Press ESC to close

Усны ГудамжУсны Гудамж Бичээчийн Хөгжих Талбар

ХаРиЛцАаНы УнАлТ

“Усны гудамж” сайт залуу бичээчдийнхээ бичвэрийг хүлээн авч, нийтэлж буй. Энэ удаад бидэнд бичвэрээ илгээсэн Б.Зулсайханы “Anatomy of Fall” киноны тухай бичвэрийг хүргэж байна.

2023 оны Каннын кино наадмын тэргүүн (Palme d’Or) шагналыг хүртсэн Жастин Триет найруулагчийн “Anatomy of fall” кинонд, дээврээс унаж нас барсан Самуелын үхэлд эхнэр Сандра сэжиглэгдсэнээр харааны бэрхшээлтэй Даниел  хүү нь хэргийн гол гэрч болж хоцорно. Төлөвлөж хөнөөв үү, санамсаргүй алсан уу, аль эсвэл амиа хорлолт байв уу гэдгийг тогтоох шүүх хурлын явцад автахуй энэ нь зөвхөн үхлийн тухай бус нэгэн хосын аажимдаа үхэж байсан харилцааны уналтыг өгүүлсэн нь илэрхий болдог. 

        Хүний сайхан зан чанарт татагдан дурлах, алдаа дутагдлыг нь анзаараад дургүйлхэх, хүсэлдээ нийцүүлэн бусдыг өөрчлөх гэж оролдох нь хүн хоорондын харилцаанд л байх асуудал билээ. Тэр бүхнийг өөрчлөх гэсэн оролдлого маргаан, үл ойлголцлын эхлэл болдгийг Самуел, Сандра хоёрын харилцан ярианаас харж болно. Бие биенээ шүүж, буруу зөвөө дэнслэх гэснээс үүдэн улам хөндийрсөөр, киноны туйл  хэсэгт Самуел үхэж буй нь нэг ёсондоо тэдний харилцаанд урагшлах орон зай үлдээгүйн илрэл. Дүрийн талаас үхэл гэдэг төгсгөл мөн ч өгүүлэмжийн хувьд тус үйл явдлыг үр дүнгээс шалтгааны эрэлд  хөтөлдөг зангилаа хэсэг болгон ашигласнаар уг бүтээлд олон сонирхолтой чимэг хатгах боломж бүрджээ. 

Самуелын үхлийн шалтгаан нь толгойн гэмтэл гэж тогтоогдсон юм. Гэхдээ унахаас өмнө гэмтсэн эсэх чухал. Унахдаа ч, унахаас өмнө ч гэмтсэн байж болох шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт гарснаар дүрүүдэд амиа хорлох, санаатай аллага үйлдэх сэдэл байсан эсэх дээр мэтгэлцээн өрнөнө. 152 минутын киног уйдамгүй болгосон гол орц нь шүүх хурлын явц, үнэмшилтэй бөгөөд сонирхолтой харилцан яриа нь байсан бөгөөд эхнээсээ дуусах хүртлээ үнэн зөвийг ерөнхийлөн дэнслэлгүй, үзэгчдэд өөр өөрийнхөөрөө ойлгох боломж олгосноор ижил төрлийн киноноос ялгарч байна.

Зураг авалтдаа Close up \ойртуулж харуулах\ болон Deep focus \нэг хэсэгт удаан төвлөрөх\ аргыг ихээр ашиглаж, тухайн агшны чухал санааг тодруулан дүрсэлж байлаа. Киноны танилцуулга хэсэгт хөгжмийн зохиолыг нь дэвсэж, хосын дурсгалт зургуудын хамт оруулсныг үзэхэд тэдний төгсгөл санаанд орж, гунигтай мэдрэмж эрхгүй төрнө.  Даниел хүү үе үе төгөлдөр хуур дээр Шопены аяыг түгшүүртэй нь аргагүй эв хавгүй тоглох нь үйл явдлын хурцадмал байдал, хүүгийн сэтгэл зүйн эрс өөрчлөлтийг илтгэжээ.  

Киног анх үзэхэд Сандраг нөхрөө хороосон гэдэгт бат итгэж байсан ч дахин үзэхдээ эргэлзэж эхэлсэн минь гол дүрийн эмэгтэй жүжигчнээс болсон хэрэг. Нөхрийнхөө зургийг гуниглангуй ширтэх, тэвчилгүй цурхиран уйлах, нөхрөө санагалзан буйдангаасаа ч өндийж чадалгүй удах, “Би түүнийг алаагүй” гэж хэлэхэд сонсогдох хоолойны өнгө зэрэг нь эс жүжиглэсэн мэт дэндүү үнэмшилтэй. Гэсэн хэр нь Самуэл хэсэг хугацаанд ч болов бүхнийг өөрчлөх хүсэл тэмүүлэлтэй, эрс шийдэмгий байсан болохоор амиа хорлосонд нь ч итгэмгүй санагдана. Магад энэ үхэл санаандгүй тохиолдол байж болох. Шалан дээгүүр шогшиж, шатнаас буух нохойн дүрсээр кино  эхэлдэг. Киноны хамгийн сүүлийн дүрс ч нохой. Тиймдээ ч нохой ямар нэгэн байдлаар Самуелын үхэлтэй холбоотой болов уу.

Бүх жүжигчид дүрээ маш сайн илэрхийлсэн ч туслах дүрүүд дундаа жүжиглэлтээрээ алмайруулж чадсан хоёр дүр байсан нь прокурор, нохой хоёр юм. Товчхондоо маш зэвүүн, үнэхээр л ажил мэргэжилдээ дуртай, чадварлаг, хөгжилтэй, ёжтой прокурорын дүр тус киног аргагүй чимжээ. Хүмүүст “Нохой үнэхээр ингэж жүжиглэж чадна гэж үү?” гэх бодол төрүүлсэн дүрийг ч дурдахаас аргагүй. Тиймдээ ч уг дүр Каннын кино наадмын “Palm Dog” шагналыг хүртсэн ажээ.

Эцэстээ Даниел хүү, итгэхийг хүссэн дүгнэлтээ хэлснээр хэрэг явдал нэг тийш шийдэгдэх хэдий ч, тэр шийдвэр үнэхээр үнэн эсэхийг “бид” л эргэцүүлэх хэрэгтэй болж байна. Ийм чөлөөт сонголт үлдээсэн нь нэгнээ шүүх үед шийдвэр хэзээ ч зуун хувь үнэн эсвэл худал байх боломжгүйг, бусдыг шүүх гэж оролдох үед бүх зүйл буруугаар эргэж болохыг харуулах мэт. Харааны бэрхшээлтэй Даниел хүүгийн дүрээр бусдын асуудал, хоорондын харилцааг хөндлөнгөөс ажаад бүрэн дүүрэн ойлгох боломжгүй, хүн зөвхөн харахыг хүссэн, итгэе гэж шийдсэн зүйлээ л “сохроор дагадаг” болохыг илэрхийлжээ. Самуелын сэтгэл зүйч тэдний харилцааг дүгнэх гэж оролдох үед Сандра, “Уучлаарай, бүгдийг мэдэхгүй байж бидний харилцааны тухай надад заах гэж оролдохоо болино уу” гэж дургүйцдэг. Ер нь хэн нэгнийг шүүн хэлэлцэх бид хэн бэ?

Жастин Триет найруулагч ийм л гүн гүнзгий философийг дүрүүдийн хооронд үргэлжлэх урт харилцан яриагаар чадварлаг сүлжиж, эрхгүй анхаарал татам кино бүтээжээ. Хосын ээдрээтэй харилцаа, гэр бүлийн асуудал, хувь хүний уналт, босолт зэрэг олон асуудал хөндсөн  энэхүү кинонд гарах Сандра  болон түүний өмгөөлөгч Винсент нарын хайр дурлалын шинжтэй харилцан яриа, үйл хөдлөл нь утга санаатайгаа үл авцалдах, киноны хугацааг уртасгах гэсэн дүрслэл мэт санагдлаа.

Б.Зулсайхан

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

@Katen on Instagram
[instagram-feed feed=1]