Тун удахгүй арваннэгдүгээр сарын 12-нд энэ жилийн Бүүкерийн шагналтан зарлагдах билээ. Бүүкерийн шагналд зургаан зохиолчийн бүтээл нэр дэвшээд буй. Энэ удаа бичихээр шамдан суугаа залуу бичээч нартаа урам өгөх нэгэн сэдвийг хөндөж байна.
Уран бүтээлийн уншигчдад хүрэх зам үргэлж дардан байдаггүй. Хэвлэгдэхээсээ өмнө 20-оос цөөнгүй хэвлэлийн газраас татгалзсан хариу авч байсан хамгийн амжилттай номуудын түүхийг хүргэе.
Сүүлийн жилүүдэд нэгэн зүйл бараг тодорхой болоод буй. Бүүкерийн шагналт зохиол бүтээлийн амжилтын зам хэзээ ч шулуун байдаггүй. Урам хугарч, ухарч шантрам хол аяллын төгсгөлд Бүүкер тосон байдаг үзэгдэл бараг хэвшээд байна. Энэ дундаас хамгийн энхэл донхол түүхийн эзэн бол 2020 онд Бүүкерийн шагнал хүртсэн Дуглас Стюартын анхны роман болох Shuggie Bain юм.
Shuggie Bain хэвлэлтээс нийт 40 гаруй удаа буцаагдсан байна.
Дуглас Стюарт романаа АНУ-ын нийт 32, Британийн 12 хэвлэлийн компанид хэвлүүлэхээр хүсэлт гаргасан боловч бүгд татгалзсан байдаг. Эцэст нь Стюарт өөрийн номыг ойлгох хамгийн сайн редакторыг олж чадсан юм. Тэр бол Рави Мирчандани. Тэрээр Бүүкерийн шагналын богино жагсаалтад шалгаран үлдсэн зохиолч, амжилттай яваа хэвлэн нийтлэгч билээ. Мирчандани зохиолыг уншиж үзээд хэн унших вэ гэдэг асуултыг тавьсан гэдэг. Түүний хариулт бол ижил хүйстнүүд, ажилчин анги, нутгийн аялгатай хүмүүс зэрэг цөөнх бүлгийнхэн байсан юм.Энэ бол олон удаа татгалзсан хариу авсан гол шалтгаан буюу арилжааны зорилт хангах чадваргүй гэдэг хариулт байлаа. Ингээд ном хэвлүүлэх дэмжлэг хайж эхэлжээ. Редактор хүн ном хэвлэчихдэггүй шүү дээ. Гэхдээ тэд чадсан. Shuggie Bain 2020 онд Бүүкерийн шагнал хүртсэнээс хойш 18 сарын дотор дэлхийн даяар 1.5 сая хувь борлогджээ.
Удаах ээдрээт замнал туулсан бүтээл бол 2022 онд Бүүкерийн шагнал хүртсэн Шехан Карунатилакагийн “The Seven Moons of Maali Almeida” юм. Уг бүтээл нь 2020 онд Энэтхэгт “Chats with the Dead” нэрээр хэвлэгдсэн боловч амжилт олж чадаагүй.
Улмаар Шехан Карунатилака номоо Их Британийн зах зээлд гаргах оролдлого хийсэн боловч мөн л нийт 25 хэвлэн нийтлэгч түүнд татгалзсан хариу өгсөн байна.
Тэд татгалзах болсон шалтгаанаа барууны уншигчид Энэтхэг хэв маягийг хэрхэн хүлээж авах нь тодорхойгүй учраас хэвлэхгүй хэмээн тайлбарлаж байжээ. Шехан татгалзсан хариу сонсох бүрдээ сэтгэлээр маш их унаж байсан бөгөөд хэвлэх газар олддог л юм бол ямар ч шаардлага тавьсан хамаагүй хүлээж авахад бэлэн байсан гэдэг. Ингээд Sort of books гэх жижиг хэвлэлийн газрыг олсноор номоо хэвлүүлж байжээ. Шехан “Хэрэв том хэвлэлийн компани номыг маань хэвлэхийг зөвшөөрсөн бол хэвлэх хуваарь, дараалал, засвар гэсээр дор хаяж 2-3 жил зарцуулах байсан бөгөөд 2022 оны Бүүкерийн шагналыг хүртэж чадахгүй л байсан болов уу. Үнэндээ мөнгө санхүүг биш, гагцхүү уран бүтээлд маань итгэж чадах урам зоригийг хайж олох хэцүү байдаг” гэжээ.
Уран бүтээлийг таньж, итгэл хүлээлгэх хэвлэлийн газар олох нь зөвхөн одоо үеийн асуудал биш. 2000 оны эхээр Бидний сайн мэдэх “Life of Pi” роман ч мөн хэвлэгдэх эсэх нь тодорхойгүй байлаа. 2012 онд гарсан ижил нэрт киногоор нь та бүхэн таньж байгаа биз ээ.
Канадын зохиолч Янн Мартелын өмнөх номууд шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан боловч борлуулалт төдийлөн сайнгүй байлаа. Тийм ч учраас “Life of Pi”-г хэвлэхээс Лондоны бараг бүх хэвлэлийн газар татгалзсан ажээ.
Гэхдээ тухайн үед ууланд авирах тухай ном гаргадгаараа алдартай, том биш хэвлэлийн газар болох “Canongate” Мартелын номыг тун уриалгахнаар хүлээн авсан байна. Том хэвлэлийн газар биш тул Янн Мартелд маш бага хөлс санал болгосон байна. Мэдээж Мартелд өөр ямар ч арга байгаагүй гэдэг. Улмаар энэхүү бүтээл 2002 онд Бүүкерийн шагнал хүртсэн билээ.
Эх сурвалж: thebookerprize.com
Leave a Reply