Press ESC to close

Усны ГудамжУсны Гудамж Бичээчийн Хөгжих Талбар

Ревью: “Чимээгүй хотын жолооч”

Энэ оны арваннэгдүгээр сарын 25-нд 28 дахь удаагийн “Таллины Хар шөнө” кино наадмаас найруулагч Ж.Сэнгэдоржийн “Чимээгүй хотын жолооч” уран сайхны кино гранпри шагналыг хүртсэн билээ. Эстоны Таллин хотод зохион байгуулдаг “Хар шөнө” кино наадам нь Олон улсын продюсеруудын холбооноос итгэмжлэгдсэн “А” зэрэглэлийн дэлхийн шилдэг 15 кино наадмын нэг юм. Усны гудамжаас та бүхэнд cineuropa.org сайтын нийтлэлч Мариана Христовагийн кино ревьюг орчуулан хүргэж байна.

Монголын найруулагч Ж.Сэнгэдорж диваажингийн орноос хөөгдсөн сахиусан тэнгэр адил дүрийг ашиглан ховс мэт, оюун санааны эрэл хийж, эгэл амьдралын өгүүлэмжээр гэмт хэргийн нүсэр агуулгыг хөнджээ. 

Найруулагч Жанчивдоржийн Сэнгэдоржийн уран бүтээлийг тоймлон харваас тэрээр нийгэмд гадуурхагдсан, орхигдож, үл тоомсорлогдсон хүмүүсийн түүхийг өгүүлэхэд анхаарч ирсэн нь мэдрэгддэг. 

 Таллины кино наадмаас шилдэг кино болон шилдэг зураач номинацид Гранпри шагналыг хүртсэн “Чимээгүй хотын жолооч” кино ч энэхүү хэв маягийн нэгэн жишээ юм. Тэрээр уран бүтээлийнхээ эхэн үеэс л Достоевскийн “Дорд үзэгдэгсэд” романы нэгэн адил энэ нийгэмд гадуурхагдагсдын тэмцлийг дүрслэн илэрхийлсээр иржээ. 

Ж.Сэнгэдорж уран бүтээлийн гараагаа эхэлсэн цагаасаа л өндөр боловсролтой ч архинд орж тэнэмэл болсон эр (Хүчилтөрөгч 2010), том хотод суралцаж буй оюутны сэтгэлзүйн уналт (Худалдагч охин 2021) гэх мэт хэрцгий нийгмийн цунамид өртөн буй сайхан сэтгэлтэй, зөөлөн хүмүүсийг дуулсаар байна. Ийн харвал улиг болсон хэв маяг руу туйлширч буй мэт сонсогдож болно. Гэхдээ Сэнгэдорж бодит байдлыг ид шидтэй, хэрцгий бараан зүйлсийг дээд түвшний оюун санааны мөн чанартай хослуулж уялдуулсан нь түүний бүтээлүүдийг кино урлагийн өндөр зэрэглэлийн бүтээл болгодог аж. Үүний тод жишээ нь “Чимээгүй хотын жолооч” гэх гайхалтай бүтээл юм.

Автобусны буудлын самбарын урд зогсох залуу болоод тэмээний сцен ээлжлэх сюрриал үзэгдлээр кино эхэлнэ.Кино бүхэлдээ нэг хөл нь бодит байдал дээр нөгөө хөл нь гол дүрийн дотоод ертөнцийн уудамд дэнжгэнэх шиг мэдрэмжийг төрүүлэх аж. Өндөр, царайлаг, гүн шаналанд автсан энэ нууцлаг эр бол Мягмар (сэтгэл догдлуулсан үзүүлбэрүүдийн эзэн, мэргэжлийн бүжигчин Амартүвшингийн Түвшинбаяр). Дэлгэцнээ өрнөх түүний аялал энэ л автобусны буудлаас эхлэх бөгөөд залуу тамирдсан сэтгэлдээ тайтгарал эрж л Улаанбаатарын гудмаар хэрэн хэсэх аж.

Мягмар тамхи татан бодолд автах үзэгдлийн зуур тэрээр хүн амины хэргээр залуу насаа шоронд өнгөрүүлснийг үзэгчид мэдэж авах хангалттай хугацаа хийгээд орон зай гаргаж өгөв. 14 жилийг торны цаана өнгөрүүлсэн түүнд олдсон хамгийн боломжийн ажил нь буяны тэрэгний жолооч. Үнэнч нөхөд болсон гудамжны нохдоосоо өөр хэнтэй ч хамт байдаггүй тэрээр авс хийдэг хараагүй мужаантай танилцсанаар эцэс төгсгөлгүй ганцаардлаас түр холдоно. Хараагүй мужааны охин (мэргэжлийн модел шиг харагдах эмзэгхэн төрхтэй эмэгтэй) шөнийн цагаар нууцаар биеэ үнэлдэг, залуухан “хандмаа” Саруул түүнтэй үхэл, оршихуйн асуултуудын талаар ярилцана. Гэм нүглээ наманчлан яваа Мягмар Саруулын нүглийн шалтгааныг олох хүсэлд автан түүнийг дагана. Эцэст нь Саруулыг мафийн хуйвалдааны золиос болсныг мэддэг.

Энэ хооронд түүний хар бараан өнгөрсөн амьдрал бумиранг шиг л үе үе дэлгэцнээ эргэн гарч ирнэ. Эдгээр хэсгийг Серж Генсбурийн “Comme un boomerang” хэмээх дуугаар холбож санаагаа онцолжээ.

Энэ бол түүний доторх хүч, хар энерги юм. Эцсийн эцэст түүнийг өвтгөсөн хүйтэн харгис ертөнцийн эсрэг шударга ёсыг тогтоохоор өдөөж буй дайн нь энэ аж.

Уг кинонд гярхай үзэгдлүүд, тэлэн тэлсээр байх эргэцүүлэл, дарж нуусан сэтгэл хөдлөл, уламжлалт ойлголтыг эвдэх үйлдэл зэргийг өргөн дуран ашиглан аясаар нь бодит мэт болгож, үзэгчдэд хүргэсэн байна. Мөн амин, хувийн шинжтэй энэхүү эмгэнэлт явдалд бодит амьдралын амтыг шингээж өгсөн хөгжим нь сэтгэл соронздом. Энэ түүх Монголын нийслэл Улаанбаатар хотод өрнөх агаад ерөнхий зураглаач Энхтөрийн Энхбаяр дотно, тухлаг мэдрэмж төрүүлэх өдөр, уламжлалт амьдралын хэв маягийг нэхэн судлах мэт үзэгдэл, неон гэрлүүд ээлжлэх гансрам хүйтэн шөнө гээд л бүхий л дүрсний хэлийг нарийн мэдрэмжээр урлажээ.  Кинонд Буддын бясалгалын философийг эхнээсээ дуусан дуустал тархаан шингээж, үйл явдлын өрнөл хэсэгт нэлээн онцолж, тусган шингээсэн бол төгсгөл хэсэг нь Оросын эмгэнэлт романыг санагдуулахуйц балмагдам атлаа намдуухан болжээ.  Эцэст нь хүнийг бүрэн автуулж, сэтгэл хөндүүр мэдрэмжээр дүүргэж, 137 минутын ард ч цааш үзэх хүсэл төрөхүйц кино зураглалын дээд түвшний арга ажиллагаанд талархах нь зүй. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

@Katen on Instagram
[instagram-feed feed=1]