Press ESC to close

Усны ГудамжУсны Гудамж Бичээчийн Хөгжих Талбар

Ээждээ

Усны гудамж сайт “Зохиолчийн сар” буландаа гадаад, дотоодын зохиолчдын бүтээлийн уран сайхан, үнэ цэнийг сэргээн сануулах, таниулах бичвэрүүдийг нийтэлж буй. Бид хоёрдугаар сард төрсөн зохиолчдын тухай бичвэрийг “Pallaswati” утга зохиолын бүлгэмийн гишүүдтэй хамтран боловсруулж байна.

Ээждээ

Хүний амьдад өдөр шөнө гэлтгүй хийх ажил мундахгүй. Харин өнхрөөд өгмөгц өдөр хоног овоороод эхэлдэг авай. Хорь хоноод ижий өөд болоод яг гурван жил болох гэж байна.

Энэ гурван жилийн турш “ээж үхээгүй” гэсэн этгээд нэгэн бодол надаас огтхон ч салаагүйгээр барахгүй ээж маань ч өөрийгөө үхсэн гэж бодохгүй байгаа гэж бодогддог байв. Үхэх, унтах адилхан гэж их ярьдаг, гэтэл хүн унтах болсноо, оронд орсноо мэддэг ч  чухам яг хэзээ унтаснаа мэддэггүй.

Ээж бид хоёр Шианд цуг амьдраад арван дөрвөн жилийн нүүрийг үзээд байтал өвчин нь хүндэрч улмаар эмч нар эрхтэн систем нь доголдсоныг тогтоож, би ээжийг аваад төрөлх нутаг Дихуан руу үргэлжлүүлэн эмчлүүлэхээр очлоо. Тэрээр гэртээ өдөржин дусал залгуулж хэвтэх агаад дусал нь дуусмагц охид хүүхдүүд нь шинийг солихыг мэдэх тул нүдээ аниад л тайвуухан хэвтдэг байлаа.

Очсоноос гурав дахь өдрийн орой тэрээр аньсан нүдээ ахиж нээсэнгүй. Гэхдээ өөрийгөө дусал хийлгэж байна л гэж бодсоноос биш ахин сэрэхээргүй одож байна чинээ зүүдлээ ч үгүй биз. Учир нь эгчийг нүүр гарын алчуур угаагаад ир гэж гуйснаас биш, самаа дэрнийхээ дэргэд тавьж, тэлээндээ зүүгээтэй түлхүүрээ салгаж, хойтох ажил явдлыг хэрхэх талаар бидэнд чиг хэлээгүй.

Гурван жилийн өмнө би найтаах тоолондоо “Хэн намайг санаа вэ?” гэхээр алиа шооч ээж минь өлгөн авч  “Хэн санах ий, ээж нь л санаа шүү дээ” гэдэг сэн. Энэ гурван жилийн хугацаанд миний найтаах гэж тоймгүй болсон. Ихэвчлэн хоолоо оройтуулж мунгинан байгаад найтаахдаа ижийгээ учиргүй санаж, муу ээж минь хүүдээ санаа зовнисоор л байгаа даа гэж итгэнэ.

Ээж минь надад сэтгэл чилээсээр буй учир нь тэр өөрийгөө үхсэн гэж бодохгүй байгаа. Би ч гэсэн ижийгээ байгаа л гэж боддог. Ялангуяа гав ганцаараа нам гүм гэртээ суухдаа үүнийг илүүтэй мэдэрдэг. Цаас цоохорлож суутал гэнэтхэн ээж дуудахыг сонсдог. Туйлын бодитой тэр чимээг сонсоод би дадсан ёсоороо орчин тойрноо ажна.

Өмнө нь ээж зүүн талын өрөөний орон дээр сууж, би бичгийн ширээнийхээ ард бөгтийнө. Тэгэхэд ижий огт хөдлөхгүй, өчүүхэн чимээ гаргахгүй намайг л чимээгүй ширтэнэ. Ширтэж ширтэж эцэст нь намайг дуудаад “Энэ дэлхийн үг үсгийг чи бичиж барна гэх биш. Гарч алх” гэдэг сэн. Одоо намайг дуудахыг сонсохоороо би үзгээ тавьж, өрөө рүү нь ороод ээж минь Дихуанаас, Шиандаа эргээд иржээ гэж өөртөө хэлдэг юм.

Мэдээж өрөөнд юу ч байхгүй тул хэсэг зогсож байгаад “Ээж ирчхээд зээл орж миний дуртай ногоон чинжүү, лууван авч ирэхээр буцаад гараад явчхаж” гэж амандаа бувтнана. Магадгүй тэр надаар зориуд даажигнаж хананд өлгөөтэй хөрөг зураг руугаа ороод нуугдчихсан байх. Би зургийн өмнө хүж унгатган өргөөд “Хүү нь ядраагүй ээ” гэж хэлнэ.

Бүхэл бүтэн гурван жилийн хугацаанд, бусдад зориулж би арав гаруй нийтлэл биччихээд ээждээ харин ганц үсэг хатгаагүй юм байна. Бүхий л үр хүүхэд ижийгээ агуу, сайхан сэтгэлтэй гэх тул би энэ хэдэн үгийг давтаж улиглаад юүүхэв. Ээж минь ердийн л нэгэн шувуун хөлтэй, боловсролгүй, хөдөөний эмэгтэй байсан. Гэхдээ надад миний ээж шиг эрхэм нь үгүй.

Цаг хугацаа цахилан өнгөрч, дахиад түүний өвчин зовлонд сэтгэл чилээхгүй болсон ч намайг алс явах болоход “Энийгээ тэгээрэй, тэрийгээ ингээрэй” гэж чихнээс хонх уяж үглэх хүнгүй болчхож. Би ч амт шимттэй унд хоол “олдохоор” аваачиж хэнд өгөхөө мэдэхээ байчих юм.

Шианд ээжийн амьдарч байсан тэр өрөөнөөс би нэг ч тавилга хөдөлгөөгүй, цөм байр байрандаа бий ч тэндээс ижийнхээ дүрийг л ахиж хараагүй. Би өөртөө удаа дараа “Ээж минь үхээгүй. Тэр нутагтаа хариад амьдарч байгаа” гэж хэлдэг. Өнөө зун айхтар халуун чийглэг. Би шөнө бүр чийгтэй халуунд давчдан сэрмэгцээ ээжийн өрөөний агааржуулагчийг сольж өгөх юм шүү гэж сэрхийн боддог. Төдхөн нойрноосоо бүрэн сэрснийхээ дараа л хөдөө ээжийн шинэ байранд лавтайяа сэрүүн байгаа гэж өөрийгөө тайтгаруулдаг.

Гурван жилийн ой өдөр өдрөөр ойртсоор, заншил ёсоор би хүж, лаа, цэцэг, жимс бэлтгэн нутгаадаа буцлаа. Тэнд ижийнхээ булш руу дөхөж явахдаа л би “Ээж минь нас барсан” гэх чин үнэнийг өөртөө хэллээ. Би газар дээр, тэр газар доор, амьдрал үхлээр тусгаарлагдсан эх хүү хоёр ахин уулзахгүй болжээ, халуун нулимс бүрхэж, цурхиран уйллаа.

2010 он

 “Шар шороот өндөрлөгийн гурван их зохиолч”, “Шар шороот өндөрлөгийн шадар гурав” гэх нэршил бий. Тэр гурван бол “Энгүүн хорвоо”, “Амьдрал” романы зохиолч Лү Яао, “Цагаан бугын шил” романы зохиолч Чэн Жунши, зохиолч Жя Пиньва нарыг хэлж буй хэрэг. Шар шороот өндөрлөг нутгаар овоглогдсон гурван зохиолчоос өдгөө бидний дунд ганц нь л мэнд байна. Шар шороот өндөрлөг нь Шаньси, Ганьсу, Хэбэй мужийн баруун хэсэг Ордосын тэгш өндөрлөг гээд 640,000км2 газар нутгийг хамардаг юм. Салхиар зөөгдөж, туугдаж үүссэн химэрлэг, онц шаргал хөрстэй энэ нутаг олон зохиолчийг төрүүлж, энд төрсөн зохиолчид эх нутгаа зохиол бүтээлдээ  мөнхжүүлжээ. Тэдний нэг Жя Пиньва 1952 оны 2 сарын 21 нд Шаньси мужийн Дихуа хотод төрсөн.

1973 оноос уран бүтээлээ эхэлж “Цагаан шөнө” “Шороон хаалга” “Үймээн”  зэрэг 17 роман, мөн тооны туужийн бүтээл, хэдэн зуугаар тоологдох эсээ, дурсамжийн бүтээл туурвижээ. 1996 онд Францын утга зохиолын “Фемина” шагнал, 2003 онд Францын “Ordre des Arts et des Lettres” шагнал, Хонконгийн “Улаан асрын зүүд” утга зохиолын шагналыг “Чинь дуурь” романаараа тус тус хүртжээ. Зохиол нь англи, франц, герман, япон, солонгос зэрэг олон хэл рүү орчуулагдсан. “Turbulence” “Qinqiang” нэрээр англи хэлнээ гарсан бүтээл нь илүү алдартай юм.

Орчуулсан: Мөнхцолын Батбаяр 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

@Katen on Instagram
[instagram-feed feed=1]