Press ESC to close

Усны ГудамжУсны Гудамж Бичээчийн Хөгжих Талбар

UBIFF: Өөр хэн “өнөөдөр”-өө дуулах вэ?

Чоно үүр шөнөөр ирдэг (The Wolves Always Come at Night)  киноны тухайд

   Утга зохиол, кино урлаг болбоос хүмүүст нэгнээ ойлгох, дотор дотор луугаа өнгийх өчүүхэн ч атугай боломж олгодог учир, басхүү өөр өөр хэл соёлтой дэлхийн олон улс ард тэрхүү урлаг хэмээгч хэлээр хоорондоо төвөггүй ойлголцож болдог учир жил тутам, орон оронд олон кино наадам зохион байгуулж байна, урлаг, шинжлэх ухааны салбарын шилдгүүдийг тодруулж, Нобелийн шагнал олгож байна. Үүний нэгээхэн хэсэг болсон “Улаанбаатар” олон улсын кино наадмаа манайхан 16 дахь жилдээ зохион байгууллаа. 

   Бид дэлхий хэмээгдэгч жижигхэн цэнхэр гараг дээр нэг л зовлонг олон талаас нь мэрж, аз жаргалын ганц алимаа ч гараас гарт дамжуулан хазалж аж төрөн буйг энэ жилийн UBIFF  мэдрүүллээ. Дамаан энэ цэнхэр гараг дээр монголчууд өнөөдөр хэрхэн аж төрж буйг урлагийн хэлээр өгүүлсэн нь сайхан. Энэ тухай тус кино наадмын баримтат үзвэр хэсэгт багтсан Чоно үүр шөнөөр ирдэг кинон дээр дэлгэрүүлж ярья. 

   Австрали, Монгол, Герман уран бүтээлчдийн хамтарч бүтээсэн тус  кинонд дэлхий дахинд тулгамдаад буй уур амьсгалын өөрчлөлт жир нэг монгол малчин айлд хэрхэн нөлөөлж буйг өгүүлэх аж. Киноны гол дүр Даваагийнх эгэл малчин айл. Тэднийх шуурганд хамаг малаа алдаж, хот руу шилжин суурьших бөгөөд эл үйл явдлаар дамжуулан “бид өнөөдөр хэрхэн амьдарч байна вэ, бидэнд тулгарч буй асуудал юу вэ” гэдгийг харуулжээ.

   Өнөөдөр бидний бүтээсэн кино, уран зохиолоос яг одоо Улаанбаатарын гудмаар алхаж яваа залуу хүн, эсвэл хөдөө хонио усалчхаад гэр лүүгээ гэлдэрч буй малчин эмэгтэй чухам юу бодож сэтгэж, хэрхэн аж төрж буйг гадарлахад бэрх. “Өнөөдөр”- өө өгүүлсэн бүтээл өдрийн од шиг ховор байна. Бид зохиол бичихдээ хаад хатдынхаа тухай баатарлаг маягийн түүх ур муутайхан хүүрнэж байна. Бид кино хийхдээ  өнөөдөр юу мэдэрч буйгаа алгасаад өөр, онхи ондоо сэдэв барьж авах нь олонтоо. Угтаа яг одоо хоолойд тулаад буй асуудлаа илэрхийлбэл арай дөхөм бус уу? Харин “Чоно үүр шөнөөр ирдэг” кино эл улиг болсон  алдааг алгасаад жир ахуйгаа, үнэн амьдралаа кино урлагийн хэлд буулгажээ.

   Үйл явдлын гол зангилаа нь байгальд шүтэж, байгалтайгаа шууд холбоотой аж төрдөг малчид хийгээд уур амьсгалын өөрчлөлт юм. Бид нүүдэлчин соёлоос, суурин соёл руу шилжиж буй “шилжилтийн” гэмээр үед амьдарч буй улс. Зүйрлэвээс бидний нэг хөл нүүдэлчин соёл дээр, нөгөө хөл суурин соёл дээр, чухам хааш алхахаа мэдэхгүй тээнэгэлзэн зогсоо юм. Гэвч өнөөгийн нийгмийг ажваас мөнөөх эргэлзэж зогсоо хүмүүс хааш алхах ёстой нь нэгэнт тодорхой болж, зүг чиг нь тодорсныг анзаарах болно. Тийм дээ, бүгд суурин бараадаж таарах нь шиг байна.

Энэ сонголтод нөлөөлөгч олон хүчин зүйлсээс хамгийн хүчтэй нь  уур амьсгалын өөрчлөлт. Үүнийг бид хэн хүнээс илүүтэй мэдэж буй, мэдэрч буй. Гэвч ийн урлагийн хэлд буулгасан анхны тохиолдол нь “Чоно үүр шөнөөр ирдэг” кино болж таарлаа. Уран бүтээлчид бас тус зөрчлөөс  ургасан олон асуудлыг дэлгэн харуулжээ.

Чингэхдээ бас малчдын аж амьдрал, ертөнцийг үзэх үзэл, соёл сэтгэлгээ, тэр ч байтугай “хайрын хэлийг” нь хүртэл тун чамбай бөгөөд энгүүн үзүүлсэн юм. 

   Гол дүрүүд үг дуу цөөтэй. Хааяа хөөрөлдөхөөрөө хэдэн мал, ахуй амьдралынхаа тухай яриа дэлгэнэ. Гэвч дотор нь нэгнээ гэсэн хайр буцалж байна. Тэр хайрыг кино хэлээр илэрхийлэх арга нь ердөө л сайтар ажиглаж таниад, түүнийгээ дүрс болгон буулгах байж гэж бодлоо. Тухайлбал, халуун бүлээрээ унтах гээд хэвтэж буй нэг хэсэг бий. Хос хоёр үнсэлцэж тэврэлдээд унасангүй, зүгээр л ахуйн ааг сааг зүйлсээ ярингаа голдоо хэвтээ хүүхдийнхээ дээгүүр гараа атгалцах юм. Эсвэл худгийн ам дээр ус татаж зогсоо эхнэр дээрээ очоод өөрөө ховоог нь татаж эхлэх. Ер нь амьдрал ахуй, аж байдлаасаа шалтгаалаад хүмүүсийн хайрын хэл өөр өөр байдаг шүү дээ. Харин нүүдэлчдийн үл анзаарагдам, чимээгүй хайрын хэлийг найруулагч сайтар ажиглажээ. Дөрвөн цагийн эргэлтэд хэдэн малаа дагаж, хана юугаа дугуйлан нүүдэллэж явдаг монгол малчдын хувьд хамт байх, ярилцах, эс ярилцахаас үл хамааран нэгэндээ бараа болж явах нь хайр сэтгэлийн гол илэрхийлэл юм уу даа. 

   Даваа хотод дөнгөж ирсэн шөнөө  адуу тургилах чимээ сонсдог. Гараад харсан юуных нь адуу байх билээ, айлын ноход боргосон аг чиг шөнө налайж байна. Өнгөц санавал “Аа, мань хүн хөдөөдөө дасчихсан болохоор л ингэж байна” гэж бодмоор. Гэвч найруулагч үүгээр дүрийнхээ дотоод зөрчлийг харуулж буй юм. Аливаа зүйлд дасахын зовлон, алив шинэ зүйлд дадахын хэцүүг тийн харуулжээ.. Бие нь хотод ч, сэтгэл нь нутагтаа. 

   Мань хүн ажил руугаа гарч яваад хотын гудманд адуутай таардаг юм. Хотын гэр хорооллын гудам, тэгээд азарга адуу… Ямарваа нэгэн учир шалтгаанаас үүдээд хөдөөг орхиж хотод суурьших хүмүүсийн тоо улам ихсэж байна. Тэд бүгд шинэ газар дасахын зовлонтой нүүр тулж, дотооддоо зөрчилдөн буйг энд харуулж буй хэрэг.

Хөдөөнөөс нэг айл хот руу шилжиж ирнэ гэхээр энгийн сонстож магад. Гэвч Баянхонгороос Улаанбаатарт шилжин суурьшиж буй малчин айл, Иракаас дүрвэж аль нэг тайван амгалан орны хилийн дээс алхаж буй цагаач айл хоёрын хооронд нэг их ялгаа үгүй юм.

Тэд амьдарч дадсан ахуйгаа орхиод өөр нэгэн соёлд дасах хэрэгтэй болж байна. Ингээд л  асуудлууд ар араасаа хөвөрнө дөө. Ташрамд дурдахад тус киног баримт, уран сайхныг хосуулах аргаар бүтээжээ. Тиймдээ ч кино зохиолыг гол дүрийн жүжигчид чиглүүлж, найруулагч тэдний бодит амьдралыг кино хэлээр хэрхэн илэрхийлэх тухай ярилцах байдлаар ажилласан байна.

   “Чоно үүр шөнөөр ирдэг” бүтээл нь  Торонтогийн кино наадмын “Платформ” хэсэгт шалгарч, тэнд албан ёсны нээлтээ хийгээд даруй London Film Festival 2024, Zurich Film Festival наадмуудын уралдаант хэсэгт шалгарсан.  Цаашид ч олон наадам хүлээж буй.

   Өмнө дурдсанчлан тус бүтээлийг Монгол, Австрали, Герман улсын уран бүтээлчид хамтаран бүтээжээ. Тус киног найруулсан Габриела Брэди баримтат киноны чиглэлээр суралцаж төгссөн бөгөөд холимог жанрын кино бүтээдгээрээ онцлог. Харин монгол талаас Guru Media оролцжээ. Тэднийг бид “Сэр сэр салхи” киногоор нь андахгүй мэдэх билээ. Энэ жил тэд мөн л  “Хэн бүхний мэдэх хэр нь үл анзаарагдах” сэдвийг дахин хөндөж, урлагийн хэлд буулгасан тухай бичвэр ингээд төгсөж байна. Тэд “өнөөдөр”-өө бичиж, дүрслэн харуулж, урлагийн хэлээр илэрхийлж байна, чадаж байна. Тэгвэл дээр дурдсан уран бүтээлчдээс өөр хэн “өнөөдөр”-өө дуулах вэ?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

@Katen on Instagram
[instagram-feed feed=1]