Сайн уу, Нана. Сэтгэл тайван байгаа юу? Даараагүй биз дээ? Өлсөөгүй биз дээ? Би сайн. Аавын бие дээрдээд л байна. Бид хоёр өдөртөө хэд хэд хэрэлддэг хэвээрээ. Үхлийн зөн төрөхөөр тэнгэр хэтэрхий ойр, газар даанч зөөлөн гэдгийг ухаардаг юм болов уу. Өдөр бүр л тагтан дээр гараад алсыг ширтээд зогсчихдог боллоо. Энэ хэд хоног удам судрынхаа бүхий л түүхийг сонсож өнгөрөөлөө. Сониноос өнөөдөр явцын шалгалтаа өгчхөөд сургуулиас гарах замд гэнэтхэн чи үнэртсэн. Үнэрийг хэр сайн ялгадгийг минь мэднэ дээ. Гэхдээ чамайг хайгаад олоогүй. Угаас тэнд чи байгаагүй юм билээ. Тэр үед намайг бодож байсан, тийм үү? Тэгээд л үнэртсэн байх. Би мэдэрсэн.
Сайн уу, Нана. “Үхлээ” гэх зурвасыг чинь уншсан. Хариу өгч чадалгүй хэсэг мэлмэрч зогсоод “Дахиад л үхэж чадсангүй” гэж хэлэхэд нь л орж харсандаа харамсаж байна.
Сайн уу, Нана. Би энд байна.
Сайн уу, Нана. “Чи өөрийгөө хэзээ алдчихсан юм бэ?” гэж асуусныг минь санаж байна уу? Чамайг дуртай хөгжим, хайртай шүлгүүдээ тоохоо больж, бичих, бүтээх, амьсгалах цаг хугацаагаа надад зориулсан болохоор чинь гэмшсэндээ тэгж хэлсэн юм шүү. Уучлаарай.
Сайн уу, Нана. Би өөрийгөө илэрхийлж сураагүй л байна. Хүмүүс намайг хийсэн бүтээсэн зүйлтэй, эрч хүч дүүрэн, эрмэг зоригтой гэж эндүүрсээр л байгаа. Чи надад уйлахыг зааж өгсөн учраас л би бусдад хүчтэй харагддаг байх. Баярлалаа.
Сайн уу, Нана. Би энд байна.
Сайн уу, Нана. Бид хамтдаа байхаа больсон боловч бие чинь өвдсөн ч тэр, даарсан ч тэр би чамайг зөнгөөрөө мэдэрч, зөндөө алхаад ядарсан гэж хошуугаа унжуулан дэрэндээ хэлэх чинь орой болгон надад дуулдсаар л байна.
Сайн уу, Нана. Ядарч байна уу? Илүү сайхан бичиж, илүү уран үг хэлж чадсангүй ээ. Сэхэл авахаараа их ээ урт захиа бичнэ гэж найднам.
Сайн уу, Би энд байсаар л байна.
Илгээсэн, Яасу (2024.10.22)
Яасугаас Нанад дараах дууг зориулсныг уламжилж байна:
Leave a Reply