Найруулагч: О.Итгэл
(А.Дюма зохиолчийн ‘Шадар гурван цэрэг’ романаас сэдэвлэсэн ‘Pro Theatre’-ын бүтээл ‘Шадар гурван цэрэг’ жүжгийн тухай)
Тэнцвэр урлал
(Ерөнхий зураач:Б.Золбоот)
“Гурван хөлтэй сандал дөрвөн хөлтэй сандлаас тогтвортой” гэж ахыг хэлэхэд би ер итгээгүй билээ. Худлаа. Сандалын хөлийн тоо нь цөөхөн мөртөө илүү тогтвортой байна гэж юу байдаг юм гээд зөрүүдэлж байсан минь “Шадар гурван цэрэг” жүжгийн тайзны ГОЛ хэрэгслийг харах бүрийд ахин дахин бодогдоод, мишээж суулаа. Үнэндээ ахын хэлдэг зөв л дөө. Гурван хөлтэй сандал дөрвөн хөлтэйгөөсөө тогтвортой байдаг юм. Учир нь гурвалжин өөрөө хамгийн тогтвортой дүрс. Даралтыг бусад хэсэгтээ жигд хуваарилдаг дүрсний уг чанарыг барилга, гүүрний загварт өргөн ашигладаг.
Үндсэндээ жүжгийн тайз энэхүү гурвалжин дүрсний тогтвортой чанар дээр л бат үндэслэсэн байна. Тайзан дээр гурван ширхэг том оо гурвалжин бий. Эрүүлж, тойруулан хөдөлгөхөд хөнгөн байх талаасаа бодолцож дундхыг нь хөндийлөөд (хөндий хэр нь даац сайтай), жүжигчдэд аюулгүй, орой дээр нь гарахад ч тэнцвэртэй байлгах талаасаа өнцгүүдийг нь мохоо болгожээ. Тогтвортой, аюул багатай, хөдөлгөхөд арай эвлэгхэн болсон уг дүрсний нөөц бололцоог тайзан дээр дундартал нь шавхаж байлаа.
- Дотроо хөндий, орой нь өндөр учраас жүжигчид үзэгдлээс гарахдаа заавал тайзны араар гүйж ороод байх шаардлага гарсангүй. Гурвалжин дотроо түр “хоргодоод” үйл явдлаас хөндийрч болно. Зарим тохиолдолд орой дээр нь гарч үйл явдлаас алсраад, гэнэтхэн гулган ороод ирэх нь ч зугаатай харагдах юм.
- Тулалдааны хэсгүүдийг хийхэд өгсөж, уруудах, дээр болон доороос нь гэнэт довтлох хөдөлгөөнийг хорихгүй, нэлээд дэмтэй хэлбэр аж. Хөндий хэсгээр нэвт гарч, орой руу нь өгсөөд дээрээс нь дайрч, мөн олон хүн зэрэг тулалдах үед тайзан дээр шаваарах биш дээр, доор, наана, цаана гараад бусдынхаа хөдөлгөөнийг таглахгүй болохоор үзэгчдийн нүдэнд замбараагүй биш, сонирхолтой харагдаж байлаа.
- Сүм, нуугдах газар, хаалга үүд, индэр гэх мэт орон зайн бүхий л шийдлийг эвтэйхэн шингээх дүрс.
- Даруухан, бараан энэ тайз жүжгийн хувцасны хээ хуарыг тодотгосон шийдэл болжээ. Өнгөлөг зургийн жааз энгийн байдагтай л адил.
Тайзны орон зай гэдэг тэнд өрнөх бүхий л үйл явдал, орж гарах дүр бүхний өмч учраас хэн хэнд нь ээлтэй байх шаардлага тулгардаг. Хатан хаан ч, харц ард ч тайзыг дундаа хэрэглэж, тулааны талбар, амраг хосын унтлагын өрөө ч болдог учир олон үйлдэлт хэрэгсэл тайзанд чухал үүрэгтэй. Ийм үүргээ “Шадар гурван цэрэг” жүжгийн тайз бүрнээ биелүүлсэн.
Хөдөлгөөн- Хөдөлмөр
(Хөдөлгөөний найруулагч: СТА Г.Ган-Очир)
Ганцхан алхам зөрсөн бол нүсэр том модонд дарагдах байлаа шүү. Ээ дээ, ингэж байгаад зөрүү гишгэвэл ч айхтар гэмтэх нь дээ. Эрчээ жаахан л алдах юм бол уруу тавцангаас гулсаж ойчоод үзэгчдийн нүдэн дээр эвгүй байдалд орох нь ээ. Над шиг санаа зовомтгой хүний толгойд жүжгийн турш ийм бодол л ундарч байлаа.
Жүжигчдийн тархи тайзан дээр зогсоо чөлөөгүй тооцоолол хийж байдаг. Гэрэл хаанаас өгөхийг санаж, тусах газар нь тосож зогсоно. Дүрдээ орохын зэрэгцээ үг бүрээ санах учиртай. Хамтран тоглож байгаа хүнийхээ аясыг мэдэрч харилцах үүрэгтэй. Нэмээд энэ жүжиг дээр үргэлжид хөдөлж, хөдөлгөөнөөрөө утга илэрхийлэх тул үйлдэл бүрээ тооцоолох, цэгнэх, нэг бүрчлэн санах хэрэгтэй болов. Тэгэхээр дээд зэргийн ачаалал, чөлөөгүй бэлтгэл шаардсан нь дамжиггүй.
Би ганц жишээ хэлье л дээ. Надад уг жүжгийн хоёронтоо үзэх аз тохиолоо. Эхэлж үзсэн тоглолтын үеэр юм бүхэн жигд, гүйцэтгэлээ тултал харуулсан. Гэтэл хоёр дахь үзвэр минь жүжиг нэлээд хэд хоног завсарлаад, буцаад тоглож эхэлсэн тэр өдөр таарав. Эхлэлээсээ л жүжигчид үйлдэл, гэрлийн тусгал, үгэн дээрээ алдаж, нэгнийхээ хэлсэнд буруу хариулах мэтээр мэр сэр алдаа гаргаад байлаа. Тайзны тоглолт цэвэр харилцаа дээр суурилдаг учраас нэг нь л алдаад эхлэхэд харилцан тоглож байгаа бусад нь уур амьсгалыг анзаараад нэгнээ дагаж алдаа гаргах магадлал их. Гэвч туршлагатай хүмүүс ийм үед бусдыгаа залаад, тоглолтыг буцаан амь оруулах чадвартай. Үүнийг би уучилшгүй алдаа гэж бодсондоо хэлж байгаа юм биш ээ. Ердөө хэдхэн хоног, түр ч болов амсхийхэд л гүйцэтгэлийн чанарт ийм их нөлөөлж байгаа юм чинь энэ олон хүн тэр бүх хүчир хөдөлгөөнийг нийцтэй, сайн хийх гэж байнгын бэлтгэл сургуулил хийсэн байгаа гэж бодогдсон учраас хэлж байгаа юм. Эрчтэй, хурц хөдөлгөөнтэй ийм жүжгээ өдөр бүр жигдхэн тоглоё гэвэл дэг журамтай байж, биеийн тэвчээр заахаас аргагүй тул хүндлэл төрөв.
Туслах жүжигчдийн биеийн ачаалал даах чанарыг үзэгчид ихээхэн ойшоон хайрлаж байх шиг. Өөр ямар ч жүжгийн үеэр оролцон тоглож байгаа залуу жүжигчид хүмүүсийн анхаарлыг ингэтэл татдаггүй шүү дээ. Гэтэл жүжгийг үзсэн хүмүүсийн амнаас “Тэр хэдэн залуус ямар сүрхий байв аа. Их ядарсан байх даа,” гэх үгс уяатай байна. Яахын аргагүй хамаг хүчээ дайчлан тулааны хэсэг бүрийг чимсэн нэрийг нь үл мэдэх залуусыг бахдахаас аргагүй юм.
Лорд Винтер (Д.Алтанбагана) тулааны хэсэгт нэг их оролцоогүй. Гэвч ганц удаа гарч ирэхдээ бүтэн эргэлттэй хөдөлгөөнийг тун чадамгай, өөгүй хийж олны нүд хужирлах аж. Цөөн ч болов тайзан дээр гарч ирэхдээ хийх ажлаа тултал гүйцэтгэнэ гэдэг жүжигчин хүний эрхэм чанар.
Мөрөөрөө явсан Миледиг монголын театрт хүчирхийлэв
(Миледи: Б.Ариунхишиг)
Гоо үзэсгэлэнгээрээ бусдыг урхидаж ашиг хонжоо олдог, дурлуулсан эрдээ ээлгүй бүсгүйн дүрийг “фемме фатал” гэцгээдгийг эрхмүүд мэдэх биз ээ. Угаас гоо үзэсгэлэн гэдэг нэгэн төрлийн зэвсэг, айхтар шархдуулдаг эд болохоор эр хүн илдийг сайн эзэмшихэд яаж эрддэг билээ, түүний адил бүсгүй хүнд ч ааг амтагдаж, хүнийг урхидах дэггүй санаа цаанаасаа л төрж мэдэх биш үү. Ийм л илэрхий шалтгаанаар хортой цэцэг болсон, тэр дундаа аюултай эмэгтэйчүүдийг төлөөлөх ийм төрлийн дүрийн нэлээд эхэн үеийн төлөөлөл Миледиг монголын театрт хүчирхийлэлд өртсөн өрөвдөлтэй эмэгтэй болгодог нь дүрийн хөгжил үү, эмэгтэй хүнээр хөгжилдөж үзэгч татах гэсэн тайзны хүчирхийлэл үү гэдгийг нэг л сайн ойлгосонгүй. Эр хүн эм хүнээр зугаагаа гаргах мэдээж муухай ч, муухайг нь шүүмжлэх гээд гал дээр тос өрдөөд байх хэрэггүй санагдах. Тайзан дээр жигтэйхэн “гоёмсог” хүчиндүүлж байгаа Миледиг үзсэн хүчирхийлэгчид гэмшээд, заалнаас гараад мэлмэртэл уйлан зогсохдоо “Ахиж би ямар ч эмэгтэйг гомдоохгүй ээ,” гэж өөртөө ам өчиг өгнө гэсэн гэнэн итгэл төрөөгүй л байлтай. Эсвэл хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд “Чи муу хүн байж болно, эр хүний гарт зовсон юм чинь эрчүүдийг цөмийг нь хайр найргүй хяд, хөнөө,” гэж хэлэх гээд байгаа юм уу? Ямартай ч амьдралд нь муу зүйл тохиолдсон болохоор л хүн муу болдог юм гэх улиг болсон уянгын халилыг харуулах гэсэн бололтой. Үнэндээ хүний амьдралд юу ч тохиолддог, тэр бүхэнд хүн өөр өөр хариу үйлдэл үзүүлдэг. Хайр энхрийлэлд ханатал бөмбөрч өссөн ч аар саар юманд өс санасандаа, эсвэл төрөлхийн шунахай зандаа хөтлөгдсөн мэтийн ямар ч шалтгаанаар хүн Миледи шиг болж торних боломжтой.
Гэхдээ үнэнийг хэлэхэд уран бүтээлч та бүхэн хүчирхийлэлд өртсөн эмэгтэй хүнийг өрөвдсөн гэхээсээ тийм хурц үзэгдэл хүний анхаарлыг татдаг болохоор л олны нүдэн дээр Миледигийн хөлийг төмөр тороор татаж байгаад тайз дүүрэн эрчүүдээр хүчирхийлүүлсэн юм. Тэднийг толгойлогч нь угсаа гарвал сайтай, боловсон жудагтай эр, Миледигийн хадам ах Лорд Винтэр (жүжигт төрсөн ах нь болгосон. Төрсөн дүүгээ шоронд оруулаад танихгүй эрчүүдээр хүчиндүүлдэг ах юм байх) шүү. Уг зохиол дээрээ Лорд Винтер бүсгүйг хорьсон ч гэлээ ухаан жолоогүй хүчирхийлээд байсангүй, харин ч хүний ёсоор хандсан гэдгийг эрх биш санаж баймаар. Эмэгтэй хүнийг хүчиндэж шийтгэх мэтийн дур нь ханхалсан ийм санааг хамгийн түрүүнд дэвшүүлсэн нэгнийхээ толгой руу тоглоомоор ч болов “тоншоод” аваасай гэж “Pro Theatre”-ын эмэгтэй уран бүтээлчдэд захимаар л санагдаж байна.
Миледи өрөвдөлтэй хувь тавилангаа уйлагнан хүүрнэдэг тэр хэсэгт “Би энэ шоронгоос гарах л юм бол доромжлуулсан бүсгүйчүүдийг хамгаална,” ухааны юм хэлдэг шүү. Энэ үнэндээ логик алдаа. Дүр бусад дүрдээ тийн худал тангаргалсан бол би хүлээн зөвшөөрнө.
Гэтэл орь ганцаараа байхдаа Миледи өөрөө өөртөө тийнхүү өччихөөд гарч ирмэгцээ ядарч яваа Бонасье авхайг хөнөөчихөөр энэ дүрийн чинь “сүр” шалдаа буугаад байна. Дүрийн өөртөө өчсөн өчил гэдэг тухайн дүрийн чин зүрхний үг. Ийм моно хэсгээс үзэгчид дүрийн дотоод хүнийг, жинхэнэ зорилгыг олж хардаг. Дотоод сэтгэлийнх нь эсрэг үйлдэл хийлгэх юм бол заавал тэгж хэлүүлэх хэрэг байна уу? Сүрлэг биш зүүлэг хүн шиг л болов.
Мөн Миледи Д’Артаньянд яагаад өс тээгээд байгааг ер үзүүлсэнгүй. Өөгүй, сэргэлэн ханхүү шиг дүр бүтээсэн О.Самданпүрэв жүжигчнээ шалиг эр шиг харагдуулахгүй гэсэндээ арай ингээгүй байлтай. Үүнээс болоод жүжгийн үйл явдал дундуур ан цав гарав. Сайн муу нийлж сав дүүрдэг, дүр төрдөг. Түүнчлэн Миледи яг ямархуу урхидагч эмэгтэй вэ гэдэг нь бүдгэрээд зөвхөн уур хилэн шатсан, ааштай шулмын тал нь л тодров. Гэхдээ жүжигчин Б.Ариунхишиг өгөгдсөн үүргээ сайн биелүүлсний хүчинд хоёрдугаар хэсгийн энэ олон холион бантанг тэрүүхэнд нь эвлэгхэн зохицуулчихлаа.
Хөвгүүдийн бүлгэм
(Д’Артаньян: О.Самданпүрэв, Атос: С.Баянмөнх, Портос: З.Булган, Арамис: Б.Анхбаатар)
Ярс ярс хийсэн, төв царайтай шадар цэргийн дүрийг гаргах гэж оролдсон бол энэ жүжиг бүтэлгүйтэх тал руугаа хэлбийх байжээ. Эс хүсэв ч үзэгчид тархиндаа хоногшсон франц язгууртан эрсийн дүр төрхийг монгол залуустайгаа харьцуулан бодоод “Арай л биш санагдлаа” гэцгээж мэдэх л байлаа.
Гэхдээ жүжигчдийн хооронд үүсгэж байгаа энгийн хөнгөн хошигнол, дэврүүн хөвгүүд шиг хөгжүүн уур амьсгал ийм эрсдэлийг илтэд намжааж чадсан. Шадар цэргүүдийн хувийн араншинг үйлдэл, санаа зориг, харилцаагаар нь баттай үндэслэж өгсөн тулдаа номын баатруудаас үүдэлтэй үзэгчийн тархинд суусан баатарлаг шадар цэргүүдийн дүрслэлийг монгол жүжигчид өөрсдийнхөө хөвгүүнлэг дэггүй дүрээр орлуулав.
Шадар цэрэг болох хүсэл өвөртлөн ирсэн Д’артаньян бол шинэ хүн, омголон хүн, эр зоригтой хүн гэдгийг эхэн хэсэгт зохиолын үйл явдлаас гадна хөдөлгөөн, үйлдлээр харуулсан. Бусадтайгаа тэр дорхноо нэгдэх хэдий ч юмсын учрыг төдий л ойлгоогүй яваа болохоор хамтын уриагаа хүртэл дандаа хоцорч хэлдэг. Тулалдаан эхлэхийн өмнө бусад нь цэх, тогтуун зогсож байхад Д’артаньян гар, биеэрээ ойр ойрхон чичгэнэн хөдөлж, урагш тэмүүлэн тонгойх нь догдлол, хүсэл эрмэлзлэлийг илтгэнэ. Тулаан дууссан ч хаанаас дайсан ирэх бол гээд анаж суугаа нь юм бүхэнд идэвхтэй, соньхон хандаж байгаан илрэл.
Миледигийн дүрийн асуудал Атосд харин завшаан болох ч шиг. Хайртай хүнээ оллоо гэтэл хорон санаатан байгаад, хорон санаатныг дарлаа гэтэл амьд явж байдаг. Хайрлах сэтгэл төрөвч хайрлаж үл болох, хөнөөх сэтгэл төрөвч хөнөөж үл чадах эмгэнэлт нөхцөл үзэгчдийн сэтгэлийг багагүй татаж, Д’артаньян, Бонасье хоёрын хайрын ээдрээг ч хол хаячих шиг.
Арамисын дүрд тоглосон Анхбаатар жүжигчин тайзан дээр яг өөрөөрөө л байх шиг санагдав. Угаас тийм алиа марзан хүн үү, алиа марзан хүний дүрийг тултал үзүүлэв үү гэдэг дээр би ихэд төөрөлдсөн билээ.
Хамбын нулимс
(Хамба лам: М.Төгөлдөр)
Нулимс мэлтэлзсэн улаан нүдээ бараг л цавчдаггүй, сонсоод л баймаар дургүй хүрэм дуу хоолой, үгээ зөөж ядах, өгүүлбэрийн онцлох нэр үгийг төгсгөлд нь хаяж үлдээх энэ хамбын дүр миний тархинаас хэзээ ч салахгүй байх. Үйл явдалд идэвхтэй оролцох ч хурц тоглолтгүй иймэрхүү дүр жүжгийн арын ханан дээрх жижигхэн толбо шиг үзэгчдэд анзаарагдалгүй өнгөрчих магадлал бас бий л дээ. Гэвч М.Төгөлдөр Хамбын дүрийг бүтээсэн учраас “Шадар гурван цэрэг” жүжгийг үзсэн хэн бүхэн түүнийг санах л болно. Тэр тийм донжтой, дуу хоолой, үг хэл, харцаараа хүртэл тоглодог жүжигчин юм. Бараг л инээх шахам ярих хэр нь нүднээс нь нулимс урсаж байхыг үзээд би алмайрсан шүү. Зааланд суугаа ихэнх хүн түүний нүдийг над шиг ойроос харах боломжгүй. Хүн болгон харахгүй ч гэлээ дүрдээ үнэнч хандахын тулд тэгж чармайна гэдэг сайхан.
“Pro Teatre”-ын уран бүтээл ганцхан хүний найруулгад зангидагдсан гэхээсээ хүн бүрийн оролцоотой бүтсэн мэт сэтгэгдэл төрүүлдэг. Хэсэг бүрийг нь өөрсдийн мэдрэмжээр шагласан болохоор тун баялаг, гэвч хувь хувийнхаа эрчээр зүтгэвэл зарим хэсэгт цоорхой үүсэж юуны магад. Жүжиг бүр нь өөр өөр найруулагчийн нэртэй тавигддаг ч өөрсдийнх нь өнгө аяс хэвээрээ байдаг нь учиртай биз ээ.
Leave a Reply