Press ESC to close

Усны ГудамжУсны Гудамж Бичээчийн Хөгжих Талбар

Нэгэн зүүдний тухайд

Халловины өдрийг тохиолдуулаад би нэгэн зүүдээ богино өгүүллэг болгон хүргэж байна. Тохирох нэр хараахан  олоогүй тул ийн ерөнхий нэрлэснийг болгоогоорой. 

“Үүнийг би зүүд гэдгийг цаг ямагт ухамсарлаж байснаа танд хэлэх нь зүй. Гэлээ гээд зүүдний ад жигтэй, аюумшигтай, жихүүдэс төрөм мэдрэмж сарних биш, би хаашаа ч зайлах арга үгүй  энд гацаж  орхисон байлаа. Энэ сүм зэтгэрийн гэмээр үнсэн саарал зузаан ханатай боловч дээд давхарт байгаа тэд, доод давхарт суугаа би ч тэр, хэн хэнийхээ юу хийж, ямаршуухан байр байдалтай байгааг нэгд нэгэнгүй мэдэрдэг. Би бол шилэн хоргонд байгаа загас. Тэд шалан дээр нүүрээ наагаад үзээрийн муухай нүдээрээ намайг ширтэнэ. Би ч мөчөөгөө өгөлгүй  өөдөөс нь харахыг хүсэвч сэтгэл минь хоригдсон торныхоо жаварт хайрагдан биеэ хумихуй харцаа буруулахгүй байж үл чадна. Эндээс мултрах арга байж л таарна. Хэзээ нэгэнтээ гарах л болно. Гагцхүү үүр цайх л хэрэгтэй…”

Нүднээ торох үүлгүй цэлмэг тэнгэр, харин зам харгуй бартаатайн дээр уул өөд өгсөж эхэлснээс хойш тийм гэхийн тэмдэггүй өвдөлт хэвлий гэдсэнд мэдрэгдээд байв. Хөтөч эмгэн рүү хуруу гараараа дохин байж балга усаар амаа чийглэлээ. Очихын мөрөөсөл болсон сүм халуун орны чийглэг, бүгчим агаарт нааш цааш нүүгээд байх шиг. Түрүүхэн баруунтаа харагдаж байснаа одоо цагийн зүүний эсрэг хөдлөөд улам цаашилчихаа юу гэмээр. Магад энэ замаараа хад чулуу, бартаа саадаа аялуулах маягтай явсаар дөхдөг л юм байгаа биз дээ. Манай хоёр байсхийгээд л хөл гараа зүслээ, хатгалаа гэлцээд гэрээсээ авч гарсан хэдэн шархны боолт сэлтээ барах янзтай. Хүний нутгийн байгаль сайхан ч занг нь танихгүй болохоор бас гэрэвших юм байна. Ядаж хатгуулсан ургамал, ногоогоо хортой хоргүй эсэхийг, яажшуу эмнэвэл болдгийг мэдэх ч юм биш. Эмгэн рүү хуруу зангавал шархалсан гар хурууг татаж нэг үзчихээд тоосон шинжгүй цааш яарна. Насаараа адгасаар биеийн хэлэмж нь хүртэл огцом, ширүүн, үг хэл нь зандчихаас өөргүй болжээ. Тийн хэдэн цаг зам хороовч дөхөх янзгүй. Хөтөч эмгэн жаргах наран зүг зааж, биднийг шавдуулав. Ойрхон газар буудаллах л бололтой. Шөнөөр сүм рүү, энэ ой шугуй дундуур зүглэнэ гэдэг санасны гарз биз дээ. Угаас цуцаж ядарсныг ч хэлэх үү хэн хүнгүй амрахын түүс болжээ.

Бид нэгэн сүрлэг модны ёроолд майхнаа босгоод ундалж авлаа. Голцуу бэлэн хүнсээр аргацааж явсан болохоор ногооны шөл хүртэл хамаг бие амрааж, дорхноо л нүд сүүмийх шинжтэй.  Эндэхийн моддын тоо  тэнгэрийн ододтой тэнцэх юм шиг санагдана. Хөтөч эмгэн алчуураа хямгадаж, гадуур хувцсандаа  баглаж дэрлэсэнд богинохон цагаан шингэн үс нь агаарт хөвнө. Түүнийг бараадан мод түшин суугаа Тунгаа ядрангуй мишээлээ. Би ч  юм хэлэхээс цааргалан “амар даа” гээд гар дохив. Замд гарснаас хойш хэд хоног овоо тэнхрэх шинжтэй болсон ч өнөөдөр Тунгаа байтугай миний ч тамир барагдам байлаа. Хэдэн жилийн өмнөөс л ийм болчихоод байгаа юм. Онош нь тогтоогдохгүй болохоор сэтгэлийн өвчин юм болов уу гээд олон мэргэжилтэнтэй уулзсан ч төдий л дээрдүүлж чадаагүй тул бид эцсийн сонголт гэж ийш зүглэсэн билээ. Бадрал эхнэрийнхээ турьхан гараас зөөлөн хөтлөөд майхныхаа зүг дагуулав. Харин эмгэнд угаас нимгэн дэвсгэрээс нь өөр зүйл хэрэггүй бололтой. Нөмрөх юм дөхүүлэх гэтэл дургүйлхэж ч байх шиг. Майхны үл ялиг онгорхой үүдээр сар тусна. Би дөрвөн мөчөө тэнийлгэмэгцээ л гүн нойрсов. 

Зүүд нойрон дунд нүүгэлтсэн амьтан цээжин дээр дэвхцэн байлаа. Ийм том амьтан асар хүнд байлтай. Гэтэл надад жин нь ер мэдрэгдэхгүй, гэхдээ үсрэх тоолонд нь дотор давчдан, амьсгал авахад улам тээртэй болно. Үсрэх  тоолонд хийн бөмбөлөг шиг, зантгар хүүхэлдэйнх шиг толгой нь бие рүүгээ улам шигдэн орж, тэгэх мөртөө нүүрэнд минь ойртсоор байлаа. Хагас сэрүүн ч юм шиг. Нэг мөр сэрэхийг, эсвээс нэг мөр хар дарахыг илүүд үзэх байна. Сүүлийн удаа үсрэхэд тавхай нь өрц рүү шигдээд орчих шиг боллоо. Нэгэнтээ чичигнэн нүдээ нээхүйд түүнтэй харц тулчихав. Гэхдээ яг ч дэргэд минь байсан гэхэд хэцүү. Өндийгөөд үүдээ нээж үзвэл сахлаг өвсөн дундуур зам татуулан түүнийг чирэн одож байлаа. Үс гэзэг нь бут сөөгөнд зууралдаж, чулуунд нидрүүлэх хэр нь Тунгаа нүдээ ер нээсэнгүй. Эмгэний үс харанхуй ойн цоорхойд гилбэсхийгээд далд оров. Бидний буудалласан газрыг тойруулаад хил зурчихжээ. Майхан руу нь шахайж үзвэл Бадрал унтаж байна. Би хамаг чадлаараа түүнийг сэгсчив. Айсандаа сульдаж гүйцжээ. Хоолой ч үл гарна. Гэвч гартаа таарсан юухан хээхнээр цохиж, хатгаж сэрээхийг оролдов. Хүчтэй цохихыг оролдох тусам улам сульдаж байлаа. Тэнхэл барагдаж, ганцаараа явах зориг ч хүрсэнгүй. Дэмий л нар хурдан мандаасай гэж үнэн сэтгэлээсээ залбирмагц сэрчихлээ. 

Тунгаа майхны үүд сөхөөд надад халуун савтай цай сунгав. Өглөөний чийглэг сайхан агаар хамарт сэнхийнэ. Хар дарсны маргааш сайхан амардаг ёсоор хамаг биеийн чилээ арилжээ. Тэнхээтэй, цоглог гэж жигтэйхэн. Ийнхүү бид явган аялж, хэдэнтээ шөнөөр хар дарж, эргээд амгалан сайхан өглөөг угтсаар ол хонолоо. Өнөөх сүм рүүгээ харин дөхсөнгүй. Эмгэнийг уг нь учир мэдэх хүн гэсэн сэн. Энэ хавийг арван хуруунаасаа илүү мэднэ гэцгээсэн. Гэтэл хэдэн модны л наана цаана гарч отоглоод байх шиг, гэвч тэр бүрийд хүн буудалласан шинжгүй, онгон дагшин газар ч ирчих шиг. Зарим шөнийн зүүдээ би тодхон санах ч заримыг нь  эс санана. Мөн эмгэнтэй хэл ойлголцохгүй болохоор дэмий л бухимдан гар хөлөө зангаж хэд хонолоо. Тэгсээр энэ төвөгтэй тойргоос салахын түүс болсон бид үгсэж хуйвалдаад эмгэнээс зам буруулахаар шийдэв. Энэ хөгшинтэй хөгшингүй нүднээ ил шахам харагдаад байгаа сүмээ олоод оччих байлгүй. Үүргэвчин дэх идэж уух зүйл ч барагдлаа. Гэлээ гээд алс холоос зорьж ирсэн газраасаа хоосон буцмааргүй санагдана. 

Үдэш болж, ахин нэгэнтээ отоглоод амрахаар хажуулсаны хойно эмгэнийг сахиж хэвтсэн би үүр шөнийн заагаар нөгөө хоёртоо дохиолов. Сарны гэрэлд сүмийн орой илээд авам ойрхон гялбалзана. Манай хоёр ч юмаа хам хум баглаад миний араас дагалаа. Байсхийгээд л хөл доогуур элдэв амьтан зурсхийн гүйгээд зам даган алдарна. Шөнийн харанхуйд эс танигдах олон амьтан дайжин, моддын мөчрөөс сүр сархийх далавчны чимээ сонсогдоод алсарч байлаа. Алхах бүрийд сүм бидний зүг гурван алхам ойртох шиг санагдаад, сэтгэл ч аяндаа хөнгөрч байв. Хачирхалтай нь түрүүхэн л үүр хаяарч байсан хэр нь нар мандсангүй. Бид явсаар эрт цагийн хийцтэй, цомхон боловч сэтгэл зориулан бүтээсэн нь илт хуучин сүмийн үүднээ ирлээ. Дээвэр нь хурц угалзарсан хэлбэртэй, үүд хаалга нь улаан шаргал, хана туурга нь үнсэн саарал өнгөөр ялгарна. Сүмийн ганжир дээр суугаа нэгэн шувуу биднийг угтах шиг нэгэнтээ их дуу гаргав. Үүд хаалгыг нь татан орлоо. Энэ мөчөөс эхлээд юмс яаж буруугаар эргэснийг би хэрхэн зураглах билээ. Гэнэтхэн харанхуй нөмрөн авч, лам хуварга нарын хүнгэнэсэн уншлага чихэнд хадаж эхлэв. Сүмийн  жижигхэн цонхны цаана эмгэн биднийг цоо ширтэн зогсож байв. Харин бидний өмнө Тунгаа, Бадрал бас миний өмхөрч муудаад удсан цогцос дээр дээрээ давхралдаатай байлаа. Гагцхүү энд ирсэн шигээ буцах зам байдаг бол…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

@Katen on Instagram
[instagram-feed feed=1]