“Усны гудамж” сайт залуу бичээчдийнхээ бичвэрийг хүлээн авч, нийтэлж буй. Энэ удаад бидэнд бичвэрээ илгээсэн Моникагийн захидлыг хүргэж байна.
Сайн уу. Сайн сууж байна уу. Инээмсэглэл, амар амгалан чинь хэвээрээ биз дээ. Үггүй ойлголцдог тийм ойр бидэн өнөөдөр үг хэлэхийн ч эрхгүй хол хүмүүс болцгоожээ. Цаг хугацаа, орон зай гэхээсээ сайныг сайнаар нь, сайхныг сайхнаар нь дурсах чин хүсэл биднийг хагацаасан гэлтэй. Чи энэ захидлыг хэзээ ч уншихгүй, гэхдээ ингэж бичсэн, ийн бичигдсэн үгсийг ямархан нэгэн ид шид хөөрхөн зүрхэнд чинь хүргэх юм шиг санагдана. Чи минь надад нэгэнтээ оньсого таавар болжээ. Хөрст дэлхий дээр чи орчиж, бид учирч, тийм зурвасхан учрал ийм өнө урт дурдгатал үлдээсэн гэдэгт үнэмшимгүй санагдавч чиний бэлэглэсэн гэрлийг асааж явахын тулд итгэх хэрэгтэй. Гэвч чи минь мартахын аргагүй хэр нь итгэхийн аргагүй хүн шүү дээ.
Урьд би өр цээжнээ орших онцгой нэгэн орхин одохын цагт үлдээсэн мөр нь өвтгөн шаналгадаг гэдгийг баримжаалах төдий л байлаа. Учрал гэгч ерөөл, хагацал нь хараал мэт байх нь бий. Харин зарим учрал хараал, хагацал нь ерөөл мэт байх нь ч бий. Гэвч чи надад учрал, хагацал хоёул эртний сайхан ерөөл мэт байж болохыг үзүүлсэн. Би үүнд чинь талархнам. Чамайг над руу илгээсэн хорвоо, биднийг учруулсан зам харгуй, жаргал зовлон, нар сарнаа талархнам.
Амьдралын үймээн шуугианд анир чимээгүйг хүсэмжлэн явахдаа би бясалгагч байхыг хүсдэг байлаа. Өөрийгөө чагнаж, үймүүлж, үйрч явахдаа үйлдэж чадаагүй бясалгал, олж чадаагүй амар амгалан чиний дэргэд л намайг бүлээнээр тэврэн авсан билээ. Чи амар амгаланг бэлэглэгч эсвэл буй биеэрээ амар амгалан ч байсан мэт.
Шалзлам халуун, дагжим хүйтэн ч биш, чи ерөөс бүлээн хүн. Таалагдах гэж оролдох, сайн байхыг хичээх, зүрхээ хамгаалах гэж муу хүн шиг жүжих, ер чиний дэргэд би яах ч шаардлагагүй. Оршихуйнхаа үнэн мөн чанарыг зөнд нь орхиход л би чамд, чи надад хангалттай байлаа. Дотор хүүхдэд минь аюулгүй, тайван мэдрэмж төрж, өнө удаан эрсэн зүйлс минь энэ л юм шиг санагддаг сан. Чи тайвшрал, эдгэрэл, орон гэр, амар амгалан байлаа. Чиний дэргэд миний үзээгүй “Жинхэнэ би” байлаа. Одоо энэ бүхэн голын чулуу мэт цаг хугацаанд элэгдсээр дурсамжийн хэлтэрхий, мэдрэмжийн сэмэрхий болсон хэдий ч сэтгэлийг минь сайн сайхны дөлөөр гэрэлтүүлсээр л байна. Одоо намайг мартаж, дурсахаа байсан байх. Гэсэн ч ялгаагүй ээ. Чи бидний цаг хугацаа яг байрандаа, эртний үлгэр мэт амар сайхандаа жаргасан. Чи минь санагдах бүрдээ инээмсэглэл бэлэглэдэг тийм гэгээн зөнд хувилсан билээ.
Гэвч зарим өдөр намайг хөвөн үүл мэт саарал гуниг бүрхэн авах юм. Анхны цас ороход, бороо зөөлөн шиврэхэд. Учрал бүхэн хагацлаар дуусдаг нь арьсан дээрээ жижигхэн зүсэх мэт. Зүсүүлэх мэт. Буй бие минь бяцхан цагаан сорвиор дүүрсэн мэт. Амьдралыг зүсэгдэх газаргүй болтлоо зүсэгдэж туулна гэхээс эмээнэ. Гэхдээ чиний үлдээсэн сорвинд би хайртай. Миний дуртай чиний мишээл намайг хамгийн гүн зүсжээ. Энэ шархаа би имрэн имрэн сэдрээнэм. Эдгэсэн шархаа эмтлээд асгарсан цусаар нь сэтгэлээ зогоох нь миний ганцаардлын эм.
Энэ захидал ийм гунигтай болсон нь харамсалтай. Чамтай ярилцах хуруу инчдэхийн төдий амархан атал бид ярилцахгүй байгаа нь бүр ч харамсалтай. Би цаг хугацааг басамжилдаггүй байсан бол энэ захидлыг чи унших л байлаа. Гэвч бардам занг минь давах үг надад үлдээгүй. Чи биднийг учруулсан зам харгуй, жаргал зовлон, нар сарнаас л ийн гуйя. Түүнд тэврүүлмээр байгааг минь дамжуулж өгөөч. Бас даарч байна. Энд чамгүйгээр их хүйтэн байна. Хөл тавихын аргагүй олон хүмүүсийн дунд би хөлгүй ихээр ганцаардаад байна. Сүүлд уулзсан мөчдөө эргээд очвол ахин тэврүүлмээр, тэвэрмээр, тэгээд ер явуулмааргүй санагдана. Эртний сайхан үлгэр шиг амар сайхандаа жаргахгүй гэлээ ч хамаагүй, энд чиний тухай үлгэр л дутуу байна. Дурсамж дурдгатал биш дулаан илч чинь л хэрэгтэй байна. Би чамайг санаад байна. Санаад л байна. Санасаар л байна…
Чиний л дэргэд
Бясалгагч би
Чимээгүйн гүнд
Харцаараа энэрэгч чи
Цаг хугацааны зөрлөгт
Алдуурч одсон гэрлийн хэлтэрхий
Сайн сайхны үнэнд
Итгүүлж төөнөсөн дулаан хүн
Зүүд зөнд ч үлдэхгүйгээр
Үүрдийн тэртээд явчихсан
Үлдээч гэж гуйх шалтаггүй
Бүхнийг өгсөн гэгээн хүн
Leave a Reply