Press ESC to close

Усны ГудамжУсны Гудамж Бичээчийн Хөгжих Талбар

Энн Сэкстоны “Хувирлууд” шүлгийн түүврээс

Америкийн яруу найрагч Энн Сэкстон нь 1928 онд Массачусетс мужийн Ньютонд төржээ. Тэрээр 1967 онд “Амьдар эсвэл үх” түүврээрээ Пулитцерийн нэрэмжит шагналыг авч байв. 

Түүний тав дахь шүлгийн түүвэр болох “Хувирлууд”-аас хоёр шүлгийг нь орчуулан та бүхэнд хүргэж байна. Сэкстон уг түүвэртээ Ах дүү Гриммийн үлгэрүүдийг хувиргаж бичсэнээрээ тун онцлог юм. 

“ҮНСГЭЛЖИН” ЭНН СЭКСТОН

Чи уншсан байлгүй дээ,

арван хоёр хүүхэдтэй гагнуурчин

сугалаанд хожиж гийснээр,

үгээгүй ядуу байснаа үлэмж баян болсон

өнөөх л нэг түүхийг уншсан байлгүй дээ.

 

Эс бөгөөс Дани гаралтай

амтлаг агаад шүүслэг,

байдаг л нэг хүүхэд асрагч

ууган хүүгийн зүрхийг булааснаар,

ууттай живхнээс “Диор” луу өгссөн

мөнөөх л нэг үлгэрийг.

 

Эсвээс яагаа вэ нөгөө,

түргэний машин шиг цагаан тэргээрээ

өндөг, тараг, өрөм, цөцгий,

сүү хүргэдэг байснаа гэнэт

үл хөдлөх рүү орж хөлжин

үдийн цайндаа сүү бус мартини уудаг болсон

нөгөөх л түүхийг.

 

Аль эсвэл нэг гэрийн үйлчлэгчийн

сууж явсан автобус нь эвдэрч,

даатгалаас ахиухан мөнгө унагаснаар

шүүр барьдаг байсан тэр

шилтгээнд амьдарснаар төгсдөг

Өнөөх л нэг үлгэрийг

Чи уншсан байлгүй дээ.

 

Эрт урьд цагт гэнэ,

Нэгэн баян эрийн эхнэр

амьсгал хураахынхаа өмнө

“Үнсгэлжин” хэмээх охиндоо

ийн захисан гэдэг:

“Үнэнч байгаарай. Сайн хүн

болоорой. Хэрэвзээ тэгж чадваас,

үүлэн шаглааст дээд тэнгэрээс би

чамайг хараад инээмсэглэх болно.”

Баян эр удалгүй

хоёрын хоёр охинтой

шинэ эхнэр авчээ,

зүс царай сайтай боловч

зүү шиг зүрхтэй улс байлаа.

Тэгээд хөөрхий Үнсгэлжин

тэдний зарц болжээ.

Хөөт зуухны хажууд шөнө бүр нойрсдог болж,

хөмөрсөн тогоо шиг, даанч халтар явах болжээ.

Аав нь хотоос нэг удаа бэлэг авчирлаа,

авгай охиддоо үнэт эдлэл, даашинз сэлт өгөв,

харин Үнсгэлжинд ердөө бургасны мөчир оногдсоныг,

хайртай ээжийнхээ булшин дээр охин суулгаж гэнэ ээ.

Өндийсөөр өндийсөөр мөчир өндөр мод болжээ,

өвөрт нь нэгэн цагаан тагтаа ч суудаг болж гэнэ.

Үнсгэлжин тагтаанд юу шивнэнэ, тэр даруй

өндөг унаад ирэх шиг хүсэл нь биелдэг байжээ.

Тэгэхээр байна аа энэ шувуу чухал юм шүү, та минь

Тиймээс анхааралдаа авна биз ээ, цаашид.

 

Та бүхний мэддэгчлэн одоо

цэнгүүн бололгүй яах вэ,

гэрлэлтийн зах шүү дээ, 

ханхүү эхнэрээ хайж явна.

Үнсгэлжин үүнд бэлдээд л,

өөрийгөө гоёж гангалан,

Явна гэж бас

гуйж гувшиж байна.

Гэтэл хойт эх нь

үнсэнд сэвэг зарам холиод,

“Цагийн дотор ялгаж чадвал яв” гэж хэлжээ.

Мөнөөх цагаан тагтаа нь бүх найзуудаа дуудав,

мөн чиг дулаан сэтгэлтэй элэг нэгтнүүд нь ирлээ,

тэгээд агшин зуурд л сэвэг зармыг ялгасан ч

хойт эх нь бас “Үгүй” л гэжээ.

“Өмсөх хувцасгүй дээрээ бүжиглэж ч чадахгүй байж” хэмээв.

Ер угаас хойт эхүүд

ийм байдаг хойно доо.

 

Үнсгэлжин уйлан дуулсаар

эхийнхээ булшин дээр очжээ:

“Ээж минь ээ, ээж минь!

Тагтаа минь, тагтаа минь!

Ханхүүгийн цэнгүүн рүү намайг

Явуулж хайрлаач, гуйя” 

Шувуунаас алтан даашинз,

хэврэг жижигхэн шаахай унав.

Ийм жижигхэн шувуу атал

яасан ч том илгээмж билээ.

Тэгээд л Үнсгэлжин цэнгүүнд явна,

гайхах юм болохгүй дээ,

хойт эх, эгч нар нь

хөөгүй царайг нь танихгүй,

ханхүү харин гараас нь атгаад

ганцхан түүнтэй л шөнөжин бүжиглэнэ.

Шөнө дунд ойртоод ирнэ,

явалгүй бол даанч болохгүй.

Ханхүү түүнийг гэр лүү нь хүргэвч,

бүсгүй тагтааны байшин руу ороод л

даамай оргүйд замхарч орхино,

ханхүү сүх далайж

хаалгыг нь эвдэвч бүсгүй нь

хөө тортог руугаа

хэдийнээ явчихсан байна.

 

Яг ийм явдал гурван өдөр давтагдана.

Гэхдээ яах вэ, гурав дахь өдөр нь

ханхүү арга сэдэж,

шалан дээр цавуу нялснаас

Үнсгэлжингийн алтан шаахай

наалдаад үлдчихнэ ээ гайгүй.

 

Ханхүү тэгээд орон даяар

алтан шаахай таарах

амраг хачин бүсгүйгээ

хайж гарна даа.

Хосгүй сайхан хөлтэйдөө мөн чиг олзуурхаж суугаа

Хоёр эгчийнх нь амьдардаг байшинд мэдээж очно.

Том эгч нь эхлээд

түнтгэр хөлөө чихэх гэж үзнэ,

таарахгүйг нь мэдэх тул

хөлөө тайраад л өмсчихнө

ханхүү түүнийг мөн байна гээд

хариугүй авч явах гэж байвал

хаа нэгтээгээс тагтаа гарч ирэн,

цус гоожоод байна гэж хэлнэ.

тайрчихсан байна шүү дээ,

Ай яа яа, яаж эдгэнэ дээ.

Дүү нь ч гэсэн хөлөө тайрчихна,

алтан шаахай мөн л таарна.

Гэхдээ цус гэгч цус л хойно

гоожиж таарна, ханхүү ч залхана.

гутал зардаг хүн ч юм шиг

санагдаж эхлэлгүй яах билээ,

гэхдээ сүүлийн удаа ч болов

оролдож үзэлгүй тэгээд,

Үнсгэлжингийн хөл эгээ л

хайрын захиа ямар эвлэгхэн

дугтуйндаа багтдаг билээ л

яг тийн таарна.

 

Хуримын ёслол дээр нь мэдээж

хоёр эгч нь сүйдлэхээр очтол

цагаан тагтаа нүдийг нь ухаж,

цайны халбага шиг хөнхөр болгочихно.

 

Үнсгэлжин ханхүү хоёр ийн

музейн хоргонд буй хоёр хүүхэлдэй шиг л

мөнхөд жаргалтай суухаар болно,

өлөн тоос, хүүхдийн живх

хэзээ ч тэдэнд саад болохгүй,

хэдүйд өндөг дарах бол гэж

хэрхэвч хэрэлдэж маргалдахгүй

нэг үлгэрийг хоёр хүүрнэхгүй,

нэрмэж хэзээд жаахан ч хөгшрөхгүй,

үүрдийн мөнхөд, өнө удаан

үзэсгэлэнт сайхан инээмсэглэлээ цацруулсаар

амар сайхандаа жаргана.

Яагаа вэ, нөгөө л нэг

үлгэр байгаа биз дээ.

“ЦАСАН ГОО БА ДОЛООН ОДОЙ” ЭНН СЭКСТОН

Ямар ч замналаар чи амьдардаг бай 

онгон байна гэдэг хосгүй сайхан тоо буюу:

тамхины цаас шиг эмзэгхэн хацартай, 

танхил гар хөл нь гантигаар урлагдсан, 

уруул нь эгээ л амтлаг улаан дарс мэт, 

хятад шаазан хүүхэлдэйн нүдтэй, 

нүдээ нэг болж нээж, нэг бол аньж, 

нээхдээ, “Сайн уу, ээжээ” хэмээдэг

бодь гөрөөстэй таарвал аньдаг. 

Тэр бузартаж сэвтээгүй нэгэн билээ. 

Тэр мөнгөлөг загас шиг цав цагаан билээ. 

 

Эрт урьд цагт гэнэ ээ, 

хосгүй үзэсгэлэнт, онгон охин

“Цасан гоо” гэж байжээ. 

Арван гурван настай санжээ. 

Өтөл насандаа идэгдэж буй ч 

үргэлжид гоо үзэсгэлэндээ эрддэг, 

өөрийгөө хэнтэй ч зүйрлэмгүй гэж барддаг, 

хойт эхтэй юм санжээ. 

Гоо үзэсгэлэн гэдэг ердийн тачаал атал

хожим ай, найзууд минь дээ 

төмөр шаахай углаад, галын бүжиг бүжих

гайд унаж мэднэ шүү. 

 

Хойт эх нь нэг тольтой юм санж,

өөрийнх нь хэлснээр бол 

цаг агаар урьдчилан таамагладаг, 

за нэг тиймэрхүү л эд, 

энэ хорвоогийн хамгийн сайхныг

бас түүнд харуулдаг эд. 

Хатан чанадын толиноос үргэлж л, 

“Энэ ертөнцийн хамгийн үзэсгэлэнтэй нь 

хэн бэ?” гэж асуудаг байж. 

Толь түүнд үргэлж нэг л янзын хариу хэлнэ.

“Та хамгийн үзэсгэлэнтэй билээ” гэсээр

Бардам сэтгэл хатны цээжинд 

балмад хор мэт гүн нэвчжээ. 

 

Гэтэл нэг өдөр 

Нөгөө муу толь чинь, 

“Та хамгийн үзэсгэлэнтэй билээ. 

Гэвч танаас сайхан 

Цасан гоо гэгч байна” гэв ээ. 

Энэ мөчийг хүртэл Цасан гоо түүнд

орон доор нь бөөгнөрсөн хувхай тоосноос гавихгүй 

тийм төдий л зүйл байлаа.

Гэтэл одоо гарт нь бараан толбо гарч, 

уруулынх нь дээр дөрвөн сахал ургасныг үзээд, 

хойт эх тэр даруй

Цасан гоог цавчиж ал, тэгээд зүрхийг нь аваад ир, 

давсанд дүрж идэх болно гэж анчин эрд тушаажээ.  

Гэлээ яах билээ, анчин эр хөөрхийг өршөөж, 

оронд нь цайзад гахайн зүрх аваачиж өгчээ. 

Хатан түүнийг нь харин шарсан мах шиг зажилж идээд, 

за одоо би хамгийн үзэсгэлэнтэй нь гэж, 

цагаахан гараа илбэсээр хэлжээ. 

 

Цасан гоо хөөрхий, хоног сараар алхсаар, 

ойгоор яваад л байж, алхаад л байж. 

Хаашаа ч эргэсэн хорин янзын хаалга буй, 

хаана ч амсхийсэн, 

өт мэт хэлээ унжуулсан, 

өлөн чоно тосож буй.  

Шувууд түүний араас шүгэлдэн жиргэж, 

ягаан тоть мэт ярьж чалчиж байнам. 

Аймшигт могойнууд гогцоорон тонгойчихсон, 

сайхан цагаан хүзүүгээр нь ороож дүүжилчих гээд зовоож байнам. 

Долоон долоон хоногийн дараа 

Долоо дахь уулан дээрээ ирвэл

Одой нарын байшин байж байлаа. 

Бал сард зориулсан зуслангийн байшин шиг

хөгтэй хөгжөөнтэй байшин санжээ. 

Яг долоон ор, долоон сандал, 

долоон сэрээ, долоон хөтөвчтэй. 

Цасан гоо тэнд байсан 

долоон тахианы элгийг идээд

хэвтэв үү, үгүй юу 

тас үсэрч орхижээ. 

Одой нар гэртээ ирээд, 

Унтаж буй онгон бүсгүй, 

унтаж буй цасан гоог гурвантаа тойрчээ. 

Ухаалаг улс тул оросын хаан шиг

урт сахлаа ирмэсээр боджээ. 

Тэгж тэгж за сайн ёр даг, 

аз лав авчирна гэж үзжээ. 

Өлмий дээрээ зогсоцгоон Цасан гоог ажиж байвал

Бяцхан охин сэрж гэнэ. Тэгээд тэдэнд 

хорон санаат хатан хийгээд толины тухай ярьж, 

нөгөөдүүл нь ч гэсэн үлд гэж зөвшөөжээ. 

“Гэхдээ хойд эхээсээ болгоомжилж л үзээрэй, 

Удахгүй хүрээд ирэх вий. 

Өдөр бид хэд уурхайд ажиллахаар явах хойгуур 

Хаалгаа чи яасан ч  тайлж болохгүй шүү” гэж

одой нар Цасан гоод аанай аминчлан захижээ. 

 

Хананд буй чанадын толь… 

толь үнэнийг хэлж гэнэ,

хорон хатан өөрийгөө навсархай хувцсаар далдалж,

ганзагачин шиг жүжиглэн, Цасан Гоог хорлохоор 

замд гарч гэнэ ээ. Долоон уул давж гэнэ. 

Тэгээд одой нарын байшинд ирвэл

Цасан гоо хаалгаа тайлжээ, 

Тэгээд хойт эхээсээ

охорхон хошмог худалдаж авчээ.  

Гэтэл хатан хошмогийг нь чангалсаар, 

тултал татаж чангаасаар, 

Цасан гоо хөөрхий, 

Ухаан балартаж унаж гэнэ. 

Газар шалан дээр

Тасалсан хонин нүдэн цэцэг шиг 

Хэвтэж байсныг одой нар олж

өнөө хошмогийг суллавал

аяа гайхамшиг тохиож, 

охин амь орж гэнэ. 

Хийжүүлсэн ус шиг л эрч орон сэргэжээ. 

“Хойд эхээсээ л болгоомжилж үзээрэй” 

Одой нар ахиад захиж гэнэ. 

Цасан гоо ахиж нэг хичээж үзэлгүй яах билээ. 

 

Чанадын толиноос дахиад асууж…

толь тэгээд хэлж гэнэ, 

хорон хатан ахин навсархай хувцас өмсөж, 

хаалгаа харин Цасан гоо ахин тайлж гэнэ ээ. 

Энэ удаад дээр нь хилэнц хорхойн сийлбэртэй, 

хортой сам зарж гэнэ. 

Охин үсэндээ хүргэв үү, 

ахиад л ухаан балартаж гэнэ.  

Одой нар гэртээ ирж

хортой самыг авбал

Цасан гоо амь орж 

Цаглашгүй гайхамшиг бас тохиожээ. 

Өнчин Анни шиг бүлтгэнэсээр

Цасан гоо сэрж гэнэ. 

Болгоомжтой, болгоомжтой гэж ахин сануулсан ч 

чанадын толь үгээ хэлж, 

хорон хатан хүрээд ирж, 

аяа тэнэгхэн туулайхан Цасан гоо ахин хаалгаа тайлж, 

энэ удаад хортой алим идээд 

эгнэгт ухаан балартах нь тэр ээ. 

Одой нар эргэж ирээд 

Хошмогийг нь суллаж, 

Самыг нь авч үзсэн ч 

Юу ч болсонгүй. 

Цасан гоог дарсанд оруулж, 

Цөцгийн тосоор арчсан ч 

Бас л ямар ч нэмэр болсонгүй. 

Охин эгээ л алт мэт 

Огт хөдөлгөөнгүй хэвтэж ахуй. 

 

Долоон одой түүнийг 

хар хөрсөнд яагаад ч булж, 

оршуулж чадахгүй хэмээн мунгинаж байв.

Тиймээс шилэн авс хийгээд, 

өнгөрсөн явсан хэн бүхэн

өөгүй гоог нь биширч байг гэж 

долоо дахь уулын орой дээр 

цогцсыг нь аваачиж тавьжээ. 

Зургаадугаар сарын нэгэн өдөр 

ханхүү иржээ. Хармагцаа л таг хөшиж, 

урт үсээ ногоон болтол 

удаан гэгч харж зогсжээ. 

Одой нар хөөрхийг өрөвдөж

шилэн австай Цасан гоог 

Түүнд л өгч гэнэ. 

Хүүхэлдэйн нүд мөнхөд хаалттай…

Алсын цайздаа аваачихаар болжээ. 

Ханхүүгийн зараалууд ирж шилэн авсыг өргөөд

Замдаа явж байтал, халаг бүдрээд уначихжээ. 

Гэтэл зүсэм алим Цасан гоогийн хоолойноос 

гэнэт гараад ирж гэнэ, гэгээ амь орж гэнэ. 

 

Ийнхүү Цасан гоо ханхүүгийн эхнэр болжээ. 

Идэт хорон хатан ч хуримын цэнгүүд уригджээ. 

Ирэхэд нь улайссан төмрөн шаахай түүнийг угтан авч, 

ээ дээ, улайсан төмөр тэшүүр шиг тэр шаахай

хатны хөлийг хавчаад авчээ. 

“Хөл чинь эхлээд уугьж,

Дараа нь өсгий чинь харлана

Тэгээд мэлхий шиг л шаруулна” гэж түүнд хэлж. 

Тэгээд хорон хатан амьсгал хураатлаа бүжиглэж гэнэ. 

Агуйн амьтан шиг 

хэл нь нэг булталзаж, нэг далд орсоор, 

хийн тийрэлтэт онгоц шиг л явсан гэнэ билээ.

Энэ үед Цасан гоо төрийн хэргийг барилцсаар, 

өнөө хятад шаазан хүүхэлдэй шиг цэнхэр нүдээ

аниж нээсээр, аниж нээсээр 

хааяахан толинд хардаг болжээ.

Эмэгтэй хүн хойно доо. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

@Katen on Instagram
[instagram-feed feed=1]