Press ESC to close

Усны ГудамжУсны Гудамж Бичээчийн Хөгжих Талбар

Авьяас дутуу төрдөг

“МУИС-ийн Утга зохиолын нэгдэлд хэрэгжүүлсэн бүтээлч ажлын тухайд”

Уран зохиол сонирхдог, бичихийг оролддог хүн бүхний дотроос нэг асуулт байнга цухалзаж, түүнийгээ бусдаас асуухаас баахан цэрвэж явдаг байх. Тэр нь “Яаж зохиох вэ? Зохиолч болохгүй ч гэсэн… Гэхдээ л…”

Их сургуулийн “Утга зохиол судлал”-ын ангид орсноос хойш л намайг ийм бодол зулгааж байгаа юм. Өчнөөн хичээлд сайн, муу дүнтэй энхэл, донхол суулаа. Тэгээд бичсэн чинь аль вэ? Юу юугүй төгсөх нь ээ. Гэтэл өнөөх асуултын хариу алга даа. Энэ зуураа “Утга зохиолын нэгдэл”-ийн гишүүн явлаа. Сүүлдээ удирдагч оюутан нь боллоо. Эхлээд өөрөө яаж бичиж сурах вэ? гэж өдрийн бодол шөнийн зүүд явснаа сүүлдээ “Энэ хүүхдүүдийн сэтгэлийг яаж хөглөх вэ? Энд суугаа хоёрхон цагтаа урамшаад улмаар гэртээ суухдаа, хэвтэхдээ, орон дотроо, гудамд алхаж явахдаа шинэ соргогоор мэдэрч, эргээд ирэхдээ хуудас хуудсаар бичсэн, бодсон зүйлсээ хуваалцдаг болбол ямар сайхан бэ?” гэж жигтэйхэн мөрөөдөх боллоо. Сүүлдээ “тав дахь өдрийн уулзалт” дөхөхөөр өөрийн эрхгүй халгаж, ярих, хийх зүйлээ олж ядна. Бүтэлгүйхэн хүнээр удирдуулж яваагаа ч мэдэхгүй хэдэн оюутан баасан гараг бүр, яг өнөө цагтаа, нөгөө л “Би яаж зохиох вэ?” гэсэн асуултаа тээсээр хүрээд ирнэ. Надад даанч хариулт нь байхгүй л дээ.

Яагаад ийм хэцүү вэ гэж үү? Дүр гэж юу вэ? Өгүүлэмжийг яаж гаргах вэ? Дүрслэл хэрхэн бүтээх вэ? Эдгээрийн талаарх онолыг бид хаанаас ч олно л доо. Гол нь дадлага буюу “дасгал ажлын ном” гэгч дутаад байдаг юм. Тэр нь голдуу “Санааг олох, чөлөөтэй сэтгэх арга” ч юм уу, “Эсвэл зохиол бичигчдийн тоглоом”, “Гудамжнаас зохиолынхоо баатраа олоод яриа өдөх нь”, “Үгэн наадгай”, “Шүлгийн хэлбэрийг эвдэх болон хэлбэржүүлэх дасгал”, “Зохиолчдын хэрүүлийн алим”, “Сэтгэлгээ рүүгээ өнгийхүй” ч юм уу зүгээр л амьдралд хэрэгжүүлж болох энгийн, саваагүй дасгал, мэтгэлцээн, тоглоомоор дүүрэн ном байх юм. Миний л мөрөөдөл л дөө. Хүн биеэ чангалах гэж төмөр өргөдөг шиг л “сэтгэхийн тулд” бичиж чадахгүйдээ гутарсан мэдрэмж, биесээ өрөвдсөн эсвэл өргөмжилсөн шүлэг, мэдэмхийрэл хийрхлээсээ салаад өдөр бүхэн, ядаж уулзсан долоо хоногтоо нэг удаа ч болов нэгнийгээ сонсож, хуваалцаж, харах өнцгөө өөрчилж болох бүтээлч ажил хиймээр байдаг. Өмнө үеийн зохиолч, найрагчид энэ асуудлаа яаж шийдсэнийг сайн мэдэхгүй л явна…

Харин саяхан авралын од минь гийлээ дээ. Л.Өлзийтөгс найрагч Пабло Нерудагийн “Асуултын ном”-ыг орчуулжээ. Тэр нь асуултаар хэлбэржсэн яруу найраг л даа. Харин Ө найрагч өөрөө тэр асуултуудад нь хариулах хэлбэрээр бас нэг ном гаргах санаа сэджээ. Яг энэ л байхгүй юу! Хайсан зүйл минь ердөө иймэрхүү л энгийн юм байх юм. Тэгээд өнөөхөө туршиж үзэхээр сэтгэл шулуудаад дугуйландаа ирлээ. Гол нь зөвхөн асуултад хариулсан бичвэр бичвэл чөлөөтэй сэтгэх замыг нь бөглөчихдөг юм болов уу гэж бодоод давхар өгөгдөл бэлдсэн юм.

  1. Номноос санамсаргүй байдлаар асуулт сонгуулна. Мэдээж асуултад хариулах маягаар шүлэг бичнэ ээ.
  2. 1-10 хүртэл тоо сонгуулна. Тоо бүрийн ард ертөнцийн хаа нэгтээ орших нэгэн газрын байршил бий. Зохиогч өөрийгөө тэр орон зайд хүргэх хэрэгтэй болно.
  3. А-Д хүртэл үсэг сонгуулна. Сонгосон үсгийн цаана хүний таван мэдэхүйн аль нэг нь бий. Зохиогч шүлэг бичиж байхдаа тэр мэдрэхүйгээ түлхүү ашиглаж байна гэж төсөөлөх юм.
  4. Өгөгдлүүдээ бүрэн ойлгосных нь дараа боловсруулах, шинэ санаа сэдэх ажлыг даалгаад хоёр хоёроор нь хуваарилна. Хоорондоо таваас арван минут ярилцаж, санаа солилцсоных нь  дараа хамтрагчийг нь сольж болно.
  5. Хоорондын ярилцлага нь дуусмагц шинээр бодож олсон санаа бүрээ нэгд нэгэнгүй ярьж, бусдаасаа санал асууж тодруулна.
  6. Энэ бүхний дараа л санаагаа шүлгийн хэлбэрт буулгана. (Задгай байна уу, сүүл толгой холбоно уу, мөрийн хэмжээг нь тааруулна уу хамаагүй, зөвхөн өөрийн дуртай хэлбэрээр илэрхийлэх эрх чөлөөг олгоод шүү дээ.)

Энэ зөвхөн сэдэлжүүлэх ажил биш ээ. Ярилцах явцдаа оюутнууд маш хурдан дотносож, нүүр хагараад, чөлөөлөгдөж эхэлдэг. Үнэндээ галзуу хүн л биш бол огт танихгүй олон хүний  дунд шууд орж ирээд шүлгээ унших хүсэлтэй байдаггүй юм билээ. Шүлэг гэдэг дотоод сэтгэл шүү дээ. Хүнд уншиж өгөх үед нүцгэн байгаа юм шиг эвгүй санагддаг тийм эмзэг цэг. Тиймээс дотносох бол хамгийн чухал. Анх уншиж байхдаа шүүмжлүүлэх, гологдох, үл тоогдохоос хүүхдүүд үхтлээ айдаг болохоор дотносох, нэгнээ ойлгох гэдэг юу юунаас илүү чухал болдог. 

Үр дүнд нь миний төсөөлж ч байгаагүй бүтээлч, халуун уур амьсгал бүрдсэн шүү. Тэд маш нухацтай ярилцаж, нэгнийгээ хүндэтгэн сонсож, алмайрмаар уран санаа сэдэж, өөрийгөө эвдэж, олсон бүх санаагаа шүлгийн хэлбэрт багтаах гэж үнэхээр их хичээсэн. Бахархсандаа нүдэнд нулимс цийлгэнэж, нүүр минь минчийтлээ улайж байлаа. Тэд олдсон цаг, мөч бүрээ үр ашигтай зарцуулж, сургуулийн жижүүр ангиас хөөх хүртэл нэг нэгнээсээ салж ядан зогсоно. 342 тоот ангиас улаан лойл шиг хүүхдүүд цувран гарсан нь ийм учиртай. Дараачийн уулзалт дээр нь би газар орны нэрийн оронд тодорхой үйл явдал, мэдрэхүйн оронд “дүр” оноосон. Зохиогч өөрийн биеэс ангижраад оноосон дүрийн өмнөөс шүлэг бичих юм. “Би” төвтэй шүлгийн санаанаас нь холдуулах л гэж тэр ээ.

Тэд дараах өгөгдлөөр, тийм санаа сэдэж, ийм шүлэг зохиосон болой:

Асуулт: Хэлээч, бороонд зогсож буй галт тэрэгнээс илүү гунигт зүйл энэ хорвоод бий гэж үү?

Би өөрийгөө цаг хугацаа болсноор төсөөлнө

Тэнд өрнөж буй үйл явдал: Галт тэрэг алсарч байна (Зохиогч өөрөө үйлдэгч байж болно. Эсвэл үйл явдлыг хөндлөнгөөс ажиглаж болно)

Бусдаас сонссон шинэ санаа: Цаг хугацаа, галт тэрэгний хөдөлгөөн хоёрыг хамааруулан бодох төвөгтэй. Гэхдээ хөдөлгөөн, цаг хугацаа хоёрын хамаарал юу вэ? Цаг хугацаа зогсох гэдгийг кинонд яагаад хөдөлгөөн зогсох мэтээр үзүүлдэг вэ? Үнэхээр цаг хугацаа зогсоход хөдөлгөөн зогсох уу? Галт тэрэгний хөдөлгөөн бас нөгөө талаараа хагацал дагуулдаг. Хэрвээ би цаг хугацаа шиг эрх мэдэлтэй байсан бол галт тэрэгний буудал дээр хагацсан хосыг эргүүлэн учруулахын тулд өөрийгөө ухраах уу?

 

Нулимс үзэж чаддаггүй үй түмэн гуниг тээсэн галт тэргийг

Хүлээн би хөшнө

Би энэ их сэтгэлийн гуниг хагацлын зомголыг өвөртлөөд

Маргаашийн хэн нэгэнд дурсамж болгон цээжинд нь гал ноцооход нэмэрлэнэ

Галт тэрэг бол миний эзэн

Үйлдэгч хэн нэгэн эсвэл ямар нэг юм байж гэмээнэ миний хэрэг гарна шүү дээ

Энэ усан биш гунигийн бороог

Эзэн бид хоёр л олж үзнэ

Эргээд дурсахад хүний цээжинд тунасан харууслыг

Хүмүүсийн цээжинд юүлэлцсэн нь бид хоёр

Халаглан байж л одоо бид хоёр

Яах ч аргагүй тавиланг бас төмөр замыг зүхсээр

Эргээд харахад хүмүүсийн нүднээс урсах бороо орсоор л

Зорчигчдын цээжинд ч бас аянга нижигнэсээр  /Э.Ганбаяр/

 

Асуулт: Хөх өнгө төрөхөд хэн баярлан дуу алдсан бэ?

Би өөрийгөө өвдөлт болсноор төсөөлнө

Тэнд өрнөж буй үйл явдал: Төрж байна

Бусдаас сонссон шинэ санаа: Хамтрагч маань “Өвдөлтийг хүмүүс мэдэрдэг боловч өвдөлт өөрөө юу мэдэрдэг юм бэ? Бусдыг өвтгөж байдгаа мэдэх үү? Хэн нэгнийг өвтгөх бүртээ өөрөө хамт өвддөг бол яах вэ? Хэдийгээр өвдөлт зовлон ч гэлээ өвдсөний хүчинд ямар нэг сайхан зүйл бий болох нь олон шүү дээ” гэсэн. Хөх, цэнхэр өнгө гунигийг илтгэдэг. Тиймээс өвдөлт өөрөө сэтгэл байх гэж би бодлоо.

 

Хүлээлт бол өвдөлт гэж хэлсэн болохоор чинь

Хүлээж сурах гэж би орой бүр

чи намайг бодож гуниглаад

ямар нэг зүйл хэлэхийг

үнэхээр их хүсэж байна гэж мэдэрдэг

Хэрвээ…

хэрвээ хэлчихвэл л

Хэзээ мөдгүй чи намайг мартаад

Өөр нэгний мөрөн дээр үнсэх юм шиг

Өвдөлт төрнө /Б.Бямбажаргал/

 

Асуулт: Тамгүйгээр амьдрах хэцүү байна. Дахиад бүтээчхэж чадахгүй гэж үү бид?

Би өөрийгөө гал болсноор төсөөлнө

Тэнд өрнөж буй үйл явдал : Гал гарч байна

Шинэ санаа: Ер нь гал гэдэг бусдын залгиж байж л амьд үлдэнэ. Өөрийгөө тэжээхийн тулд бусдын залгих уу, эсвэл өөрийгөө золиод бусдыг аврах уу гэдэг сонголтын үүдэнд тулах үе надад тохиолдох байх. Энэ удаад би сайхан сэтгэлтэй гал баймаар байна. Тамыг ахин бүтээхгүйн тулд өөрийгөө золих хүсэлтэй гал.

 

Булшин дээр хүрэн эрвээхэй, баглаа цэцэг байна

Үхсэн нэгэнд үнс минь атаархах шиг

Өчигдөр ирээд буцсан түүний эхнэр

Гэрлэх болсноо хэлсэн

Үүнийг харин тэр сонсоогүйд нь баярласан

Чулуун дээр суугаад үүрд үгүй болох шиг

Өвс, уулс, модод инээвхийлнэ

Өчигдөр шоронгийн хоригийг шатаах гэж хичээсэн ч чадаагүй

Надаас зугтаж газрын доор орсон залуу диваажинд байгаа болов уу?

Түүний хүсэл энэ эмэгтэйг тэврэх байсан

Харин миний сүүлийн хүсэл инээж үзэх л байна

Бороо ороосой ! /Б.Уранчимэг/

 

Асуулт: Ой дурсамж, уй гунигаа оосорлож өргөвөөс аль нь хүнд бол?

Би өөрийгөө мод болсноор төсөөлнө

Тэнд өрнөж буй үйл явдал: Зугтаж байна

Бусдаас сонссон санаа: Т: “Хэрвээ хэн нэгэн олс барьчихсан, амиа хорлох гээд чам руу ирж байвал яах вэ? Чи зугтчихмаар л санагдаад… даанч мод болохоор чадахгүй”

 

Хүүхдүүд минь ээжээсээ дүүжилж үхэхээр шийдсэн үү?

Газар ээжийгээ амьд байхад үхнэ гэж зүтгэсэн ачлалгүй үрс

Хурмаст минь таны явуулсан охин үр чинь

Газрын хүүтэй нийлчхээд амиа хорлоно гэж зүтгээд байна

Над хөл хайрла

Энэ ачлалгүй хүүхдүүдээс чинь зугтаамаар байна

Тэгэхгүй бол би оршуулгын мод болчих гээд байна

Ямар хүнд дурсамж вэ?

Тэднээс хэзээ ч зугтаж чадаагүйгээ дурсах

Анхнаасаа зугтаж чадахгүйгээ мэдэж байсан болохоор

Төрсөн гуниг нь миний хэдэн навчнаас ч хүнд байна аа

Өлмий доор минь хоёр нэргүй булш

Өнөөдөр тэдний амиа хорлосон гурав дахь жил /Б.Санчир/

 

Асуулт: Дугуй биш атлаа өнхөрдгийн минь, далавчгүй атлаа нисдэгийн минь учир юу вэ?

Байршил: Цөл

Мэдрэхүй: Сонсох

Шинэ санаа: Саяхан би хичээлийн үеэр сонирхолтой зүйл сонссон. Цөлд байдаг пирамидууд өдрийн халууныг өөртөө шингээж, шөнө нь харин маш хачин дуу чимээ гаргадаг гэнэ. Тиймээс би цөлийг сонсоно гэвэл шөнийн тэр чимээг нь сонсож таарна. Дугуй биш ч өнхөрдөг, далавчгүй ч нисдэг зүйл бол мэдээж сэтгэл. Шөнийн цөлд жигтэй чимээнээр сэтгэл яаж өнхрөх бол?

 

Хатсан цэцэг

Шөнийн цөл шиг бодолд

Харанхуйг ганц гийгүүлсэн

Шөнийн сар хийсэв.

Тэр надад

Шөнийн цөл чамаас

Дулаахан гэв. /Э.Бадамханд/

2022 он.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

@Katen on Instagram
[instagram-feed feed=1]