Халловины баярын мэнд хүргэе. Бичээчийн дасгалаар сэдэлжсэн Халловины баярын бичвэрүүдийг хүргэж байна.
- Бичээчийн дасгал: Та жижиг хотод амьдран суудаг бөгөөд тэр хотынхоо хамгийн хуучин кино театрт жижүүрээр ажилладаг.
***
- Чи наад киногоо ахиад л үзээд сууж байгаа юм уу?
- Үзэх болгонд ахиад өөр зүйл гарах юм шиг санагдаад байдаг юм.
- Хачин хүн шүү чи.
Ингэж хэлээд нөгөө ээлжийн залуу яваад өгөв. Би энэ киног яг хорин гурван удаа үзэж байна. Зүгээр л нэг хүн гүйгээд л байдаг өөр юу ч гардаггүй. Яг гучин тав дахь минут дээрээ гүйж байсан хүн гэнэт зогсоно. Тэгээд л кино дуусчихна. Яг юунаас болж би энэ киног үзээд байгаагаа ойлгодоггүй юм. Кино ч гэж хэлэхэд хэцүү. Зүгээр л гүйж байгаа хүний дүрс.
- Заримдаа яагаад ч юм тэр гүйж байгаа хүн гэнэт эргэж харах юм шиг санагдаад байдаг юм.
- За больж үз шал дэмий юм бодох юм жаахан нүдний хор гаргая.
- Өнөөдөр ахиад нөгөө киногоо үзэх үү?
- Одоо ч болих уу даа.
- Өнөөдөр нэг үзээч өөр юм гарах ч юм бил үү.
Ингэж хэлээд над руу нэг инээмсэглэснээ нөгөө ээлжийн залуу яваад өглөө
…Хорин дөрөв дэх удаагаа, яг сүүлчийн удаа үзчихье, ахиж үзэхгүй. Нөгөө хүн гүйсээр л. Яг гучин тав дахь минут дээр урдынх шиг ээ зогслоо. Гэхдээ кино дууссангүй нөгөө хүн эргэж харав. Хамгийн сонин нь тэр хүн би өөрөө байлаа. Тиймээ би худлаа хэлээгүй тэр гүйж байсан хүн дүрээрээ би мөн. Яг гучин секунд над руу ширтэж зогссон тэгээд кино төгслөө. Гэнэт нүд бүрэлзээд л бүх юм харанхуй болж эхлэх нь тэр. Маргааш нь би сууж байсан сандал дээрээ сэрэв. Урьд шөнийн харсан зүйлдээ итгэж ядна. Гэртээ харилаа.
Өглөө утас дуугарах дуунаар сэрлээ.
- Чи чинь хоёр хоног хааччихдаг новш вэ? Ирж ажлаа хий би энэ театрыг чинь чиний оронд манаж байх юм уу?
- Нөгөө ээлжийн залуу хаачсан юм?
- Битгий солиор, энд чамаас өөр манаач мөн байдаг байх аа? Дэмийрээд байлгүй хурдан ир.
Ажил дээр хүрч иртэл захирал үүдэнд их л айсан царайтай намайг хүлээгээд зогсож байв.
- Шөнө орой ямар юмаа үзээд байдаг тэнэг вэ чи.
- Уучлаарай захирлаа нойроо хүргэхгүй гээд л.
- Тэгээд нойроо хүргэхгүй гээд жирэлзсэн дүрс үзээд сууж байдаг юм уу?
- Юун дүрс вэ захирал аа?
- Чи өөрөө үз гээд камерын бичлэг харуулав. Би тэнд зүгээр л зурагтын жирэлзсэн дүрс үзээд л сууж байлаа.
- Чиний өмнө нь ажиллаж байсан нөхөр яг ингэж шөнөжин жирэлзсэн дүрс үзэж байгаад галзуураад танхимд өөрийгөө буудчихсан. Чи тэрний араас очмоор байна уу? Яг одоо намайг дагаад яв. Наад мэдрэлийг чинь үзүүлье.
Ингэж хэлээд л намайг чирэх шахам дагуулаад гарлаа. Арагшаа нэг эргэж харахад үзвэрийн танхимын үүдэнд нөгөө ээлжийн залуу зогсож байсан юм…
Б.Санчир
2. Бичээчийн дасгал: Өөрөөс нь хойш хуучин байшинд нь анхаараарай гэж захиад, авга чинь чамд арван тэрбумыг өвлүүлжээ.
Цэмцгэр цагаан даавуу дээр эрийтэл өрсөн анд нөхдөө хараад сэтгэл догдлохоо ч больж дээ. Гэвч өнөөдөр та нарын маань хэн нь түүний зөөлөн, булбарай арьсыг шүргэх бол гэж бодохоор өчүүхэн догдлол төрнө. Орд харшид минь орж ирээд сонгодог зураг ширтэн алхах зочдыг энэ өрөөнд бушуухан чирч авчирна гэхээс байж суух газаргүй болж, эгнэн ярайсан анд нөхдийнхөө чухам алийг нь сонгохоо мэдэхгүй тээнэгэлзэн салгалж зогсдог сон. Өдгөө энэ үйлээ би тун няхуур нямбай үйлдэх болж. Зочны өрөөнд ирэгсдийн ямарваа нэгэн аугаа утга учир нэхэн ширтэж буй мөнөөх зургуудыг бүтээхдээ эзэд нь хэр зэрэг чамбай хандсан билээ, түүн лугаа адил байхыг хүснэ.
Авга минь, чи юунд тийм их хөрөнгө зоорь үлдээв? Би түүгээр чинь хэний ч тархинд буумгүй тийм тэнэг зүйлийг хийж энэ орон гэрийг тань дүүргэх гэсэн юм.
Тэгэхээр байна аа, зэрлэг золигууд бол давхиж очоод аль л гарт таарсан хэсгээс нь эхлэн хэрчиж хэд сарвалзаад эд бад хийж орхидог юм. Би тийм зүйлийг тэвчдэггүй. Хийж буй үйл минь яг л хөгжимдөж буй ятгачин мэт, зургаа зуран шатаж буй зураач мэт яруу байх ёстой юм. Зураач бээр давын түрүүнд зах худалдаагаар явж зургаа буулгах зотон даавууг сонгодогчлон би 13 дугаар гудамжны мөнөөх тагжгар эрийн худалдааг зорино. Яг л гэдэс дотор шиг өнгө өнгийн даавуу торго эгнүүлсэн, тэрүүхэндээ чамин худалдаанаас шинэхэн цагаан даавуу авна. Зураач бас мөнөөх зотонгоо чивчиртэл чангалан татах модон хүрээ зэхдэг биз. Би ч зочдодоо зориулж шинэхэн хайрцаг сав гараа гарган урладаг юм. Ээлжит учраагаа хараад л хэр урт, хэдий өргөн сав байвал тохиромжтойг шууд мэддэг минь анхнаасаа л хар зөнгөөрөө хийдэг зүйл л дээ. Тэр савыг царс модоор хийх үү, цагаан хусаар бүрэх үү гэдгээ ч тооцоолж амжина гээч. Чингээд зураач маань аугаа бүтээлээ чухам ямархан бийр будгаар зурахаа сонгож таарна шүү дээ. Бүтээлчийн тэр л мөч болбоос миний анд нөхдөөсөө алийг нь сонгохоо үл мэдэн тээнэгэлзэж зогсох агшинтай тэнцэх билээ.
Ингээд зураач хэзээ эцэс болох нь үл мэдэгдэх аугаа бүтээл рүүгээ умбан шумбаж орно. Би ч мөн эргэлзэж эргэлзэж эцэст нь нөгөөдүүлээсээ нэгийг нь чанга гэгч атгаж аваад өрөөнөөс гардаг юм. Энэ л үес зочид маань ихэвчлэн Ван Гогийн хөрөг дээр очоод мөнөөх аугаа утга учрын эрэлдээ гарсан байдаг тул араас нь гэтэж яваа намайг анзаарахгүй байх нь олонтоо.
***
Эрхэм ээ, та үүнийг хэрхэхийг сайн мэдэхгүй байж болох шүү дээ. Би танд тайлбарлаж өгье. Юун түрүүнд би, мөнөөх эдээ өрөөндөө чирч оруулж ирээд тэн голоор нь хуваадаг юм. Тэднийгээ дахиад тэнцүү хоёр хувааж үе үеэр нь тойруулж тавих тун ч урамтай. Мөн тэр мөчид асгарч улаарсан шим шүүсийг нь арчих зуураа өнөөх худалдаачны ам шүд болж байж зарсан цагаан даавуу үнэхээр л хэлсэн шиг нь сайн чанарын эд мөн болохыг ойлгодог юм. Зураачийн байнга өмсдөг хормогч дээр түмэн янзын будаг наалдсаар сүүлдээ нэгэн бүтээл болж хувирдаг шиг, алчуур минь ч бас урлагийн бүтээл болчих шиг санагддаг даа.
Үүний хойно дотрыг нь сайхан ухаж цэвэрлэх хэрэгтэй. Ойлгож байна л даа, эхүүн үнэр, тэр доторх заваан огиудас хүргэм зүйлсийг би мэднэ ээ. Бас дотор нь үр байвал уу! Шууд л “Шал дэмий гүйцээлээ, хэрэггүй юм сэдлээ. Шал дэмий ийм зүйл хийлээ” гэж харамсахад хүрдэг дээ.
Уучилж үз. Энэ үйлд хамтрах анд нөхдөө сонгохдоо ч догдлохоо больсон гэж хэлсэн дээ. Энэ тухай ярихад мөн л сэтгэл хөдлөхөө больжээ. Тиймээс анхны эдээ гүйцээчхээд авга ах руугаа гүйн хүрч, толгойг нь хэрхэн тасалж, арьсыг нь яажшуухан хуулснаа догдлон ярьж байсан шигээ тийм оргилуун, өмнөөс нь хийж үзмээр санагдтал ярьж чадахгүй нь.
***
Гүйцээ! Хамгийн том балиусаа авахад л барав биш үү. Ганц хулуу хуваах хутга сонгох гэж тэгтлээ удаад байх шалтгаан юу билээ. Уран цэцэн санаа олох гэж зураг ширтэж зогсоо тэр маанагийг ч дуудах минь. Түүнд хулууг хэрхэн дөрвөн тэнцүү хэсэгт хувааж нямбайлан хэрчдэгийг, яажшуухан амттай шөл хийдгийг зааж өгье.
Э.Доржсүрэн
3. Бичээчийн дасгал: Хэн нэгний дурсамжийг зүүдэлж хар дарж байна гэж бичээрэй.
“Чи танил харагдаад байна.” Олон жилийн өмнө учраас энэ үг сэтгэл догдлом байлгүй дээ. Автобусны хойд суудалд суугаа түүнд би ингэж хэлсэн юм. Би буруу таниагүй гэдгээ мэдэж байсан. Тийм ч болохоор тэр тайвнаар “ Хүмүүс…” гэж эхлээд бидний яриа өрнөсөн. Яг өчигдөрхөн ингэж таарах тухай бэлтгэл хийсэн юм шиг хэн хэн нь ямар ч алдаа гаргасангүй. Автобусны цонхоор Урлан бүтээх төв, тэгээд Novotel. Автобус эргэх үед жирэлзэн үлдэх хотын дүрснүүд угаагдсан мэт тунгалаг. Бид автобуснаас бууж алхсаар 5 яамны эл хуль сандал дээр очиж суулаа. Нар жаргасны дараахан тэнгэрийн зүүн хаяаны бүлээн ором хэвээр, буй бүхэн хөх болоод ирдэг дээ. Хэлэх байсан үгнүүд ой дурдатгалын альхан нэгтээгээс хүрээд ирдэг дээ. Эндхийг “Чимээгүй хот” гэж надад танилцуулсан юм. Юмсыг нэрлэх дуртай байх нь. Би бол олон тооны нөхцөлд дуртай. Ялангуяа “-с”. Үүлс, навчис, цэцэгс, хүмүүс, нялхас, үгс…
Тэгээд бид ширхэгтэй зүйлсийн тухай ярьцгаав. Нэг нэгээр нь тоолох учиртай тийм зүйлсийн тухай. Үг, үсэг, авианууд. Амаа жимийж байгаад үг хэлж, түүнийг нь тааж, авиагаар ойлголцов. Тийм байна. Адилхан байна. Тэр хүнтэй адилхан байна.
Тоонуудын зан чанарын тухай тодорхойлолтууд. Хоёрын тоог тамирчин шиг гэнэ. Би бол 2-ын тооноос илүү эмэгтэйлэг зүйл л мэдэрдэг юм. Мэдээж зүгээр ээ. Адилхан зүйлсийг эрэх тусам ялгаатай зүйлс хачин их таашаалтай болчихно.
Бурхан заримдаа өдөрт тааралдаж байгаа энэ хүмүүсийн царайг солихоо мартчихдаг. Хэд хоногийн өмнө харуулсан тэр царайтай хүнтэй зөрөхдөө эхлээд гайхдаг байлаа шүү дээ. Гэхдээ ертөнцийн бүхий л цуцалтгүй хөдөлгөөн, үйл явдлуудад өршөөл үзүүлж болно оо.
Түүний царай төрх, намайг анхааралтай сонсох нь, зүгээр л ширтэх нь арьсанд мэдрэгдэж байна. Тэр зүгээр дээ. Түүнийгээ мэдэгдчих вий гэсэн айдасгүй тайван байгаа маань хэр зэрэг том болсон бэ гэдгийг өөрт минь илтгэж байна. . Намайг мэдээсэй.
Би түүнд зүүдээ ярьж өгөх гэж байгаа юм. Зүүдээ яриад төсөөлөлтэй нь тулгадаг байсан тэр хүнтэй хэр адилхан бэ гэдэг нь сонирхолтой шүү. Өөдгүй занг минь уучлаарай. Машины цонх гэж ярихад л яг надтай адилхан зүүн салхивчийг төсөөлдөг тэр хүнтэй хэр адилхан бэ? Ертөнцөд бүх зүйлс дахин давтагдашгүй атлаа амьдрал гэдэг чинь тэр чигтээ олон зүйлийн давталт. Зарим өдрүүд нэг зүйлийг дахин давтаж дурсах орон зай төдий санагдаж болно.
-Миний хамгийн сүүлд зүүдэлсэн нь. Хоцроод л, төөрөөд л, эс олдох зүйлийг хайгаад л, хэн нэгнийг он удаан жил хүлээлгэсэн байдаг түгшүүрийн уур амьсгалтай хар дарсан зүүд. Танихгүй байшингаас өглөө гарлаа. Хайлааст 17 хоёрын нохойных нь хуцалт хүртэл өөр, хүмүүс, үйл явдлуудын уур амьсгал өөр өөр тогтоцтой шиг байшингийн гадаа ч хэр харь , хэр өөр газар байсныг төсөөлж байна уу? Олон жилийн хир дагь болсон тосорхог зовлон, ядуугийн гоморхол шингэсэн тийм газар. Азаар гэрэлт өглөө эхэлчихсэн. Автобусны буудал олж чадахгүй бол яана аа.
Санаснаас амархан гараад ирлээ. Тэнгис гэсэн хаягтай автобус. Энэ эцсийн буудал байж таарна. Тэнгис хүртэл яваад тэндээсээ дамжина. Олон хүмүүс. Өглөө шүү дээ. Зүүд байна гэж тэр бүр таньж чадахааргүй, үнэмшилтэй шугамыг баримталдагт л зүүдний найруулагчийн ур чадвар байгаа шиг санагддаг.. Олонтой чихэлдэнэ.
(Энэ хэсгийг ярихаасаа ичсэн ч зүгээр л ярихаар шийдэв) Өндөр нуруутай хэдэн хөвгүүд ороод ирлээ. Хажууд зогсоо нэгнийх нь гар харагдаж байна. Хүмүүсийн гар хийгээд хөдөлгөөн нь ч өөрсдийн гэсэн царай төрхтэй. Тэр хүн автобусны бариулыг яаж атгадаг тэр л хөдөлгөөн нь өөрийн гэсэн хэлбэртэй бөгөөд ямар нэг байдлаар хэмжвэл тогтсон интерваль бүхий орон зайг хадгалж байхаар. Гагцхүү автобусны бариул атгасан байгаа байдлаараа л надад хангалттай танил дотно санагдаж болдог нь сонин шүү. Автобус огцом хөдлөхөд өнөөх танил гар миний тохойноос түшиж авлаа. Охид иймэрхүү зүйлд үнэндээ дуртай байдаг юм.
Зарим автобусны жолооч чихэлдсэн зоригчдоо жигд тархангуй байлгахын тулд огцом урагшлах хөдөлгөөнөөр хойшоо чигжиж авдаг. Хойшоо яваад өг гэж загнахаас хялбархан. Одоо энгийн аядуухан явж байна. Нөгөө гар миний тохойноос түшсэн хэвээрээ. Ямар нэг түвшинд хүрээд нормал түвшинд буцах ёстой инерцийн хууль шиг зүйл бидний дотор ажиллаж байдаг. Тэгж байж тэнцвэртэй алхана. Тийм учраас гарыг нь би тохойгоороо түлхлээ. Тавих шинжгүй. Өнөө танил гар аймшигтай болж хувирч байгааг ажиглаж байгаа байлгүй. Дээшээ царай руу нь харлаа. Хүний толгойны 3\1-тэй тэнцэх хэт жижиг толгойтой хүн байна. Юу мэдэрч байгааг минь төсөөлж байгаа байх. Аз дайрахад бүх зорчигчид автобуснаас буух хэрэгтэй боллоо. Тэр хөвгүүд түрүүлээд буусан юм. Өнөөх хэт жижиг толгойт над руу жигтэй инээгээд ямар нэг үг хэлсэн. Автобуснаас буугаад өөрийгөө тайвшруулж, өглөөний тунгалаг агаар амьсгалангаа одоо хаашаа, яаж явах тухай бодно. Яахаа мэдэхгүй байна гэдэг бол хар дарсан шинж мөн. Өвөл болж байхад ботинктойгоо гараад ирж. Гэхдээ куртиктэй болохоор хурдан алхвал даарахгүй. Хурдан алхах хэрэгтэй. Хөл даараагүй байна. Хөлөө тод сайн мэдэрч байна. Замын цемент дээр хөлөө хэрхэн гишгэж байгааг мэдэрч, харж байгаа хэр нь газраас хөндийрч эхлэв. Хөл минь жингүйдэж байна. Удаан үргэлжилж байгаа өнөөх хар дарсан зүүдний мэдрэмж. Биеийн бүх хэсэг хүчтэйгээр бадайрч маш хурдан дээшээ татагдаад хөөрчихдөг юм. Ярихад айхаар зүйлгүй боловч айснаасаа болоод зүүдэндээ хоолойныхоо хамгийн доод өнгөөр багалзуураа шахаж хашхирдаг. Тэгээд жинхэнээсээ хашхирсандаа цочоод сэрнэ. Хамгийн доод өнгө гэдэг бол миний тэр бүр ашиглаад байдаггүй бүдүүн, бөглүү дуу. Дээшээ хөөрснөөсөө биш тийм муухай дуугарснаасаа айгаад сэрдэг ч байж мэднэ.
Чи ойлгож байна уу. Нэг иймэрхүү зүүднүүд. Айдас бол царай нүүрээрээ тулаад ширтэж байгаа юм шиг цоргим, хачин тод зүйл.
Тэр санал нэг байна. Бас миний нэвтрэхийн аргагүй эмх замбараагүй өмнө байсан ба шинээр буй болж буй юмс үзэгдлийн тухай холбооснууд харцны нь цаана хөдөлгөөнд орж байна. Энд хэлэгдэж, яригдаж амжихгүй зүйлс хэчнээн олон бэ гэх бодол төрөхөд амьсгаа давхацана. Тэр миний бодож буй зүйлсийг ажиглаад мэдчихэж байгаа юм шиг санагдлаа.
-Чи зүүдэн дотроо сэрж үзсэн үү. Хоёр гурван давхар зүүднээс сэрж үзсэн үү?
-Үзсэн. Сэрчихлээ гэж хуурч тайвшруулж байгаад бүр аймшигтай зүйлүүдийг харуулдаг юм. Манай шүүгээ рүү авирч байгаа хоёр танихгүй хүнийг ч юм уу. Хэн гэдгийг нь ойлгохгүй байж байтал ахиад орилоод сэрнэ. Ямар ч зүйлийг олон дахин хийхээр туршлагатай болдог. Намайг зүүд гэж мэдэхгүй байх орчин бүрдүүлээд манай найзуудыг хамт байгаагаар харуулж хуурдаг санаатай гар шүү бас л. Тэгж байтал нэг найзын маань үс гэнэт л нүдэн дээр шагай хүртлээ урт ургачихна шүү дээ. Тэгэхээр нь зүүдэлж байгаагаа, тун удахгүй жингүйдээд дээшээ хөөрөөд хашхирна гэдгээ ч мэдчихэж байгаа юм. Олон янзын сэрэх оролдлого хийсэн ч одоо хүртэл амжилт олоогүй байна даа…
Харин тэр надад нэг охины тухай ярьж өгсөн юм. Хайрлах тухай. Түүний мэдээгүй байсан олон харанхуй гүн замыг гэрэлтэй болгосон тухай. Иймэрхүү зүйл түүний дотор байгаа гэдгийг би мэдэж байсан юм. Дурсамжийн нь гэрлээс болж анх хараад тэврэх сэн гэсэн хүсэл надад төрсөн ч юм билүү. Түүний яриа үргэлжилнэ. Хол бүдэгхэн боловч одод солонгын өнгөөр анивчсаар.
-Би одоо бол ямар нэг сайхан тохиол ойртож байгааг мэдрээд байх шиг байна. Гэхээр нь би сэтгэл догдолсон өнгөнөөс нь болгоомжлонгуй ингээд хэлчихсэн юм.
-Одоо битгий хамаагүй ярь. Өөртөө ч гэсэн ойрхон байгааг мэдсэнээ нууж бай. Чи мэдэрч байна уу? Биднийг ямар нэг зүйл чагнаж байдаг. Төлөвлөсөн ажил хэргээ хамаагүй ярьж болдоггүй, бүтдэггүй гэдэг. Цагаан хэл ам хүрэхээр ажил бүтдэггүй л гэцгээдэг. Бага сага ч болтугай мэдэрдэг ажигладаг болохоороо л тэгж байгаа байх. Чи анзаарахгүй байна уу. Хоёулыг нь ажиглаж байснаа өөрийнх нь тухай ярихаар дөхөж ирээд ойртож байгаа зүйлийг. Нүд чих нь тулаад ирж байгааг.
– Тийм байна…
Би ганцаараа байгаагаа анзаарлаа.”Тийм байна” гэдэг үгийн сүүлийн авиа нь чихнээс алдарч амжаагүй байна.
С.Энхчимэг
4. Бичээчийн дасгал: Чи хөдөө амьдардаг эгдүүтэй жижигхэн мангас. Чи ганцхан найзтай. Гэхдээ тэр хот руу нүүгээд удсан. Нэгэн Халловины баярын үдэшлэгийг ашиглаад найзтайгаа уулзахаар шийднэ.
Cайн уу. Би бол Мангаамаа. Та нар Мангас найзын маань талаар аль хэдийн сонссон байх л даа. Харин би бол алдартай биш ээ. 2-3 настай хүүхдүүдийн амнаас миний нэр хаяа нэг гарах үе бий л дээ. Гэхдээ ихэвчлэн найзын маань нэрийг дуудах гээд, арай чадахгүй болохоороо ийнхүү намайг дуудаж орхидог юм. Гэхдээ л гоё шүү. Миний найз бол жинхэнэ мундаг эр. Түүний нэрийг дуулаагүй хүн гэж бараг үгүй байх аа. Тэр ухаантай бас хүчирхэг мангаа. Өнөөдөр би удаан уулзаагүй найзтайгаа уулзах болно. Нар мандмагц л би харайн босож хот руу явах бэлтгэлээ базаалаа. Ер нь олон хоногийн өмнөөс бэлдсэн болохоор ядах зүйл байсангүй. Цүнх, найздаа өгөх хоёр гурилан чихэр. Халловины баярын гоёл болсон ганган нүдний шил. Ингээд л боллоо. Төрж өссөн хаднаасаа анх удаа хол явах гэж буй учраас гэрээ тойруулан харж, салах ёс гүйцэтгэлээ. Гэр маань ч “Сайн яваад ирээрэй хөөрхөн өө. Чи шүү” л гэж байх шиг байна. Нээрэн нүдний шилээ та нарт заавал танилцуулах хэрэгтэй. Энэ хээнцэр шилийг надад найз маань хотоос явуулсан. Маш гоё таван хошуу хэлбэртэй, ягаан хүрээтэй ногоон шил. Мөн найз маань миний захисны дагуу наадаг шигтгээ явуулсныг би өөрийн гараар дээр нь нааж чимэглэсэн юм даа. Шилээ зүүхээрээ жинхэнэ саак болсон байгаагаар би өөрийгөө мэдэрдэг. Бүх дэлхий ногоон, бүр ч илүү ногоон болж харагдана. Дэлхий ногоон байхад би дуртай. Гэхдээ одоо өвөл болох гэж байгаа учраас газар дэлхий, модод бүгд л манай гэр хад шиг маань өнгөтэй болчихсон. Хад ч давгүй өнгөтэй л дөө. Гэхдээ би ногоон байхад бага зэрэг дуртай. (Чишшшшшш! Үнэндээ бол маааш их дуртай.) Гэхдээ зүгээрээ. Энэ бүхнийг шилдэг нүдний шил маань шийднэ. Ингээд бэлэн болсон тул замдаа гарлаа. Замын унаанд суугаад, тэгээд алхаад, тэгээд унаанд суугаад дахиад алхсаар оройн алдад Улсын нийслэл Улаанбаатар хотод ирлээ дээ. Түм түчигнэж,, бум бужигнасан их хотод хөл тавилаа даа ингээд. Дажгүй шүү. Одоо харин ганц л зүйл үлдлээ. Найзыгаа яаж олж очих вэ. Хотын төвд найзын маань ажил бий. Тэнд очих автобусыг мэдэх хэрэгтэй. М2 гэсэн автобус ирж байхаар нь сууж орхилоо. Их л тансаг эд юм. Бодвол төв рүү явах нь лавтай. Мангааны зөн гэж байна даа. Буудлаа яаж мэдэж буух вэ гэж үү. Энэ нь их амархан. Утсаар ярьж байгаа хүмүүсийг чагнахад болно.
-Байна уу, талбай дээр бараг ирж байна. Түгжрэлтэй байна. За за, одоо буулаа. Буух гэж байна гэж дунд эргэм насны эрэгтэй уурлангуй хэллээ. Саарал куртик өмссөн байх агаад автобусны бариулаас барьсан зүүн гарынх нь суга нь бага зэрэг урагдан цоорчээ. Уранхайн завсраар дотор талын улбар шар даавуу ил гарч ирээд яг л хэлээ гаргаж байгаа ямар нэг амьтан аятай харагдана. Тэрийг анзаармагц би ч өөдөөс нь хэлээ гаргачхаад өөр тийшээ харав. Энэ хүний үгэнд итгэж болохгүй гэдэг нь суганаас нь илт. Дараа нь нэгэн эмэгтэй
– Миний хүү махаа гаргаж байгаарай, ээж нь удахгүй очлоо. 4 зам дээр явж байна. Хоёр буудлын дараа талбай дээр буугаад дамжина гэв. Аанхан ойлгомжтой. Хоёр буудлын дараа төв талбай дээр буух нь… Ингээд хүрээд ирлээ. 36 давхар барилгын 30 дахь давхарт найз маань бий. Их гоё, шилэн барилга байх аж. Энэ шилэн барилга дотор найз маань юу хийдэг вэ гэж үү? Би бүр хэлэхээс ч бахархмаар. Тэрээр нойр тайвшруулагч хийдэг юм. Хүмүүс Мангасын маань тухай сайнаар яриад байдаггүйг би мэднэ ээ. Гэхдээ тэр үүнийг ердөө тоодоггүй юм. Догь байгаа биз. Тэр ердөө ажлаа л сайн хийхийг хичээдэг. Хүүхдүүд орондоо орчхоод унтаж өгөхгүй байдаг даа. Энэ л үед Мангас маань хэн бүхэнд хэрэгтэй болдог. Ээж аавууд “Хадны мангаа, Мангас ирж байгаа шүү” гэж дурсахад л Мангас зүүд нойрыг хүүхдүүд рүү явуулдаг юм даа. Мангас ирж байлаа гээд аймшгийн зүүд зүүдэлж хонодог хүүхэд гэж ер байдаг болов уу даа. Хүмүүсийн цуу яриа, буруу ойлголт ч муухай зүйл шүү. Мангас ирж байна аа гэдэг нь нойр чинь удахгүй хүрнэ ээ гэсэн байхгүй юу даа. Зиа ингээд 30 давхарт ирлээ. Найз маань мишээн угтах агаад удаан уулзаагүй найзыгаа тэврээд авлаа. Хамгийн сайхан мэдрэмж. Энэ тэврэлтийг маш удаан хүлээсэн билээ. Мэдээж хоёр гурилан чихрээ өгөв. Тэгээд Мангас,
– Зиа явцгаая. Халловины үдэшлэгтээ бэлэн үү? гэв
– Бэлээн гээд би нүдний шилээ гаргаж ирж зүүлээ.
– Нээрэн чамд ажлын санал тавих санаатай байна.
– Ямар ажил?
– Зүүд инээдтэй болгогч…
Төгсөв. Үргэлжлэл бий…
Улаанаа
Leave a Reply