Press ESC to close

Усны ГудамжУсны Гудамж Бичээчийн Хөгжих Талбар

Б. Орхонтуяа: Үүлэнд асар их тэвчээр байдгийг ойлгосон

Зохиолч Виржиниа Вүүлф “Өөрийн гэсэн өрөө” эсээндээ “Уран бүтээлч хүн бүтээн туурвихын тулд өөрийн гэсэн өрөөтэй байх хэрэгтэй” хэмээсэн байдаг. Хамтдаа бүтээлчийн өрөө буюу бүтээл төрөх хувийн орон зай болсон дотоод ертөнцөд түр саатацгаая. Энэ удаа бид зураач, яруу найрагч Б.Орхонтуяагийн өрөөгөөр зочиллоо.

I ДУГААР : Б.ОРХОНТУЯА

Уран бүтээлийн чиглэл: Зураг, яруу найраг

Сошиал хуудас:

Өнөөдөр танилцуулах бүтээл: “Үүл” яруу найргийн түүвэр

   I. ЦАГ ХУГАЦАА…

ӨНГӨРСӨН: ТАНЫ АМЬДРАЛ АХУЙ, ӨССӨН НӨХЦӨЛ БҮТЭЭЛД ТАНЬ ХЭРХЭН НӨЛӨӨЛСӨН БЭ? 

Хүүхэд байхад гэр сургууль хоёр хоорондоо нэлээд зайтай байлаа. Би замдаа зарим өдөр нь дуу дуулаад, зарим өдөр нь өөрөөсөө ярилцлага аваад явдаг байсан юм. Зам барагдаж өгөхгүй, өлсөөд, ядраад анхаарлаа өөр тийш нь хандуулахын тулд тэр. Тэгэхдээ өөрийгөө жүжигчин шиг бодоод, бүр заримдаа дуучин Ариунаа болчихсон ярилцлага өгч байна гэж төсөөлнө /инээв/. Өөрөөсөө асуулт асуугаад, хариулахдаа дууныхаа өнгийг хүртэл өөрчилнө шүү дээ. Гэр сургууль хоорондох тэр замаар ганцаараа явахдаа олон юм эргэцүүлдэг байснаа сүүлд анзаарсан. Тэнгэр, үүл, уул, зам хараад, эргэн тойрноо ажиж, “яагаад” гэдэг асуулт өөртөө байнга тавин, түүндээ бас хариулаад л… Ингэж өөрийнхөө сэтгэлгээний хэв маягийг бүтээж байсан юм шиг санагдсан. Бүр багаас л юмны хэлбэр нь биш зөвхөн цаад агуулга нь чухал санагддаг болчихсон.  Ингээд бодохоор мөн чанар, утга учрын эрэл бүр хүүхэд ахуйгаас эхэлсэн байх.

ОДОО: ТЭГВЭЛ ДОО ЦАГАА ЯРИЛЦЪЯА. ШИНЭХЭН БҮТЭЭЛИЙНХЭЭ ТАЛААР БИДЭНТЭЙ ХУВААЛЦААЧ? 

Номын маань ар талд жижиг хэсэг бий.

Үнэнийг хайсан, хайрыг хайсан, өөрийгөө хайсан эрэл хайгуулууд маань магад шүлэг бичдэг болгосон. Энэ эрэл хайгуулын мөнхийн чиглэл эрх чөлөө, чөлөөлөлт юм шиг санагдах болов. Уудам тэнгэрт хаашаа ч яаралгүй, хэлбэргүй нүүх үүлс шиг бүхий л зүйл хүлээснээсээ чөлөөлөгдөх болтугай.

Тодорхойлолт нь ер энэ л дээ. Би ном гаргана гэсэн зорилгоор шүлэг бичээгүй. Энэ бол тухайн агшинд надаас гарч ирсэн хүч юм. Гаргаж тавихгүй л бол тэсрэх гээд байгаа юм шиг тэр энергиэс өөрийн мэдэлгүй гарч ирсэн зүйл юм. Ерөнхийдөө есөн жил бичсэн шүлгүүдийн эмхэтгэл. Гэхдээ хүмүүс дэмжээгүй бол хэзээ ч ном болж гарахгүй л байсан байх. Жилийн өмнө бичсэн шүлгүүдээ эмхэтгээд бичгийн цаасан дээр хэвлэчихсэн байсан юм. Найзууд маань гэрт ирэхээр үзүүлнэ, бас асуулт асуугаад шүлгээр мэргэлнэ. Найзууд маань уншаад урам өгсөн. Тэгээд редактораа хайгаад М.Уянсүх зохиолчийг олоод шүлгүүдээ уншуулахад бас их урам өгч байсан.

ИРЭЭДҮЙ: ТАНЫ УРАН БҮТЭЭЛИЙН МӨРӨӨДӨЛ? 

Зураачийнхаа хувьд гэвэл Парист үзэсгэлэнгээ гаргах /инээв/.
Энэ маягаараа урлагтай ойрхон, өөрийнхөө мэдрэмжүүдийг шүлгээр илэрхийлээд амьдарч байх нь л мөрөөдөл шиг санагдаж байна. Би утга зохиолын мэргэжлээр сураагүй. Заримдаа гэнэт шүлэг бичиж чадахаа больчих вий дээ гэсэн айдас төрдөг. Энэ зүгээр тархинаас ирж байгаа айдас байх л даа. Жишээлбэл, би шүлэг бичээгүй бараг сар болж байна. Тэгэхээр үе үе ингээд л бичихээ больчихов уу даа гэсэн мэдрэмж төрдөг юм. Тиймээс аясаараа бичээд л амьдрах минь өөрөө тансаглал шиг санагддаг. Шүлэгтэй ойрхон, зурагтай ойрхон байгаа маань их яруу сайхан амьдрал шүү дээ. 

II. ОРОН ЗАЙ ДОТОРХ ОРОН ЗАЙ…

 ӨРӨӨНД ТАНЬ ОНГОДЫН ХУРТАЙ, ОЛОН УРАН БҮТЭЭЛ ТӨРӨН ГАРСАН ХЭСЭГ БАЙГАА ЮУ? ТА ХААНА ИЛҮҮ БҮТЭЭЛЧ БАЙДАГ ВЭ?

Би энд зургаадугаар сарын 30-нд нүүж ирснээсээ хойш номынхоо нүүр зургийг зурсан. Би 2023 оны тавдугаар сарын 1-нээс гүйж эхэлсэн юм. Гүйх үнэндээ хэцүү. Тархи “Хурдан зогс!”, “Хурдан боль!”, “Одоо зогсохгүй бол үхлээ!” гэсэн команд өгч байгаа шүү дээ. Тэгэхээр нь үүл харж, гүйж байгаагаа сууж байна гэж тархиндаа итгүүлээд цааш явдаг байлаа.

Үүл харж гүйхдээ үүлэнд асар их тэвчээр байдгийг ойлгосон.

Үүл нүүж л байдаг. Хэчнээн сая жил… Тархи унтарчих л юм бол үүлний яг тийм тэвчээртэй, үл яарах оршихуй миний гүн дэх мөн чанарт ч байдгийг ойлгож анзаарсан. Өнгөрсөн намар 10 сард 7 өглөө нар мандахаас өмнө босоод цэцэрлэгт хүрээлэн орж гүйсэн юм. Тэгэхэд 3-7 км гүйж ирээд ном уншдаг байлаа. Гүйж ирэхээр тархи цэвэрхэн болчихсон юм шиг санагдана. Цэцэрлэгт хүрээлэнгийн ард талын “Tom n Toms”-д байдаг “Монголын сонгомол өгүүллэг”-ийг уншаад дараа нь шүлэг бичдэг байсан. Энэ дарааллаар туршиж үзсэн сонирхолтой юм байна лээ. Гүйх-унших-бичих.

ХАМГИЙН ДОТНЫН ТУСЛАХ, ГАРТ ОЙР БАЙЛГАДАГ БАГАЖ ЧИНЬ ЮУ ВЭ?

Зураас, өнгө хоёр бол зураач хүний зэвсэг. Зураас ямар нэгэн философитой, хүний амьдралын бүх сэдэвтэй холбогдох юм шиг санагддаг. Зураас бол мэдээж зургийн анхдагч илэрхийлэх хэрэгсэл. Харин өнгөний тухайд гэх юм бол үгээр ямар нэгэн зүйл бичиж илэрхийлж байгаа шиг өнгөөр утгыг илэрхийлнэ.

Өнгө бол зохиол бичиж байгаатай адил зураачаас утга учрыг шаарддаг.

Тэр тусмаа абстракт зургийг хүмүүс зүгээр будаг цацчихаж л гэдэг. Гэтэл цаана нь асар их туршлага, гүн агуулга, утга учир байдаг. Бодит зураг бол агуулга гэхээсээ хэлбэр нь шууд хараад уншигдахуйц байна. Харин хийсвэр зураг хүн өөрөө өөрөөсөө асуулт асууж, өөрөө өөрийгөө танихад тусалж байдаг. Зүгээр л нэг биш цаана нь гүн утга агуулга, асуулт шингээж хийх нь тухайн зураачаас мэдлэг, мэдрэмж, авьяас чадвар гэх мэт асар их зүйлийг шаарддаг. Тийм учраас надад хийсвэр зураг илүү таалагддаг. Түүнийг илэрхийлэхэд хамгийн чухал зэвсэг нь өнгө. Өнгөө яаж оруулах вэ? Харахад гоо зүйтэй байхаас гадна тухайн өнгөөрөө дамжуулж асуулт ургах хэмжээнд тоглолт хийнэ гэдэг бол өөрөө бараг зохиол бичиж байгаатай адил ур чадвар. Тэгэхээр өнгө бол тийм нарийн, чухал. Зургийн санаа, өнгө, хэлбэр яагаад хүчтэй нөлөөтэй байна вэ гэдэг дээр багш маань нэг сонирхолтой жишээгээр тайлбарлаж байсан юм. Фото зураг ч бай, зурсан зураг ч бай нимбэг харахаар арааны шүлс ялгардаг даа. Зураг яг үүн лугаа адил хүч нөлөөтэй. Ямар ч зураас, ямар ч өнгө байсан амьтай. Тийм учир зураач хүн зураг зурахдаа илүү ч үгүй дутуу ч үгүй яг зурах гэж буй зүйлээ зураас, өнгөөр илэрхийлж зурах нь сайн бүтээл төрөхийн үндэс юм уу гэж боддог.

 III. БҮТЭЭЛ БИД ХОЁР

ИЙМ БҮТЭЭЛ НАДААС ТӨРӨХ ЮМ БАЙНА ГЭХ ЗӨН ТӨРСӨН ТЭР АГШНАА ДҮРСЭЛБЭЛ? 

Бүтээл төрөх агшин бол одоо. Одоо бол хүч, боломж. Одоод төвлөрч л чадах юм бол уран бүтээл хийж чадна. Тэгэх л юм бол бүрэн дүүрэн амьдарч чадна. Тэгж л чадвал хүн-хүн шиг байна. Бидэнд одоогоос өөр зүйл бараг байхгүй ч юм шиг… “Күсамакүра буюу гурван булант ертөнц” гээд зохиолыг би жилийн өмнө уншсан. Тэр зохиолд зураг зурах гээд гэрээсээ гараад даяанч хийдэг хүний тухай өгүүлдэг юм. Харсан зүг рүүгээ даяанчилж, зургаа зурах гээд замдаа шүлэг бичээд л яваад байдаг. Маш олон адал явдалтай тааралдана. Гэхдээ зөвхөн ажиглана. Ажиглаад л байна, ажиглаад байна. Хамгийн сүүлд нь зурах зургийнхаа дүрсийг нүдэндээ олж хараад дуусдаг. Ном бүхэлдээ бодлын хүүрнэл, шүлэг-бодол-шүлэг гэсэн бүтэцтэй. Тэр номд уран бүтээлч хүн одоо цаг хоёрыг холбосон үнэхээр чухал санаа бий. Яг одоо цагтаа байж чадсан хүний цээжний гүнд тэнгэрээс санаа бууж ирэх агаад түүнийг ажиглаж байгаа тэр агшин бол бүтээл төрөх анхны агшин юм гэдэг санаа. Хэрэв одоодоо байж чадахгүй л бол хэзээ ч уран бүтээлчид ирж байгаа долгион, энерги, хүчийг барьж авч чадахгүй. Тэгэхээр одоодоо байна гэдэг бол уран бүтээлч хүний хамгийн чухал төлөв. Ерөнхийдөө миний шүлгүүд дандаа санаагаар эхэлдэг. Нэг санаа төрнө, тэр санаагаа гар утсан дээрээ тэмдэглээд авчихдаг. Орж ирсэн санааг тэмдэглээд л, урсгаад л, бичиж аваад л бараг 80 хувь нь засвар орох шаардлагагүй бүтэн шүлэг болчихдог. Үлдсэн хувь дараа харж байгаад төгсгөөгүй бол төгсгөөд, бага зэрэг засаад болчихно. Тэгэхээр тухайн мөчид төрсөн тэр л санааг өөрийнх нь агшинд л нь буулгаж авахгүй бол шүлэг анхныхаараа хэзээ ч бичигдэхгүй. Ерөөсөө тэр агшнуудыг барьж авсан нь л миний хийсэн зүйл юм байна гэж бодогддог. Түүнд хамгийн их нөлөөтэй зүйл нь хүн яг одоо цагтаа байх, тухайн агшнуудаа мэдрэх. Номоо “Үүл” гэж нэрлэсэн байгаа нь ч гэсэн миний хувьд үүлийг хараад ажиглах, тэр агшиндаа байх гэсэн утгатай.

 ТА БҮТЭЭЛТЭЙГЭЭ ЮУГААРАА АДИЛХАН БЭ?

Жишээлбэл шүлгийнхээ тухай би чөлөөлөлт гэж тодорхойлж бичсэн юм. Шүлэг бичихийн тулд өөрийгөө огт хүчлэхгүйгээр бичих… “Шүлэг хаанаас гарч байгаа юм бол?”, “Яагаад, ямар хүн шүлэг бичдэг юм бол?” гэж бодож үзсэн юм. Тэгсэн анх миний ухаан, ухамсар төлөвшихөд л байсан зүйлс юм шиг, амьдарч байгаа нь өөрөө бичихэд бэлтгэгдэж байсан хэрэг юм шиг санагдсан. Бичье гэж биш, амьдарч байгаа учраас бичээд байгаа юм шиг. Жишээлбэл их жаргалтай үедээ хүн сайн бичиж чаддаггүй шүү дээ. Тэгэхээр уран бүтээлч хүн, зураач, зохиолч хүний хэрэгцээ шаардлага юу байна вэ гэхээр өөрийгөө ойлгуулах, илэрхийлэх гэсэн  орон зай. Тэнд л уран бүтээл нь бий болж байгаа юм шиг санагдаж байна. Номын нээлтийн өмнөх орой хэлэх, ярих юмнуудаа найзтайгаа ярилцаж байхдаа  миний номын 80 хувь нь зовлонгийн тухай, үлдсэн 20 хувь нь намрын тухай шүү дээ гэж наргиан болгож хэлж байсан юм. Хүн бүрийн зовлон өөр, хүний доторх зовлонгууд ч өөр өөр. Үүнийг мэдэрч, ажиглаж чадсан, түүнийг хэр үнэн илэрхийлж байгаагаар шүлэг уран бүтээл төрдөг болов уу. Миний өөрийгөө чөлөөлж буй чөлөөлөлтүүд, өөрийн олж авсан тайлбарууд шүлэг болж байгаа. Тэгэхээр шүлэг бол миний энэ хэсэг. Ингэж хэлэхээр уран бүтээлч, зохиолч хүмүүс өөрсдийнхөө төлөө л бүтээдэг юм биш үү гэж зарим хүмүүс гайхаж магадгүй. Гэтэл үнэндээ хүмүүс ном бичье бүр хүнд уншуулъя ч гээгүй, тэрийг бодохын завдалгүй л бичдэг байх. Буцаагаад яг түүнийг нь л унших хэрэгцээ бусад хүмүүст байдаг. Яруу найраг тийм эмзэг, тийм үзэсгэлэнтэй урлаг.

БҮТЭЭЛЭЭ ХӨГЖИМТЭЙ ЗҮЙРЛЭВЭЛ?

Номд орсон нэг шүлгээ Chat Baker-ийн Almost blue дуунд зориулж бичсэн. Түүнтэй л зүйрлэдэг юм бил үү. Энэ дууг сонсоод нэгдүгээр сард шүлэг бичсэн юм. Нэг сар өвлийн хамгийн хүйтэн үе. Тийм ч гэлээ энэ л үед хүн өөртэйгөө нүүр тулж өөрийгөө ажиглаж суух тохиромжтой үе шиг. Миний ном ч бас тийм ажиглалтыг , тийм мэдрэмжийг төрүүлээсэй хэмээн хүсэж байна.

 САНАСАНДАА ХҮРТЭЛ БҮТЭЭЖ ЧАДАХ ТИЙМ АГШНЫГ ХЭРХЭН ТӨСӨӨЛДӨГ ВЭ?

Долоодугаар сард редакторлоод дуусчихсан, наймдугаар сард Адмон хэвлэлийн газартай уулзчихсан хавтасны зургаа зураад, номын баяраар хэвлэлтээс гарчих төлөвлөөгөөтэй Дархан руу буцаж ирлээ. Хавтасны зургаа санаандаа хүртэл зурж чаддаггүй хоёр сар уйлсан байдаг даа. Хамгийн гол нь “мөн байна” гэсэн мэдрэмж төрөхгүйд байсан юм. Хоёр сар зурсны дараа энэ зургийг зураад “яг мөн байна” гэсэн мэдрэмж төрсөн. Номын нэр ч бас жилийн өмнө гэхэд өөр урт байж байгаад, “Үүл” л яг мөн санагдсан. Номын арын үг, зураг гээд бүх зүйл дээр “яг мөн” гэсэн мэдрэмж төртөл ажилласан гэх юм уу. “Энэ яг мөн байна” гэж бодож дууссан өдөр л нээлтийн маань өдөр товлогдсон. Тэгэхээр нэг өдөр товлочихоод тэр өдөртөө амжуулна гэсэн байдлаар уран бүтээл хийнэ гэж байдаггүй юм байна гэдгийг ойлгосон. Энэ яг мөн гэсэн үнэнч, үнэн мэдрэмжээ хүн өөрөө мэдэж л байдаг юм билээ. 

НЭМЭЛТ АСУУЛТ: ТАНЫ ХЭЛЖ БАЙГАА ЭНЭ МӨН ГЭСЭН МЭДРЭМЖ АМЬДРАЛЫН БУСАД ЗҮЙЛС ДЭЭР, АМЬДРАЛЫН СОНГОЛТУУД ДЭЭР АДИЛХАН БАЙДАГ УУ?

Тийм шүү. Адилхан. Адилхан гэж үзэж байна. Хүн өөрөө өөрийнхөө өмнө үнэн байгаад, яг чин сэтгэлээсээ мэдэрч чадах юм бол тэр баримжаа угаасаа дотор байж л байгаа. Номонд маань дурлалын тухай шүлгүүд их байгаа. Би “Дурлал гэж юу юм бол?”, “Хайр гэж яг юу юм бол?” гэдэг тухай их удаан хайж байгаа. Хайрыг яг л энэ мөн байх гэж бодсон нь гэвэл саяхан. Гэхдээ энэ нь ойлголтын хувьд. Хайрыг хайж явахдаа жишээлбэл өмнө нь “Хайрлах урлаг” гэдэг номыг хоёр гурван удаа уншаад зарим нэг өгүүлбэрүүдийг ер ойлгохгүй байсан юм. “Яагаад ингэж хэлж байгаа юм бол оо?” гэж бодоод л. Тэгээд хайр гэдэг энэ л мөн юм байна гэсэн мэдрэмж төрсний дараа эргүүлээд номоо уншихад үнэхээр ойлгомжтой санагдаж байсан.  Тэгэхээр “яг энэ мөн” гэсэн мэдрэмж хайр дээр ч адилхан төрдөг. Хүн хайрыг ойлгоогүй цагт би хайртай юм байна, хайрлах юм байна гэдгээ ойлгохгүй шүү дээ. Тэгэхээр бас хайрыг ойлгох их чухал юм байна гэж бодсон

НЭМЭЛТ АСУУЛТ: ТАНЫ ШҮЛЭГ ЮМСЫН (ЖИШЭЭЛБЭЛ ҮҮЛНИЙ Ч ЮМ УУ) ДАЙЖ ИЛГЭЭЖ БАЙГАА ҮГСИЙГ СОРГОГООР СОНСОЖ, ЧАГНАЖ БИЧСЭН ЮМ ШИГ САНАГДСАН?

Миний дотор луужин шиг их хүчтэй мэдрэмж бий. Үргэлж намайг чиглүүлж байдаг. Магадгүй миний сүнсний хүч байх. Би үхэх гээд хэвтэж байхдаа өнгөрсөн амьдралаасаа юунд харамсах вэ гэж асуувал өөрөө өөрийнхөө өмнө үнэн байгаагүйдээ л хамгийн их харамсах юм байна гэсэн бодол төрсөн. Ерөөсөө утга учиртай, үнэн л амьдрах… Юу хийх гэж амьдарч байгаа юм бол гэсэн бодол надад их хүчтэй онцгой мэдрэмж төрүүлдэг. Тэгэхээр юмны хэлбэр чухал биш, сонирхол татдаггүй. Агуулга, мөн чанар нь их чухал байдаг.  Тэрийг хайж байгаа эрэл хайгуулууд, одоо цагтаа тэрийг ажиглаж байгаа ажиглалтууд маань энэ асуултын хариу болох байх. Үхэхээсээ өмнө харамсахааргүй утга учиртай амьдрах. Өөрөө өөрийнхөө өмнө үнэн байх. Өөр хүмүүсийг бол хүн хуурч чадна шүү дээ. Өөрийгөө хуурч чадахгүй. Үнэнийг хайж амьдарч буй учраас л бичиж байгаа юм байна гэж боддог. 

*Та Орхонтуяагийн “Үүл” номыг худалдан авахыг хүсвэл энд дараарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

@Katen on Instagram
[instagram-feed feed=1]