“Эрхийн мэргэн ба бусад эрсийн тухайд”
Тайз дэлгэцийн бүтээлд гардаг Цахиур Төмөр, Юндэн, Дэлгэр, Баяраа, Шагдар тэргүүт олон эрсийн дүр бидний сэтгэлд хоногшжээ. Тэд бол дайчин, хөдөлмөрч, уйгагүй зүтгэгч төдийгүй шархалж үзсэн, шаналж цөхөрсөн амьдралд хайртай дүрүүд. Товчхондоо ихэнх эрэгтэй дүр ханцуй шамлан асуудалтай нүүр тулдаг эрэмгий БААТАРЛАГ хэв шинжтэй билээ. Харин эдгээр ширүүн эрсийн эх хувилбар болох монгол ардын үлгэр дахь эрсийн талаар өнөөдөр ярих гэсэн юм.
Баатарт ч тусламж хэрэгтэй
Үлгэрт гардаг баатар эрс уулыг эргүүлж, усыг буцааж, нүцгэн гараараа дайснаа дарах чадалтай.
Жишээ нь: Долоон бурхан үүссэн тухай домгийн гойд чадалтай ах дүү долоон Шаазгай хааныг дарж авдаг бөгөөд тэдний дунд мэргэн харвадаг, тэнгэр чагнадаг, уул өргөдөг, зээр гүйцдэг, далайг ганцхан балгадаг ер бусын чадалтнууд бий.
Үүнтэй өгүүлэмжийн хувьд төстэй “Ёсгөлдэй өвгөний есөн хүү” гэж үлгэр бий.
Энэ хоёр үлгэрт монгол үлгэрт тэр бүр гардаггүй багаар ажиллах ухааныг дэлгэрэнгүй харуулсан байдаг. Ер бидний мэдэх ихэнх үлгэрт ганц гол дүр нь бүх үйл хэргийг оройлон гүйцэтгэсээр төгсдөг дөө. Харин энэ хоёр үлгэрт үйл явдал эсрэгээрээ өрнөж, багийн сэтгэлгээ, хүч чадлын зөв хуваарилалт эрэгтэй хүмүүсийн хамтач байдлыг маш тодоор тусгаж чадсан юм. Тэгэхээр дан ганц эр хүний бяр чадлыг онцлох бус эвсэн нэгдэж чадварыг нь ч харуулахыг зорьсон байна.
Бярын хүчээр нэгийг дийлнэ гэдэг дээ. Бяраас гадна ур ухаан аливаа юмны учрыг олоход хэрэгтэй. Эдгээр хүчит эрс дээр мэргэн ухаан нэмбэл арван таван толгойтой атгаалжин хар мангасыг гарцаагүй дийлнэ.
Тэгвэл энэ мэргэн ухаан хэнээс гардаг билээ? Мэдээж эмэгтэйчүүдээс…
Бидний мэдэх ихэнх үлгэрүүдэд гүнж, ухаалаг ачит охин бас юм юм үзэж үзэм буцалгаж уусан эмгэчүүл гол дүрийн баатартаа зорилгодоо хүрэх мэргэн ухааны гүүр барьж өгдөг.
Жишээ нь цэцэн бэрийн үлгэрт:
…За хөгшин! Маргааш танайд очно. Чи надад эр үхрийн сүүгээр элгэн тараг бүрээд тавь. Осолдвол толгойгүй гэж мэд! гэжээ. Өвгөн «Одоо яана ийнэ билээ»? гэж цөхрөн охиндоо очиж хааны зарлигийг хэлбэл охин нь:
— Тэр гайгүй. Аав та санаа бүү зов. Би аргалъя гэж гэнэ. Маргааш охин аавыгаа араг түшүүлэн нөмгөн суулгаж, хана хатавчаа манаж бөглөөд байж байтал хаан ирж «Нохой хорь!» гэсэнд хүүхэн гарч ирэн:
— Манайд морилж болдоггүй! гэв.
— Танайх хүн орж болдоггүй яасан юм бэ? гэж хааныг асуухад
— Манай аав нярайлсан гэжээ.
— Эр хүн нярайлж, хүүхэд гаргадаг юм уу? гэсэнд
— Эр үхрээс сүү гардаг юм уу гэж хүүхэн асуув.
Хаан үг дуугүй эргээд явжээ. Хаан «Яасан цэцэн хүүхэн бэ» гэж бодож мунхаг хүүдээ эхнэр болгож авч өгөв…
Мөн Өвгөн бар хоёр хэмээх үлгэрт:
Эрт урьд цагт эмгэн өвгөн хоёр хэдэн бор хоньтой амьдарч байжээ. Нэгэн өдөр өвгөн ойгоос түлээ авч байтал бар дайралдав. Бар хэлсэн нь: -Өвгөн гуай хоёулаа хүч чадлаа сорьё оо гэжээ. Өвгөн идүүлэхээс маш их айж: -Тэгье гэжээ. Бар: – Хаана хүчээ үзэх вэ? гэж асуулаа. Өвгөн: -Маргааш энэ ойд хүчээ үзье гэв.
Өвгөн гэртээ хариад энэ тухай эмгэндээ хэлж: -Одоо яадаг билээ? гэж асуув. Эмгэн хэлсэн нь: -Одоо очоод хэдэн мод дутуу хөрөөдчих, маргааш очоод тэр модоо түлхэж орхихгүй юу даа гэжээ.
Тэгээд маргааш өглөө нь бар, өвгөн хоёр хүчээ үзэхээр нөгөө ойд иржээ. Өвгөн: -Мод хуга түлхэж хүчээ үзье гэжээ. Барч зөвшөөрч гэнэ. Өвгөний түлхсэн мод тэв тэгшхэн хугарч унаж байхад барын түлхсэн мод тэгшхэн биш хугарч унаж байв…
Эндээс бид хэдий эр хүний чадал хүч дутавч бусдын тусламжтайгаар зорилгодоо хүрч болдгийн нэгэн жишээг харж байна.
Монгол ардын үлгэрээс бид хүч чадалтай эрсийн дүрийг олонтоо үздэг ч гэлээ чадал хүч дутахын цагт бусдаас тусламж хүсэх нь хэвийн зүйл гэдгийг ч ойлгож болох юм.
Ийм туслагч дүрийг дан ганц эмэгтэй хүнээр төсөөлж болохгүй. Ан амьтад ч баатруудад туслах нь олонтоо. Ийм дүрүүд туулай, үнэг, шувуу, оготно зэрэг амьтад байх бөгөөд ихэвчлэн бага балчир эрэгтэй хүүхдэд тусалдаг. Жишээ нь “Шуламсыг дарсан Бангүү хүү” хэмээх үлгэрт:
…Хаан Бангүү хүүг барьж авчруулаад эрдэнийн юмыг нь хурааж аваад хүүг шоронд хийжээ. Хүүг өлсөж турж үхэх гэж байхад нь нөгөө уснаас гаргасан оготнууд нь жимс хоол ундаар тэжээж, уснаас аварсан могой нь очиж хааны хүзүүгээр ороочхов…
Мөн “Гал улаан хаан” хэмээх үлгэрт:
…Хүү явсаар таван алтан улиасанд хүрч, тэндээ хоноглохоор хэвтэж байжээ. Гэтэл таван алтан улиасны дээрх үүрэн дээр хоёр шувуу ирээд
-Энэ хүүхэд төмөр мунын хугархайг авбал их сайн юм байна гэж нөгөө шувуутайгаа ярьж байна гэнэ…
Эрхий хуруугаа огтлоод, эр хүнээ байгаад…
Ихэнх үлгэр амар сайхандаа жаргаж эсвэл хундага тавилгүй архи ууж хутга тавилгүй мах идэж дуусдаг. Гэхдээ зарим нэг үлгэр тийм ч жаргалтай төгсдөггүй. Үүний сонгодог жишээ бол эрхий мэргэн. Тэгвэл энэ гунигт төгсгөлтэй түүхийг арай өөр өнцгөөс нь харъя.
Эрхий мэргэн бол харснаа харвадаг харваснаа онодог мэргэн. Түүнээс мэргэн харваач үгүй. Даанч түүнд нэг л зүйл дутжээ. Ухаан. Түүнд бүх нарыг харвах л чухал байсан болохоор орчлон мөнхийн харанхуйд автах аюулыг тооцсонгүй. Түүний урдуур өөрийгөө золин ниссэн хараацай л аврал болжээ. Гэхдээ гол асуудал нь түүний эго юм. Өөрөө ч мэдэлгүй орчлонг түнэр харанхуйд автуулах шахсан тэр тарвага болж, үлдсэн амьдарлаа нүхэнд өнгөрөөх тавилантай. Морь нь хүртэл “Харуй бүрийгээс өмнө хөөгөөд хараацайг гүйцэхгүй бол хөл мөчийг нь огтлоод хөдөө газар хаяарай. Би эмнэг морио байгаад энхэл донхол газар амьдрах болно” гэж эзэн шигээ даналзаж, асуудалд нэрмээс болоодохно. Ингээд тэд нэг мөр эгондоо дийлдчихлээ. Үлгэрт хүртэл хар бяраар биш ухаанаар асуудлыг шийдэх хэрэгтэй, эр хүн зөвхөн хүч чадлын бэлгэдэл биш гэдгийг харуулдаг байна.
Эцэст нь хэлэхэд:
Эрэгтэй хүн бүр адилгүй ч тэдний нийтлэг шинжийг үлгэр домогт хэрхэн дүрсэлдгийг харуулахыг хичээлээ. Хэдий үлгэр домог боловч агуулгаас нь дараах зүйлийг ажиглаж болно.
Хэрэгтэй цагтаа та бусдаас тусламж хүсэх учиртай. Эр хүн гэлээ ч ганцаар бүхнийг чадах, туулах аргагүй юм.
Эрхий мэргэний алдааг давтах шаардлагагүй шүү дээ
Өөртөө хатуу хандах хэрэггүй. Хүн алдаа гаргаж болно. Тэр болгонд та өөртөө хатуу хандаж өөртөө бүх буруу тохох нь өөрийгөө алдаж буйн илрэл. Эрхий мэргэн ихэрхүү зангаасаа болоод өөртөө хэчнээн хатуу хандлаа даа.
Эцсийн эцэст та зүрх сэтгэлтэй, уйлдаг, ядардаг, нулимстай хүн. Долоо дахь нарыг харваж унагах шаардлагагүй. Та заавал уул нурааж, ус эргүүлэх хэрэггүй. Хангалттай хичээж байгаа гэдгээ ямагт сана. Хэн нэгний хувьд та үргэлж баатар, хамгийн хайртай хүн нь билээ. БАЯРЛАЛАА
Leave a Reply