Press ESC to close

Усны ГудамжУсны Гудамж Бичээчийн Хөгжих Талбар

Ужиг хүслийн тэмдэг

Энэ удаа Усны гудамж яруу найрагч М.Дэвээжаргалын шүлгүүдийг онцолж байна. М.Дэвээжаргал “Ужиг хүслийн тэмдэг” яруу найргийн хоёр дахь түүврээ тун саяхан гаргасан билээ. Түүний алив хөндүүр бүхнээрээ ертөнцөд хайраа дэлгэх эрэмгий атлаа эмзэг нандин шүлгүүдийг хүлээн авна уу. 

“Ужиг хүслийн тэмдэг” номыг худалдан авах бол: Ужиг хүслийн тэмдэг ном – Дэвээжаргал Мэндчулууны | Интерном

***

Эхэр татан уйлна 

Эвлэршгүй хайртай даа л 

Эргээд уулзъя гэнэ 

Эдгэршгүй хайртайдаа л…

ААВДАА

Дуугүй цагаан өвснөө

Уулын сүүдэр илд шиг бууна

Дуулж амжаагүй гэгээг

Уулын хүн тээж ирнэ

Элээж дуусгах салхин

Энгэр газарт намжина

Тэвдэж алдсан тэнгэрийг

Салхины хүн зөөж ирнэ

Унахдаа уйлдаг бороо

Ургахдаа дуулдаг өвс болно

Борог амьдралын ачааг

Борооны хүн л гээж ирнэ

Зэрэглээн доторх бүхэн

Дэргэдээс хийсэж одно

Зэгэл гунигийн нулимсаа

Дэргэдийн хүн залгиж ирнэ

Ар нуруун дээр

Ахиад олон жил цас лавсана

Зүрхээ дарсан гараараа та

Манан сарниаж далласаар ирнэ…

Нэгэн улирлын үзэгдэл мэт бид эзгүй ч

Нимгэн даль сэмлэх урьт салхи намжаагүй.

Урт өдрийн төгсгөлд учрах гэж хүлээсээр

Урьдын чамайг сэтгэл ер мартаагүй… 

Орь тэнхээ алсдаа тасарч, амьсгал отголох байсан ч 

Хэц эргээсээ уйдаагүй гол мөрөн мэт би чамайг зорьдог

Хэгз татуулж, хөсөр орхигдовч жамтай уралдсаар

Огт айдасгүй ургадаг өвс ногоо мэт би чам руу очдог.

 

Хүйтэн хуй хөдөөлөх сэтгэл биднээс холын төлөө

Хорлогдсон  төөрөгт хоригдсон ч эмээхгүй!

Үдшийн тогтуун агаарт бүгд амгалан төгсдөгийн төлөө

Үнэнээ хэлээгүй зүрхэнд үрэгдэж хүрсэн ч шархирахгүй!

 

Хэвлийдээ орчлонг цуглуулж, үрдээ зүүдлүүлдэг

Хярын сахиустай жигүүртэн мэт чи оршиж чадвал

Халуун голын эрчлээг тайлахад амьдрал уртын учир

Хайруу жавраас тэнгэрийг чинь халхалж, энд би үлдье…

Уйтгар гунигийн ширүүн аадарт нэвт цохиулж

Амьдралын дунд чичирч зогсоход чи ирсэн.

Нулимсанд норсон гарыг жишим ч үгүй атгаж

Халуун сэтгэл шиг хацартаа наасан.

Хагацалд хагарч, цуурсан чиний замаар

Харихдаа, эдгэрдэг үгсийг би олсон

Халирч нураад мөрийг чинь налахад

Хамтдаа ширтэж болох тэнгэр, живж болох далай байсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

@Katen on Instagram
[instagram-feed feed=1]