Саманта Харви нь Бүүкерийн шагналд хоёр удаа нэр дэвшсэн билээ. 2009 онд анх The Wilderness зохиолоороо Бүүкерийн шагналын урт жагсаалтад орж байсан бол энэ удаа Orbital бүтээлээрээ Бүүкерийн шагнал хүртлээ. Саманта Харвигийн Orbital номынхоо талаар өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна.
Энэ цаг үеийн Виржиниа Вүүлф гэгдэж буй Саманта Харви нь 49 настай Британийн зохиолч, Бат Спа Их Сургуулийн туурвил зүйн багш. Түүний Wilderness ном нь Бүүкерийн жагсаалтад багтсан сэтгэцийн эмгэг асуудлын тухай хөндсөн анхны бүтээл билээ. Харин 2024 оны Бүүкерийн шагнал хүртээд буй бүтээлд гэр орноо алсаас харж буй дэлхийн иргэдийн тухай түүхийг өгүүлэх болно.
Orbital номыг бичихэд юу нөлөөлсөн бэ?
Ойрын хэдэн жил би сансраас дарсан дэлхийн зураг, дүрсийг үзэх дуртай болоод байсан юм л даа. Олон улсын сансар судлалын станцын камераар авсан дүрсүүдийг та ч үзэх боломжтой. Хэдэн сарын турш дэлхийн тойрог замаас онлайнаар өөрсөд рүүгээ хараад л байсан чинь эх дэлхийнхээ энэ гоо үзэсгэлэн хийгээд үгээр илэрхийлэх аргагүй ганцаардмал мэдрэмжийг дүрсэлмээр санагдсан. Гагцхүү үгээр энэ бүхнийг зураг дүрс шиг тод томруун илэрхийлж чадах болов уу гэж бодож байлаа. Романы маань зүрх цохилох хэрэгтэй байсан тул би сансрын нисэгчдийг оруулж ирсэн. Гэхдээ тэд эх дэлхийгээ алсаас харах зураглалын ердөө нэг хэсэг нь.
Та романаа хөл хорионд байхдаа бичсэн үү?
Би номынхоо эхний 5000 үгийг биччихээд байхдаа хөл хорионд орсон. Бараг л итгэл найдвараа алдаад байлаа. Яг тэр үедээ номтойгоо холбоотой баримт, дүрс, сансрын зургуудыг үзсэн юм. Цахилгаан гүйдэл бүх биеэр минь гүйх шиг болсон. Өмнөх номуудаа бичиж байхад хэзээ ч ийм мэдрэмж төрж байгаагүй юм. Тэгээд л үүнийг заавал үргэлжлүүлэх хэрэгтэй гэж бодсон. Энэ бол хөл хорионы үеэр бичихэд хамгийн тохиромжтой ном. Гэртээ байхдаа өдөр бүр очиж үзэх боломжтой өөр ямар газар байх билээ дээ?
Яагаад дотроо тийн зүрхшээнгүй хандаж байв?
Бид тухайн зүйлийг биеэр туулсан хүн л үнэнийг илэрхийлж чадна гэж итгэдэг эрэн үед амьдарч байна. Хувь тохиолын хачирхалтай гэмээр төөргөөр дараа сард нь би сансрын нисгэгч Тим Пиктэй радио ярилцлага хийхээр болсон байлаа. Би ухаан мадаггүй түгшиж байлаа. Хажууд нь Тим Пик байсаар атал Вилтширт амьдардаг жирийн нэгэн эмэгтэйн сансарт байвал ямархуу санагдах талаар бичсэн зүйлсийг хэн тоож сонирхох билээ? Хүний таван мэдрэхүйгээрээ хүртэж чадахгүй зүйлийг төсөөлөл нөхвөрлөх боломжтой гэдэг л үүний хариулт болж мэднэ. НАСА-д нисгэгчдийн сансарт байхдаа бичсэн үнэхээр сэтгэл булаам хэр нь яг нэг хэвийн загвартай зуу зуун бичвэр бий. Надад холбоос нь дутчих шиг санагдсан— метафизикийн холбоос гэх юм уу, яг миний хүссэн хэмжээнд буулгаж чадаагүй байгаа шидийн гэмээр тийм мэдрэмж дутагджээ гэж санагдсан.
Та үйл явдал төвтэй зөгнөлт зохиолоос өөр зүйл бичихийг зорьсон уу?
Би бусдын л адил харь гаргийн адал явдалд дуртай. Романаа ч зөгнөлт зохиолыг сөргүүлэн бичье гэж бодоогүй ээ. Гэхдээ зөгнөлт зохиолтой төстэй зүйл байхгүй гэж бодож байна. Бага багаар алдагдаж байгаа сансрын гоо сайхны тухай харж дурсан, дүрслэхийг хичээсэн. Энэ зөвхөн дэлхийн тухай биш, 23 жилийн дараа гэхэд цагт 17’500 миль хурдалж буй энэ хөлөг дэлхийн тойрох замаас гарна. Энэ хөлөг ч гэсэн тойрох замын маань гоо үзэсгэлэнгийн нэг хэсэг.
Та нойргүйдэлтэй холбоотой туршлагаасаа романд тусгасан уу?
24 цагт дэлхийг 16 удаа тойрч буй тухай бичихэд ямар ч цаг хугацааны баримжаагүй болдог. Ингэж нойргүйдэл маань надад цаг хугацааны баримжаагаа эвдэж бичихэд нөлөөлсөн шиг санагдсан. Бидний амьдарч буй цаг хугацаан доторх зүйлс үргэлж надад сонирхолтой санагддаг байсан юм. Роман гэдэг юуны ч тухай илэрхийлж болох уян хатан шинж чанартай учраас тэдгээрийг өгүүлж болохуйц байлаа. Урт хугацаанд нойргүйдэлтэй байх нь миний сэтгэх, ажиллах арга барилыг өөрчилсөн нь гарцаагүй. Orbital бол миний бусад зохиолуудаас богинохон, илүү хуваагдмал шинжтэй, тайван бус хэмнэлтэй роман. Би одоо бол хурдан, эрчимтэй хэмнэлтэй, импрессионист байдлаар бичдэг.
Зохиолын орноо ийм өөрөөр зохиомжлоход түлхэц болсон зүйл юу вэ?
Би өөрийгөө шинээр нээх гэж уйгагүй эрэлхийлдэг хүн шиг харагдаж мэднэ л дээ: “Сүүлд би 1491 онд үйл явдал нь өрнөдөг зохиол бичсэн, харин одоо би сансраас өөр хаашаа ч чиглэж чадахааргүй болж байна.” Гэхдээ нэг талаараа би бичих тутамдаа нөгөө л цаг хугацаа, хувь төөрөг гэх мэт зүйлд урьдаар төвлөрчихсөн байдаг шиг. Orbital-ыг бичиж байхдаа би шашин шүтлэгийн тухай ярихгүй юм шүү, ёстой тэгэхгүй дээ! гэж бодсон хэр нь ээ нэг л мэдэх нь ээ орчихсон байдаг байлаа. Сэтгэлгээнийхээ тогтолцоог эвдэхийг хүслээ ч 1490-ээд оны Сомерсетэд байна уу, эсвэл сэтгэцийн эрүүл бус төлөвт орсон эсэхээс үл хамааран би бол би л шүү дээ. Ийм өөр сэдэв рүү шилжсэн минь арай өөрөөр сэтгэх болов уу гэсэн найдлагаас л улбаатай байх.
Та философийн чиглэлээр сурсан. Энэ нь таны уран зохиолын хандлагад нөлөөлсөн үү?
Анх 18 настайдаа философийн чиглэлээр суралцах өргөдөл гаргах үед надаас ямар философи унших дуртай вэ гэж асууж билээ. Би Милан Кундерагийн “Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй” гэж хариулсан. Тэр багш “Хамгийн сайн чинь энэ юм биз дээ…” гэж билээ. Надад үнэхээр л философилог санагдсан юм! Би одоо ч Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй романд дуртай, философийн нэгэн хэлбэр гэж итгэж явдаг хэвээрээ. Философи бидэнд өдөр тутмын амьдралдаа бодож эргэцүүлж амждаггүй санааг илүү гүнзгий бодож үзэх боломж олгодог. Роман ч бас үүнтэй адил. Уран зохиол үйл явдал өгүүлэхдээ гол биш, бүтэн романы үйл явдлыг хүн бусдадаа хоёрхон минутын дотор хэлээд өгч болох л шүү дээ.
Та туурвил зүйн чиглэлээр хичээл заадаг. Оюутнууддаа ямар зөвлөгөө өгдөг вэ?
Миний санахын үгээр илэрхийлэхэд хэцүү зүйлсийг хэрхэн романы хэв загварт оруулах вэ гэдэг асуудал. “The Remains of the Day” бол хэлбэр, агуулгын уялдаа талаасаа төгс гэмээр бүтээл. Бас нэгэн жишээ нь Мэрилин Робинсоны “Home” зохиол.
Ахин дахин уншдаг зохиолч бий юу?
Санаанд буух өөр ямар ч зохиолчоос илүү би Вүүлфийн бүтээлийг таашаадаг. Orbitial-ыг далдуураа түүний “The Waves” зохиолын талаар бодон бодон бичсэн гэхгүй ч өгүүлэгчийн зохиолдоо уялдах, түүнээсээ алсрах хэв янз нь цаанаа л нэг төстэй тийм шинж ажиглагдаад байсан. Хэрэв түүний зохиолын нөлөө байгаа гэж үзвэл ухамсартайгаар хийсэн хэрэг биш юм шүү.
Та ямар ном бичихийг хүсдэг вэ?
Өсвөр насандаа А.С.Бяттын “Still Life” –ийг уншаад яг л ингэж бичих юм сан гэсэн бодол төрсөн. Би 20 настайдаа бичиж эхлээгүй байсан. Гэхдээ номын сан явж, ном хайх сонирхлын минь эхлэл тэр үе байсан. Гэрт маань үнэндээ ном байгаагүй ээ. Аав минь The Wilderness-ийг унших хүртлээ нэг ч ном уншиж байгаагүй юм шүү дээ.
Сүүлд уншсан сайн зохиолоо нэрлээч.
Бен Лернэрийн 10:04. Үнэхээр бишрэнгүй уншсан; миний бодож санаж явсан зүйлсээс 16 алдын цаадхыг олж харсан байсан. Үнэхээр их таалагдсан.
Leave a Reply