Херберт Уэллс зохиолчийн “Цаг хугацааны машин” гэх соёлт ертөнцийн мөхлийн тухай, дистопи, шинжлэх ухааны уран зөгнөлт тууж 1895 онд бичигдсэн юм. Манай улсад 1987 онд “Цаг үеийн машин” нэрээр орчуулан гаргасан байдаг. Зохиолч Херберт Уэллс “цаг хугацааны машин” гэх нэр томьёог анх зохиож хэрэглэсэн ажээ. Ийм шинэхэн, соньхон нэрийг урьд манайд хэрэглэж байгаагүйн учир тухайн үедээ “Цаг үеийн машин” гэж орчуулсан бололтой. Цаг хугацаагаар аялах тухай ойлголтын үрийг олны тархинд суулгасан уг туужийн тухай хүүрнэл, яруу найраг, сэтгүүл зүйн бүтээлээр жигдхэн туурвидаг уран бүтээлч Балдоржийн Алтанхуяг ийн өгүүлжээ:
Херберт Уэллс | Англи
Эхэн үеийн шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолууд бяцхан хүүхдүүдийг зугаацуулах хэмжээнд туурвигдсан мэтээр өдгөө үзэж, цаг хугацааны гүнд бүдгэрсэн үг үсэг, үйл явдал, сонирхол өдөөх баатрууд нь ч хэдийн хуучирсан. Чухам тиймээс л өдгөө Жюль Вернийг дагаж усан доогуур хорин мянган бээр аялахаас илүүтэй Брэдбёригийн романы баатар Монтэгийн ухамсартай хамт бэдчих нь үнэ цэнтэй байгаа юм. Учир нь уран зөгнөл, шинжлэх ухааны уран зөгнөл хоёр хоорондоо эрс ялгаатай. Гэтэл лангуу дүүрэн өрөөстэй атал ихэнх уншигч дэлгэцэд амилсан өгүүлэмжээр цар хүрээг нь тодорхойлдог нэгэн номын талаар өгүүлэх хүсэл дотор минь их л удсан юм. Тус зохиолоор бүтээсэн хоёр ч киног үзсэн боловч эх зохиолтойгоо төдий л ойр биш санагдаж билээ. Тэр ном бол Английн зохиолч, шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолыг үндэслэгч Херберт Уэллсийн “Цаг хугацааны машин”.
Уг романы нэлээдгүй хэсэг цэвэр хийсвэр сэтгэлгээнийх боловч, зохиолын гүн дэх агуулга, уншигчдад хүргэх гэсэн санаа нь яалт ч үгүй Брэдбёригийн өгүүлснээр “Бодит ертөнцийн тусгал, сүүдэр” билээ. Нэг ёсондоо хүн төрөлхтний амьдралын зогсолтгүй эргэх цаг хугацааны хүрд биднийг хаана, юунд хүргэх вэ? Эл асуултад Уэллс бусдаас түрүүнд хариулахыг хичээсэн бөгөөд ухамсарт амьдралынхаа замын эхэнд буюу 1895 онд тэрхүү асуултынхаа хариулт болгон “Цаг хугацааны машин” хэмээх дистопи романыг туурвижээ. Ингэж тодорхойлохын учир нь тус роман ихээхэн баргар уур амьсгалтайгаас гадна ирээдүйд тохиолдох зүйлс нь байгалийг эс тооцвол хүн төрөлхтний хувь заяаг бүхэлд нь сүйрлээр егөөдөж, ёрлосон шинжтэй байдаг.
Мэдээж түүнийг бүтээлээ туурвиж асан үед орчин цагийн дэвшилтэд технологиудын аль нь ч байгаагүй. Гэвч тэдгээр бүгд нэгэн цагт бүтээгдэхээс гадна, технологийн үр нөлөө, басхүү амар хялбар амьдралын хэвшил хүнийг юунд хөтлөхийг урьдаас зөгнөсөн шинжтэй үйл явдлууд нь тус номыг унших сонирхлыг улам улмаа өдөөнө.
Үүнээс гадна цаг хугацаагаар аялагч буюу зохиолын гол дүр романы эхлэлд өдүүлсэн орон зай, цаг хугацаа, геометр, татах хүч болоод дөрөв дэх хэмжээсийн талаарх ярианаас үүдэн зарим судлаачид зохиолчийг тус дүрээрээ Эйнштенийг зөгнөсөн гэж үзэх нь бий. Угтаа “Цаг хугацааны машин” уншигчдад хүрснээс хойш арван жилийн дараа Эйнштен харьцангуйн онолоо дэвшүүлсэн юм. Ерөөс Уэллсийн бусад зохиолоос илүү онцгой нэг чанар тус номоос үзэгддэг нь юмсын хоёр тал. Хүмүүс сониуч зангийнхаа ачаар бусдын төсөөлшгүй их хүчийг гаргаж, амжилтад хүрэх боловч арчаагүй, сул дорой, аймхай чанар ч нэгэн биед оршдог. Гэхдээ энэ нь бас муу зүйл биш билээ. Заримдаа айдас аврал болох бөгөөд түнэр харанхуйгаас гэрэл өөд зүтгэх хүч тэнхээ, итгэлийг өгөх нь бий.
Цаг хугацаан дотор хөдлөх хүч
Зохиол цаг хугацаагаар аялагч, цаг хугацааны машин бүтээгчийн дөрөв дэх хэмжээсийн талаар сонирхолтой онол дэвшүүлж, түүх ярьж буйгаар эхэлнэ. Мэдээж тэнд доктор, хотын Мэр, Фильби, залуу хүү ч байна. Гэвч тэдгээрийн харилцан ярианы өгүүлэмж нь орон зай болон цаг хугацааны гурван тодорхой хэмжигдэхүүн дээр хуваагдаж байгааг анзаарах хэрэгтэй. Залуу хүү магад ирээдүй цагийг төлөөлсөн дүр бол ярианд оролцолгүй ойлгосон дүр үзүүлээд өнгөрч байгаа хотын Мэр бол өнгөрсөн цаг дээрх дүр. Харин Фильби, магад Доктор ч тэр яг одоо цаг дээр оршиж, цаг хугацаагаар аялагчийн яриаг үгүйсгэж байдаг. Гэхдээ уг номын оршил болсон эдгээр яриа бүтээлд тийм ч чухал үүрэггүй.
Тэгээд ч цаг хугацаагаар аялах тухай төсөөлөл, боломжтой эсэх нь Уэллсийн анх бодож олсон санаа биш. Тус үзэл баримтлал ч өөрт нь хамаатахгүй. Гэхдээ түүх цаг хугацаан дотор хэрхэн амилж, жигд бусаар хөдөлж, магадгүй зохиолын баатар шиг чөлөөтэй зорчиж болох талаар уран сайхан, шинжлэх ухааныг хослуулан илэрхийлсэн нь чухам Уэллсийн бидэнд нээн үзүүлсэн бичгийн бахдам авьяас, уран төсөөллийнх нь ширгэшгүй баялаг билээ. Тэр л энэ ойлголтыг анх удаа уран зохиолд оруулж ирсэн гавьяатай.
Дөрөв дэх хэмжигдэхүүн бидний амьдралд бодитоор бий гэдэг нь өдгөө хүн төрөлхтний хийсвэрлэлээс хэтрээгүй ойлголт. Харин зохиолд үзсэнээр бид бүгд оршин буй гурван хэмжээсийн дагуу нэгэн шугамд зэрэгцэн урагшлах бөгөөд цаг хугацааны дөрөв дэх орон зай тогтмол хурдтайгаар даган хөдөлж байдаг. Гэтэл хүмүүс үүнийг нүдээр үзэж, биеэр туулах сан гэх хүсэл эрмэлзлийг нэн тэргүүнд тавьсан тул ойлгох чадваргүй гэдгийг цаг хугацаагаар аялагч баталдаг.
Тиймээс уг дөрөвдүгээр хэмжээс рүү шилжиж чадвал хэдэн зууны тэртээх ирээдүй, магадгүй тэр хэмжээний өнгөрсөн цаг руу ч очих боломжтой. Зөвхөн нэгээс нөгөө рүү урагшлах бус цаг хугацаан дотор урагш, хойшоо чиглэлд чөлөөтэй зорчиж чадах боломж бий. Гэхдээ Уэллс зарим нэг шинжлэх ухааны онолын мэдлэгээ гайхуулах гэж хичээсэн боловч тодорхой жишээ, магадгүй өөрийн үзэл бодолд хэт уягдсанаас үүдсэн байх магадлалтайгаар нарийвчилсан тайлбар хийдэггүй.
Тус бүтээлийн нэг онцгой чанар бол цаг хугацаагаар үсрэнгүй бус он цагийн дарааллын дагуу аялж болохыг нээсэн явдал. Тэгээд ч “There is no intelligence where there is no change and no need of change” хэмээх эл өгүүлбэр шинжлэх ухаанаар нотлоогүй зарим баримтуудаа зөвтгөж байдаг.
Алтан зууны төрх
Уг зохиолын тухай ярих болсон, ерөөс ном намайг өөртөө татсан хамгийн чухал өгүүлэмж “Алтан зуунд” гэх тавдугаар бүлгээс эхэлнэ. Цаг хугацаагаар аялагч найман зуу гаруй мянган жилийн тэртээх ирээдүйд очиход байгаль дэлхий үзэсгэлэнтэй, харин хот балгад, хүн төрөлхтний төсөөлөлдөө загварчлан бүтээсэн сансрын сэдэвтэй кинонууд дээр гардаг шиг технологийн хурд туйлдаа хүрсэн ертөнц угтсангүй. Байгаль дэлхий хэдий үзэсгэлэнтэй боловч соёл иргэншлээс ердөө л нурж сүйдсэн, он цагийн элээлтэд хуучирч муудаад өвчтөн адил болчихсон эмтэрхий өндөр баганууд л үлджээ. Тэдгээрийн нэг нь өрнийн домогт гардаг цагаан сфинкс шувуутай төстэй аварга том хөшөө байх бөгөөд цаг хугацаагаар аялагчийн машин түүний дэргэд эвдэрснээр мөнөөх ирээдүйн дэлхийд гацаж орхидог.
Дарвины зүйлийн онолын гол санаа их энгийн. Аливаа организмын тоо толгой мөнхөд их хэмжээгээр үржих боломжгүй бөгөөд хүрээлэн буй орчны нөөцийн хомсдол, хоол тэжээлийн төлөөх өрсөлдөөнөөр хязгаарлагдаж байдаг. Шинэ үе, удам зөвхөн амьдрах чадвартай организмын онцлогийг тээдэг агаад дасан зохицох чадварт түшиглэнэ. Нөгөөтээгүүр хүний өвөг сармагчин бөгөөд хөдөлмөрийнхөө явцад хувьссан гэх эволюцын алдартай жишээ бий.
Гэхдээ цаг хугацаагаар аялагчийн очсон газарт буй Элон, Морлок гэх хүнээс гаралтай хоёр үндэстэн чухамдаа Дарвины онолд хамаатуулан нээсэн уран сайхны дүрүүд мөн боловч зохиолчийн цаад санааг тодорхойлохгүй. Сармагчин хөгжлийнхөө явцад хүн болсон. Хүмүүс бие биенээсээ илүүг сэтгэж, хоорондоо өрсөлдөж, магадгүй нэгнээ хөнөөж, сайхныг үзэн ядаж, олон зан араншныхаа буулганд даруулж, онхи өөр хүсэл тэмүүллээр ирээдүйгээ хардаг. Гэтэл тэр бүхэн нь үгүй болчихвол, Элон нар шиг бэлэн жимс идэж, тухтай газар унтаж, огт хөдөлмөрлөхгүй, юунд ч санаа зовохгүй, дээрээс нь Уэллсийн бүтээсэн шиг бүгд ижилхэн үзэсгэлэнтэй, муу муухай чанарууд нь гээгдсэн байвал юу болох вэ? Хөдөлмөрийн хувьсал тэнд үгүй болно. Тэд хөдөлмөрлөхгүй, зүгээр идэж ууж, хоорондоо тоглоно. Харин зохиолд дүрсэлснээр тэд харанхуйгаас айдаг. Гэрэл үгүй болоход Морлокуудын урт хумс тэднийг ангуучилна.
Энэ тухайд зохиолч төдийлөн нээлттэй тайлбар өгүүлдэггүй боловч цаг хугацаагаар аялагч Элон нарын өмссөн ганган хувцаснуудыг хэн үйлдвэрлэдэг талаар хэсэгхэн бодолхийлдэг шүү дээ. Тэгэхээр үзэсгэлэнт бяцхан хүмүүсээс гадна өөр нэгэн үндэстэн байх талаар анх удаа эргэлзсэн нь тэр. Элонууд яагаад тийм жижигхэн, бас Морлокуудын хоол болж, өдөр нь юуны ч тухай бодолгүй аз жаргалтайгаар оршиж байна вэ?
Тэд Дарвины онолын дагуу ямар нэгэн хөдөлмөр эрхлэх шаардлагагүй болсноор илүү жижигхэн болж хувирчээ. Нөгөөтээгүүр энд үзэн ядалт, өширхөл, бусдыг хуурах, хулгай хийх зэрэг анги давхарга хоорондын ялгарал, хүн төрөлхтний муу үйлийн элтэс ч үгүй. Тиймээс тэдэнд амьдралын идэвх байхгүй. Харин Дарвины онолоос ялгаатай нь ийм нөхцөлд хүрээлэн буй орчны нөлөөллөөс үл хамааран үржих боломжтой. Тэгээд ч энэ бол найман зуун мянган жилийн тэртээх ирээдүй шүү дээ. Гэхдээ зохиолч бидэнд дан ганц сонирхолтой түүх хүүрнэх гэсэнгүй. Харин сонирхол татахуйц түүхээр дамжуулан нийгмийн хамгийн чухал тайлбарлыг уншигчдад өгсөн юм. Энэ бол газар доор амьдардаг Морлокуудын дүрийг гаргаж ирсэн явдал байлаа. Хүмүүс хөгжлийнхөө явцад хоёр өөр төрөлд хуваагджээ. Нэг нь Элон нар шиг дээд давхаргын хүмүүс бол нөгөө нь Морлокууд шиг ажилчин анги. Тэд газар доор аварга том механикжсан хот бүтээсэн байдаг. Гэвч илүү зэрлэг, харгис агаад хүн гэхээс илүүтэй сармагчин төрөлд дөхүү ч маш ухаалаг, тун хэрцгий.
Гэхдээ хүн хөдөлмөрлөхгүй, хүмүүсийн хоорондын муу зан чанарууд үгүй болж, зөвхөн технологиор бүхнийг шийдвэл ямар сөрөг нөлөөтэйг Элон нарын дүрээр үзүүлсэн ч, нөгөө талдаа Морлокуудын ертөнцийн харанхуй талыг товойлгосон нь хүний сайн сайхан чанарууд үгүйрэхийн эцсийн үр дүн ямар дүр төрхтэй ирээдүйг бүтээх вэ гэдэгт хариулсан хэрэг. Тэгэхээр Аристотелийн гүн ухаан шиг хэзээд туйлын сайхан, эсвээс үзэшгүй муухай гэж үгүй. Эдгээр нь заавал хосолмол шинжтэй байхаас гадна хүний төрөлхийн мөн чанар ямагт мөнөөх хоёрдмол зан араншингийн гинжин хэлхээснээс бүрддэг болохыг алтан зууны дүр төрх бидэнд нээж өгдөг.
Үүнээс гадна Уэлсс анги давхаргыг ялгааг шүүмжилдэг, социалист хандлагатай зохиолч байсан шиг сэтгэгдэл төрүүлнэ. Элонуудын дүрээр тэр асар баян чинээлэг атлаа үр бүтээлгүй, наргиж цэнгэхээс өөрийг хийдэггүй язгууртнуудын амьдралын хоосон талыг илэрхийлдэг. Харин Морлокуудын дүр хэчнээн авьяас чадвар, хөдөлмөрийг цогцлоосон ч сэтгэлгээний дутагдалд ямагт өртсөн нийгмийн ажилчин ангийн нөхдийг төлөөлнө. Баячууд ядуусыг цаг үе бүхэнд харанхуй руу түлхсээр эцэст нь тэд ёс суртахуунаа гээж өөдөөс нь тэмцэж байна шүү дээ.
Харин өөр нэг өгүүлэмжийн гол учир гэвэл Элон нар хүн төрөлхтний идэвхгүй байдал, ямар нэгэн тэмцлийн хэлбэрийг орхисны үр дүн юм. Юуны ч төлөө тэмцэхээ больсон үед шашны номонд хоосон чанарт нэвтэрдэг бол Дарвины онолын талыг судалж, түүнийг баримтлахаар шийдсэн Уэлссийн хувьд хүмүүс хатсан сайраас ялгаагүй болон хувирч байна.
“Цаг хугацааны машин” бүтээлийн алтан зуунд ийм л дүр төрх, утга санаа бий. Эдгээрээс үзэхэд уг роман цагийн дэнсийг даван туулсан шалтгаан тодорхой болно. Учир нь тус зохиолд хөндөгдөж буй асуудлуудыг өдгөө илүү нээлттэй, бодитоор хүлээн авч үзэх болсноос гадна зохиомол түүхийн гүн дэх эдгээр зөрчлүүд хүний нийгмийн оршихуй дээр хэзээ ч хөгширч, хуучрахгүй үргэлжийн шинэ түүх хэвээр байдаг билээ.
Түүхээс олсон олз
Романд цаг хугацаагаар аялагч бяцхан Эолуудын дундаас нэг жаахан хүнийг усанд живэхээс аварч, нөгөөх бяцхан эрхэм аялагчаас салахаа больдог. Цаг хугацаагаар аялагч тэрхүү бяцхан хүнийг Уина гэж нэрлэдэг бөгөөд нэгэн өдөр түүнтэй хамт Ногоон ордонд хүрнэ. Энэ бол ирээдүйд мартагдсан түүхийн музей маягийн зүйл байх бөгөөд дотор нь хүн төрөлхтний соёл иргэншлээс үлдсэн үзмэрүүд байдаг. Хамгийн гол нь тэд буцах замдаа Морлокуудын дайралтад өртөх үеэр Уина үгүй болдог.
Орь ганцаар хоцорсон цаг хугацаагаар аялагч “Надад зовлон зүдгүүрээс өөр юу ч үлдсэнгүй” хэмээн гашууддаг. Мэдээж хүйсийг нь тодорхойлдоггүй боловч Уина бяцхан эмэгтэй хүн шиг сэтгэгдлийг уншигчдад үлдээнэ.
Гол нь цаг хугацаагаар аялагч түүний үйлдлээс, амийг нь аварсан эрхэмд нөлөөлөл үзүүлж буй хандлагаас нь бяцхан Элонуудын тухай үзлээ шинэтгэдэг.
Тэдэнд ямар нэг хэмжээгээр сайхан сэтгэл, бусдыг ойлгох, хайрлах чанар үлдсэн байгааг танина. Тэд зөвхөн зугаацаж, жимс идэж, хамт унтаж, харанхуйгаас айдаг төдийхөн бус хүн төрөлхтний элбэрэл хайр, бусдад талархах сайхан сэтгэлээ гээгээгүй юм байна гэдгийг ойлгодог.
Уг чухал санааг тэр зохиолынхоо ер бусын өөдрөг төгсгөл болгон “…хүмүүс оюун ухаан, хүч чадлаа гээсэн ч сэтгэл зүрх нь нинжээр дүүрэн байж, талархах сэтгэлээ алдаагүй юм шүү хэмээн сануулж байдаг билээ” хэмээн бичсэн нь бий.
Зүүнээс үлээх жавар
Цаг хугацаагаар аялагч эцэст нь машинаа олж, эвдрэлийг нь засан суудалдаа суусан ч ухрах чиглэлд таталгүйгээр улам урагшлуулж орхидог. Хэдэн сая жилийн ирээдүйд хүрэхэд жинхэнэ уран зөгнөлийн ертөнц уншигчдыг угтана. Үүрд мөнхийн зүйл гэж үгүй хэмээх нийтлэг санаа биеллээ олж цаг хугацаагаар аялагч дэлхийн тал нь улаан туяанд умбасан хуурай, эзгүй газарт хүрдэг. Цэнхэр гараг эргэлдэхээ больж өргөн уудам тэнгис үзэгдэх боловч түүнд татлага, түрлэг байсангүй. Шавж, эрвээхэйнүүд хадан хясаа шиг аварга том болцгоосныг л тэр цухасхан дурдсан өгүүлэмжүүд хөвөрдөг.
Дахин машиныхаа арааг түлхсэн ч ахин ирээдүй рүү чиглэх бөгөөд гучаад сая жилийн өмнөх зогсоолд хүрэхэд нар тэнгэрийн аравны нэг хувийг эзлэн улаанаар сүлж байдаг. Гэтэл дэлхий эсрэгээрээ тэс хөлджээ. Харанхуйлах тусам жавар тачигнаж, цасан шуурга эрчилнэ. Энэ ертөнцөд хөл бөмбөгийн хэмжээний биетэй урт урт тэмтрүүл бүхий нэгэн зүйлийн бөөрөнхий хэлбэртэй амьтныг олж харснаа л зохиолч дурддаг. Үүнээс үзэхэд биологийн шинжлэх ухаан, шавжуудын амьд үлдэх чадвар, Дарвины үзэл баримтлалын олон талыг зохиолч бодож, уран зөгнөлийн уран сайхантай нэлээд тоомжиргүй маягаар сүлж орхисон нь анзаарагддаг. Зүүн зүгээс хүйтэн салхи үлээж жавар тачигнасан чөмөг царцаам харанхуйд орь ганцаар үлдэх вий гэсэн айдас нь түүнд машинаа эргүүлэн ухраах эр зориг, хүч тэнхээг өгнө.
Ерөөс цаг хугацаагаар аялагч энэ бүхний дараа дахин замд гарч, өгүүлэгч баатар түүнийг хүлээсээр үлдэх төгсгөлийн хэсэг нь өөр нэгэн салангид зохиомжтой санагддаг. Мэдээж тухайн он цагийн жишгээр авч үзэхээс бус өдгөө бол Уэлссийн эл роман тийм ч сайн найруулга, зохиомжтой сонгодог бүтээлд тооцогдохгүй.
Гол нь өгүүлэмж доторх санаанууд, зохиолчийн хийсвэрлэлийн хамгийн өргөн хүрээнд ч бидний одоо цаг дээр ярьдаг асуудлууд багтсан нь хамгийн чухал.
Херберт Уэллсийн өөр нэгэн бүтээл болох “Үл үзэгдэгч хүн”-ийг уншихад Луис Стивенсоны Доктор Жэкилийг ямар нэг хэмжээгээр санагдуулаад байх шиг мэдрэмж төрдөг. Түүнтэй адил “Цаг хугацааны машин”-аас хожмын олон уран зөгнөлт зохиолд илүү сайн тусгалаа олсон санаа, сэдлүүдийг харах боломжтой.
Зарим талаар “Харанхуй” бүлэгт өөр лүү дайрсан Морлокуудыг галд шатаж байхыг хараад цаг хугацаагаар аялагч хэсэгхэн зуур тэдгээр зөн совин нь өндөр хөгжсөн махчингуудыг өрөвдөх сэтгэл төрдөг шиг Шеллигийн Франкенштейний бүтээсэн мангасыг илүү ёс суртахуунлаг нүдээр олж харах ёстой мэт санагдана. Учир нь эдгээр бүтээлүүдийн аль аль нь шинжлэх ухааны уран зөгнөлийн дундаас Верн шиг адал сонин явдал бус ямар ч харгислалын дараа дотор нь эргэн сэрэх хувь хүний хүнлэг сэтгэлийг нээн харуулахыг зорьсон юм шүү дээ.
Б.Алтанхуяг
Leave a Reply