Уран зохиолын бүтээлүүд өөрийн гэсэн өгүүлэмж, хүүрнэл, баатрууд хийгээд үйл явдал өрнөлөөс бүрэлдэж, зохиолчоос ангид, бие даасан, байж болох нэгэн ертөнц болон оршдог. Харин зохиолын бүтцийн тухай ойлголт тэрхүү ертөнцийг бүрдүүлэгч нь гагцхүү зохиолч өөрөө байдаг уу?, эсвэл өөр бусад хүчин зүйл оролцдог болов уу? гэсэн асуултыг дэвшүүлдэг.
Зохиол бүтээл дотроос зохиолч хувь өөрийгөө нээн, илэрхийлж, сэтгэл оюун санаагаа үгээрээ дамжуулан дэлгэн тавьдаг юм биш биз? Текстэн дундах зохиолчийн дуу хоолойг уншигч чагнах боломжтой юу?
Энэ асуултад орчин үеийн уран зохиолын судалгааны нэгэн сонирхолтой арга хариулт өгч чаддаг. Бичвэр төвт, бүтэц зүйн судалгааны арга болох “өгүүлэмжийн онол” (narratology)-ыг Г.Аюурзанын “Сахиуст хангийн нууц” роман дээр туршин ажиглаж үзэцгээе. Зохиол дотор олон янзын дуу хоолой харилцан хамаарч оршино. Энэ дуу хоолойнууд энгийн уншигчийн нүднээс далдаар зохиолыг бүрэлдүүлж байдаг эд ангиуд гэсэн үг юм. Тэгэхээр Сахиуст хангайн нууцыг эд ангиудаар нь задалж үзье. Уран зохиолын судалгааны “өгүүлэмжийн онол” нь зохиогч, өгүүлэгч, баатруудын хэл ярианы үүрэг, ялгараа тэдний дуу хоолойг:
- Зохиолчийн дуу хоолой, author’s panoramic survey
- Хөндлөнгийн өгүүлэгчийн дуу хоолой, dramatized narrator
- Баатрын дуу хоолой, dramatized mind
- Драм маягийн дуу хоолой, pure drama
гэсэн дөрвөн ангиллын зохиолд эзлэх хувь хэмжээ, зохион байгуулалт, бүтцэд гүйцэтгэх үүрэг зэргийг задлан шинжлэх үйл явц юм. Энэ дундаас зөвхөн Зохиолчийн дуу хоолойд хамаарах сонирхолтой бүтцийг авч үзвэл…
Зохиолчийн дуу хоолой, author’s panoramic survey:
“Author’s panoramic survey” буюу зохиолч өөрөө бүгдийг удирдан бүх мэдээллийг өөрийн баатруудын дээр зогсоод өгч байдаг маяг (Ч.Билигсайхан, 2003, хууд. 38) “Зохиолч өөрөө зохиолын хэрэг явдал руу орж, зохиолын үйл явдлыг далдаас зохицуулах, зохион байгуулагчийн байранд гарах явцдаа өөрийн үзэл бодол байр сууриа баатруудын ярианд санаатай болон санамсаргүйгээр шингээх үзэгдэл байдаг. Ийм маягийн зохиолчид хамаарах, хөндлөнгийн хүүрнэл хэсгүүдэд шингэсэн зохиолчийнх гэж танигдах байдал нь зохиолчийн дуу хоолойн маяг юм… баатруудын дуу хоолойноос ялгарч хүчтэй сонсогддог.” (Д.Галбаатар, 2012, хууд. 174)
Зохиолчийн дуу хоолойг ялган түүх явцад хэд хэдэн өөр арга маягаар илэрч байсныг анзаарч болно. Үүнд:
А. Баатруудын ярианд шингэсэн зохиолчийн дуу хоолой
Б. Баатруудын ярианаас ангид илэрсэн зохиолчийн дуу хоолой
В. Бүхнийг мэдэгч байр суурь бүхүй зохиогчийн дуу хоолойн хүүрнэл
Г. Зохиолчийн дуу хоолойны сэтгэлийн хөдөлгөөний өнгө аяс
А. Баатруудын ярианд шингэсэн зохиолчийн дуу хоолой
–“Ягаан хатны тухай дурсамж ч аль эртнээс бүтэж бүрэлдчихсэн оноол тавилан шүү дээ. Урьдаас оноогдсон барилдлага дундуураа туулж гатлаад сэтгэлд тань тунан үлдэх учиртай байсан зүйлдээ л та эзэмдүүлжээ. Мартагдах цаг заяа нь бүрдээгүй учраас л та бүрлээчийг дахин дахин дурсаад яваа хэрэг. Анагаах цаг ирэхэд энэ бүхэн эдгэнэ. Хувь заяа тань өөрөө анагаана.” (Сахиуст хангайн нууц, хууд. 29)\Өвгөн хамба\
-“Үүнийг надаас өөр хэн ч зүүдлэхгүй миний л зүүд болохоор тэр бүхэн миний л эзэмшил юм. Зүүдэндээ би бол би, өөр хэн ч биш. Зүүдэнд надад цочирдмоор үг хэлсэн хүн ч бас би өөрөө л биздээ. Миний зүүдэнд надтай ярилцсан учраас тэр ч бас би.” (Сахиуст хангайн нууц, хууд. 131) \Пүрэв гүн\
-“Зочи багш үхсэн ч би л зарим хэсгээрээ үхсэн явдал болж таарна. Ягаандарь үхсэн нь ч миний зүрх сэтгэлийн нэг үхсэн явдал. Тэгэхээр надад одоо өөрийн гэсэн юу амьд үлдсэн бол оо.” (Сахиуст хангайн нууц, хууд. 131) \Пүрэв гүн\
-“Үхэл ч бас бишрэл төрүүлэм ариун дээд зүйл ажээ. Хэрэв хамба багш минь амьд байсан бол, өөрөө надад үнэн учрыг айлдсан бол би бүрлээч багшдаа учиргүй их гомдож, бараг л миний амьдралын сүйрүүлчихсэн мэтээр санаж, нүгэл хураах байсан ч юм билүү? Хөөрхий бүрлээч багшийгаа би гомдоох байж шүү дээ! Тийм ээ ариун дээд зүйл юм.\Пүрэв гүн\
– “Бүх зүйл таацсан цаг хугацааныхаа эгшин амьсгалд л оршино. Цаг хугацаа бол заяа тавилан юм. Цаг заяа байваас хараал ч ерөөл болж аварна. Цаг заяа байваас ерөөл ч хүчгүйдэж болно. Надаас биш цаг хугацаанаас өөрөөс нь асуу. Хэрхэн асуухыг харин би зааж өгье”\Өвгөн хамба\ (Сахиуст хангайн нууц, хууд. 21)
Баатрын үг ярианд илэрсэн зохиолчийн дуу хоолойнд зохиолчийн эмэгтэй хүний тухай, зүүдний тухай, үхэл хийгээд амьдралын тухай бодол эргэцүүлэл баатрын хоолойгоор дамжин илэрч байна.
Б. Баатруудын ярианаас ангид илэрсэн зохиолчийн дуу хоолой
– Хууч гэдэг нь хуучирсан гэхээсээ илүү, ам дамжсаар хуудуу суусан яриа байдаг. Үнэхээр л ямар нэг хараал байгаад тэр нь гурван үе амсхийгээд л өндйисөн үү?Өндийсөн гэдэг нь хэрхэн мэдэгдсэн хэрэг вэ? Хараал арилсныг нотлох ямар нэгэн шинж тэмдэг үзэгдсэн үү? Ер хэн ч хар дарж болно, -зөнч ноёны зүүд бүр тэмдэг байсан хэмээн хэрэхэн батлах сан билээ дээ? (Сахиуст хангайн нууц, хууд. 11)
-“Өвгөн хамба тэр зуур ноёны өргөөнд сахиус шүтээний нь дунд залаатай байдаг лусын бухын үсний боодлыг задлан салхи үзүүлэнгээ Хөх нуурын тахилгын сан тавьж суув. Сангийн утаа тэнгэрт хүрдэг гэж үнэн шүү.” (Сахиуст хангайн нууц, хууд. 25)
– Дарх гэдэг угаасаа тэнгэр хангайтай л хамжиж бүтдэг ажил. Тэнгэр хангай нь юу юу ч бодуулсан юм билээ?
– “Хэрэв ижилхэн байсан бол Пүрэв гүн эцгийнхээ сүнсний өмнө нүгэл үйлдэн хатнаа сольж зүрхлэхгүй сэн. Аливаа хэцүү шийдвэр хүнийг ховсдоод өөрөө л гарчихдаг. Шийдэх ёстой хүн нь эргэлзэж алмайрах зуур хувь тавилан гэгч азнахыг үл мэдэн, өөрөө л хөтлөөд одогч буюу. Төдөлгүй Сайн ноён хан аймгийн занги, залангууд Улиастайд чуулж, Пүрэв гүний хувьд бүсгүйг босгон дээрээ аваачих далим гарсан юм. Нарбанчин гэгээнтэнтэй ахин зоолгох нүүргүй болж буйгаа ч юман чинээ санасангүй.”[1]
– “Шанз аятайхан дарчихдаг, зүрх гэгэлзтэл дуулдаг тэр бүсгүй Пүрэв гүнээр хуучир заалгахаар мөнөөх байшинд өөрөө ирэх болов. Хөгжим гэдэг угаасаа сэтгэлийг илбэдэх увдистай хойно доо. Бүсгүй хуучраа сурч базаасангүй, илбэдүүлсэн сэтгэлээ дагав.”[2]
– “Ягаандарь хатан хошуунд ирснээс хойш ховч хүмүүсийн нар гарчээ. Хэн нэгэн илүү төрөхөд сайн үг бус, саар үг илүүтэй дагадаг нь хорвоогийн ааш юм даа. Хүний сайхан гэгч нүдэнд ил зүйл. Гэвч илт тодорхой зүйлийг бишрэхийг хүсдэггүй, харин ч олж харахынхаа хэрээр учир шалтгаангүй хорсдог хүмүүс хэзээд олддог. Гоо үзэгслэн тэдний төсөөллөөс хэдий чинээ хол давуу, хэдий чинээ тодхон, хэдий чинээ ховорхон байна тэд төдий чинээ үл итгэн хардаж сэрдэнэ. Сайн сайхныг олж харах тусмаа л үзэн ядагчид мундахгүй.”[3]
– Хэнбугайн ч сониуч занг хөдөлгөм иймэрхүү этгээд ярианд хамаатуулахад Пүрэв гүний авчирсан шинэ хатан арай л хэтийдсэн гоо бүсгүй байлаа. Хэчнээн гутааж харууллаа ч гоо үзэсгэлэн гэдэг бохир буртаг нялзахааргүй дээгүүр зүйл шүү дээ. Эм хүн эгээ л үлгэр туульсдгадаг шиг үзэсгэлэнтэй төрж, болдгийг яг үнэндээ энэ хошууныхан анхны бөгөөп эцсийн удаа жинхнээсээ харсан нь энэ юм.
-“Гоо эмс жаргах гэж төрдөггүй.”[4]
Эдгээр жишээнүүдийн тодруулсан хэсэг нь зарим тохиолдолд хэн хаанаас өгүүлээд буй нь тодорхойгүй, үзэл бодол, эргэцүүлэл санаа зэргээр илэрч байдаг, эзэн биегүйчлэл \depersonalization\ уран бүтээлчийн хувь бодгаль чанар зохиол дахь эзэн биегүй дүр буюу уншигчдад мэдрэгдэх дүр хэн болох нь тодрохгүй саармагших үзэгдэл юм.
Харин дээрх жишээнүүдийн тодруулаагүй үлдсэн хүүрнэлийн хэсгийг дангаар зохиолчийн дуу хоолой гэж авч үзэхгүй бөгөөд өмнө нь дурдсан онолын тодорхойлолт ёсоор үүнийг зохиолчийн “үйл явдал өрнөлийг алсаас удирдан зохион байгуулж буй явц” хам орчин нь байна гэж үзнэ. Түүн дунд гарч ирсэн зохиолчийн үнэлэмж шингэсэн хэсгийг тодотгосон. Энд зохиолч үйл явц өрнөлийг алсаас удирдах тэрхүү явцдаа өөрийн дуу хоолойгоо илэрхийлж байгаа юм. Энэ бол зохиолчийн дуу хоолой мөн бөгөөд хэрэв хөндлөнгийн өгүүлэгч орж ирсэн тохиодолд зөвхөн шинэ баримт, түүхийг дурдах ёстой
В. Бүхнийг мэдэгч байр суурь бүхүй зохиогчийн дуу хоолойн хүүрнэл
-“Дархан хүн бурхан ухаантай гэдэг. Дарх мэддэг хүн бол энэ хутгаас эцгийнх нь амьсгалыг мэдрэх биз ээ. Даанч Пүрэв гүн эцгийнхээ гарын урыг ч, зөн увдисыг ч өвлөсөнгүй. Тиймээс төмрийн амь хэмээх тэр сонин үгийн учрыг ухаж ер бодсонгүй, басхүү цоожны давхар өргөсийг хэрхэн суулгасан хэт хутганы ганг хэрхэн хатаасан тухайд ч төдийдбн сонирхож байсангүй. Түүний хувьд энэ цоож, энэ хэт хутга хосгүй хийцээрээ бус эцгийнх нь дурсгал гэдгээрээ л үнэтэй. Тэр нь ч хангалттай бөгөөд тийм үнэ цэнийг өөр юутай ч харьцуулшгүй билээ.”[5]
-“Өөрийнхөө дотроос огт танихгүй хэн нэгнийг олж харсан нь энэ. Тэр үдшийг хүртэл өөрийг нь төлөөлж явсан дүрийг үл таних нэгэн гэнэт үл түрэмгийлээд үлдэн хөөчих шиг, тэр гэнэтийн этгээдээс дутаан буруулж, яваагаа хөндлөнгөөс хараад л өөрөөсөө эгнэгт хагацчих шиг болжээ.“[6]
-“Улиастайд цуутай гоо бүсгүйг баян хот хүрээнээс нь хулгайлахаар санаа шулуудсан явдал Пүрэв гүний амьдралд тохиосон дурсахад жаргалтай цорын ганц тэнэглэл билээ.”
-“Гэвч ямар нэгэн гайхамшгийг олж үзэх шиг сэтгэгдэлдээ хөөрсөн атлаа л Пүрэв гүний түгшүүрт сэтгэл тайтгараагүй. Энэ л олон жилийн туршид шүү. Эргэлзээ нь өнөө хэр арилаагүйд ч юм уу, өвгөн хамбын үгэнд бүрэн итгэж чадаагүйдэ гэмшиж чин сүсгээр даанч дулимхан төрсөндөө энэлж, шаналсаар яваа ажаам.”[7]
-“Тэгэхэд Пүрэвжав дотоод гүн рүүгээ живчихээд төмөр давтаж суугаа хүн бусадтай юугаа ч ярилцах билээ? Дархчуул ер нь дуу цөөтэй дотогшоо улс байх нь аргагүй ч юм уу даа гэж бодож билээ. Яг тэр бодол төрөх үед л эцгээ танихад хамгийн их ойртсон санагддаг.
-“Гэвч тийм чинад гүнээс түрэгдэж гарсан үгсийг ухаж ойлгоход төрөлх ухаан ч юм уу, буяны хөрөнгө ч юм уу, энэ насандаа хийж зүгширсэн богинохон дадал ч юм уу гарцаагүй л нэг зүйл дутсан даа. Хэийгээр эцгийнхээ хөөргөнөөс даралцаж, үзсэн нь цөөнгүй ч амин сүнсээ тавьдаг тэр л ажлыг нь төдийлөн сонирхоогүйдээ үргэлж гэмшдэг билээ. Харин төрсөн дүү нь ойр зуур юухан хээхэн датчихдаг л юм. Гэвч Дархан ноёны гарын ур үнэндээ удамшсангүй ээ. “[8]
-“Гэгээнтнийг хэлэхэхд Пүрэв гүний зүрх хэтэрхий чанга булгилаад тэнд суугсад цөм сонсчихоод өөр рүү нь гайхан харцгаах шиг болжээ.” (Сахиуст хангайн нууц, хууд. 55)
Зохиолчийн дуу хоолойны бүхнийг мэдэгчийн байр суурь бүхий дээрх хэсгүүд нь зохиолд голдуу баатрын дотоод сэтгэлийг илчлэн тайлбарлах үүргээр оролцож байгааг харж болно. Энэ нь ухамсрын урсгал гэж нэрлэгдэх ойлголттой холбогдох бөгөөд баатрын дотоод сэтгэлд болж буй хувирал хөдөлгөөнийг хажуугаас нь биш шууд мэдэх боломжийг олгож уншигчтай баатар хооронд шугаман харилцаа тогтоож байдаг аж. Зохиолчийн дуу хоолойны энэ хэсэг уншигчийг бүхнийг мэдэгчийн байр сууринд аваачиж зохиолын бичвэрийг уншигчтай холбох гол үүргийг гүйцэтгэж байдаг байна.
-“Тэгэхээр хэн хэнийх нь хоолойгоор тарнийн үнстэй архи давсан нь тодорхой.” (Сахиуст хангайн нууц, хууд. 17)
Бүхнийг мэдэгч байр суурь бүхий зохиолчийн дуу хоолойн энэ хэсэгт зарим үед зохиолчийн ажиглагч шинж ил гарч байдаг. Энэ бол зохиолчийн дуу хоолой бөгөөд зохиолч өөрөө үйл явдалд оролцон мэдээллэхээс гадна хажуугаас нь ажиглах байдлаар мэдээллийг олж аван түүнийг уншигчдад дамжуулсанаар уншигч зохиолыг хажуугаас нь өөрөө ажиглах мэдрэмжийг авах боломжийг олгож байдаг.
“Хүүрнэгчийн бүхнийг мэдэхүй ба хүүрнэл хаа сайгүй оршихуйн зарчим” (Өгүүлэмжийн хэв шинжийн судлал. 483) ёсоор зохиолч бүхнийг мэдэгчийн байр сууринд илэрч байна.
Г. Зохиолчийн дуу хоолойны сэтгэлийн хөдөлгөөний өнгө аяс
-“Үүр гийж байхад хүүг олцгоолоо. Хүний чимээнээр боохойдайжсан ч юмдаг уу, чонын рүүрэнд гав ганцаараа нам тайван унтаж байв. Хамгийн хачирхалтай нь жаахан хүүхэд бүү хэл нас биед хүрсэн хүн ч авираад хүрчихэж чадахааргүй бэрх өндөрт, араатнаасөөр амьтан шагайхааргүй хонгил агуйд аж очсон нь оньсого мэт хэвээр үлдсэн юм. \хачирхсан өнгө аяс\
-“Өөлд бөөгийн хараалын тухай яриаг яагаад ч юм бэ мартдаггүй асан эцэг нь хар зөнгөөрөө аргалж чаргалж, халзан Хангайнхаа уулс бүхний эзэн савдагт даатгасны л хүч биз.”[9] \таамаглал\
-“Юутай ч өөрийнхөө амьдралыг тэгш дүүрэн байлгах гэж эцэг нь мөн ч хичээсэн дээ хөөрхий.”[10]\хөөрхийлсөн\
-“Хуур байсан сан бол ганц хоёр татлага татаад л, тэдний хооронд юу ч үүсэлгүй найр өндөрлөчих байсан ч юм бил үү. Гэтэл гайтай юм шиг ятга хуучир хоёр орж ирцгээв.” [11]
-“Ээ хөглөг хангай минь! Тэр бүсгүй яаж дуулсан гээч!”\гайхан биширсэн догдолсон өнгө аяс\
Хөндлөнгийн өгүүлэгчийн дуу хоолойны хүүрнэлийн хэсэгт зохиолчийн дуу хоолой гарч ирж байгааг батлах нэг жишээ бол зохиолчийн сэтгэлийн хөдөлгөөний өнгө аяс буюу баймж хандлага илэрч буй эдгээр хэсгүүд юм. Хачирхсан, таамаглан барагцаалсан, харамсан халагласан, гайхан биширсэн сэтгэлийн өнгө аяс нь зохиолчийн дуу хоолой хэмээн танигдахуйц тод сонсогдолж байх бөгөөд бүгд хөндлөнгийн өгүүлэгчийн дуу хоолой илрэх явцад түүн дотор давхар тохиолдож байна.
Энэхүү Сахиуст хангайн нууц романд илрэх өгүүлэмжийн онолын онцлог нь зохиолын хувьд Г.Аюурзанын зохиол бүтээлийн өгүүлэмжийн онцлогийг төлөөлж болох бөгөөд бидний ажигласан нарратологийн зарим тогтмол нь бусад хүүрнэл зохиол дээр хэрэгжих боломжтой гэж үзэж байна.
[1] Г.Аюурзана, Сахиуст хангайн нууц”Уб., 2017. 56-р тал
[2] Г.Аюурзана, Сахиуст хангайн нууц”Уб., 2017. 56-р тал
[3] Г.Аюурзана, Сахиуст хангайн нууц”Уб., 2017. 57-р тал
[4] Г.Аюурзана, Сахиуст хангайн нууц”Уб., 2017.93-р тал
[5] Г.Аюурзана, Сахиуст хангайн нууц”Уб., 2017. 56-р тал
[6] Г.Аюурзана, Сахиуст хангайн нууц”Уб., 2017. 14-р тал
[7] Г.Аюурзана, Сахиуст хангайн нууц”Уб., 2017.22-р тал
[8] Г.Аюурзана, Сахиуст хангайн нууц”Уб., 2017.53-р тал
[9] Г.Аюурзана, Сахиуст хангайн нууц”Уб., 2017. 12-р тал
[11] Г.Аюурзана, Сахиуст хангайн нууц”Уб., 2017. 14-р тал
Leave a Reply