өгөх “мундаг” нэгэн биш л бол муу уншигч болдог тааруухан сурагчийн дүр маань социализмын үетэйгээ ард хоцорлоо. 

Хоёрдугаар хэсэг: Алтан сүмийг уншихуй 

Энэ хэсэгт Мишима Юкио зохиолчийн “Алтан сүм” романыг хамтдаа уншицгаах болно. (Яах вэ дээ, ёс уламжлалаа дээдлээд зохиолчийг нь дурдчихъя) Үйл явдлыг нь би та нарт өгүүлэгдэхүүний дарааллаар задалж өгөх үү? Мэдээж үгүй. Тэгэх ямар хэрэгтэй билээ дээ. Зохиолчийнх нь тухай товч нэгэн зүйлийг хэлэхэд Мишима Юкио энд ямар ч хамаагүй гэдгийг л би дурдах байна. Ингээд л боллоо. Та бүхнийг номынхоо тухай нэлээд мэдэгдэхүүнтэй болсон гэж найдаж байна. Ингээд Алтан сүм дээр юу гардаг вэ? гэвэл…

Дүрслэлүүл. Энд хязгааргүй дүрслэлүүд л сүлэлдэнэ. Олон гэдэг утгаараа биш ээ, найз минь. Чи мэднэ дээ. Ямар ч хүлээсгүй, хаяа хярхаггүй огторгуй мэт улаан цэнхэр дүрслэлүүд л. Наад номоо ойлгосон уу гэж үү? Ойлгоогүй ээ, гагцхүү мэдэрсэн. Үүнийг маань уншсанд тооцох болов уу?

 Уран сайхны дүрслэл бол мэдрэмж юм. Хэдэн дүрслэлийг би мэдэрч хоцорсон бэ гэдэг нь номоо хэр сайн уншсан бэ юм уу, хэр сайхан ном байсан бэ гэдэгт магад хариулт болох буй. Алтан сүмийг би мэдрэхүйн хөглөгч гэж нэрлэх болно. Цөөн хэдэн дүрслэл дээр хараа тогтоовол… 

“…Ээрүү гацаа маань намайг орчноос маань тусгаарласан нэг ёсны хана болсонд гайхах юм байхгүй. Үгийн хамгийн эхний авиа л хамгийн хэцүү нь, намайг бусдаас тусгаарласан хаалганы түлхүүр юм. Энэ түлхүүр цоожныхоо нүхэнд үргэлж гацахыг яана. Гэтэл надаас бусад нь чөлөөтэй хэлж ярьж, дотоод ертөнцийг нь гадаад орчинтой холбодог хаалга нь үргэлжид нээлттэй, агаар салхи юунд ч үл тором чөлөөтэй нэвтэрнэ. Надад болохоор энэ бүхэн хориотой, улаан зэв болсон түлхүүр таарсан байв. Үгийн эхний авиатай үхэн хатан тэмцэх ээрүү гацаа амьтан гэдэг орооцолдсон торноосоо, өөрийнхөө би-ийн торноос мултрах гэж байж ядах шувуухай л гэсэн үг. Тэгж тэгж бяцхан шувуухай торноосоо мултрах нь мултрах авч дэндүү оройтсон байх болно. Гадаад ертөнц намайг бяцхан даль юугаа байдгаараа савчин тэмцэхийг минь хэчнээн л бол хэчнээн хүлээхэд бэлэн байгаа мэт хааяа надад санагддаг л байсан л даа. Гэхдээ л арай гэж хаалгыг онгойлголоо гэхэд мөнөөх агшин үл давтагдах содон чанараа гээчихсэн байдаг. Тэрээр өнгө алдан гундчихдаг…Тэр мөчид надад ийм ч байхаас өөр яах ч билээ дээ, гундсан өмхөд идэгдсэн бодот байдал над шиг амьтанд л яг таарна гэж бодогддог байлаа.”(Мишима Юкио, Алтан сүм, 5-р тал)

Мизогути хэмээх ээрүү гацаа гол баатрын маань өөрийгөө илэрхийлсэн дүрслэл энэ. Баатрын дуу хоолой ийнхүү байн байн гарч ирэх нь романыг гайхалтай дүрслэлүүдээр дүүрэн анивчих, хязгааргүй уудам шөнийн тэнгэр болгожээ. Дүрслэл=Мэдрэмж. Гэхдээ “–Аан, ээрүү гацаа хүнд ингэж санагддаг байх нь. Бас л мундаг бичсэн байгаа юм шүү.” гээд өнгөрчих нь дэндүү харамсалтай. Өмнө нь нэг хүн яг ингээд уншчихсан байгаа шүү дээ. Яг эндээс цааш өөрийнхөө унших арга барилаар номоо түлхүүрдэн нэвтрэн гарах аваас роман дуусан дуустал уншигч энэ номыг биш, энэ ном өөрөө уншигчийг уншсаар байх вий. “…агшин үл давтагдах чанараа гээчихсэн байдаг” гэнэ. Таны амьдралд энэ мэдрэмж төрж байсан гэдэгт би мөрийцөхөд бэлэн байна. Үл давтагдах содон чанар цаг хугацаанд, агшин хором бүрд байдаг аж. Тэрнээс гээгдэж хоцорно гэдэг гагц азгүй, ээрүү амьтдын мэдэрдэг зүйл үү? Тэгвэл хүн бүхэн азгүй ээрүү байх нь. Тийм биш байлаа ч би үнэхээр азгүй ээрүү амьтан юм. Агшин хором өнгө алдан гунддаг гэх. Өнгө алдан гундсан, бүр надад гомдож хорчийсон мэт тийм цаг хугацаа, тийм дурсамж миний амьдралд хэр олон бий билээ? Мизогутитай өөрийгөө жишсэнгүй шүү. Жишсэн байсан  ч ер нь хамаагүй л дээ. Үг. Үг Алтан сүмд, үг миний ч дотор, үг хаа сайгүй нэг л утга чанараа хадгалсаар, хэзээд өөрийнхөөрөө үнэнч үлдэх юм. Уран зохиол гэдэг ердөө л үгийн хэлхээс билээ. Миний мэдэрдэг ч илэрхийлж чадааггүй үгсийг, тодоос тод зүүдэлсэн атлаа бусдад ярьж өгч чаддагүй бүхнийг нэг нэгээр нь илэрхий нь аргагүй дүрсэлсэнд л уран зохиолын хамаг л шид орших мэт.  

Хоёрдугаарт курс байхад хичээл дээр энэ зохиолын тухай орсон юм. Багш надаар Мишима Юкио бол Монголын Д.Нацагдоржтой адил шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч юм гэж хэлүүлэх гэж аргаа барж байсныг би санаж байна. Гэтэл би зөвхөн дүрслэлүүдийн тухай, үгийнх нь тухай ярьсаар бүр залхааж орхиж билээ. Дүн бол ярилтгүй биз ээ. 

Хүнийг шоолж инээх гэдэг ямар нүд гялбуулам юм бэ? Ангийнхны маань цовоо цолгин, хүүхдийн хахир инээд надад үргэлж наранд гялбах өвсөн шүүдрийг санагдуулдаг байсан. (Мишима Юкио, Алтан сүм)

Энэ дүрслэлийг уншаад хүнийг шоолж, эсхүл шоолуулах тухай ийм, тийм байдаг шүү гэж ярих нь утгагүй. Гагцхүү нүд гялбам гэж дүрсэлсэнд, бас энэ нь зүрхэнд яагаад ч юм танил байгаад хамаг учир оршино. Танд энэ дүрслэл үнэн юм шиг санагдахгүй байна гэж үү? Та бид хоёрын зүрх юу туулж, хаагуур явж байгаад ирсэн болохоороо энэ мэдрэмжийг хүртэл таньж байдаг байна аа? Хариултыг нь “наранд гялбах өвсөн шүүдрийн томьёо” гэж нэрлэе. Ямар ч тэгшитгэлд нэг томьёог орлуулан тавих аваас хариулт нь үнэн зөв хэрэгжиж байдаг шүү дээ. Түүнтэй ижил наранд гялбах өвсөн шүүдэр хүний амьдралын хаа сайгүй. Тэр болгонд орлуулаад л аливаа үйл явдлын хариу, утга нь эгээ бодлого шиг л гараад ирнэ. Юкио хүнийг шоолж инээх тухай, шоолуулах тухай мэдрэмжийг яагаад ингэж дүрслэв ээ? Энэ томьёог би бээр өөрийн амьдралынхаа нэгэн бодлогод хөрвүүлж үзье. 

Бодлого 1: Би бүрэг ичимхий нэгэн. 

Үүнийг энэ удаа сул тал маань гэж биш,  хариуг нь олох ёстой нэгэн илэрхийлэл болгон авч үзвэл сэтгэл татам биш үү. Бүрэг гэдэг яг л бүдэг гэж байгаа юм шиг мэдрэмж төрүүлж байгаа биз. (Нэгдүгээрт авиа, үсгийн тоо тэнцүү байгаа нь, ганцхан гийгүүлэгчээс бусад нь яг адилхан байгаа нь, эсхүл хэл шинжлэлийн үүднээс“бү” язгуур нь өөрөө бүрэг, бүдэг, бүрхэг, бүүдгэр гэх мэт аль нэгэн харьцуулагдаж байгаа зүйлээсээ сул, тод хурц бус гэсэн  утгыг илэрхийлж байгаа нь, эсхүл монгол хэлэнд авианы үг бүтээврийн утга ялгахад оролцдог чухал шинж болох шуугиант сул гэсэн ангилалд “б” гийгүүлэгч ордог учраас … гэх мэтээр талыг нь олон янзаар тайлбарлаж болох авч гагцхүү ганц уншихад л танигдах эх хэлний мэдрэмжээрээ ижил мэтээр мэдэрсэн нь л бидний энд ярилцаж буй “уншихын тухай, мэдрэхийн тухай, дүрслэлийн тухай” юм. ) 

Амьдралын маань ямархан нэгэн хэсэг нүд гялбам хийгээд нүднээ үл өртөм бүдэг байдаг нь гарцаагүй. Жишээлбэл x=1/y гэх тэгшитгэл байлаа гэж бодоход яаж ч хайгаад олдохгүй байгаа өнөөх “х” нь би юм. Би “у”—ийн урвуу утгаас хамаардаг. “Y” бол гадаад орчин, эсвэл хэн нэгэн байж болно. Тэр л тод нүд гялбам байгаа учраас би бүдэг, бүрэг, бүрхэг, бүүдгэр болчихдог мэт. Эсвэл “Ү” бүдэгхэн байх юм бол би учиргүй тод гялалзана. Тийм учраас шоолуулж байгаа гол хүн нь бүдэгсэж, шоолж байгаа бусад нь нүд гялбам байгаа аж. Үүнийг дүрслэн үзүүлсэн нь л бидний учиргүй шимтэн уншаад байгаа зохиолын  гол дүрийг төгс боловсронгуй дүр болгосон байх нь. Олон мянган уншигчийнхаа хувьд Мзогути нүд гялбам өвсөн шүүдэр. Тэр дүр, бас хүн, бас үг, бас дүрслэл. Тэгэхээр бодлогын маань хариу ингэж гарна. Би бүрэг ичимхий нэгэн байна гэдэг нь өөр ямраар ч оршиж чадахгүй гэсэг үг биш. Гадаад ертөнц, хийгээд хүмүүс ямар  байгаа тэрхүү утгаас хамаарч би өөр өөр (урвуу нь ч байж болно) байна. Яг л амьдрал шиг хариу гарсан байгаа биз. Наранд гялбах өвсөн шүүдрийн томьёо таны ч аль нэгэн бодлогод таарч мэдэх юм. Эрхэм нүд гялбам минь. Энэ дүрслэл яагаад ийм танил байгааг буруу зөрүү тайлбар минь танд хэлж өгч чадсан болов уу? Уран зохиол дүрслэлээрээ хүн бүхнийг өөрт нь нээж өгдөг шиг ээ. Тэгэхээр энд Мизогути байна уу хэн байх нь тийм ч чухал биш, бүдэг. Уншиж эхэлсэн мөчөөс эхлэн уншигч хэн бэ гэдэг нь л нүд гялбам тод байх аж.

Намайг Майзуруд байхад хаа нэгтээ Киотод Кинкакужи (Алтан сүм) оршин байгаа гэдэг хачин санагддаггүй байсан хэр нь сүмийнхээ дэргэд ирснээс хойш харахад л нүдэнд үзэгдэхээс биш, шөнөд нь унтаж амардаг гол дуганд байх үеэр сүм алга болчихдог байв. Тийм учраас би өдөртөө өнчөө олон дахин Кинкакужиг харах гэж зориуд очдог. Тэгснээрээ ч сүмийн бусад банди нарыг багагүй хөгжөөдөг байв. Гэхдээ л би сүмийг хэчнээн олон дахин харсан ч гэсэн яг дэргэд минь байгаад дасаж өгөхгүй буцаад явахдаа одоо ингээд эргээд харахад минь л сүм эгээ Эвридика шиг үүрд алга болчихсон байна даа гэж бодогддог байсан.( Мишима Юкио, Алтан сүм)

Яг энэ хэсгийг унших үеэр уншигч би бээр цаг хугацааны талаарх бодолд автагдан байсан билээ. Одоо цаг гэдэг яагаад ийм бодит биш байна вэ? Болж өнгөрсөн хойно нь дурсах эсвэл болохоос нь өмнө бодоод л шаналаад л байх нь яагаад ийм бодит мэдрэгддэг вэ? гээд л.  Тэгэхээр зохиол намайг уншиж байв. Алтан сүм роман өдөр шөнөгүй бодоод л байсан цаг хугацааны маань талаар ийнхүү дүрсэлж үзүүлсэн шиг санагдсан. Мизогути Алтан сүмд ирэхээсээ өмнө сүмийг бодитоор оршин байгаа гэдэгт хөдөлбөргүй итгэж өдөр бүр дотроо бишрэн шүтэж амьдардаг байлаа. Харин дэргэд нь ирэхэд бүр “алга болчихдог” гэж дүрсэлжээ. Тэгэхээр цаг хугацаа бол алслал ажээ. Аль болох холдож байж л бүхлээрээ харагддаг ямар нэг зүйл. Мизогути Алтан сүмээ л ийнхүү дүрсэлсэн хэрэг шүү. Харин уншигч амьдралдаа юу туулж өнгөрүүлж байна гэдгээс ийнхүү ном өөрөөр бодижин амьдарч болдог гэдгийг хэлмээр байна. 

Би цаг хугацааны тухай юу гэж бодож байсан бэ гэдгээ хуваалцъя л даа. Орчин үед одоо цаг хугацаандаа бүрнээр орших тухай сэдэв яагаад ингэж ихээр яригдах болов оо гэвээс хэн ч тэгж чадахгүй байгаадаа л юм. Яг одоо толгойд минь аль нэгэн өнгөрсний тухай, эсвэл ирээдүйн тухай бодол эргэлдэж, одоо цагийн тухай бодлыг минь хавчин шахаж орхидог шиг. Би бээр хайртай хүнтэйгээ хамт орж үзэхийг маш их хүсэж байсан нэгэн буйдхан кофены газартаа болзсон юм. Яагаад ч юм тийм сайхан тухлаг, чамин орчныг яг түүгээр нь мэдэрч чадахгүй байв. Орж үзэхийг хүсэж байсан өнгөрсөн цаг хугацаандаа илүү гоё тансаг сайхан байсан шиг. Эсвэл цаг хугацаа өөрийн амт шимтээ нэмэн найруулсны дараа хожим нь эргээд дурсахад л сайхан байсныг нь ойлгох юм шиг. Миний хувьд одоо цаг л үгүйрэн одсон байлаа. Азаар тэр үед Алтан сүм романы дээрх хэсгийг уншиж байсан юм. Тэгээд нэгэн аргыг хэрэгжүүлэв. Бид хоёр өөрсдийнхөө долоон настай байсан үе рүүгээ буцан очлоо гэж төсөөлсөн юм. Тэр үед яг чулуу шороогоор тоглодог, түүгээрээ тансаг гүнжийн цайз барьж мөрөөддөг байсан билээ. Эргээд одоо цагтаа буюу кофены газартаа ирлээ. Энэ газар дэндүү сайхан газар ажээ. Долоон настайдаа тэнд л байх сан гэж мөрөөддөг байсан тэр газраа байгаагаа ойлгож авав. Дараа нь бид ирээдүйг төсөөллөө. Тавь хүрэхийн цагт одоогийн өөрийгөө яажшуу хайрлан бодоод, “залуу байж дээ” хэмээн санаа алдах бол оо. Бас хөгшин би одоогийн өөрийгөө хараад юмсын гоо сайхныг мэдрэгээр хүлээн авдаг байж шүү гэж магтаж байв аа.  Ингээд ирээдүйгээсээ бас яг одоодоо эргэн ирлээ. Сайхан газар, хайрлам цаг хугацаан дотор  байгаагаа бид ойлгосон юм. Ингэх санаа хаанаас гарч ирснийг мэдэхгүй. Алтан сүмийг уншиж байсандаа л талархаж байснаа санаж байна. Хэт хадууран одсоныг минь өршөөнө үү. Ном уншиж байгаа янз маань л энэ. 

Уран зохиолын номыг би ингэж уншдаг. Мэргэжлийн хүн гэхэд дэндүү чамлам, санаа зовом, бас ичиж үхэм. Надад уран зохиолын дүрслэлүүд өөрийг минь уншдаг, нэвт мэдэрдэг зөнч шиг л санагддаг. Яагаад гэвэл тэр үгэн хэлхээс. Үг номд ч, миний дотор ч, ер хаана ч нэг янзаараа, утга чанараа үл гээн, үнэнчээр өөрийнхөөрөө оршсоор байнам. Тэгэхээр үг шиг өөрийнхөөрөө байх (унших) эрх чөлөөг танд олгоё. Тосон авах эсэх нь таны дур биз ээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

@Katen on Instagram
[instagram-feed feed=1]