Press ESC to close

Усны ГудамжУсны Гудамж Бичээчийн Хөгжих Талбар

UBIFF: Ганцхан улирлын настай залуу нас

Сэр Сэр Салхи (City Of Winds) киноны тухай

      “Монгол хүн болж төрнө гэдэг их сонин зүйл. Монголчууд дэлхийн аль ч үндэстнээс илүү гараад байхгүй, дутах ч юмгүй, жирийн л үндэстэн. Улаанбаатарын гудамжаар хөгжим сонсоод л, кофе шопуудаар эргэлдэж яваа хүүхдэд үндэстнийхээ өмнө хүлээсэн хариуцлага гэж юу байх вэ. Гэхдээ үндэстнийхээ өмнө ямар ч хариуцлага хүлээхгүй жир тааваараа амьдарна гэдэг америк хүнд болно, англи хүнд болно, магадгүй орос хүнд болно. Харин монгол хүнд ерөөсөө болохгүй байгаа юм. Хэдийгээр монголын жирийн залуу хүн жирийн япон, америк залуус шиг амьдрах бүрэн эрхтэй боловч энэ үндэстний чинь явж ирсэн зам арай илүү ухамсартай, арай ондоо бодолтой байхаас өөр аргагүй нөхцөлийг чамд тулгана.” 

Г.Аюурзана “Үлдэх үг” подкастын хэсгээс.

   Арван долоон настай байна гэдэг нэг хэрэг. Арван долоон настай, Улаанбаатарын иргэн байх өөр хэрэг. Арван долоон настай, Улаанбаатарын иргэн бөө байна гэдэг тэс өөр хэрэг. Арван долоон настай Улаанбаатарын иргэн бөө бөгөөд тэрээр орчлонг өөрийнхөөрөө мэдрэхийг хүсэх нь мөн л  дэндүү өөр асуудал. Хүүхэд нь хүртэл хүлцэнгүй уйлдаг газар шүү дээ. Хүн бүхэн өөр өөрийн зовлонтой учраас хэнд ч тээр садаа бололгүй, зовбол зовлонгоо ганцаар эдэлж, томчууд зовбол тэдэнд түшиг болохыг бид хар нялхаасаа сурдаг. Бид тэгж л амьдарсан. Энэ бидний онцлог, хайрлам чанар, бас өрөвдөм дүр зураг мөнөөсөө мөн билээ. Түүнчлэн монгол хүний уг чанар үүнээс үүддэг гэж төсөөлнөм. 

  Сэр сэр салхи (City Of Winds) киноны гол дүр Зэ тэдгээр үрсийн  бэлгэдэл. Амьдрал хүчир, хатуу байх тусам хүүхдэд хүүхдээрээ байх орон зай, залуу хүнд залуу насны жаргал цэнгэлийг таашаах цаг хугацаа дэндүү богино болдог. Монгол хүний залуу хүн шиг амьдрах, дэггүйтэх, хэний ч өмнө хариуцлага хүлээлгүй дураараа дургих хугацаа бусад үндэстнийхээс даруй хэд дахин богинохон байдаг шиг надад санагддаг юм. Тиймдээ ч Зэ, Марал хоёрын амьдрал, ирээдүйгээ зөгнөж мэдрэх гэсэн оролдлого сэтгэл хөвсөлзүүлэв. Цэвэрхэн, гоё газар үзэхийн тулд л юу ч авахгүй хэр нь дэлгүүрээр хоосон сэлгүүцэх өсвөр насны хүүхдүүд. Энэ хот үйлчлэх эсвэл үйлчлүүлэх, худалдах, худалдаалах, мөнгө олох эсвээс үрэх гэсэн хоёр туйлт сонголтоос өөр юу ч үгүй газар бөгөөд, энд амьдрахад ямагт цэвдэг хүйтэн хэр нь давчуу бүгчим оргиж байдгийг тэдний эл зугаа харуулав. Бид харав, тэгээд тэсгэлгүй ихээр харамсав.  

Зэгийн дүрийг би Ж.Д.Сэлинжерийн “Хөх тариан талбайд” зохиолын гол дүр Холдентой зүйрлэм санагдлаа. Хэн ч гуйгаагүй атал бүхний өмнө хариуцлага хүлээсэн бяцхан хүүхэд. Ил хэлэхгүй ч дотроо хүн бүхнийг энэрэх, сайн хүнд тусалж явах, бусдыг хайрлах хүсэл тэсгэлгүй ихээр төрөхийн зэрэгцээ үүрэг хариуцлагыг ухамсарлаж чадсан ч сэтгэл нь гэнэн цайлган хэвээр яваа хүүхэд. Сэлинжерийн зохиолд Холденгоос дүү нь ямар мэргэжилтэй хүн болохыг хүсдэг талаар асууж шалахад мань хүн аанай л эргэлзэж, уцаарладгаараа уцаарласан боловч эцэст нь ийн хэлдэг шүү дээ: 

“… жаахан хүүхдүүд асар том тариан талбайд тоглож наадан, гүйж харайж байгаагаар би төсөөлдөг. Мянга мянган жаахан хүүхэд. Тэнд нь том хүн, ер нь өөр хэн ч байхгүй, надаас өөр. Харин би тэнд нэг тийм гүн хавцлын ирмэг дээр зогсчихсон байна. Тэнд би юу хийнэ гээч, хүүхдүүд тэр хавцал руу хөөцөлдөн тоглоод ирэхээр нь би бариад авна. Хүүхдүүд тоглоомдоо халуураад, хаашаа явж байгаагаа мэдэхгүй гүйгээд ирэнгүүт нь би гэнэтхэн гарч ирээд, унахаас нь өмнө барьж авна гэсэн үг. Миний хийх ажил ердөө л тэр. Би зүгээр л тариалангийн харуул болно гэсэн үг.” 

   Хайрладаг хүнээ алдах, өндрөөс унаж өвдөхийн шаналлыг хэтэрхий эрт мэдэрсэн хүү өөр хэнийг ч, ямар ч жаалыг өндрөөс унагахыг хүссэнгүй. Гэнэн жаалуудыг тосоод авах эрхэм үүрэг хүлээсэн харуул болохыг мөрөөднө. 

   Хөрш өвөөгийнхөө архичин хүүдээ хэлж чадалгүй өөд болсон тэр л нандин үгсийг далдыг мэдрэх чадвараараа олж сонссон Зэ, хүүд нь туслах гэж (насаар бол өөрөөс нь том хүн шүү дээ) эцгийнх нь хэлэхийг хүссэн ерөөлийн үгсийг зүүд нойрон дунд нь шивнэх мөчид би Холдены хүсэл, Зэгийн хүсэл нэгэн адил юм гэдгийг мэдэрч, тэр хэрээрээ сэтгэл хөндүүрлэв. 

   Өнөө өглөө би нэгэн залуу охин үсээ муухай засуулсандаа сэтгэл эмзэглэж, том том нулимс унаган уйлж, түүнийг нь эмээ нь хараад эгээ л балчир хүүхэд шиг эрхлүүлэн тэвэрч байгаа бичлэг үзсэн юм. Том том нулимс унагаж зүрхэлдэг, түүнийг нь арчиж өгөх хүн дэргэд нь байдаг хүүхдүүд энэ хотод улам олон болоосой гэх чин сэтгэлийн хүсэл төрөв. Түүнчлэн эх орныхоо хүн зон, хүүхэд залуусын нүдэнд үзэгдэж, гарт баригдахын аргагүй энэ шаналлыг сэтгэлээсээ ойлгоод, уран бүтээлдээ сүлж чадсан найруулагчид үнэн сэтгэлээсээ талархлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

@Katen on Instagram
[instagram-feed feed=1]