Усны гудамж сайт гадаад, дотоодын зохиолчдын бүтээлийн уран сайхан, үнэ цэнийг сэргээн сануулах, таниулах зорилгоор “Зохиолчийн сар” булангаа нээж байна. Энэхүү буландаа тухайн сард төрсөн зохиолч, уран зохиолын зүтгэлтнүүдийн бүтээл, ажлын үнэ цэнийг тодруулан танилцуулах билээ. Бид хоёрдугаар сарын зохиолчдын тухай бичвэрийг “Палласвать” утга зохиолын бүлгэмийн гишүүдтэй хамтран боловсруулж байна. Та бүхэн МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш И.Даваадоржийн бичвэрийг болгооно уу.
Гэгээн гэхдээ хүнд
Зохиолч Пүрэвжавын Баярсайханы уран бүтээлийн тухай
Гэгээн хийгээд хүнд П.Баярсайханы зохиолыг найрал хөгжимтэй найрсах буун дуу лугаа зүйрлэж болох билээ.
Зохиолд юу хамгийн чухал вэ? Хэт гэнэн асуулт ч байж болох. Дүр, өгүүлэгдэхүүн, цаг, орон, уур амьсгал. Эдгээр бүгд л чухал. Туурвин бичиж буй зохиолч бүр үүнийг сайн мэддэг ч хооронд нь сүлжин нэхэж, өөрийн үгээр тоочин өгүүлэхгүйгээр хэв шинжит дүрийг бүтээж, дүрслэн илэрхийлж чадсан нь цөөн билээ. Магад тэр цөөн зохиолчийн нэгэн П.Баярсайхан юм. Зэвэргэн хаврын орой тэнгэрт үзэгдэх хэдэн шувуу, хөгшид хүүхдээс өөр хүн үлдээгүй буйд тосгон, галзуугийн эмнэлэг, хэзээ сэрэхээ мэдэхгүйгээр унтах гэж буй эр хүрхэрээ харан зогсох, цасан шуурганаар нутгаа орхин одох эмгэн. Тэр бээр дүрийг зохиол өрнөх оронтой холбон уяж, гунигтай гэж хэлэлгүйгээр гунигтай, хар бараан гэж хэлэлгүйгээр гэрэл гэгээгүй, уйтай гэж хэлэлгүйгээр бараан давчдам уур амьсгалыг бүтээж чаддаг гэхэд хилсдэхгүй биз.
Зохиолч П.Баярсайхан 1959 онд Завхан аймгийн Жаргалант суманд төржээ. 1982 онд МУИС-ийг Гидротехникийн инженер мэргэжлээр төгссөн агаад оюутан ахуйдаа МУИС-ийн Утга зохиолын нэгдэлд хамрагдаж байсныг зохиолч, сэтгүүлч Сан.Жаргалсайхан ийн дурссан нь бий:
Тухайн үед ажиллаж байсан утга зохиолын дугуйлангуудаас хамгийн нэр нөлөө бүхий том нь Их сургуулийнх байсан бөгөөд яруу найрагч С.Дулам, З.Түмэнжаргал нар багшилж байсан… Чухам энд л би гидроинженерийн ангийн оюутан, өндөр нуруутай, бужгардуухан хар үстэй, нүд хөмсөг болсон царайгаа урган харлаж яваа сахлаар гоёсон үе тэнгэрийн нэгэн хүүтэй танилцсан нь хожмоо байгаль хамгаалах олон улсын шагналт зохиолч, радиогийн нэрт сэтгүүлч болсон Баярсайхан байсан юм (Жаргалсайхан, 2014).
Зохиолч П.Баярсайхан оюутан ахуй насандаа “Аав өвөл ирнэ” (1980) хэмээх өгүүллэгээ “Утга зохиол, урлаг сонин”-д анхлан хэвлүүлж, өгүүллэг, тууж болон жүжгийн “Аав өвөл ирнэ” (1986), “Хөх туурийн тал” (1988), “Анир гүм тал нутаг минь” (1990), “Гэрэл гэгээг хүснэ” (1990), “Гүн ертөнц” (1999), “Сармагчин бол сармагчин” (2017) түүвэр, 1994 онд “Хотын онгон” романаа хэвлүүлжээ.
- Завсрын үе, хольцмол өнгө, бүүдгэр байгалийн зураглал
П.Баярсайхан зохиолчийн тууж, өгүүллэг өрнөх цаг болон орны нэгдэл буюу орчныг ажиглан үзвэл нэгээс нөгөөд шилжих цаг хугацааны завсрын үе, гэгээг харанхуйтай сүлэх хольцмол өнгө, бүүдгэр байгалийн зураглал, зүсэр бороо, манан зэргийг их зонхи дүрсэлсэн бий. Жишээ татвал “Энэ намрын дуу” өгүүллэгт “Алтан нэг хэсэг яваад мөнөөх өлгийг ширтэнэ. Эндээн гэхэд гунигтай л байна… Холын холд цэнхэр манан” (Баярсайхан, 1999: 163) гэжээ. Тэрээр дүрийн дотоод эзгүйрэл, сэтгэл зүйг бүтээхдээ өлгий зэрэг тодорхой нэгэн эд хэрэглэлийг харааны мэдрэхүйд татан дүрсэлж, үүнийгээ холын манан, өргөн орны дүрслэл, байгалийн зураглалтай хоймсон илэрхийлснээр нэгдүгээрт тухайн асуудал үүдэх болсон өгүүлэгдэхүүний дарааллыг нөхвөрлөж, хоёрт зэгэл гунигтай уур амьсгалыг бүтээн, уншигчид нөлөөлж байна. Мөн “Зуун жил” өгүүллэгт хэзээ эргэж сэрэхээ үл мэдэх Насан хэмээх залуугийн ирээдүйн талаарх итгэл найдвар хийгээд тодорхойгүй байдлын айдсыг эмнэлгийн гэрэл гэгээ муутай давчуу хонгилоор төлөөлүүлэн өгүүлсэн мэт. “Сармагчин бол сармагчин” өгүүллэгт ахуйн алив асуудлыг ажрах хийгээд үл ажрах, шийдэгдэхгүй ч давтагдах аар саар байдлын дунд буй дүрийг сарны өмнүүр нисэх хараацай, тагтны хашлага мөргөн, салхи татуулах шувуудыг ажиглан буйгаар үзүүлж, эргэцүүлэл, бодлын урсгалд нь чөлөөтэй өрнөх сэжим бүрдүүлжээ.
Уг бичвэрийн зохиогчийн видео эсээг та дараах холбоосоор үзэх боломжтой:
- Өртөн оршигч дүрүүд
Түүний бүтээлд бүүдгэр саарал орон, давчуу орон зай, цэгээн саарал өнгөтэй хоршин элдвийг эргэцүүлэгч дүр, зоримог үйлдэл үл хийж чадах ч орхиж хүчрэхгүй байгаад дүр баатрууд байх нь түгээмэл. Хүүрнэл зүйн онолын дагуу ажвал dramatized mind буюу зохиолын цаг нь бие баатрын цагтай давхцаж, зохиолын дүрүүд хэрэг явдалд шууд оролцон, эл явдлаас ухамсрын ертөнц, эргэцүүлэл рүү шилжих (Билигсайхан, 2022) арга маягийг их зонхи ашигладаг нь үйлдэхүй хийгээд эс үйлдэхүйнхээ төлөө шаналах, аливааг эргэцүүлэгч дүр баатрыг тодотгон өгчээ. Дүр эл шинж, хүүрнэл зүйн аргын илрэлийг “Гэрэл гэгээг хүснэ” туужийн Мөрөний дүр, дүрийн уужуу бодол, сэтгэлийг илэрхийлэх дараах жишээнээс харж болно. Туужид “Баялагмаатай уулзаж чадалгүй зөвлөгөөнд явахдаа түүнийг ирж магадгүй гэж санаж охиныхоо хамт гэрийн түлхүүрээ айлд орхисон билээ… Олж харах гэж хичээсэн цонх нь гэрэлтэй байлаа. Баялагмаа сэрүүн байна даа гэж бодов. Гэрэлтэй цонхыг харахад сэтгэл ядаж эзгүйрэхгүй юм. Баялагмаа унтаж чадахгүй байгаа юм байна даа… Гэрэлтэй байхыг үзэхүл тэрээр одоо элдвийг эргэцүүлэн сууж байж ч мэдэх юм” (Баярсайхан, 2017: 249) хэмээн өгүүлсэн байдаг.
П.Баярсайханы хүүрнэл зохиолд “уулыг өргөж, усыг эргүүлэгч” социалист реализмын идэвхтэй дүр бус, ихэвчлэн бусдын үйлдэлд өртөх, субьектив байдал нь тод илэрхий бус, хүлээн авагч, үл шүүх, эргэцүүлэгч дүрүүд байдаг. Эдгээрээс олонтоо дүрслэгдэх нь хүүхэд болон хөгшдийн дүр юм. Ганцаардмал, үр хүүхдээ хүлээн, санаж бэтгэрсэн настай хүмүүс зохиолын гол дүрд хань бараатай. Бүр нэг нэгэндээ түшиг болох нь ч бий. Жишээ нь “Онгоц зардаг дэлгүүр” өгүүллэгийн Цацрал охинд ээж нь Найдан өвөөгийндөө очоорой хэмээн захиж байдаг. Мөн “Тавиул” өгүүллэгт Ариун хүүг эмээ өвөө нь өсгөж байх. “Миний ач хүү” зохиолд сумын төвийн ганц бие Хас өвгөн ач хүүгийн хүслэн болж буйг өгүүлдэг. Тэр гансралаа нөхөхийн тулд хөрш саахалтын Түшиг хүүд сайн хандах ч эцэг эх нь таатай хүлээж авахгүй.
Ер эл зохиолуудад өгүүлэх хөгшид гундуухан чимээгүй орших ч, өрөөлийг ойлгон мэдэрч, эрс хүчтэй үйлдлийг эсэргүүцэхээс илүүтэй буулган газардуулж байх нь манан татсан намрын өглөө шиг тайван ч нэг л түгшим. “Онгоц зардаг дэлгүүр” өгүүллэгт “Лаа дундарч гэрт улам бүүдгэр болж байв. Найдан өвгөн охины хучлагыг засаж зогсоно. Ач нар хот руу буцаад Цацрал охин нэг хэсэг ганцаардаж эвгүй байгаа гэдгийг өвгөн гадарлаж байв. Ач нараа авч үлдэхгүй явуулав гэж охин өвгөнд бас гомдож байж мэдэх юм” (Баярсайхан, 1999: 182) гэх хэсэг бий. Эл хэсгээс мөнөөх ганцаардсан эсвээс гомдсон нэгэн хүүхэд, түүнийг гадарлав ч үл илэрхийлэх өвгөн хийгээд бүүдгэр орчны хослолыг ажиж болно.
Нас биед хүрэгсэд өөрийгөө, өөрийн дотоод сэтгэлийг хэтийдүүлэн дүрслэн өгүүлдэг уран зохиолын талбарт үргэлж дарагдан үлддэг “бусад” буюу хүүхдийн дуу хоолой, дотоод хүүрнэлийг П.Баярсайхан зохиолч чадмаг илэрхийлсэн байдаг.
“Аав өвөл ирнэ” өгүүллэгт “Яаж явах билээ? Би бол жаахан. Би харанхуйгаас их айж байна гэж хүү бодно. Аав байсан ч болоосой… Ээж яачхав. Гэрт жигтэй хүйтэн. Бас эл хуль оргиж их л эвгүй байжээ. Хүү гал түлэх сэн гэж бодов. Ээж юм ч идэж чадсангүй. Цай ч ууж чадсангүй. Ай аав байсан ч болоосой…” (Баярсайхан, 1999: 194) хэмээн багахан асуудал хүүд тулгаравч, түүний хувьд том болохыг, магад ганцаар үлдэн хэн нэгний нөмөр хэрэгтэй болж буйг, бодовч шийдвэрлэж чадахгүй нэгэн асуудал байгааг өгүүлжээ. Эл эрх мэдэлгүй “бусад” болох хүүхдийн дүрийг “Тавиул”, “Онгоц зардаг дэлгүүр” гэх мэт бусад зохиолоос ч ажиж болох билээ.
Зохиолчийн бүтээсэн ганцаардмал, орхигдсон, хэн нэгний нөмөр нөөлөг, хань бараагаар дутсан эдгээр хүүхэд, хөгшдийн дүрүүд зэгэл саарал, бүүдгэр орчинтой уялдан найрсаж, тайван чимээгүй ч түгшүүртэй уур амьсгалыг уншигчид мэдрүүлж буй юм.
Төгсгөлд нь:
Аливаа бичвэрийн ямар нэгэн төрөл зүйл төгсгөлдөө гол зорьсон зүйлээ хэлэхийг шаарддаг биз. Амаар дамжсан үлгэр үргэлжид гар газар, хөл хөсөр амгалан байх эрхэмнэлээ илэрхийлж, “амар сайхандаа жаргадаг”. Байгаль шинжлэлийн өгүүлэл туршилтын үр дүнг дүгнэлтдээ хэлж, лабораторийн хулганад хөнөөлтэй эсэхийг өгүүлдэг. Ер зорьж эхэлсэн бол дүгнэх, төгсгөх хэрэгтэй л болно.
Гэхдээ XX-XXI зууны зааг үед амьдран, монголчуудын амьдралын нэгээхэн том өөрчлөлтийг алхан гарч, нийгэм-эдийн засаг бүр хүний үнэт зүйлийн уналт хийгээд өсөлтийг мэдрэн бичиж туурвисан П.Баярсайхан хэмээх эл зохиолчийг дүгнэнэ гэдэг хэцүү шиг. Зохиолын дүр, тэдгээрийн мэдрэхэд хэцүү харилцааг үгээр далдлан илэрхийлэн, зохиолын орон хийгээд цагийн дотор уяж, үйл явдлыг урьтан хэлэх хийгээд байгалийн зураглал, бэлгэ ёрын өгүүлэмжийг чадмаг ашиглах түүний ур гаажтай. Тэр бээр хүүхэд, хөгшдийн чимээгүй оршихуйг бүүдгэр зэгэл өнгөөр урлан гаргаж, хөнгөн, хүндийг хоймсуулж чаджээ. Магад түүний зохиолыг гэгээн хийгээд хүнд, найрал хөгжимтэй найрсах буун дуу лугаа зүйрлэж болох билээ.
МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш И.Даваадорж
Ашигласан бүтээл:
Баярсайхан, П., (1999). Гүн ертөнц. Улаанбаатар: Сэлэнгэ пресс.
Баярсайхан, П., (2017). Сармагчин бол сармагчин. Улаанбаатар: Тагтаа.
Билигсайхан, Ч. (2022). Ухаарахуй: шинэ үеийн уран зохиолын онол. МУИС-ийн профессорын өв. Боть I Улаанбаатар: Удам соёл.
Жаргалсайхан, Сан. (2014). Алслан одсон андаа дурсахуй. Retrieved February 2, 2025, from https://www.sonin.mn/news/enews/27708.
Leave a Reply