Press ESC to close

Усны ГудамжУсны Гудамж Бичээчийн Хөгжих Талбар

Баба Яга ба Франкенштейний эх

Утга зохиол дахь чанга хүүхнүүдийн тухайд 

Халловин мэдээж феминизмийг өргөмжлөх өдөр биш л дээ. Гэхдээ ихэнх чөтгөр шулам, галзуу солиотой хүний дүр эмэгтэй байж таардаг учраас өнөөдөр энэ талаар бичмээр санагдлаа. 

Ар хаалгаа ой руу, ангайх хаалгаа над руу…

Утга зохиол дахь хамгийн алдартай, солиотой, чанга, эртний, аймаар гэхдээ бас танил дотно санагддаг эмэгтэй бол яах аргагүй Баба Яга. Баба нь мэдээж бабушка буюу эмээ, түүнчлэн үзмэрч, төлөгч гэх утгатай эртний үгсээс үүдэлтэй ч гэж үзэх хэдий ч яах аргагүй эм хүйсийг заасан утгатай. Харин Яга гэх үгний утга үндсийг нарийн тодруулахад хэцүү, гэхдээ тухайн эмэгтэйн хорон муу, ад зэтгэрийн талыг л тодруулах утгатай гэх ерөнхий баримжаа байдаг ажээ. 

За тэгэхээр ар ханаа ой руу, ангайх хаалгаа над руу харуулаад аль. Энэ эмгэний тухай юу өгүүлдэг талаар бүгдээрээ сонирхоцгооё. Тахиан хөлтэй байшинд амьдран суудаг л гэнэ, таазанд тулсан хамраа тавиур дээр тавьчихдаг гэнэ, тахир ясан хөлтэй л гэнэ хөөрхий бас ихээ ганцаардмал, бас бие даасан эмэгтэй гэнэ лээ. Мэргэ төлгийг ч харин буулгах шиг болно доо. Уулзмагцаа л заяа төөргийг чинь зураглаад хэлчихнэ тэр. Нүд нь юм үзэхгүй шахам, гэхдээ урт хамраараа хэр хүний үнэртэй хүн бэ гэдгийг чинь даруй оношлоод орхино. Аюултай байгаа биз? Хүүхэд иддэг л гэлцдэг. Гэхдээ түүний тухай үлгэр домогт үнэхээр идчихсэн тохиол үгүй. Тэр ихэвчлэн залуу охид, хөвгүүдэд тусалж, насны ханиа олох, түүнийхээ төлөө зориг зүрхээ хатамжлах замыг заана. Сайхан сэтгэлтэй нэгний үнэнч зүтгэл, хөдөлмөрийг нь алт мөнгөөр шагнах бол хар муу санаатай, залхуу хойрго нэгнийг хөнөөчихөө ч сийхгүй. Тэгэхээр тэр тийм ч яадгаа алдсан муухай эмгэн биш ээ, гагцхүү чи өөрөө сайн сайхнаа нотлон харуулах л чухал. Баба Ягатай үлгэр ихэвчлэн гэрлэлтээр төгсдөг. Тэгэхээр түүний тухай үлгэрүүд үнэндээ өсвөр залуу үеийнхэнд хөдөлмөр, сайхан сэтгэлийн үр шимийг таниулах үүрэгтэй, чухамдаа тухайн үеийнхээ “coming-of-age” буюу өсөж өндийж байгаа залуу хүмүүст сургамж, чиг болох зорилготой бүтээлүүдийн нэг байжээ. Баба Яга бас ганцаараа биш. Өөртэйгөө яг адилхан эгч дүүстэй. Тэд шидтэй, байгальтай нарийн нягт холбоо тогтоодог, байгалийг хайрлаж, бас ойд сайн хүмүүсийг аюулгүй зорчин өнгөрөхөд тусалдаг. Жишээлбэл бидний мэдэх “Үүлэн бор” үлгэрийн цоморлогт багтсан “Гэрэлт шонхор Финист” гэх үлгэр дээр Марьюшка хайрт Финисттэйгээ уулзахын тулд хэд хэдэн шулам эмгэний гэрээр өртөөлөн дамжиж, тэднээс зөвлөгөө аван, харанхуйн ойг аюулгүй гэтлэн давж байлаа. 

Манай эмээ бас алдартай. Түүний дүрээс санаа авсан бүтээлүүд тоймгүй олон. Жишээлбэл Миязаки Хаяао найруулагчийн алдарт “Spirited Away”-ын Юбаба, Жон Уик киноны Баба Яга, Нил Гейманы “Sandman” комикт ч мөн түүний дүр гарахын дээр оросын хөгжмийн урлагийн нэрт төлөөлөл Модест Мусоргскийн 1874 онд бичсэн “Pictures at an Exhibition” цомнолын ес дэх хэсэг нь “The Hut on Fowl’s Legs (Baba Yaga)” нэртэй ажээ.

Франкенштейний эх Мэри Шелли

Франкенштейнийг бичсэнээрээ шинжлэх ухааны сэдэвт уран зохиолын үндсийг тавьсан Мэри Шелли 1797 оны 8-р сарын 30-нд улс төрийн философич Уильям Годвин, зохиолч, философич, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагч Мэри Уоллстоункрафт нарын охин болж мэндэлсэн юм. Харамсалтай нь түүний ээж хүүхдээ төрүүлээд арван нэгэн хоногийн дараа таалал төгсжээ. Мэри анхны хүүхдээ тээж байсан арван найман насандаа Франкенштейн зохиолоо бичиж эхэлсэн юм. Хүндхэн амьдрал, эмгэнэлт хувь заяатай учирсан энэ эмэгтэй “Франкенштейн буюу Модерн Прометей” гэх зохиолдоо чухам юу өгүүлсэн болоод энэ дүр, өгүүлэмж он цагийг дамнан дэлхий даяар тархаж, олон янзын кино, жүжиг хэлбэрээр хүмүүст хүрснийг сонирхоцгооё.  

Юун түрүүнд Франкенштейн мангас биш, мангасыг бүтээсэн эрдэмтэн гэдгийг танд залруулан хэлэх байна. Олонх хүн энэ нэрийг эрдэмтний бүтээсэн мангас гэж эндүүрдэг боловч үнэндээ тэр мангас нь нэр ус ч үгүй билээ. Тэгвэл зохиолч яагаад Франкенштейн эрдэмтнийг Грек домгийн баатар Прометейтэй адилтган үзсэн хэрэг вэ? 

Прометей Гефестийн дархны зуухнаас гал хулгайлж хүмүүст өгсөн юм. Түүгээр ч тогтохгүй тоо тоолж, уншиж бичихийг зааж, эрдэм ном сургаж, төмөрлөг олборлох, боловсруулах, бух, морьдыг гаршуулах, дарвуулт онгоц, эм тан бүтээх гээд хүн төрөлхтөнд алив дэвшилтэт санааг нэвтрүүлсэн ачтай титан билээ. Гэвч тэр бас гал хулгайлан хүнд өгч Зевсийн буюу тэнгэрийн хүчний эсрэг тэрсэлсэн хэргээр яллагдан хадан хавцал дээр цовдлогдоод өдөр бүхэн цээжний махаа бүргэдэд зулгаалган тарчлах асар хүнд ялыг үүрсэн гэдэг. Шинжлэх ухааны тэнгэр ч гэгддэг Прометей хэдий эрэлхэг, аюумшиггүй зоригтон мөн боловч зуун зуунаар цовдлогдон шаналахын эрхэнд “Энэ тарчлал зовлон гэнэт ирээгүй билээ. Заяа тавилангийн хатуу зарлигаас зайлах аргагүй гэдгийг би мэдэж л байсан билээ. Би энэ зовлонг үүрэх ёстой байсан. Яалаа гэж тэр вэ? Их хишгийг би хүмүүст өгснийхөө төлөө би ийнхүү тэсвэрлэхийн аргагүй зовох ёстой, тэгээд энэ зовлонгоос зайлах аргагүй билээ. Ай юутай гаслан, юутай гаслан” хэмээнэ. Прометей Франкенштейн хоёрын зовлон яг энд огтлолцож буй юм. Франкенштейн сайн гэр бүлд өсөж, өндөр боловсрол эзэмшсэн залуу эрдэмтэн. “Бүтээгч”-ийн их хүчний учрыг тайлж, орчлон дээр махан биетэй бодгалийг шинжлэх ухаанаар бүтээх болно хэмээн өөрт, хүн төрөлхтний хүчинд эрдэнэ. Үнэн. Тэр бүтээсэн. Гэвч бүтээх нь гол биш, гагцхүү бүтээсэн тэрхүү аймшигт зүйлийнхээ өмнө хариуцлага хүлээж чадах эсэх нь чухал байсныг хожимдож ухаарсан болохоороо бүтээсэн зүйлийнхээ буулгад үхэн үхтлээ зовж тарчилна. Энэ бол үндсэндээ шинжлэх ухаан, хөгжил дэвшил бүхний өмнө тулгардаг хамгийн үндсэн асуудлын голыг онож хатгасан санаа. AI бидэнд хэрэгтэй, онцгой дэвшил мөн боловч бид AI-аас үүдэж болох элдэв эрсдлийг хэрхэн туулах билээ? Үйлдвэрлэл, хотжилт шинэ бөгөөд дэвшилттэй, хүнд эрх мэдлийг хамгийн ихээр мэдрүүлдэг орон зай мөн боловч үүнийг дагаад ар араасаа ундрах асуудал биднийг зовлонд хөтөлсөөр байгаа бус уу? Прометейг Зевс шийтгэснээрээ хорон муу дарангуйлагч шиг харагдсан боловч үүгээрээ “аливаа үйлдэлд хариуцлага зайлшгүй” гэдгийг илэрхийлсэн хэрэг. Шинжлэх ухаан хөгжихийн хэрээр хүн төрөлхтөнд тулгарч болох уг асуудлыг олж анзаарсан зохиолч Прометейн дүрийг өөрийн зохиолын баатартай адилтган сэтгэжээ. 

Одоо эргээд Мэригийн амьдралд анхаарал хандуулъя. Тэрээр албан ёсны боловсрол эзэмшээгүй боловч эцгийнхээ нөлөө, хүрээлэл дунд сурч хөгжжээ. Хойд эхтэйгээ таарамж муутай байсан тэр ээжийнхээ булшны дэргэд ном уншиж өнждөг байв. Арван зургаан насандаа эцгийнхээ улс төрийн үзэл баримтлалыг дэмжигч, залуу яруу найрагч Перси Бише Шеллитэй учирчээ. Тухайн үедээ Перси эхнэртэй байсан хэдий ч Мэритэй хайр сэтгэлийн холбоо тогтоож хүүхэдтэй болцгоосон. Гэвч хүүхэд нь төрөөд хэдхэн долоо хоногийн дараа энджээ. Тэд гадуурхагдаж, өрөнд унан, анхны хүүхдээ алдаж хүнд хэцүү хэдэн жилийг ардаа үджээ.  Персигийн эхнэр ч амиа хорлосон гэдэг. Тийнхүү 1816 онд албан ёсоор гэр бүл болжээ. Тэд дундаасаа дөрвөн хүүхэд төрүүлсэн боловч бага хүүхэд нь л амьд үлдэж, бусад нь нялхаараа эндсэн юм. Ганц хүүхдээ төрснөөс хэдхэн жилийн дараа буюу 1822 онд Перси далайн шуурганаар амь үрэгдсэн билээ. Мэри үлдсэн амьдралынхаа туршид нөхрийнхөө бүтээлүүдийг хэвлүүлэх гэж багагүй зүтгэл гаргасан байдаг. Перси далайд живсэн бөгөөд хэд хоногийн дараа цогцсыг нь олж, шатаасан хэдий ч зүрх нь шаталгүй үлдсэнийг Мэри насан туршдаа хадгалсан гэх яриа бий. Үнэхээр зүрх нь мөн эсэхийг тогтоогоогүй, магад зүрхний хатуурал мэтийн эрт үеийн өвчлөлөөс үүдээд галт шаталгүй үлдсэн байж болох, эсвээс бие цогцос нь далайд хэд хоног хөвсөн учраас элэг нь хатуураад галд шаталгүй үлдсэнийг Мэри зүрхийг нь хэмээн бодож хадгалсан байж болох зэргээр таамаглал дэвшүүлдэг ажээ. 

Зураг: Шеллигийн оршуулга – Луис Эдуард Фурниер

Луис Эдуард Фурнье "Шеллигийн оршуулга"

Сонирхуулахад хамгийн сүүлд Йоргос Лантимос найруулагч уг зохиолоос сэдэвлэн “Poor Things” киногоо бүтээж шуугиулсан. Тэгвэл Мексикийн нэрт найруулагч Гильермо дель Торо ч  Франкенштейн зохиолын улаан фанат ажээ. Энэ зохиолоор кино бүтээх хүсэл олон жил тээсэн гэнэ. Түүний хүсэл биелж, өдгөө киноны зураг авалт өндөрлөөд байгаа бөгөөд 2025 оны Халловины баярын үеэр цацагдах болов уу гэсэн тов дуулдаад байна. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

@Katen on Instagram
[instagram-feed feed=1]