Press ESC to close

Усны ГудамжУсны Гудамж Бичээчийн Хөгжих Талбар

Элсний нулимс: Аварга өтөнд залгиулсан “Шидэт Реализм”

Ид шидийн ертөнцдөө хоригдон үлдсэн жаалууд буюу ид шидийг эрэн бидэгч уран бүтээлчид ээ. Хэн хүнгүй л шидтэн болохыг үнэн голоосоо мөрөөддөг биш үү? Гэвч зоргоороо бүтээчих хэрэг биш бололтой. Энд өгүүлэх Х.Дуламсүрэн зохиолчтой “Элсний нулимс” гэх ном нүүрэн дээрээ “Шидэт реализм” гэдгээ тунхаглажээ. Даанч дэлгээд үзвэл эргэлзээтэй юм бишгүй байна. Шидэт реализм, уран зөгнөл хоёрын ялгаа юу вэ?

Жишээ А: Нэгэн охин цагтай туулайг даган нүх рүү яваад орчихлоо. Тийнхүү тэр өсөж төрсөн нутгаасаа тэс ондоо газарт очиж, адал явдалтай учирна. Түүнд мэдэхгүй зүйл үй түмэн. Энэ бяцхан охин, өөрийнх нь тухай уншиж буй хүүхэд залуусын хамт шинэ ертөнцтэй танилцаж байна. Энэ тохиолдолд зохиолын дүрслэл баатруудын гадаад төрх, үйл явдал өрнөж буй газар орны шинэ сонин зүйлд төвлөрнө. Үйл явдал нь гол баатрын хувьд ч танил бус. Тиймээс дасан зохицох, шинэхэн танилуудаараа замчлуулан туслуулах зайлшгүй шаардлагатай.

Жишээ Б: Агуу гүрний их хаан байжээ. Тэр хаан үй түмэн хатад, тоолж баршгүй олон татвар эмстэй аж. Гэвч тэдэнд үнэн сэтгэлээ зориулсангүй. Гагц өөрийн төсөөллөөс үүтгэсэн хатнаа хэн хүнээс илүү дээдэлнэ. Хааны ордонд байгаа бүхий л хүнээс илүү бодит оршихуйтай хэр нь биегүй тэр л хатандаа итгэдэг хаан. Энэ тохиолдолд дүрслэл гадаад ертөнцтэй ер холбогдохгүй. Ид шид хаашаа чиглэх вэ гэвэл баатрын дотоод ертөнц рүү хандана. Ид шид нь үйл явдал өрнөж буй орныг чимэглэх үүрэгтэй биш. Харин энэ шидийн явдал гол баатарт хэрхэн хамаарах вэ? Ямар учраас түүнд ийм зүйл тохиолдоно вэ гэдэг чухал. Тэгэхээр энэ бол хатны тухай түүх биш. Харин төсөөллийн найзтай шоовдор хүүхэд шиг хаан өөртөө хатан бүтээж авсан хэрэг. Магадгүй энэ хатан бол түүний хоосрол, ганцаардал хийгээд хэнд ч итгэх аргагүй болсон амьдралыг бэлгэдэж байж болох. Үйл явдал өрнөж буй газар орон нь уншигчдын хувьд тун танил, бодит ахуй нь байна. Түүнчлэн баатрууд нь болж буй шидийн зүйлсийг амьдралынхаа нэгээхэн хэсэг болгон хүлээн авдаг.
Тийм ээ, А бол уран зөгнөл. Харин Б нь шидэт реализм. Ид шидийн дүрслэлийг цөцгий, реализмыг талх гэвэл шидэт реализм нь цөцгийтэй талх. Харин уран зөгнөл нь дээрээ талхны үйрмэг цацсан цөцгий бололтой. Гол нь уран зөгнөлт зохиолын энэ ид шидийн асуудал нь үйл явдалдаа маш чухал үүрэгтэй байдаг. Харин шидэт реализмын дүрслэл нь голдуу л баатрын дотоод нөхцөл байдалд уялдах шинжтэй хэр нь үйл явдалдаа тийм ч зонхилох үүрэгтэй биш. Энэ бүхэн манай уран зохиолын уламжлалаас хол хөндий эд гэж үү? Шидэт реализмын гол хэрэглүүр болох ихэсгэл, хэтрүүллийг бид үлгэр домгоос бишгүй л уншиж өссөн.
Хэрэв та дүрслэлийг нь ажиглаад үзвэл оргүй зохиомол юм шиг санагдахгүй. Зүгээр л нэлээд давсалчихсан байдаг. Бид нэгэндээ хов ярихдаа хүртэл ингэж л давсалдаг биш үү?
Гэтэл шидэт реализм бичье дээ гэж зориглоод ширээнийхээ ард суучихаараа л бишдээд байх шиг. Баатартайгаа нягт холбогдох учиртай шидэт реалист зохиол нь гол дүрээ ч олигтой урласангүй. Аварга өттэй тэмцэлдэж, үлгэрийн орныг аврах гээд л…
 
Зохиолд 18 насны төрсөн өдрөөрөө эмээгээсээ шидэт судар өвлөн аваад, үл таних хотыг аварга өтнүүдээс чөлөөлж, бүхнийг анагаагч элсний нулимсыг олох үүрэгтэй Могула охин гарна. Могула бол хөх могойн сүнсийг авч төрсөн. Нэг ёсондоо хүн-могой гэсэн үг. За тэгэхээр хүмүүс ээ, хүн-могой болохын тулд та могой жилтэй, хацар дээрээ могойн дүрстэй мэнгэтэй байхад л болно доо. Аан бас ном их унших хэрэгтэй. Өөр онцын ур чадвар ер хэрэггүй. Арван найм хүрмэгц л эмээгийн чинь өгсөн шидэт судар гараад ирнэ. Ирээдүйн хаант улсаас Инал гээд залуу хүрээд ирнэ. Тэр ер нь чиний өмнөөс бүхнийг хийнэ. Тэгээд та хоёр ууланд гарч цэцэг түүнэ. Цэцгээ өөрөө түүнэ гэж бодсон уу? Үгүй шүү. Өөр дээрээ могой шавуулаад зогсож байхад чинь тэнгэрээс хангарди бууж ирээд түүх ёстой шидэт цэцгийг чинь таны өмнөөс түүгээд өгчихнө. Хуруугаа ч хөдөлгөх хэрэггүй байгаа биз? За тэгээд аварга өт дарахаар элсэн цөлд зугаална. Гэхдээ бас л юу ч хийхгүй дээ. Нөхөртэйгөө хээр зугаалж яваа эрх хүүхнүүд шиг ам ангалаа, хөл өвдлөө, халууцлаа гээд гонгинож байтал аварга өт нь гараад ирнэ. Өттэйгөө тулалдах ч хэрэггүй. Таны өмнөөс цэргүүд гарч ирээд тулалдчихна (ямар ч учиртай цэргүүд юм, зохиолч өөрөө ч мэдэхгүй байх). За тэгээд ус уух юм сан гээд бодоод хэвтэж байтал цагаан тэмээтэй залуу гарч ирээд ус уулгачихна. Тэмээтэй залуу нь аав дээрээ хүргэж өгөөд замыг чинь заагаад өгнө. Ийнхүү шал дэмий хэдэн зуун хуудас явсны хойно таны онцгой чадварыг арайхийн олж харах боломж тохионо доо хө. Тэр нь юу вэ гэхээр ухаан балартаж унах л юм шүү дээ. Та ухаан алдаад сэрэхдээ л аварга өтийг цааш нь харуулчихсан байх юм. Үгүй ээ мөн догь хэрэг ээ!
 
Бүхэл бүтэн романы гол дүр атлаа дотоод сэтгэл нь ийм хоосон, мэргэн ухаан, шаргуу зүтгэл, ур чадвар гэхээр юм юу ч үгүй байдаг нь ямар учиртай юм бэ? Үүнийг уншсан хүн юу гэж ойлгох вэ? Би төрөлх авьяас, чадвартай биш л бол нэмэргүй хүн болох юм байна гэж бодох уу? Эсвэл би төрөлх авьяас чадвартай л юм чинь тэнгэр хараад хэвтэж байсан ч жаргаж амьдрах юм байна гэж ойлгох уу? Өөрийн гэсэн ямар ч зорилго, хүсэл, чиглэл, чадваргүй ийм хүнийг зохиолынхоо гол баатар болгосон нь үнэндээ ичгэвтэр. Хувь хүн нь хэн бэ гэдэг нь мэдэгдэхгүй ийм дүр байхын хэрэггүй. Байлаа ч дурдагдаад өнгөрөх туслах дүрээс хэтрэхгүй байх хэрэгтэй.
 
Зохиолд “Энэ үнэхээр оножээ, энэ яасан сайхан дүрслээ вэ” гэж бодохоор цөөн боловч дүрслэл тохиолдсонгүй. Үг, өгүүлбэрийнхээ хэм, хэмнэлээ ч мэдрэхгүй байх шиг. Үгийн сонголт, нийцэл, өгүүлбэрийн урт богинын зохицол, харилцан ярианы амт шим ч гэж алга. Дүр бүхнийхээ дотоод бүтцийг нь урлах боломж тохиох бүрийд л алдаж байлаа.
 
Бас нэг гоморхмоор хэрэг байна. Номын өмнө редактор гэх гуншинтай нэрээ тавиулсан юм бол ядах нь ээ зохиолоо бүтэн уншчих сэтгэлтэй баймаар сан. Тухайн номд үгийн алдаа байхгүй. Бодвол алдаа шалгагч хэрэглэсэн байх. Технологи хөгжсөн эринд үүнийг буруу гэх нь юу л бол. Гэхдээ алдаа шалгагч цэцгийн, эцгийн гэсэн хоёр үгийн ялгааг мэдэхгүй. Ямар үед цэцгийн гэж бичих, ямар үед эцгийн гэж бичихээ ойлгохгүй. Үгийн хувьд эдгээр нь алдаагүй. Гэвч өгүүлбэрт буруу орвол алдаа л болно. Нарийн ширийн засвар хийдэггүй юм аа гэхэд ядаж номыг нь бүтэн уншаад иймэрхүү зүйлийг нь ч болох нь ээ засаж өгчхөөд нэрээ хадуулбал дээргүй юу?
 
“Муу юм болбол хойд талын хар овоохой” гэдгийн үлгэрээр…
Номын төгсгөл хэсэгт эмгэнэл илэрхийлье. Зохиолч урьд нь өгүүлбэр бүрээрээ хэр муу зохиолч вэ гэдгээ харуулсан бол төгсгөлийн хоёр бүлэгтээ хэр боловсролгүй вэ гэдгээ тод томруунаар үзүүлээд өглөө. Юм мэдэхгүй бол бусдын идэш болно. Тэр тусмаа бусдад үмхүүлэх гэж байгаа мэт айдаст автамхай болдог. Үүнийг “хуйвалдааны онол” гэнэ. Тийм онолоор бүтээсэн дэл сул яриаг олон нийтийн санаа сэтгэлийг үймүүлж, айдас дээр нь дөрөөлөн дуртай чигтээ залуурдахад ашигладаг аа. Саяхан ковидын үеэр ийм хуйвалдааны онол хэчнээн гарсан билээ. Хятадад ковидыг зохион бүтээгээд, дэлхийн хүн амыг цөөлөх гэж гадагш импортолсон байна. Эм зарж борлуулах гэж өвчин тараасан хэдхэн баян хүн байгаа. Мэдээж тэр нь хужаа л хүн байгаа гэх мэт. Ийм сайхан хуурмаг онолыг зохиолынхоо зиндааг улам шороотой нь хутгах гэсэн мэт төгсгөлд нь сайтар чигжээд өгчээ. Өнөөх аварга өтний хамгаалдаг байсан бүхнийг анагаах шидтэй элсний нулимсыг хужаа хүмүүс хулгайлах гээд хэдэн арван жил газар дор малтлага хийгээд хүлээж байсан юм билээ. Хөдөлмөрч улс аж. Гайхалтай хүчтэй могой охин маань өнөөх аварга өтийг нь дараад өгчихсөн юм чинь хужаа нар элсний нулимсаа хулгайлаад зугтах гэлгүй яах вэ? Бүтэн улс үндэстнийг зохиол бүхэндээ харлуулж, эсрэг дүр, шуналын бэлгэдэл болгож ашигладаг хуучны аргаа одоо боливол дээргүй юу? Эсвэл уламжлал болчихсон юм уу?
2023 оны 1-р сар

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

@Katen on Instagram
[instagram-feed feed=1]