Хэн нэгний бичсэн шүлгийг шинжилж, шүүх боломжтой юу? Хэрэв бичвэр нь өгүүллэг бол, эсээ бол түүнийг задлан шинжилж, сэтгэгдэл үлдээгээд хариу илгээхэд асуудалгүй сэн. Гэвч хэн нэгний бичсэн шүлгийг уншаад сэтгэгдэл бичиж, шинжлэл хийнэ гэхээр нэг л ой тойнд бууж өгсөнгүй. Шүлэг хүмүүсийн зүрх сэтгэлийн дуулал, хэнд ч хэлээгүй дурсамж болоод нууцуудын илчлэл. Нөгөөтээгүүр улс орон болоод хувь бодгалийн хамгийн эмзэг бүхэн шүлэгтээ шингэсэн байх нь олонтоо болохоор түүнийг тэр бүр дүгнэж цэгнээд байх боломжгүй. Харин “Сайхны тухай санаанууд” шүлгийн түүврийг уншиж эхэлснээс хойш эл санаа аажмаар алсарч, бүдгэрч эхлэв.
Зохиолч Ц.Буянзаяагийн “Сайхны тухай санаанууд” шүлгийн түүвэр… Халгасаар халгасаар хуудсыг нь дэлгэснээс хойш хаа л явна энэ ном хамт байх боллоо. Шүлгийн номыг барьж сууж байгаад нэг дор шударчихдаггүй болохоор халаас, цүнхэндээ хийчхээд хаа нэгтээ гаргаж ирж мэрж уншдаг нь хүмүүст их л хань болдог юм шиг ээ. Хань нөхөр, ханилгаа морь минь “Философийн чулуу”, “Хотын тухай шадууд”, “Ахиллын тулаан” гэсэн гурван бүлэгтэй юм.
Бүлэг бүр нэгэн тодорхой утга агуулга илэрхийлэх нь гарчгаас тодорч байна. Энэ утгаараа номын шүлгүүд цөм алив юмсын тухай шинэ өнцөг эргэцүүллийг эрэлхийлсэн, философидсон, хэн бүхний мэддэг суут хүмүүс болоод хүн төрөлхтний шинжлэх ухааны түүх дэх ололт, ойлголтуудыг эшилсэн шинжтэй байх аж.
Нэгдүгээр бүлэг “Философийн чулуу”
… -”Хайртай хүмүүсээ үхэлд алдахаас илүү зовлон байдаг уу?” гэж үү?
-”Хайртай хүмүүс чинь мөнхөрчихвөл түүнээс илүү зовлон болно доо.
-”Философийн чулууг хайгаад олоогүй гэсэн үү?”
-Олдоогүй нь л олдсон ганц дүрс нь болов уу даа.
Зохиолч энэ бүлэгт чухам ямаршуу шүлгүүд өрснийг бүлгийн нэрээс гадарлаж болмоор. “Философийн чулуу” хэмээх энэ нэр томьёо өрнө дахины соёлд холбогдох ба урлагийн бүтээлүүдэд нэг талаар үхэшгүй мөнх амьдрал хийгээд төгс оюун ухааны бэлгэдэл, нөгөөтээгүүр хүмүүний хязгааргүй хүсэл шуналын егөөдөл болгож ашиглаж иржээ. Үүний нэгэн тод жишээ нь Английн алдарт зохиолч Ж.К.Роулингийн “Харри Поттер” цуврал номын нэгдүгээр боть “Философийн чулуу” ном билээ. Зохиолч Ц.Буянзаяа ч мөн энэ мэт утга бэлгэдэж номын эхний бүлгийг ийн нэрлээд түүхэн хүмүүсийг болоод тэдний уран бүтээл, дэвшүүлсэн санааг эшилж, мөн алив ойлголтын тухай өөрийнхөөрөө эргэцүүлсэн шүлгүүдийг багтаажээ.
ЭКЗИСТЕНЦИАЛИСТУУДАД ЗОРИУЛАВ
“…Эрх чөлөөт хүн байхын учрыг номлосон
Жан Пол Сартр тэргүүтэн
Энэхэн насандаа санаж явах юутай содон үгсийг чихэнд шивнэн өгүүлээ вэ?
Өөрийнхөө хувь тавиланг өөрөө бүтээх тэр нэгэн гайхалтай шийтгэлийг
Өнөөдөр бид харин хэрхэн эдэлж яваа бол?…
…Яспейрс, Хайдеггер тэргүүтэн
Ямархан азаар бидэнд сануулан хэлээ вэ?
Үзэгдэх ертөнцийн харагдах дүрсэнд нэгдмэл юм шиг
хэрнээ нэгдмэл бишээр
Үнэндээ бид санаа сэтгэлийнхээ чанадад
оршин байдаг нь юутай завшаан бэ?”
Ийм нэгэн шүлэг номын эхэн хавьцаа бий. Шүлгийг бүрэн ойлгож мэдрэхийн тулд бид Экзистенциалист философийн тухай ойлголттой байх, эсвэл тэр тухай судлах хэрэгтэй болох нь.
“ Өрөөний нэг булангаас нөгөө булан луу мөлхөх
яст мэлхийн удааныг бид гайхна
Өндгөндөө яарсан тэрээр өөртөө хэчнээн
их хурд тээж буйг бид яахан тааж мэднэ…
…Эйнштейний гайхамшиг бусдаас ангидаар сэтгэн
боддогт нь оршин байсныг шагшин магтах зууртаа бид
Эргэн тойрныхоо өөр бодолтнуудыг ангуучлах аянд
уралдан мордоцгоодог.
Экерманы* тэмдэглэл дээрх Гётегийн гаднах морин
чарганы чахрах чимээг сонссон хэрнээ бид сонсоогүй дээ итгэдэг…”
Харин энэ шүлгийг бид хуудасны доод хэсэгт үлдээсэн “*Гётегийн хувийн нарийн бичиг. Түүний Гётетэй өнгөрүүлсэн өдрүүдийнхээ тухай бичсэн тэмдэглэл нь их зохиолчийн амьдрал, уран бүтээлийн тухай өгүүлсэн хосгүй үнэ цэнтэй баримт болон үлджээ гэсэн тайлбарыг уншиж сая нэг учрыг тунгаах боломжтой юм. Мөнхүү уншигч танд Эйнштейнийг судлах үүрэг ноогдлоо.
Энэ мэтээр эхний бүлгийг дуустал уншвал та Шексфир, Дү Фү, Жон Леннон, Махатма Ганди зэрэг алдартнууд, Эдип, Фауст, Ромео Жульетта, Квазимодо гэх мэт дүртэй нүүр учрах болно. Зохиолч дурдсан зохиолуудыг уншиж судлаад тухай бүрд нь санаа зангидаж, өөрийнхөөрөө хэрхэн дуулсныг ойлгохын тулд бид мөн л энэ бүгдийг судалж, энэ хүртэлх замыг туулах хэрэгтэй болж байна. Яагаад ингэж байна вэ? Зохиолч яагаад шүлэгтээ уран зохиолын бүтээлээс эш татсан юм бол?
“Сайхны тухай санаанууд” номын шүлгүүдийг туурвил зүйн ур маяг, бичсэн арга барилаар нь интертекст хэмээх онолын ойлголттой холбон тайлбарлавал зохих юм.
Өөрийн зохиол бүтээлдээ уран зохиолын арвин баялаг өв сангаас дам болон шууд байдлаар эш татаж бичих “интертекст” гэх энэ ойлголтыг постструктуралистууд үндэслэсэн байна. Нарийвчилбал Болгар гаралтай Францын философич, утга зохиолын онолч Жулия Кристева 1960 онд хэл шинжлэлийн эрдэмтэн Ферденант де Соссюр, Оросын утга зохиолын онолч Михаил Бахтиний онолын зарим санааг нэгтгэх оролдлого хийж, интертекст гэх ойлголтыг үндэслэсэн юм (Allen, 2000, 3-4).
XX зууны эхэн хагаст структуралист философич, утга зохиол судлаачид алив бичвэрийг бүтцийн үүднээс задлан шинжлэн, тайлан тайлбарлаж бүхий л бичвэрт байх тогтвортой бүтэц, хосмолжин эсрэгцэл (binary opposition) зэргийг онцлон судалж байв. Харин 1960 оноос хойш постструктуралистууд бүтэцлэн шинжлэх арга зүйд шүүмжлэлтэй хандаж өөрсдийн онол, арга зүйг боловсруулсан бөгөөд чухамхүү тэр үзэл хандлагын улбаагаар интертекст гэх ойлголт үүссэн байна.
Интертекстийн онол ёсоор “…текст нь бие даасан, тусгаар объект биш харин бусад бичвэрүүдийн эмхэтгэл” (Allen, 2000, 36) юм. Түүнчлэн аливаа текст бол “…эшлэл сүлэлдээн, өөр нэг текстийн хувирал болоод нэгдэл” (Scarlett Baron, 2020, 334) хэмээн тодорхойлдог.
Чухамдаа зохиолч уран бүтээл туурвихдаа хүмүүсийн бүтээсэн урлагийн алив бүтээлийг ухамсартай болон ухамсаргүй байдлаар шууд, дам байдлаар эшлэх, бүтээлчээр хувьсган өөрчлөх, бэлгэдэл болгон ашиглах, дуурайлгах зэргээр бүтээж болдог. Энэ нь уран зохиолын текстийн тухайд ил болон далд байдлаар илэрдэг ба тухайн текст уншигчийг ямагт өөр нэгэн текст рүү хөтөлж байдаг.
Манай утга зохиол, философи судлаачид судалгааны бүтээлдээ “бичвэр сүлэлдээн”, “эшлэлийн сэтгэхүй” гэхчлэн орчуулж ирсэн энэхүү ойлголт дотроо анаграм (anagram), аллюшин (allusion), хувиргал (adaptation), элэглэл (parody), пастиче (pastiche), дуурайлт (imitation) болон бусад төрлийн гэсэн олон хувиргалыг ашигладаг (Baldick, 2015, 289). Зохиол доторх өөр нэгэн текст рүү хөтөлж буй текстүүдийг бид энэ мэтээр ялгаж салгах боломжтой гэсэн үг юм. Харин одоо онол болоод шүлэг хэрхэн холбогдож буйг харъя.
Монгол шүлэгчдийн дунд түгээмэл байдаг нэгэн сэдэв нь дөрвөн улирал. ХХ зуунаас өнөөг хүртэлх шүлэгчдийн бичсэн дөрвөн улирлын сэдэв бүхий шүлгүүдийг чуулуулж сонирхолтой судалгаа хийж болмоор. Зохиолч Ц.Буянзаяа ч мөн энэ сэдвээр шүлэг бичихгүй байж түвдсэнгүй.
Хаврын дүрс
“…Үдшийн цагаар хотын гудамж жүжгийн тайз шиг тунирхлын үгсээр дүүрч
Ромео Жульетта хоёрын мартагдсан домог санагдам хайрын туульс сэдэрнэ…”
Намрын дүрс
“… Яг л энэ мөчид Сүнвэйгийн намрын өвсний тухай
шүлгийн санаа ой тойнд тодрон сэрж
Яруухан үгсийн цаанаас цухалзах гунилт аяс цээжний
гүнд үүрлэн бодлыг хүндрүүлнэ…”
Хаварт Ромео Жульетта, намарт нь Ванчинбалын хөвүүн Сүнвэйданзанг эшилснийг бид харж байна. Шүлгийн энэ хэсгийг интертекстийн шууд эшлэл (quotation), дуурайлт (imitation) хэмээх хувиргалд хамаатуулан үзэж болно. Дуурайлт гэдэг нь шууд хуулчихсан, эсвэл дуурайгаад биччихсэн гэсэн санаа огтхон ч биш.
Харин зохиолч хэн бүхний мэдэх, дэлхийн алдарт жүжгийн дүрийг шүлэгтээ дурдаж хаврын өнгө аяс, хаварт өрнөдөг хүмүүний түгээмэл явдлын дүрслэлээ илүүтэй тодруулж харуулахыг зорьсныг интертекстийн “дуурайлт” гэх хувиргалын жишээ хэмээн үзэж байна.
Мөнхүү намрын тухай шүлэглэхдээ Сүнвэйданзаныг, түүний бичсэн намрын тухай шүлгийг шууд дурдаад авч байна. Ингэснээр Сүнвэйданзаны шүлэг илт биш ч дам байдлаар Ц.Буянзаяагийн шүлэгт багтаж илэрхийлэх гэсэн санааг улам ч тод болгож, хүч нэмж буй юм. “Сайхны тухай санаанууд” дахь дөрвөн улирлын шүлэг эрт эдүгээгээс өнөөдрийг хүртэлх монгол шүлэгчдийн бичсэн эл сэдэв бүхий шүлгүүдээс үүгээрээ ялгарч байна.
Номд буй интертексттэй холбон тайлбарлаж болох ихэнх шүлэг шууд эшлэл, дуурайлт гэсэн хоёр хувиргалд багтаж байна. Хоёрдугаар бүлэгт байгаа хотын тухай шүлгүүд дунд ч дээрх маягаар тайлбарлаж болох мөртүүд бий.
“Жангар”-ын туульд гардаг
сэрүүн бумбын орон ч юм шиг ээ, энэ хот.
“Гэсэр”-ийн туужид гардаг
хорон санаатны үүр ч юм шиг ээ, энэ хот…
***
Мэргэн Хомэр Трой хотын тухай
санаан зоргоор бичээгүй л дээ
Мэдээж тэр хот нь өнөөгийн хотуудаас
хавьгүй жижигхэн байсан л даа
Уураг тархинд нь харин агуу том Трой
оршин байж л дээ…”
Мэдээж зохиолч интертекст аргаар шүлэг бичье гэж зориогүй байж таарна. Харин хэлэх гэсэн санаагаа уншсан судалсан бүтээлүүдтэйгээ уялдуулан холбож илэрхийлье гэсэн нь дээрх жишээнүүд болон бусад шүлгээс харагдаж байна. Гэвч ихэнх шүлэг шууд эшлэх арга барилаар бичигдсэн нь тун ч уйтгартай. “Би Жангар, Гэсэрээ мэднэ шүү. Би мэргэн Хомэроос эхлээд Шексфирийг дуусгаж, эксзистенциалист философи хүртэл судлаад амжсан нэгэн шүү” гэж цэцэрхэж байна гэж бодмоор. Мэдээж дээр дурдсанчлан өөрийнхөөрөө эргэцүүлсэн шүлгүүд энэ номд бий. Ялангуяа “Ахиллын тулаан” хэмээх гуравдугаар бүлэгт тийм шүлэг хэд хэд бий.
ХУУРМАГ ОЙЛГОЛТ
Амьдрал бол аян замдаа явж буй үхэл юм.
Аз жаргал амар амгаланг туулж буй шаналан юм.
Урсаж буй ус, ургаж буй мод адилхан хөдөлгөөнөө зогсоож буй.
Унтарч буй гал, хийсэж буй навчис шинэ дүрсээ бүтээж буй.
Чиний холдон буй алхаа хүмүүст илүү тод дуулдана.
Чиний ирж буй төрх явж буйгаас чинь алс санагдана.
Хагацал бол буцаад ирэх гэж буй учрал юм.
Харуусал бүхэн цагаа хүлээж буй тайвшрал юм…
Гуравдугаар бүлгийг энэ мэт эргэцүүллүүд бас гарчигтайгаа агаар нэгэн утга бүхий омгорхуу, зөрүүд, тунисан шүлгүүд нийлж бүтээжээ. Чингэхдээ интертекстүүд нь мөн л шууд эшлэх замаар бичигдсэн байна.
Харин одоо “Чи тэгээд энд яриад байгаа шууд эшлэл энэ тэрээсээ өөр аргаар бичигдсэн шүлэг хэдийг хэлээд орхи л доо” гэж хаанаас ч юм, хэн ч юм асуух нь лавтай. Интертексттэй холбон тайлбарлаж болох, цаг хугацааны хувьд аль болох алс хол биш бүтээлүүдээс дурдъя.
Интертекст – Пастиче (pastiche)
HUD BOY
Tom’n Toms бол хэлбэр юм
Эхний хундгыг хэлбэрийн төлөө.
Thomas Hardy, Ted Hughes ялгагдах юмгүй –
хоёр дахь хундгыг ондоошил, – өөр байхын төлөө.
Thomas Eliot, Ezra Pound, ‘Сергей Есенин’-
Гурав дахь хундгыг нөхөрлөлийн төлөө.
…толгойгоо цар дээр тавиад… Ойлгож байна уу?
Дөрөв дэх хундгыг, түүнээс цаашхийг Caravaggio-д…”
“Уучлаарай найз аа, өхгг…
Эрүүл мэндийн төлөө уухгүй юм уу?
Эсүүл зүгээр л сайн сайхны төлөө?
Энд бид хоёроос өөр хүн алга л байна ш дээ…”
Б.Батзаяа “Сэтгэцийн асуудал” 2023, 18 дугаар тал)
Хальт харвал энд тэндхийн олон зохиолчдыг нэр цохсон мэт санагдана. Гэхдээ дахиад сайн ажвал тодорхойлох гэсэн санаа бүрээ дурдсан зохиолчдын хэв маяг, уран бүтээлийн онцлог шинжээр нь баталсныг мэднэ. Тухайлбал, Эзра Паундын ийм нэгэн шүлгийг уншаад:
Хамтдаа явцгаая, хоёул, одоо
Харанхуй болох нь,
тэнгэр цаана чинь
Хагалгааны ширээн дээр нойрсуулсан өвчтөн шиг дугжирчээ.
Явцгаая, зэлүүд хоосон гудамжуудаар,
Явуулын улс хоног төөрүүлдэг хямдхан буудлуудаар,
Даруулганд нь хясааны мах өгдөг
Дарсны бохир мухлагуудаар тэнэцгээе…
“Дэлхийн сонгомол яруу найраг” 2008, 153 дугаар тал
Мөн Сергей Есенин найрагчийн “Хагацъя даа, анд минь, түр баяртай Харин дүр чинь цээжинд үлдэнэ ээ…” гэсэн мөртийг уншаад шүлэгт чухам яагаад “Гурав дахь хундгыг нөхөрлөлийн төлөө” хэмээснийг уншигч ухаж ойлгох биз ээ. Ийн хэлэх гэсэн санаагаа өөр өөр зохиолчоор баталж, тэднийг нэг шүлэгт “цуглуулж” буйг интертекстийн пастиче хэмээх энэ аргад хамаатуулан тайлбарлах боломжтой юм. Пастичийн өөр нэг жишээ болох Борхэсийн шүлэг “Дэлхийн сонгомол яруу найраг” номд бий.
Сарыг сар, загасыг загас, соронзонг соронз
байгаагийнх нь төлөө талархнам
Саваа уншигчдын нүдэнд өнөө хэр Дон Кихот хэвээрээ
үлдсэнд нь Алонсо Киханод талархнам
Есөн шидийн хэлийг бидэнд сонсгосон Вавилоны цамхагт
талархнам, би
Ертөнцийг агаар мэт нөмөрсөн хосгүй нинжин сэтгэл, бидэн рүү
гэтэж мяраасан гоо үзэсгэлэнд талархнам…
“Дэлхийн сонгомол яруу найраг” 2008, 193 дугаар тал
Орчуулагч: Г.Аюурзана
Хэрэв шүлгийг уран зохиолын онолтой холбон тайлбарлах аваас нэгэн жишээ нь энэ төдий. Интертекстийн бусад арга хувиргалуудтай холбон тайлбарлаж болох олон шүлэг бий. Гэвчиг хэнчиг “За хө, ганц сайхан интертекст шүлэг бичье, нэг пастиче маягийн юм бичээд орхиё” хэмээн санаж шүлэг бичдэггүй нь лав билээ. Гэлээ гээд шүлэг гээч нь дээд тэнгэрээс онгод, онгоц хөлгөлөж ирээд онгодын, онгоцны буудал мэт хүмүүний оюун санаанд буудаг зүйл биш байлтай. Бид дээр олон жишээ дурдаж “онгодоос арай өөрөөр” тайлбарлаж эргэцүүлэх гэж үзлээ шүү дээ. Энэ өнцгөөс нь үзвэл шүлэг бол бичиж болдог зүйл. Гэхдээ…
НОМ ЗҮЙ:
Аюурзана, Г. Өлзийтөгс, Л. (2008). Дэлхийн сонгомол яруу найраг. Улаанбаатар: Мөнхийн үсэг.
Батзаяа, Б. (2023). Сэтгэцийн асуудлууд. Улаанбаатар: Чөлөөт хэвлэл сан.
Allen Grahham. (2000). Intertextuality. London: Routledge.
Chris Baldick. (2001; 2015). The Concise Oxford Dictionary of Literary Terms. USA: Oxford University Press Inc.
Scarlett Baron. (2020). The Birth of Intertextuality: The Riddle of Creativity. New York: Routledge.
Leave a Reply