Хөхөгчин могой жил буюу 1905 оны 11-р сарын энэ өдөр бичгийн ухаанд шимтэгч хэн бүхний хайрлан хүндэтгэдэг эрхэм Б.Ринчен мэндэлжээ. Их хүний мэндэлсэн өдрийг тохиолдуулан шүлэг орчуулах эрдмийн талаар өгүүлсэн нэгэн шимтэй бичвэрийг нь та бүхэндээ өргөн барьж байна. Өдгөө бичээчийн ажил үнэ хүндгүй болсныг нуух юун. Монгол хүн болсон хойно монгол хэлээ зөнгөөрөө сурна, гагцхүү гадаад хэлийг судалбал амьдрал тэгшрэхээс монгол хэл гэдэг ер тусгүй мэтээр сэтгэдэг эх эцгийн гар дээр хүүхдүүд торнин буй. Гадаад хэлнээс орчуулагдах ном зохиол дотоодын зохиолчдын бүтээлийн тоо хэмжээг хэд хэд нугалдаг болоод удлаа. Ийн бид эд бараагаар тогтохгүй бичвэрийн хувьд ч “импортлогч орон” болжээ. Тэгвэл нэгэн сайн орчуулгын шүлгийн ард орчуулагчаас хэр ур дүй, боловсрол мэдлэг шаарддагийг, шаардах ч учиртайг уг бичвэрээс олж үзэх биз ээ.
Дөчөөд жилийн өмнө би оросоос ганц нэг шүлгийн орчуулга хийх гэж оролдож байлаа. Тэгэхдээ орос шүлгийн бүтцийн тухай мэддэг боловч монголоор орчуулахдаа ганцхан санааг нь л буулгахаас биш, цаад шүлэг зохиосон яруу найрагчийн шүлэглэлд, хэмжээ нь ямар байсан байна европ ёсны шүлэгт шад бүрийн төгсгөлийн үгийн сүүлийг холбодог эр эм холбоц гэх мэтийг монгол болгож орчуулахдаа монгол шүлэгт огт хамаагүй юм шиг, ер нь санааг нь л чадлынхаа хирээр аятайхан буулгахаас, бусад юм нь огт хамаагүй юм шиг боддог байлаа. Бусад гадаадын хэлээр шүлэг бараг үздэггүй, үзсэн ч сайхан шүлэг байна гэхээс ямар бүтэцтэй шүлэг байна, түүний нь бусад хэлэнд орчуулахдаа яаж орчуулдаг байна гэдгийг анзаардаггүй байж билээ. Тэгтлээ дэлхийд нэр гарсан шүлэглэлийг орос, герман, англи гурван хэлээр үзэхэд хэмжээ байдлыг нь яг хэвээр нь орчуулсан байхыг үзэвч монголоор бас чингэж болох юм ухаан санаанд ордоггүй байна.
Гучаад оны үеэс Хуушаан (Боржигон Нацагдоржийг бид Хуушаан гэж тэр үеийн монгол уншигч олонд их алдартай Жийдаан Хуушаан гэдэг архинд дуртай нэг зохиолын баатрын нэрээр нэрлэдэг юм сан) бид хоёр Шинжлэх ухааны хүрээлэнгийн дуун ухааны тасагт нэг тасалгаанд хоёулаа сууж ажиллахдаа, Пушкиныг орчуулж үзэхээр санаа нийлж үдшийн шөнөөр орчуулсан ганц нэг шүлгээ өглөө нь Хуушаан авчраад би орос эхийг нь барин, Хуушаан орчуулсан нооргоо, гартаа харандаа барин дуудаж, зарим мэдэхгүй үгээ онгорхой үлдээснийг нөхөн, энэ санаа нь арай буусангүй, тэр үг арай таарахгүй байна гэж өглөөний чимээгүйд жинхэнэ албан ажлаа эхлэхийн өмнө хагас цагийн буюу нэг мөчийн төдий ном нийлж суудаг асан. Хуушаан, европ шүлгийн зохион байгуулалтыг германаар мөн үзсэн тул, Брокхаусын герман товч нэвтэрхий толь дэргэдээ тавиад хэлэлцэж суухдаа бид, монголоор Пушкиныг орчуулахдаа уг орос шүлгийн хэмжээ байдал нь ямар болохыг шүүж, хоёулаа нэр томьёоны комиссын гишүүн боловч шүлгийн нэр томьёо шаардах хүн тэр үед гараагүй бөгөөд, хоёр биедээ түүнийг тогтоох хэрэг ч үгүй, орос герман аль ч аманд буюу санаанд орсон нэрээ хэрэглэн хэлэлцэхдээ, тэр хорей ямбын зэрэг европ шүлгийн хэмжээг монгол шүлэгт тааруулж болох уу, үгүй юү? гэж ярилцдаг байлаа. Чингэхдээ монгол үсгээр бичих, уншин дуудах хоёр зарим зүйлд нийцэхгүйд яаж тааруулж, европ шүлгийн хэмжээг зохицуулах вэ? гэдэгтээ хоёулаа арга ухааныг нь олдоггүй. Монгол шүлгийн тогтолцооны тухай дэлгэр нарийн шинжлэл байдаггүй. Монгол бичгийн шүлгийн тогтолцоог судалсан зүйл байхгүй. Монгол ардын аман зохиолын шүлгийн тогтолцоог судалсан зүйл бас байдаггүй. Өөрсдөө бид тэр үед судалж чадаагүй дэмий л сайхан шүлэг байна гэж утгын сонин, үгийн сайхан гоёыг нь мэдэвч, чухам юундаа тэр нь байна гэдгийг нарийн шинжиж чадаагүй. Хуушаан хэмжээг нь үгийн тоогоор тааруулах нь зүйтэй байх гэдэг асан. Тэгээд, үгийн тоогоор тааруулахдаа нүдээр үзэх бичигт үгийн урт богино нь бичигт ойролцоо харагдах үг сонгон бичдэг байлаа. Чингээд, уншин дуусахад, заримдаа бичсэн хэлбэрээс дуудах хэлбэр нь богино болж, ухагаа гэж бичсэнээ ухаан гэх мэтэд, тийм үг нэг мөр шүлэгт олон ороод, нөгөө мөрт тийм үг үгүй байлаа. Мөрийн урт богино адилгүй болдог байж билээ.
Хуушаан бид хоёрын анх шүлгийн учрыг нь олох гэж оролдож, орос хэлнээс Пушкины зэрэг яруу найрагчийн шүлэг орчуулан нийлж байсан тэр цагаас хойш гуч гаруй жил болж, энэ завсар орос хэл, бас бус зарим нэгэн европ хэлнээс шүлэг орчуулдаг хүн ч олон боллоо. Орчуулан гаргасан зүйл ч тэр үеийг бодвол их боллоо. Уншигч олон маань үнэхээр олон боллоо. Боловсрол нь ч нэмэгдлээ.
Зохиолын орчуулга бол, ямар уншигчид зориулсан байдаг юм бэ? гэвэл тэр зохиолын нь хэлээр нь буюу өөр нэгэн хэлэнд орчуулснаар нь уншиж чадахгүй уншигч хүнд мэддэг хэлээр нь буулган хөрвүүлж өгдөг зорилготой юм шүү дээ. Өөр хэлний зохиолыг гагцхүү өөрийнхөө эх хэлээр уншин үзэгчийн дунд янз бүрийн боловсролтой хүн байх нь түмэн зүй. Сая бичиг үсэгтэй болоод ном бүрээс сонин юм, урьд мэдээгүй юм олж үздэг уншигч ч бий. Өндөр боловсролтой их юм үзсэн хүн бий. Гэвч тэдгээр уншигч, гагцхүү өөрийнхөө эх хэлээр унших тул утгыг нь сонирхохоос цаад хэлэнд тэр сонин сайхан зохиол нь ямар байгааг, шүлгийн хэмжээ байдал зэргийн яруу найргийн онцлог нь юу байгааг мэдэхийн арга байдаггүй тул гагцхүү орчуулагчийн «Амаар будаа иддэг байна».
Олон улсын шүлэг зохиолыг монгол хэлэндээ буулгаж байгаа манай орчуулагч нар маань, одоогийн манай хөгжлийн энэ байдалд, дан ганц энгийн уншигч олныг үйлчлээд зогсохгүй, эх хэлнээсээ өөр хэл мэдэхгүй нэгэн хэсэг манай яруу найрагч нөхдийн мэдлэгийн хүрээг өргөжүүлж бусад улсын нэртэй сайхан уран бүтээлтэй танилцуулан сэтгэхүйн хүрээг нь өргөжүүлэх маш чухал үүргийг гүйцэтгэж байгаагаа бодох цаг боллоо шүү.
Өнөөдөр яруу найрагч болоогүй болох гэж дотор нь боловсорч яруу найрагч болох асан гэж хүсэн бодож явдаг ирээдүйн яруу найрагчийн дур сонирхол, уран авьяас, гоо зүй уран сайхны хүмүүжилд нь их чухал үүрэгтэйгээ бас давхар бодох цаг боллоо шүү! Түүнийг шүүн бодоод ирэхэд, өнөөдөр хүртэл хэрэглэсээр ирсэн орчуулгын маань дадсан хэдийн хэвшил болсон энэ гуч гаруй жилийн маань арга дадал цаашид хэвээрээ хэрэглэх арга дадал уу? Уншигч олны хөгжил шаардлагаас хоцрогдож байгаа арга болчхов уу гэж бодууштай болж ирлээ шүү! Дадсан замаараа, сурсан дуугаа дуулаад явах нь амар боловч, ашиг тус нь ямар байна, нөхөд орчуулагч минь? гэж бодохын хамт орчуулгаар маань гадаадын зохиол уншиж, амаар маань будаа иддэг уншигч олондоо цаад улсын яруу найраг шүлэг зохиолд байдаг аргын тухай хэлж өгвөл тус болох асан болов уу гэж европ зүгийн шүлгийн бүтэц байдлын гол зүйлээс энд дурдахыг хүснэм. Тэр европ зүгийн шүлгийн бүтэц зохиолын арга нь монголоор шүлэг бичихэд бас хэрэглэж болох бөгөөд, манай шүлгийн хэлбэр байдлыг баяжуулахад ч нэмэр болох зүйл гэж бодном.
Хориод жилийн өмнө шүлэг бичихдээ нэг мөр шүлгийг гурван зэрэг шатлан тасалж, шинэ маягаар бичдэг нэг зохиолчоос та шүлгээ ингэж бичихдээ ямар ухаантай байна? гэж сонирхон асууваас Маяковский тэгж бичдэг шүү дээ гэж хариулсан билээ. Тэгээд, цааш нь мохоон асуухад, нэг мөрийг хэд таслан шатлан бичихэд шүлэг болдог юм гэхэд нь сонинд гардаг зөвлөлтийн мэдээлэх товчооны шуурхай мэдээ аваад, тэгвэл таны тэр аргаар энэ мэдээг цөмийг нь шүлэг болгож орхиход тун амархан юм шив дээ.
“Зөвлөлтийн мэдээлэх товчооны
Фронтын шуурхай мэдээнээс”
гэвэл болчих юм байна шүү дээ! гэхэд Маяковскийн шүлгийн гаднах хэлбэрийг нүдээр үзэхэд шатлан цувуулсан байдал нь бичиг мэдэхгүй хүний нүдэнд ч гэсэн үзэгдэх боловч чингэж шатлан цувуулдагт нь орос хэлний зүй тогтоол, зөв дуудахуйн журам, орос хэлний өргөлтийн хуулийг Маяковский яруу найргийнхаа хэлбэр байдалд шинэ сонин аргаар хэрэглэсэн ухааны нь орос хэл уншин гадарлах төдийхөн идэвхгүй мэдлэгтээ хязгаарлагдсан учир сайтар ухаарч чадахгүй гагцхүү янагуух хэлбэрийг нь дуурайснаас шинэ хэлбэр нээлээ гэж бодож байсан түүний нь тэр гаднах хэлбэрийг нь зарим манай шүлэгчид дуурайсан бололтой гэж би зарим тийм маяг хэлбэрээр мөр таслан бичсэн шүлгийг үзэхдээ боддог болж зохиогчоос нь чингэж бичсэнийхээ ухаан онолыг нь асуумаар санагдаж, сэтгэлд сэв ордог боллоо.
Манайд Олег цэцний дуулал гэх мэтийн аятайхан мэт үзэгдэх шүлгийн орчуулга бий. Гэвч, олон улсын орчуулгын зарчмын үүднээс үзэхэд тийм орчуулгад цаад зохиогчийн санаа нь байхаас шүлгийн зохион байгуулалт, бүтэц нь байхгүй санаанаас бусад нь цөм орчуулагчийн өөрийн зохиол бөгөөд уг зохиолчид падгүй зүйл гэхэд үл болох газар үгүй.
Орчуулагчийн тэр үеийн орос хэлний мэдлэг нь утга санааг нь ухаарахаас цаашлаагүйн учир, орос шүлгийн ёс журмыг цаад зохиогчийн адил мэдэх хэмжээнд хүрээгүйн холбогдол үүнд бас байгаа хэрэг. Өнөөдөр бид яруу найргийг орчуулан монголчлоход орчин үеийн яруу найргийн орчуулгад тавьдаг шаардлагыг зуун хувиар тавих хэмжээндээ хүрсэн гэж бодох ёстой хөгжлийнхөө шатанд хэдийн хүрсэн байна.
Дэлхийд алдартай яруу найрагчийн уран бүтээл шүлгийг бид монгол уншигчдаа өргөн толилуулахдаа, орчин үеийн боловсон улсын тэр мэт зүйлд хэрэглэдэг бүхий л аргыг нэгэн адил хэрэглэх ёстой “цээндээ” хүрлээ Пушкинийг орос эхээс нь монгол болгохдоо, Хейнеэг германаас монгол болгохдоо Данте Аллигиерийн тэнгэрлэг жүжиг (оросоор Божественная комедия хэмээн орчуулжээ. Италиар Дивина комедиа хэмээмүү. Коммедиа гэдэг үг нь угтаа грек хэлнээс латин хэлэнд орсон үг. Монголчилбол яг “жүжиг” шиг үг, Франц хэлнээ XIV зууны үед Оресм гэдэг хүн анх комоди хэмээн латинаас, хэрэглэжээ. Орос хэлэнд XVIII зууны үед оржээ. Эртний грекийн Хомерийн Илиад, Одиссе зэргийн даян дэлхийд нэр гарсан шүлэглэл зохиолыг орчуулж монгол утга зохиолын санд орчуулахдаа манай орчуулагч нар эрдэм чадлаар олон улсын сайчуул орчуулагчтай мөр зэрэгцсэн байдлаа харуулж, олон улсын нэгэн адил, бас тэдгээр нэрт шүлгийн санаанаас нь гадна хэлбэрийг нь тэгэхдээ Маяковскийн шүлгийн хэлбэрийг гагцхүү нэг мөр шүлгийг гурав дөрөв тасалсны төдий янагуухийн байдлыг харсан үзэгдэл төдийхний хэлбэрээр бус, тэдгээр зохиолын хэлбэрийн чанар зорилтыг нь монгол хэлэндээ яг буулгах орчуулгын эрдэм эзэмших хэрэгтэй байна.
Шүлэглэл зохиолыг монгол болгохдоо, баян элбэг үгтэй зохиолыг монгол болгохдоо маш баян монгол хэлнийхээ үгсийн сангийн эрдэнээс цаад зохиолын сайхан үгтэй чадал санаа эн чацуу үг хэрэглэхээс гадна, бас уг зохиогч нь цаад хэлнийхээ үгийн сангаас сонгон хэрэглэсэн үг нь судрын хэлний үг байвал, монгол судрын хэлнээс түүнтэй дүйх сайхан үг сонгон олж, номын хэлнээс хэрэглэсэн үг байвал, монгол номын хэлний зохих үг шигшин шилэн сонгож хэрэглээд бичгийн хэлний үг хэрэглэсэн байвал монгол бичгийн хэлний үг хэрэглэж, хар үг хэрэглэсэн газар, мөн түүнтэй амт санаа дүйх хар үг тэнсэн олж хэрэглээд, эх зохиолын хуучин үгийг нь монгол хэлнийхээ хуучин үгээр тааруулаад уншигчийнхаа үгийг баяжуулан мэдлэгийг нь агуу болгохын үүднээс тайлбар зүүлт зүүх газар нь зүүн тайлбарлаж, оюуны нь амыг нээж өгөх хэрэгтэй байна. Энэ бол сайн зохиолчийн сайхан зохиолын санааг нь монгол уншигчдаа хүртээл болгохдоо, цаад уг зохиолч хүн, нэрд гарсан зохиолоо бичихдээ ямар зүйлийн үг хэрэглэж, тэр сэтгэлд ургасан санаагаа илэрхийлсэн байдлыг нь монгол орчуулгадаа толилуулах үүрэгтэй байна.
Шүлэг гэдэг зохиол бол бас үг найруулга нь ер жирийн үргэлжилсэн үгийн зохиолоос өөр тул, монгол уншигч олныхоо өмнө соёлын хариуцлага хүлээсэн шударга журамт орчуулагч хүн орчлон дэлхий нийтийн уран орчуулгын арга хэрэглэх үүрэгтэйгээ агшин зуур ч хэмээн үл умартах аваас биеийн алжаахыг үл бодон цаг хүчин үлэмжхэн орохыг үл хэмнэн, гагцхүү сайхан зохиолыг монгол болгохдоо зэрэмдэглэхгүйг нэнд хичээж, уг эх хэлнээ тэр шүлгийг ямар хэмжээ байдалтайгаар зохиосон бол, тэр бүхүй л байдлыг монгол хэлэндээ бас буулгаж уншигч олондоо тэр яруу найрагчийн сайхан зохиолын санааг нь сайхан үгээр нэвтрүүлэхийн хамт монгол орчуулгадаа монгол сайхан яруу гоё үгийг нь бас цаад зохиолд ямар байдал хэлбэртэйгээр найруулсанчлан найруулж, шүлгийн шад гэж шүлгийн нэгэн мөрийг нэрлэдэг юм нь хэдэн үеэр бүтсэн байвал монгол орчуулгад мөн тэр л үеийн тоотой яг ижил зохион байгуулалттай байх ёстой. Жишээ нь нэг шад арван үе, дараачийн шад найман үе, түүнийг дараачийн шад арван үе, дараах нь найман үе байвал, монгол орчуулгад тэр бадаг шүлэг бас л уг эх шүлгийн бадаг шадын хэмжээтэй яг адил байх хуультай. Тэр эх шүлгийн хэмжээнээс илүү дутуу байвал орчуулагч хүн эх зохиолд цаад яруу найрагчийн зориуд хичээж тааруулсан хэмжээ хэвийг эвдэж яруу найргийн нэг аргыг нь гээн хаяж, монгол уншигчдаа тэр нэг онцлогийг нь мэдэгдсэнгүй. Уран сайхны нь нэг хэлбэр байдлыг нь хаясан болно. Зураачаар жишээлбэл: ямар нэг нэртэй зураачийн зургийг хуулан буулгахдаа өнгө будгаас нь дур мэдэн хаясан лугаа адил зүйл болно.
Үеийн тоог шад бадагт нарийн буулгахад монгол хэлнээ үл болох зүйл, таарахгүй зүйл гэж байхгүй. Хүн төрөлхтний хэлний нэгэн адил хэл бөгөөд авьяас их билигт эртний их соёлын уламжлалт монгол ардын хэлний баялаг нь үнэхээр гайхан бахадмаар тул хэдэн мянган жилийн тэртээх грек латины одоо хүртэл европ түмнийг гайхуулдаг зохиолоос эхлэн орчин үеийн улс түмний ямар ч сайхан зохиолыг буулгахад хүний цээжинд л төрдөг, ухаан санаанд л ордог бодол хүсэл, эрэл эрмэлзэл бүхнийг баясах юманд магнай тэнийм хорсох юманд гол харламаар илэрхийлж чадах хэл шүү. Манай ардын сайхан хэл манай баялаг сайхан бичгийн хэл! Орчуулах эрдэм төгөлдөр орчуулагчийн авьяас дээр чадал мэдлэг, боловсрол л хэрэгтэй ажаамуу.
Үеийн тоо хэмжээг нь андахгүй буулгахад бас, уг эх зохиолд тэр тоо хэмжээ бүхий үеэр бүтсэн шад тутам өргөлттэй өргөлтгүй үеийн найруулга зохион байгуулалт ямар байна гэж судлан таньж шинжин олоод монгол хэлнээ түүний нь буулгах ёстой. Тэр үеийн зохион байгуулалт, өргөлт бүхий үе, өргөлтгүй үеийн дэс дараа нь ямар байгааг танин мэдэхдээ, тус тус хэмжээ нь европ зүгийн шүлэгт эртний латин шүлгийн хэмжээ уламжлалаар нэртэй болсон нь Грек латин соёлын хүрээний бүх улс түмэнд нэгэн адил хэрэглэдэг, үүнээ монгол олондоо тэдгээрийн нэр байгуулалтын тухай би дараа бичсүгэй. Үүнд орчуулагч хүн, тэдгээр шүлгийн хэмжээ найруулгыг монгол хэлнээ буулгахдаа өргөлттэй өргөлтгүй байдал нь, шад дотроо цаад эх шүлгийн яг дэсээр болгоход, монгол хэлний өргөлтийн байдал тохирч өгөхгүй нэг зүйлийн бэрхдэл тохиож бодох газар байж болно. Чингэхэд орчуулагч хүн даруй грек латин соёлын хүрээний улсын шүлгийн тэр хэмжлийг латин хэлний шүлэгт журам болсон аргыг хэрэглэн өргөлтийн оронд урт эгшиг, өргөлтгүй үед ерийн эгшигт үе хэрэглэвэл цаад эх зохиолын шүлэг болгон хэрэглэсэн хэмжээний зарчим журмыг ширхгийн зөрөөгүйгээр монгол хэлнээ буулган найруулж болох байна. Үүнд өргөлттэй үе буюу түүнтэй чанар нэг гэж үздэг урт эгшигт үеийг энд хэвлэлийн дөхмийг бодож (— ) ийм тэмдгээр тэмдэглээд өргөлтгүй үе буюу түүнтэй чанар нэг гэж шүлэг зүйд үздэг ерийн эгшигт үеийг х гэж тэмдэглэн нэгэн шүлгийг эх хэлэндээ ийм үеийн зохион байгуулалттай гэж үзвэл монгол болгож орчуулах хүн, түүний шад бадгийн зохион байгуулалтыг яг л тэр үеийн байдал зохиолтой адил болгон найруулж болох нь:
Европ зүгийн шүлэгт үгийн сүүлийг холбох үзэгдэл бий. Монгол шүлэгт толгой холбодог байна. Монгол орчуулгад европын сүүл холбосныг толгой холбож ч болно. Тэгэхдээ эх шүлгийн сүүл холбосон журмыг нь бас монгол уншигчдаа толилуулан уг яруу найрагчийн тэр холбох онцлогийг нь гээн хаялгүй, яруу найргийн бас нэг арга барил нь болох тул түүний нь үзүүлж, зохиолын онцлог сониныг нэвтрүүлэх хэрэгтэй. Жишээлбэл нэгдүгээр хоёрдугаар шад гуравдугаар дөрөвдүгээр шад холбоцтой бол түүний нь бас эвдэн өөрчилж болохгүй. Салаавчилж нэгдүгээр, гуравдугаар, хоёрдугаар, дөрөвдүгээр шад холбоцтой бол түүнийг үзүүлэн холбох ёстой. Хэрэв нэгдүгээр дөрөвдүгээр шад хоёрдугаар гуравдугаар шад холбоцтой бол, орчуулгадаа мөн нэгдүгээр, дөрөвдүгээр шадын толгой, хоёрдугаар гуравдугаар шадын толгой холбох зэргээр уг шүлгийн байдлыг үзүүлэх хэрэгтэй.
Шад дунд арван үеэр бүтсэн шад бол, дөрөвдүгээр шад, тавдугаар шадын хооронд цэглэж завсарлах цэглэл байдаг ёс бий. Тийм цэглэх цэглэлийг бас уудлан олж, монгол орчуулгадаа яг л тэр цэглэл байдаг газар нь цэглэх үүрэгтэй болно.
Шүлгийг орчуулсан орчуулгад энэ мэт байдлыг анхаарч эх зохиолын бүтэц байдлыг монгол орчуулгад тусган үзүүлэхийг оролдсон монгол орчуулга одоохон дээрээ өдрийн одноос цөөхөн байгаа нь яруу найргийн эдгээр онцлогийг цаад шүлэг зохиолд танихуйц сайнаар тухайн гадаад хэлийг эзэмшиж сурч чадаагүйн нэгэн зүйл, өөрийнхөө ард түмний сайхан хэлийг тийм хэмжээ зарчим хэрэглэх бүрэн бололцоотойг танихуйц сайн судлан эзэмшээгүй бас орчуулгахдаа аль л болох амар хялбархан биед зовлонгүйг гол болгож сурсны муу зуршил тэргүүтнээс болж ирсэн хэрэг. Одоо ардын соёл боловсрол нийгэм тэгш сайхан болж байхад үнэхээр учраа мэдсэн, одоо цагийн соёл боловсролын цээнд хүрсэн яруу найрагч орчуулагч хүн, урьдын боловсрол нимгэн орчуулагч нарын дадсан хэвшлийг соёл өрнөсөн цагт үргэлжлүүлж болохгүй болсныг мэдэж шадын шагналд дуртай орчуулагчинцрын дур зоригоор болгож болохгүйг хэвлэлд нь «редактор» гэж харь үгээр хачирхан сүр бадруулах дуртнууд эрхлэн гаргахдаа эрхэлсэн хүний хариуцлага уншигч олны өмнө бий гэж шүлгийн орчуулгад орчин үеийн цаг эринд зохилдсон бөгөөд одоо цагийн олон улс нийтийн журамлан хэрэглэдэг боловсон орчуулгын шаардлага тавьж сайн шүлгийг саар шүлгэнцэр болгож орчуулдаг замд хориглох тэмдэг босгож, ёстой яруу найргийн авьяастай өндөр боловсролт орчуулагчдыг эрэн хайж чадлыг нь улам нэмэгдүүлэхийг ч бодох цаг болж, эрдэм их чадалтай яруу найргийн авьяастай орчуулагч ч захаас аван замаас үргэлж байдаггүй тул, хайн олж, хайрлан хүмүүжүүлж, улсын наадамд, аймаг сумын ардууд дөрвөн хөлтэй болгоноо сойдоггүй, сонгон олж сорин шилж, эрийн гурван наадамд оруулдаг айргийн гавын тоонд хүрэх гэж мэрийдэгтэй адил, шүлгийн орчуулгад сэтгүүл хэвлэлийнхэн бас анхаарал тавьж сайн зохиол гутаан орчуулахгүйг хичээгүүштэй боловсролын хэмжээнд бид хэдийн хүрлээ шүү! Иймд уншигч олонд европ зүгийн шүлгийг монголоор орчуулахад, ямар ямар зохион байгуулалт хэмжээ журам байдгаас гол тоймтой хэдэн зүйлийг таниулах нь шүлгийн орчуулга үзээд, ямар шаардлага орчуулагчид тавих ёстой вэ? гэдгээ мэдэхэд нь хэрэгтэй бас муу орчуулгыг хаахын нэг зүйл болж нөгөө талаар монголоороо шүлэг бичих дуртай бөгөөд шүлэг яруу найргийг сонирхох хүнд хэрэг болъюу.
1972 онд хэвлэгдсэн “Орчуулах Эрдэм-1” эмхэтгэлээс.
Leave a Reply