— Задлан шинжилсэн эсээ ––
У.Фолкнерын “Эмилид зориулсан сарнай” өгүүллэг бөгөөс тэр үеийн нийгмийн шилжилт Өмнөдийн гэр бүлд хэрхэн нөлөөлсөн хийгээд Америк орны амьдрал ахуй хэрхэн өөрчлөгдөн хувьсаж буй талаар харуулсан өгүүллэг юм. Зохиолд болж буй учир битүүлэг үйл явдал, дүрүүд хоорондын зөрчлийг ухамсаргүйн байдал төлөв, нөгөө талаас бэлгийн хавчигдмал байдалтай холбож тайлбарлах болно.
Уг өгүүллэгийн үйл явдал 1861-1865 оны хооронд болсон Иргэний дайны дараах үед буюу 1880-аас 1930-аад оны хооронд өрнөнө. XIX зууны хагаст Америкийн Нэгдсэн Улс дотроо өмнөд болон умард гэж хоёр хуваагдаж, 1860 оны ерөнхийлөгчийн сонгууль уг хоёр хэсэгт тус тусдаа болж байв. Ийн хоёр задарч хуваагдсан нь олон жилийн улбаатай гүнзгий зөрчлөөс үүсжээ. Умард талын үйлдвэрлэл чөлөөт хөдөлмөрийн харилцаанд үндэслэсэн, харин Өмнөд талын муж улсуудад боолын хөдөлмөрийг ашигласан тогтолцоо ноёрхож байснаас улс төр, ёс суртахууны зөрчил ихээхэн гүнзгийрсэн байна (Цолмон, 2011, 153). Иргэний дайн 1865 он хүртэл үргэлжилж, Умардын ялалтаар дууссан юм. Тийн боолчлолыг халах, газрын шинэчлэл хийх зэрэг ардчилсан шинж чанартай томоохон хувьсгалын нөхцөл бүрэлдэж, 1865 оны арванхоёрдугаар сарын 6-нд хуулийн 13-р нэмэлтийг хүлээн зөвшөөрснөөр, боолчлолыг дуусгавар болгосон байна. Мөн Өмнөдийн хөрөнгө чинээтэй гэр бүлүүд орлогын гол эх үүсвэр болох газраа хураалгасан байна. Цаг хугацаа орон зайн үүднээс авч үзвэл урлаг, уран зохиолын нэг онцлог нь цаг хугацаа, орон зайн хөдөлгөөний уялдаанд тухайн агшин бүрийг мөнхлөн үлдээдэгт оршдог (Галбаяр, 2002, 145).
ЗЗохиол “Хатагтай Эмили Грирсоныг өөд болоод түүнийг оршуулахад хотын иргэд бараг бүгдээрээ иржээ…(Юмсүрэн, 2012, 218)” хэмээн эхэлнэ. Хотынхон бараг бүгдээрээ ирж буй тул олонтой эвтэй, дунд нь нэртэй эмэгтэй байж хэмээн төсөөлж магад. Гэвч үнэн байдал гэвээс олон жил өөрийгөө тусгаарласан эмгэн хийгээд арван жил хэн ч уригдаагүй байшинг үзэж сонирхох гэсэн хүслээс л үүдэн таних танихгүй баахан улс цугласан байжээ. Эмили угаас их ганцаардмал, зожиг эмэгтэй байлаа. Хар арьст зарцаасаа өөр хүнтэй уулздаггүй, тусгаарлагдмал, гадаад ертөнцтэй огт холбоогүй шахуу. Өгүүллэгийн эхэнд түүний энэхүү золгүй хувь заяаг орчин үеийн барилгууд дунд сондгойрч үзэгдэх “нүдэнд орсон өргөс мэт” харшаар нь бэлгэдэн үзүүлжээ. Тойроод шатахуун түгээх газар, хөвөн цэвэрлэх фабрик, машины агуулах зэрэг шинэ нийгмийн шинэ арга туршлагаар дүүрэн барилгын дунд Эмилийн харш хуучирч элэгдсэн, орхигдож хоцрогдсон байдалтай дүнсийнэ. Хэдийгээр хуучин нийгэмдээ “үнэ цэнтэй” зүйл байсан ч шинэ нийгэмдээ зохицож чадаагүй, “илүүдэл” эд болжээ.
Эмили Грирсоны аав хатуу ширүүн зантай хүн байв. Нэр төрөө даанч их хичээдэг тэрээр охиноо байнга хязгаарлаж цагдана. Зохиолд дүрсэлснээр, “…Олон жилийн туршид цэлийтэл нээсэн гэрэлтэй хаалганы хажууд догшин ширүүн ааштай аав нь гартаа ташуур барьчихсан зогсож, түүний цаана цагаан хувцастай чөргөрхөн Эмилийн дүрс харагдаж байгаагаар төсөөлдөг байсан сан. (Юмсүрэн, 2012, 221)” гэж гардаг. Хүүхэд байхдаа “цагаан хувцастай” байсан гэдэг нь хиргүй цагаан цаас шиг, юу ч хэлсэн шууд тусгаж авдаг балчир, бага дотоод ертөнцийг илтгэнэ. Зохиолч далдуураа Эмилид өөрийгөө бүтээх боломж байгаагүй, харин түүнийг хүмүүс зурж, өөрсдийн төсөөлөлдөө хашиж бүтээсэн болохыг “цагаан” өнгөөр хэлж буй мэт санагдана. Дээр нь юу ч бай дураараа зурж болох цаас шиг “цагаан” тэрээр насны эцэст олноос зожгирч, өөрийгөө тусгаарлан, сүүлдээ дандаа “хар хувцастай” явах болсноор дүрслэгддэг билээ.
Аав нь Эмилиг өндөр дээд угсаа гаралтай хүнтэй гэрлүүлэхийг хүсэвч, тэр хүн нь олдохгүй явсаар, охиноо хүнтэй суулгаж амжилгүй өөд болчихдог. Ер аавынх нь шалгуур ямар өндөр байсныг Эмилид талтайгаа илэрхийлж “Татвараас бүрэн чөлөөлсөн” хурандаа Сарторисоос харж болно. Гэвч аавд нь “татвараас чөлөөлөгдөх” тийм ч гавьтай зүйл санагдсангүй бололтой. Эмили хурандаатай гэрлэсэнгүй. Удалгүй аав нь өнгөрч, Эмили аавынхаа хоригийн хүлээснээс гарсан уу гэвэл үгүй. Тэрээр аавыгаа өнгөрсөнд огт үнэмшихгүй бүтэн гурав хононо. Амьдрал, гэрлэлт нөхөр, бараг хэзээ амьсгалаа авч, гаргахыг нь зааж байсан хүн нь өнгөрчихсөнд хүүхэн “үнэмшсэнгүй”. Бүр хожим хотын захиргааныхан тоос тортогт дарагдсан, нэвширсэн муухай үнэртэй гэрт нь ирэхэд эмэгтэй аавынхаа нөлөөнөөс хэзээ ч гарч чадаагүй болохыг нь бид харж болно. “..Задгай зуухны нь өмнө өнгө нь халтартаж яваа алтадмал тавиур дээр Эмилигийн аавын, харандаагаар зурсан зургийг тавьжээ. Хүзүүндээ нарийхан алтан гинж зүүж, бүдэгхэн алтан бариултай таяг тулсан хар хувцастай, намхан бүдүүн эмгэнийг хаалгаар орж ирэхэд цөм босоцгоов…(Юмсүрэн, 2012, 219)” Аавынх нь зураг халтартсан алтадмал тавиур дээр байх бол ялзарч өмхийрсөн гэртээ сурвалжит зангаа тавиагүй Эмили алтан гинж, алтан бариултай таяг тулсаар орж ирэх аж.
Гэхдээ Эмили аавынхаа нөлөөллөөс гарах гэж огт оролдоогүй гэж хэлж болохгүй. Эцэг нь өнгөрсний дараа их удаан өвчилж, энэ хугацаандаа бодит байдалтай эвлэрсэн бололтой, тэднийд очиход “...жижигхэн охин шиг үсээ хяргуулчихсан (Юмсүрэн, 2012, 221)” байна. Түүнчлэн эцэг нь байсан бол яагаад ч зөвшөөхгүй байсан зам засварын аравтын дарга, олныг хөгжөөдөг, дэндүү нийтэч нэгэн болох Гомер Беррон гэгчтэй болзож эхэлнэ. Гэтэл хотынхон “Грирсоны охин байж умард нутгийн ажилчин хүнтэй сэтгэлийн холбоо тогтоож болохгүй” хэмээж өөрсдийнхөө хэвшсэн хэм хэмжээнд Эмилиг амаараа барина. Энэ нь хотынхон ч гэсэн шинэ нийгэм рүү хараахан бүрэн шилжиж чадаагүй байгааг харуулна. Ер Грирсоны удмын бусад хүн ч тэр шилжиж чадаагүй болой. Энэ мэдээг дуулсан хоёр үеэл эгч нь уг бусармаг хэргийг болиулахаар хаа холоос хүрч ирнэ. Эмили түүнийг амьсгалж ч чадахгүй болтол барьсан үхширсэн ёсны цагаригаас жаахан ч болтугай гарах гэж оролдох энэхүү мөчид эргэн тойрных нь бүх хүн түүнийг буцааж улирч баларсан өнгөрсөн рүү аваачин хорьчихдог. “Хөөрхий Эмили” өөрийнхөөрөө байх, шинэ нийгэмтэй хөл нийлэх боломжоо ийн үүрд алдаж, Өмнөд нутгийнхны анги давхаргын ёсыг үхширтэл баримталдаг зангийн золиос (Хөвсгөл, 2021, 132) болоод дуусдаг билээ.
Психоанализыг үндэслэгч Зигмунд Фрейд: “Илэрхийлээгүй сэтгэл хөдлөл хэзээ ч замхарч оддоггүй. Амьдаараа булшлагдаж, хожим илүү муухайгаар гарч ирдэг” хэмээсэн байдаг. Бид зохиолын туршид Эмилигийн сэтгэл хөдлөлөө илэрхийлж буй үгсийг огт олж сонсохгүй, харин “нийгмээс тусгаарлагдаж, цаг хугацаанаас ч алсарсан” болохыг нь цөөн хэдхэн үгээс нь л ойлгож авна. Мишель дө Монтэнь: “Сэтгэлд байгаа тээр дарамт бүхнээ эхлээд авч хаяхгүй бол, замын уртад тэр чинь улам л хүндэрнэ. Ачааг зөв байрлуулж сайн дарсан бол, хөлөг онгоц ч газар хороохдоо ашигтай байдаг шүү дээ. Хэвтрийн хүнийг хөдөлгөж ийш тийш зөөснөөрөө та өвчнийг нь дотогш хөөн, тус биш гай л тарих вий. Газарт зоогдсон гадсыг холхиулах тусам, улам гүн шигдэн чигжигддэг (Аюурзана, 2010, 173).
Үнэхээр ч хожим ааваасаа өшөөгөө авч байна уу гэлтэй үйл явдал өрнөдөг билээ. Зохиол цаашаа тэр чигтээ нэн бүрхэг, нууцлаг уур амьсгалтай өрнөнө. Гомертой гэрлэх тухай яриа гараад байсан тэр үеэр Эмили учир битүүлэг үйлдлүүд хийж, хархны хор авч, удалгүй болзоот залуу нь алга болно. Байшингаас нь таамаглахын аргагүй тааламжгүй үнэр үнэртэж эхэлнэ. Юуны үнэр болохыг нь таамаглаж ядан байтал үнэр алга болчихдог. Энэ зуур Эмили хар арьст зарцтайгаа хамт байшиндаа хэрхэн амь зууж буй талаар нарийвчлан дүрсэлнэ. Ер тэр явдлаас хойш Эмили “хүний нийгэм”-ээс бүрэн таслагдаж, цаг үеийн хувьд ч баримжаагаа алдсан байна. “Чөргөр” байсан бие нь бүдүүрч, үрчлээ суун, нас сүүдэр нь ч дараад иржээ. Түүнийг хар арьст зарц нь хоол ундаар тэжээж байв. Зарцынх нь дүр Эмилид хоол хүнс зөөдөг гэдгээс өөрөөр идэвхгүй дүр юм. Эмили тэр хоёр ч сүрхий дотно байгаагүй болохыг зарц нь хүнтэй юм ярихгүй байсаар байгаад бараг л ярихаа мартаж, юм хэлэх гэж үзтэл сөөнгөтөж хяхтнаад ярьж чаддаггүйгээс харж болно. Зохиолын цаг хугацаагаар бол тухайн үед хэдийнээ хар арьстнуудыг хуулиар хамгаалж, иргэний эрх олгосон байж таарах ч Эмилийн зарц эзэн боолын сэтгэлгээнээсээ гарч чадалгүй, авхайдаа үйлчилж амьдарсаар л буйгаас мөн л Эмилитэй ижил урагш давшиж чадалгүй, өнгөрсөн цаг хугацаанд гацаж үлдсэн дүр болохыг харж болно. Түүнчлэн, зохиолын салшгүй нэг хэсгийг “зузаан тоос” гээд хэлчихэд буруудахгүй. Байшин хийгээд Эмили хаягдаж хоцорсон, хуучирч үлдсэн, түүнчлэн сэтгэцийн хувьд эрүүл бус болсныг нь хүн яаж дунд нь амьдарч чадах вэ гэмээр аймшигтай их тоосоор дүрслэн харуулжээ. Хотын захиргааныхан орж ирэхэд, “сууж байгаад алгуурхан босохуйд дарсан тоос нь пурхийн бужигнахад, хөгцөрч шарласан нүсэр том ор, тоос шороо сүүдэрт живсэн энэ байшин, агаарт тоосон ширхгүүд бужигнан босож…(Юмсүрэн, 2012, 219)” гэхчлэн гардаг. “Зузаан тоос” бөгөөс дүрээ амилуулж буй орчин нөхцөл, “Баатрын зан төрхийн давтагдашгүй онцлог хэв шинж, тэдгээрийн хоорондын холбоо хамаарал, нийтлэг ба тусгайлаг шинжийг тодруулах эргэн тойрны нь орон зай, эд юмсын цогцолбор (Галбаатар, 2009, 27)” юм.
Хамгийн сүүлд, “дөчин жилийн турш хэн ч орж байгаагүй, түлхүүр нь хэнд байдаг нь мэдэгддэггүй, ялдамхан ягаан хөшигтэй, зөөлөн шаргал өнгөтэй чийдэнгийн бүрхүүл, хаалга хийгээд толины өмнө гоёмсгоор байрлуулсан болор сав байх”, ажиглаваас хурим сүйн байдалтай өрөөнөөс Гомерын цогцос, хажууд нь бууралтсан туг үс байгааг олдог. Зохиолын хамгийн хирдхийлгэн цочоох, бие арзайлгам хэсэг бөгөөс төгсгөл нь юм. Энэ олон жилийн турш хайртай залуугийнхаа цогцсын хажууд Эмили унтдаг байжээ. Чухам юу болсныг бид таамаглаж чадахгүй боловч хүлээснээс нь хэзээ мөдгүй алдуурч мэдэх Умардын хайртаа өөртөө үүрд тогтоож үлдээх гэж, “аав” шигээ алдахгүйн тулд аминд нь хүрсэн байх ч магадтай.
Зигмунд Фрейд хүний хамгийн гол дур хүсэл нь бэлгийн тэмүүллийнх байдаг гэсэн онолыг гаргаж түүнийг дур хүслийн онол гэж нэрлэсэн байдаг. Нийгмийн дотор буруушаагддаг сексийн хүсэл эрмэлзлэлээ өсөн бойжиж буй хүүхэд дарж түүнийгээ “ухамсаргүйн” хашаа хороонд оруулан хашдаг байна. Энэхүү сэтгэхүйн шорон буюу хашаа хороонд хашигдсан хүсэл цаг ямагт гадагш гарахыг эрмэлзэн тэмүүлж өндөлзөж байдаг байна. Ямагт барьж тэвчих хэрэгтэй болдог энэхүү маш хүчтэй өөрийн мэдэлгүй түлхэх эротик түлхээстэй хийсэн тэмцэл нь сэтгэцийн ядаргаа, ухаан солиорол гэх мэт муу үр дагавар, өвчин эмгэгт хүргэдэг (Билгүүдэй, 2018, 103). Гомерын цогцсыг, “…уул хүний хэвтэж буй нь янаглангуй боловч хайр дурлалаасаа бүр урт хугацаагаар хагацан сэршгүйгээр унтжээ (Юмсүрэн, 2012, 226)” хэмээн дүрсэлжээ. Мөн орон дээр хэвтээ Гомерын хажуугаар хувцас нь хөглөрөх агаад, эмэгтэй хүний оймс шаахай саяхан тайлсан мэт байдалтай байдаг. Дээр дурдсанчлан, аавыгаа үзэн ядаж, магад “алах” гэсэн дарагдмал хүслэн нь хожим ийм “аллага”-аар илэрсэн байж болзошгүй юм. Дөчин жилийн турш хайртай хүнийхээ цогцостой хамт унтаж, хүчээр нуун дарагдуулсан хэрэгцээгээ хангаж байжээ гэж бодмоор. З. Фрейдийн үзсэнээр хүчээр нуун дарагдуулж чадаагүй тохиолдолд тэр хүн нь амин хувиа хичээгч, “тачаал эрэлхийлэгч” адгуусан байдлаасаа салж чадаагүй болж үзэгддэг байна. (Билгүүдэй, 2018, 103) Эмилийн дүр “хэтэрхий хязгаарлагдмал, нэг харш дотор л буй, үг дуу цөөтэй, зожиг” бол Гомер “алс холоос ирсэн, нийтэч яриасаг” нэгэн. Тэд бол нэг нь өмнөдийн төлөөлөл, харин нөгөө нь Умардынх. Эмили өнгөрсөн цаг хугацаанд үүрд гацаж үлдсэнтэй адил Умард, Өмнөд хоёр таарч тохирсонгүй.
Хамгийн сүүлд урган гарсан асуулт бөгөөс “Зохиолын туршид сарнайн талаар дурдагддаггүй атал Фолкнер яагаад “Эмилид зориулсан сарнай” гэж нэрлэх болов оо. Фолкнерын өөрийнх нь өгүүлснээр, “Аан, ёгтолж өгсөн нэр юм шүү дээ. Энэ эмэгтэйн эмгэнэлт заяа тавилан хэзээ ч өөрчлөгдөшгүй, юуг нь ч буцаан залруулж чадахгүй шүү дээ. Энэхүү золгүй тавиланг нь өрөвдөж харуусаж буй миний өргөж буй зүйл энэхүү сарнай юм” гэсэн байдаг. Эмили амьд байхдаа нэг ч цэцэг хүнээс авч байсангүй. Гэсэн ч түүнийг амьсгал хураахад, “..Эмилийг үзэхээр ирсэн хотын үй олон иргэдийн талийгаачийн шарилд тавьсан цэцгүүд багтан ядан байлаа…(Юмсүрэн, 2012, 225)” гэж гардаг. Түүний эмгэнэлт заяаг хот даяараа өрөвдөн, өргөж буй “гашуудал”-ыг уг цэцэгсээр бэлгэдэн үзүүлсэн байх нь. Гэхдээ тэр олон танихгүй хүний цэцгээр талийгч юу хийх билээ? Тэдний дур зоргийн дагуу үхэн үхтлээ сурвалжит язгууртан шиг аашилж байсны шагнал гэж үү? “Сарнай” бол хайр, гоо үзэсгэлэнг бэлгэддэг цэцэг билээ. Гэвч Эмили аль алийг нь хэзээ ч олсонгүй.
Фолкнер, “Уран зохиол бол амьдрал гэдэг нэртэй хөдөлгөөнийг зориуд зогсоож дүрслэн үлдээх явдал юм. Уран бүтээлчийн туурвилыг зуун жилийн дараа хэн нэгэн хүн харахад амьдрал учраас уг хөдөлгөөн дахин сэргэж амилж чадахаар байх ёстой (Галбаяр, 2002, 145)” хэмээсэн байдаг. Хэдийгээр цаг хугацаа орон зайн хувьд царцанги байдлыг харуулсан ч гэлээ цаад утгаараа хөдөлгөөнд оршиж буй нийгмийг дүрсэлжээ.
Эмилигийн амьдралаас бид өөрсдийгөө улам хайрцаглаж, дарж, бусдыг ч өөрсдийн хэвшмэл ойлголтод барьсан хэвээр буй энэ нийгэмд “эрх чөлөө” гэж нээрээ юу билээ? гэж бодоход эрхгүй хүрнэ. Үүнээс гадна, зайлшгүй нүүрлээд ирсэн өөрчлөлтөөс таарч зохицолгүй, өөрийгөө чөлөөлөхгүй байх аваас “үүрд хуучиндаа хадагдаж үлдэх” тэр аюул ямар уршигтай байж болохыг томруунаар харж болно. “Өөрийгөө хайрцаглаж, цагдах” гэдэг аль ч цаг үед байсан зовлон билээ.
Ном зүй:
Юмсүрэн., Т (2012) Өрнө дорнын шилдэг өгүүллэгүүд, Улаанбаатар хот, орч.
Аюурзана., Г (2010) Мишель дө Монтэнь, Сонгомол эсээнүүд, Улаанбаатар хот, орч.
Билгүүдэй., Г (2018) Өрнө дахины уран сайхны шинжлэлт сэтгэлгээний тойм, Улаанбаатар хот
Галбаатар Г., Бигэрмаа Б., Дашдэжид С., (2009) Уран зохиолын онолын удиртгал хичээлээр оюутанд тусламж, Улаанбаатар хот
Галбаяр Г., (2002) Уран зохиол шинжлэлийн лекц, Улаанбаатар хот
Хөвсгөл С., (2021) XX-XXI зууны өрнө дахины уран зохиол, Улаанбаатар хот
Цолмон Д., (2011) Америкийн нэгдсэн улсын түүх, Улаанбаатар хот
Leave a Reply