
Усны гудамж сайт “Зохиолчийн сар” буландаа гадаад, дотоодын зохиолчдын бүтээлийн уран сайхан, үнэ цэнийг сэргээн сануулах, таниулах бичвэрүүдийг нийтэлж буй. Бид хоёрдугаар сард төрсөн зохиолчдын тухай бичвэрийг “Pallaswati” утга зохиолын бүлгэмийн гишүүдтэй хамтран боловсруулж байна. Та бүхэн орчуулагч Б.Чандманийн бичвэрийг хүлээн авна уу.
Шидэт үлгэрч
Нобелийн шагналт зохиолч Тони Моррисон 1931 оны 2-р сарын 18-нд АНУ-ийн Охайо мужийн Лорейнд төржээ. Тэрээр Нобелийн шагнал авсан хамгийн анхны африк-америк гаралтай эмэгтэй юм. Жинхэнэ нэрийг нь Клое Энтони Уоффорд гэдэг бөгөөд хүмүүс энэ нэрийг нь зөв дуудаж чадахгүй байснаас Ховардын их сургуульд сурч байхдаа “Тони” болгож сольжээ. Харин дараа нь 1958 онд Ховард Моррисонтой гэрлэн, нөхрийнхөө овгийг авч “Тони Моррисон” гэх нэртэй болсон байна.
Хожим зохиолч 1964 онд нөхрөөсөө салсан ба нэрээ сольсондоо харамсдаг тухайгаа The Guardian сэтгүүлд ярьсан байдаг: “Үнэндээ би чинь Клое Энтони Уоффорд шүү дээ. Жинхэнэ би. Гэтэл би өдийг хүртэл өөр хүний нэр дор бичиж ирсэн. Одоо би зарим нэг зүйлээ Клое Уоффорд гэх нэрээрээ бичдэг. Арай хувийн зүйлсээ л дээ. Ер нь яах гэж Тони Моррисон гэх нэрээр “Хөх нүдэн”-ээ (анхны зохиол нь) хэвлүүлэв ээ гэж би харамсдаг.”
Түүний хүүхэд насны тухай цухасхан дурдахад, хэдийгээр арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл харьцангуй багатай хотод төрж өссөн гэгдэх ч гадуурхлын сүүдэр түүнийг тойроогүй юм. Хоёр настай байхад нь түрээсээ төлж чадаагүй гэх шалтгаанаар байрны эзэн гэрийнхнийг нь дотор байсаар атал түймэрдэж байв. Хэдий ийм ч хүүхэд нас нь африк-америкийн аман зохиол, үлгэр домог, хөгжим, ёс заншил дунд өнгөрчээ. Моррисоны хэлснээр гэр бүл нь “ер бусын зүйлстэй их ойр” байсан аж. Тиймээс ч Моррисон өнгөрсөнд болсон юмыг хуучлах маягаар бичих дуртай болжээ. “Бага насны дурсамж бичиж эхлэхэд их тус болсон” гэж хэлсэн удаатай. Ерөөс зохиол бүтээлдээ амьдралын туршлагаа шингээж бичдэг нэгэн. Уншиж сурав уу үгүй юу ном уншихад шимтэж эхэлсэн гэдэг. “Нэгдүгээр ангид орохдоо би цор ганц хар арьстай хүүхэд байсан ч хүүхдүүд надтай дээрээс харьцаж байгаагүй. Яагаад гэвэл би ганцаараа уншаад сурчихсан байсан” гэж нэгэнтээ дурссан нь бий.
Тони Моррисон голчлон африк гаралтай америкчуудын талаар, тэдний үүх түүх, өнөөгийн байдал, хүнд хэцүү амьдралын нөхцөл, хүмүүсийн харанхуй муйхар талыг илчлэн бичдэг. Цэнхэр нүдтэй болохыг мөрөөддөг хар арьст охины тухай “Хөх нүдэн” хэмээх анхны номоо 39 насандаа гаргажээ. Үүнээс гурван жилийн дараа “Сула”-аа, 1977 онд “Соломоны дуун”-аа хэвлүүлсэн юм. “Соломоны дуун” бүтээл нь амжилт дагуулж, Моррисонд зөвхөн зохиолчоороо дагнан ажиллах боломж бүрдсэн байна. Ийнхүү 1987 онд боолчлогдсон африк-америк бүсгүйн талаарх бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн “Энхрий” (Beloved) романаа гаргав. Уг ном гаруутаа 25 долоо хоногийн турш бестселлер болж, Пулицерийн шагнал хүртсэн байна. Тэрээр 1993 онд Нобелийн шагнал хүртжээ.
Өнөөдөр та бүхэнд төдийлөн дурдагдаад байдаггүй нэг бүтээлийг нь танилцуулах юм. Петер Коч Принтерс хэвлэлийн газраас 2002 онд “Таван шүлэг” нэртэйгээр уг бүтээл хэвлэгдэж байв. Анхнаасаа олны анхааралд өртөөгүй, тавхан шүлэгтэй эл түүвэр 420 ширхэг хэвлэгдэж гараад, ахин хэвлэгдээгүй, зохиолч өөрөө ч сөхөж яриагүй тул удалгүй мартагджээ. Шуудхан хэвлэнэ гэхэд хэтэрхий цөөхөн шүлэгтэй (нийт 87 мөр) тул зураач Кара Уолкерын бүтээлээр баяжуулж, хамтран гаргасан байдаг. Та бүхэнд уг шүлгийн түүврээс чадан ядан орчуулснаа толилуулж байна.
Далайд тэнцээгүй хөлөг би
Далайд гарах би заяагүй байжээ.
Даанч яав, үсэнд минь загас үүрлэснийг хараач.
Өмнө нь над дээр амьдрал буцалдаг байлаа.
Өргөн их уснаа гарах учиргүй байжээ.
Тэнгист тэнцээгүй хөлөг намайг
Тэнүүн газарт аваачаад аль.
Түрэмгий салхи, нарны туяанаа
Түмэн оддын гэгээнд булхъя.
Тэвэрт минь буй жаал хүүгийн үхлийг төөрүүлэх инээмсэглэл, шидэт үнсэлт бас хайрлаарай.
Далайд гарах би заяагүй байжээ.
Даанч яав, үсэнд минь загас үүрлэснийг хараач.

Эвагийн дуртгал
1.
Гал улаан, час халуун тэр алимыг
мөчрөөс нь тасалж авахуйд
Гарт халуун төөнөж, нургилж булгилаад ирсэн сэн.
Чихэрлэг тэр хүчийг ясанд нь тултал хазахад
Цээжинд юу мэдрэгдсэнийг яаж тайлбарлах билээ?
Амт нь уу! Нүдийг минь эгнэгт нээсний учир
Эрхт тэнгэрийн дуудлагаас ч онгон дагшныг эрэхээр
Энхрий үрсэд зориулсан зохиомол цэцэрлэгээс би явсан.
2.
Энэ хүйтэн гар минь илбэдэг байснаа захирдаг болсон
Энхрийлж үнссэн бүхнээ ч уруул минь эгнэгт мартсан
Уулсын оргилыг тодоор харахын тулд л
нүдэндээ гэрэл хураадаг болсон.
3.
Яалаа ч би үүнийг ахин дахин туулах л байсан:
Эрэг нь болж, дарвуулаа дэлгэн
Сэвэлзүүр салхины аясаар, ширүүн шуургыг номхотгон
Сэтгэл биеэрээ хурааснаа хүртэнхэн жаргалтай.
Уулын оргил харин улам өндөр байг.
Уулын оргил нь би өөрөө байг.

Асгарахаа дөхсөн
Атга дүүрэн төгс үр
Бороо нэвт анхилах
Бүсгүйн амт, үнэр
Яруу сайхан бидэнд заяаг хэмээн
Яаруухан залбирч билээ
Бал мэт нялуун үгсэд
Бялуурч билээ, хоёул
Үдэш нөмрөхүй чимээгүй жаргалд умбаж
Үүр цайхад эргэлзэж билээ.
Гуа жимсний нэгэн зүсэмтэй
Гараараа би ойлголцож,
Энгүй таашаалд бид хувирнам.
Интоор жимс чанамалд хувирнам.
Хүүхдэрхүү гүн нойр,
Хөнгөхөн исгэрэх дуун,
Цэнгэг агаар хийгээд
Цайвалзах эргийн зурвас.
Түүний хаалга үргэлж нээлттэй авч,
“Түр баяртай” хэмээн үднэ.
Асгарахаа дөхсөн
Атга дүүрэн төгс үр
Галт тэргэнд ч даган ирсэн
Бүсгүйн амт, үнэр

Нулимсны чинь гашууныг
Ажиж суух тэр нэгэн
Учирласан үг хэлэх нь үү,
Уурлуулж гомдоох үг хаях нь уу,
Явуургүй энэ харанхуй өдрийг чинь
Янзгүй болгох нь уу, аврах нь уу
чи хүлээнэ.
Даанч аг чиг, анир гүм
Сөнөж мөхсөн оддын тоос л
Сүүтгэнэн, өрөөгөөр нэг бужигнана.
Хүчлэн босоод зугтчихмаар ч
бас үлдмээр санагдана. Өр зүрх чинь ер
яах ёстойгоо үл мэднэ.
Энэлж унагасан нулимсыг чинь гэтэл
Өнөө хүн дулаан амьсгалаараа илбэхүй
Зүрхэнд чинь ийн эгшиглэж эхлэв ээ.
“Чи ахиж үхэхгүй ээ, хэзээ ч…”
Ахин нэг удаа чи мэдэж авлаа
Ахиад хэзээ ч үхэхгүй гэдгээ.

Чимэг үгүй айсуй тэр
Эв энгийнээрээ, илүү дутуу чимэггүй ирсэн
Эгээ л шившлэг мэт хүчтэй байсан;
Өглөө нар уулын цаанаас мандах шиг,
Үлгэрийн сайхан дуунаа одод бүжих мэт,
Өөрөө л хүрээд ирсэн.
Чингээд өнө олон жилийн зовлонг үүрч даахуйц
Өргөн хүчит мөртэй хүүхнүүд,
Энгүүхэн үнсэлтээр нэгнээ мялаан,
Эрдэнэт хөлөөрөө эргэлдэн бүжсээр,
Энгүй жаргалд умбасаар,
Энэ хорвоод хаврыг дуудсан.
Сэтгэлийн цэнгэл.
Энэ хорвоод тэр нүв нүцгэнээрээ
Эгээ л шид мэт ирсэн.

Leave a Reply