Press ESC to close

Усны ГудамжУсны Гудамж Бичээчийн Хөгжих Талбар

Г. Батсуурь докторын өвчтөнүүд

Жич: Мийм ойлгодог хүмүүст зориулав.

Жичийн жич: Уг нийтлэлийг шизофрени, невроз, ид, эгогийн нөлөөн дор бус, цэвэр, эрүүл саруул оюун ухаанаар бичив.

С: Яана аа, хүн ухаан алдчихлаа. Doctor (эмч.анг) байна уу?

Г.Батсуурь: Би Доктор байна аа.

С: Энэ хүний зүрх зогсох нь ээ!

Г.Батсуурь: Би утга зохиолынх.

С: Хүн үхлээ…

Г.Батсуурь: Тэгвэл надад тэмдэглэлийн дэвтрийг нь өгчих. Би хэр шизотой нөхөр  байсныг нь оношлоод өгье (гэвэл алав аа хха)

За за, марзганах ч яах вэ. Уран зохиолын салбарын томоохон зохиолчдод сэтгэцийн онош тавьсан цуутай судлаач гэх үү, оношлох дуртайг нь бодохоор сэтгэцийн эмч ч гэмээр Г.Батсуурь гэж эрхмийн шүүмжийн тухай өгүүлэх хэд хэдэн зүйл байгааг дотроо санаж бодсоор удлаа.

Уншихаас залхуурсан хүнд хэлэх товч санаа:

Аливаа зохиол бүтээлийг А гэж тэмдэглэвэл түүний цаана Б гэх далд ухамсраас үүдэлтэй санаа байгаа гэдэг нь  хэнд ч тодорхой. Г.Батсуурь судлаач бичвэртээ дандаа л тэр Б-ийн утгыг олох гэж хичээдэг юм. Гэтэл надад нэг муу мэдээ байна. Энэ хүн эрснээ хэзээ ч олохгүй. Учир нь Б-ийн утга хязгааргүй. Далд ухамсар хязгааргүй. Байгаа нь үнэн боловч түүний цаана яг юу байгааг ямар ч далдыг хардаг далай лам нь тайлж дийлэхгүй. Тэгээд л нохойд барьдаг мод шиг өнөө муу ид, эго, бэлгийн дур хүсэл гурваа бүх бичвэртээ нялзаах аж.

Эмчилж чаддаггүй эмч нар

Юун түрүүн Г.Батсуурь судлаачийн өмнөө барьдаг “далд ухамсар” гэх ойлголтыг сэтгэл судлалын салбарт суулгасан Зигмунд Фройд гэх хүний хэлэх гээд байсан санааг хэдүүлээ дэлгэрүүлэн үзэхгүй бол болохгүй. Монголд орчуулагдсан онолын номууд ихэвчлэн нэр томьёоны тайлбар толь шиг байдаг. Хэл хугарам үгсийн гарал, утга, тэр ойлголтыг зохиосон хүний нэрээс цааш хол алхдаггүй нь хэцүү. Тэгээд л мань мэт нь нэлээн тархиа угаалгана. Батсуурь гэж мундаг судлаач ид, эго, эго л гээд байх юм. Юу ч юм бүү мэд. Аймаар чухал л бололтой. Ид нь бараг өөрөө далд ухамсар болоод, сүүлдээ далд ухамсар гэдэг чинь тэр чигээрээ бэлгийн дур хүсэл л ч юм уу гэмээр. Хүний далд ухамсарт хэдэн шалдан хүн хэвтэж байдаг ч юм шиг, завхай гэж найгүй ойлголт болж дууслаа. Фройд сэтгэцийн өвчлөлийн уг гарвальд бэлгийн дур хүсэл нэлээн чухал нөлөөтэй байж болохыг судалж, санал дэвшүүлсэн нь үнэн. Гэвч бурхангүй газрын бумба галзуурна гэгчээр “Фройд тэгсэн юм” гэж ирээд бичвэр байтугай бичсэн зохиолчийнх нь сэтгэцийн өвчнийг тодруулах “эрхтэй” гэж өөрийгөө үзнэ гэдэг… Гэтэл Фройдын онолыг орчин үеийн сэтгэл судлалд яагаад шууд авч хэрэглэдэггүй юм бол? Яагаад тэр нь хуучирсан юм бол гэж бодож үзэхгүй хэрэг үү?

Үүнийг тайлбарлахаас урьд  Г.Батсуурь эмчийн тавьсан зарим нэг сэтгэцийн оношноос танилцуулъя:

“Сод уран бүтээлчдэд сэтгэл зүйн хийгээд сэтгэцийн невроз илрэх, давтагдах нь хэвийн зүйл агаад уран бүтээлээс нь ямар нэгэн гажуу тусгал, холбоогүй сэтгэхүй, хий үзэгдэл, сэтгэл хөөрлийн ба гутралын хам шинж илрэх нь түгээмэл зүй тогтол. Манай уран зохиолд ч ийм үзэгдлүүд бий.”

Эдгээр хам шинж хэнд ч илэрч болно. Бас чамд ийм хам шинж илэрдэг бол санаж яв, чи “сод уран бүтээлч” байх албагүй шүү. Мөн сод уран бүтээлч болохын тулд заавал хам шинжээр хамуутах шаардлагагүй.

“Энэ тайлбараар зохиолч Д.Нацагдоржийг эмнэл зүйн утгаар галзуу, солиотой байсан гэж хэлэх гээгүй бөгөөд зарим үед зарим зохиолоо бичиж байхдаа түүний далд ухамсраас, бүр Эдипийн цогцолборын цаад талаас нь түлхдэг шизофрений тусгалтай уран бүтээлч байжээ гэж үзэх боломжийг ‘Харанхуй хад’ бүтээл нь бидэнд олгож байгааг хэлэх гэсэн юм.” 

За байзнаарай. Амьсгаадчихлаа. Яалаа гэнэ вэ? За би энэ дашрамд энийг уншиж буй таныг тэнэг гэж боддогоо хэлчихье. Гэхдээ би энэ тайлбараар өөрийг тань эмнэл зүйн утгаар тэнэг, мангар, эргүүтчихсэн гэж хэлэх гээгүй бөгөөд зарим үед, зарим зүйлийн талаар ярихад таны далд ухамсраас, бүр Эдипийн цогцолборын тань цаад талаас л түлхээд байдаг тэнэглэлийн өчүүхэн тусгал байх боломжийг таны хэлсэн энэ үг бидэнд харуулж байгааг хэлэх гэсэн юм… гээд байвал ямар байна? Манай хүн дандаа сэтгэцийн аймаар нэр томьёо ашиглана. Заримдаа ил цагаан “юмтай” гээд хэлчихнэ. Хэлснийхээ араас шууд ийм залруулга хийлээ гээд хэлээгүй болох хэрэг үү? Түүнчлэн Эдипийн цогцолбор буюу Эдипийн комплексын “цаад тал” гэж яг юу байдгийг мэргэжил нэгт сэтгэл зүйчдэдээ тайлбарлаж өгвөл тэдэнд л хэрэгтэй юм даа. Мань мэт юугаа мэдэх вэ? Тайлбарлаад ч ойлгохгүй биз.

“…Б.Лхагвасүрэнгийн үеийнхэн түүний дүрслэлийн ур маягийн шокноос гарч чаддаггүй байсан ба манай яруу найрагт юм үзэгдлийг үзүүр дээр нь аваачиж эрсдүүлэн, харгисаар дүрслэн шийдэх өнгө аяс тодорсон бөгөөд ийм уран бүтээлчид нь өөрийгөө өвтгөн тарчилгаж дураа хангах мазохист, эсвэл бусдыг тарчилган дур хүслээ ханган  чадах садист мөн чанарын неврозод дөхсөн сэтгэцийн эмгэг шинж төрхтэй болон төлөвшсөн юм.”

Ээж нар бас хааяа “Ингэж байхаар үхээд өгөхиймсан” гээд л юм үзэгдлийг үзүүр дээр нь аваачиж, эрсдүүлэн, харгисаар дүрслэн шийдэх өнгө аяс тодруулдаг л юм. Батсуурь эмчид үзүүлмээр юм даа. Ямар гээч “мөн чанарын невроз”-доо дөхөө юм бол?

Энэ мэт түүний оношилсон сэтгэцийн өвчтэй зохиолчид олон билээ. Үүгээрээ би үгээр өөрийгөө эрс, хүчтэй илэрхийлнэ гэдэг хэвийн зүйл л гэх гэсэн юм. Магад юмс хүнд, хэцүү байгааг олон хүн олж харахгүй байж болох ч хүн хүнээс илүү эрүүл ухаантайдаа л тэсэрч, хүчтэй мэдрэх үе бий. Түүний энэ тайлбаруудад дургүйлхэх ганц шалтгаан минь тэр. Хэвшмэл ойлголт тогтоох эрсдэлтэй тайлбар учраас. Зохиолч болмоор байдаг, гэтэл зохиолчид гэж эрүүл галзуу нь мэдэгдэхгүй хүмүүс байдаг гээд судлаач нь хүртэл цохон тэмдэглээд байдаг. Сод хүмүүс ихэвчлэн тийм байсан гэж өмөөрч болох. Гэвч хүн угаас уран бүтээлч болсных бас сод нь л болчихмоор санагдана шүү дээ. Тэр хүсэлдээ хөтлөгдөөд хамгийн түрүүн дүр эсгэхийг сурч, дараа нь жинхэнээсээ галзуурч солиорсон боловч уран бүтээлч болж чадалгүй хоцорвол хэчнээн аймшигтай. Иймэрхүү далд ухамсарт суугаад байдаг тогтсон, хэвшмэл ойлголтоос болоод аяндаа галзуу, солиотой байх нь давуу тал юм шиг бодоод эхэлнэ. Бид залуустаа тийм ирээдүй хүсэх хэрэг үү?

Одоо Фройд яагаад хуучирсан бэ гэх асуулт руугаа эргэе. Тэгэхдээ бэлгийн дур хүсэл ярих дуртай хүмүүсийн хэлээр л тайлбарлая даа. Фройд, Батсуурь хоёрын бэлгийн сулрал нь адилхан юм. Эмчилж чаддаггүй сэтгэцийн эмч нар. Ердөө л үр дүнгүй, бас хайрцаглагдсан тайлбараас болж тэр. Баахан л онош тавиад байдаг. Эмчилж өгөх гээгүй юм бол хэчнээн сонирхолтой гаргалгаа гаргалаа гээд яах вэ дээ. Жишээ нь би ямар ч ухаантай нөхрийн бичвэрээс бэлгийн дур хүсэл, эх, эцэгтээ тэмүүлэх мэдрэмжийн тухай санаа түүж чадна шүү дээ? Тэгээд яана гэж? Фройдын хэлснийг л тоть шиг давтахаас илүү гарах уу?

Цохон тэмдэглэх нэгэн зүйл: Хүний далд ухамсарт бэлгийн дур хүсэл, ид, эго, сэтгэцийн элдэв өвчин, невроз, шизо мэтийн аймаар нөхдүүд нуугдаж, тэрнээсээ үүдээд зохиол бичээд байдаг гэх санаа Г.Батсуурийн шүүмж бүрт бий. Гэтэл далд ухамсарт зөвхөн тийм зүйлс байдаггүй юм. Яг одоо уншиж байгаа энэ бичвэрийг та таван цагийн дараа мартаж болно. Гэвч далд ухамсар мартахгүй. Бага насны дурсамжаа та бүгдийг нь санадаггүй байж болно. Гэвч далд ухамсраас гэв гэнэтхэн сэргэх нь бий. Тэнд зөвхөн бэлгийн дур хүсэл байдаг юм биш. Багадаа ихэд шохоорхсон хэдий ч авч чадаагүй гоё чихрийг авах дур хүсэл ч хэвтэж буй. Тэгээд л зарим томчууд багадаа тоглож чадаагүй тоглоомоо худалдаж авдаг. Өмсөх сөн гэж боддог байсан эгчийнхээ хувцастай адилхан зүйлийг эрж явдаг хүүхнүүдээс үүдэн нийгэм нийтийн дунд “моод эргэх” үзэгдэл ч гардаг. Эсвэл траума буюу сэтгэл зүйн гэмтлүүд ч байж болно. Үүнийг зөвхөн орчин үед мэдсэн бус. Фройд ч далд ухамсарт нүдээр үзсэн юмс, элдэв биелээгүй хүсэл бүхэн дүрс хэлбэрээр тогтож, эргээд зүүдэнд үзэгддэг гэдгийг “Зүүдний тухай” судалгаанууддаа дэлгэрэнгүй бичсэн бий.

“Эдипийн комплекс” гэх мангаа

Энэ бүх утгагүйтлийн эх сурвалж байж мэдэх нэгэн орчуулгын алдааны тухайд

“Эдипийн тухай Фройд тэгээд л тайлбарлачихсан байсан шүү дээ. Тэгвэл Нацагдорж, Лхагвасүрэн, Намдаг, Явуухулан, Өлзийтөгсийг ч тэгээд тайлбарлачхаж болох юм биш үү?” гэх мэргэн санаанаас л бүх юм эхэлсэн болов уу гэж надад бодогдоод байгаа юм. Гэтэл Эдипийн тухай үнэхээр Фройд анх яг ямар номдоо бичсэн, эх бичвэртээ юу гэж тайлсан, яг юу задлан тайлбарлах гэж байгаад Эдипийн тухай дурдсан талаар бид өнөө хүртэл сургаар л явлаа.

Гэтэл өнөө цуутай текст чинь миний гарт өөрөө ороод ирсэн дээ. Зигмунд Фройдын 1899 онд бичсэн The Interpretation of Dreams буюу “Зүүдний тайлал” гэх бүтээлд энэ тухай анх дурдсан байдаг. Тус олон хуудастай бүтээлээс хамгийн гол санаануудыг түүж эмхэтгэсэн “Зүүд” гэх номыг би англи хэлнээс монгол хэл рүү орчуулах явцдаа мөнөөх гайхал бичвэртэй учирсан билээ.

Фройд хүн болгонд нийтлэг зүүдлэгддэг “ерөнхий зүүд”-ийн тухай өгүүлж байсан юм. Тэр “ихэнх эрчүүд эхтэйгээ хурьцаж зүүдэлсэн байдаг” гэх санаагаа бататгахыг хүсжээ. Тиймээс Эдип хаан жүжигт хэлдэг Иокаста хатны үгээр жишээ татсан байдаг. Хатны үг чухамдаа ийм юм:

Эрин зууны тэртээд хүртэл

Эрчүүд эхтэйгээ хурьцаж зүүдлэвч

үндэсгүй хоосон тийм зүүдээр

Үймүүлж сэтгэлээ зовоогоогүй юм.

Эдип хаан жүжгийн зохиогч Софокл мөн боловч үндсэн түүх нь ам дамжин яригдаж ирсэн домог байдаг. Домог гэдэг ард түмний үзэж туулсан бодит явдлаас улбаатай зүйл гэх утгаараа “ард түмэн эртнээсээ л тийм зүүд зүүдэлдэг байжээ” гэх Фройдын санааг бататгах жишээ болж чадаж байгаа юм. Гэвч мэргэн уншигч бол эндээс нэг алдаа олно. Та 1979 онд монгол хэлнээ орчуулагдсан Эдип Хаан гэдэг жүжгийн зохиол дотроос миний дээр дурдсан текстийг үзээд ч олохгүй. Харин ийм мөр л олдох билээ:

Ээжтэйгээ ханилна гэж

Төлөг бууснаас битгий зов

Дуг нойрны муухай зүүд

Сэрэхэд худлаа байдаг биш үү? гэсэн бий.

Энэ юу гэсэн үг вэ гэхээр эх бичвэрийн балмад утгыг зөөллөх гээд баллуурдаж орхисон болохоор Фройд жүжгийн “зохиолд байхгүй” асуудлыг гүжирдээд тайлбарлачихсан ч юм шиг, Фройдыг дуурайгаад хүмүүсийн бүтээлийг гүжирдээд тайлбарлачхаж болох мэт санагдаа болов уу. Мэдээж Фройд ийм зүүд бол эхдээ тэмүүлэх бага насны дур хүслээс үүдэлтэй гэж томьёолсон. Магад энэ асуудал дээр дэлгэрэнгүй тайлбар нэмэгдэж болох юм. Ямартай ч зохиолын англи бичвэрт:

“Before this, in dreams too, as well as oracles,

many a man has lain with his own mother” гэх мөр хийгээд, яг тийм утга байдгийг л дуулгах гэсэн төдий.

Ашигласан ном:

Г.Батсуурь (2018). Утга зохиол судлал, шинжлэл цуврал: Ерөөлчид ба Шизофреникууд Улаанбаатар:Жиком Пресс.

Зигмунд Фройд (2024). Агуу санаа цуврал: Зүүд. Улаанбаатар: Болор Судар

Alison Booth, J.Paul Hunter, Kelly J.Mays (2006). The Norton Introduction to Literature

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

@Katen on Instagram
[instagram-feed feed=1]