Press ESC to close

Усны ГудамжУсны Гудамж Бичээчийн Хөгжих Талбар

М.Дэвээжаргал: Далдын далдаас дуудаж л байвал тэнд ‘би’

Зохиолч Виржиниа Вүүлф “Өөрийн гэсэн өрөө” эсээндээ “Уран бүтээлч хүн бүтээн туурвихын тулд өөрийн гэсэн өрөөтэй байх хэрэгтэй” хэмээсэн байдаг. Хамтдаа бүтээлчийн өрөө буюу бүтээл төрөх хувийн орон зай болсон дотоод ертөнцөд түр саатацгаая. Энэ удаа бид яруу найрагч, сэтгүүлч Мэндчулууны Дэвээжаргалтай ярилцлаа.

Зочин: М.Дэвээжаргал

Уран бүтээлийн чиглэл: Яруу найраг

Сошиал хуудас: Эргээд уулзъя

Өнөөдөр танилцуулах бүтээл: “Ужиг хүслийн тэмдэг” яруу найргийн түүвэр

Ярилцсан: Ө.Сумъяа

Далдын далдаас дуудаж л байвал тэнд ‘би’

I. ЦАГ ХУГАЦАА…

ӨНГӨРСӨН: ТАНЫ АМЬДРАЛ АХУЙ, ӨССӨН НӨХЦӨЛ БҮТЭЭЛД ТАНЬ ХЭРХЭН НӨЛӨӨЛСӨН БЭ?

Миний өссөн орчин илбэ шидийн явдлаар дүүрэн байсан. Манай зуслангийн тэнд “Булшит”, “Хүн тавьдаг” нэртэй уул байдаг юм. Аав малд явж ирээд бид нарт Булшитын ууланд хүний ястай таараад, зүгээр ил гарчихсан байж байна гээд л ярьж өгдөг байсан. Яг тэр үеэс эхлээд л уран төсөөлөл, хүн байгаль хоёрын холбоо хамаарлыг таньж эхэлсэн байх гэж боддог юм. Жишээ нь аав “хүний яс” гээд хэлж байхад би түүнийг өөрөөр юу гэх вэ гэж бодно. Тэгээд би “хүний цагаан чулуу” гэчихье зэргээр бодож явдаг байсан. Аливаа зүйлийг өөр үгээр, өөрөөр яаж хэлэх вэ гэж л их боддог байсан. Үүнийг илэрхийлэх өөр үг байгаа шүү дээ гээд л. Нутгийн уул усны домог, хууч яриа, ер тийм зүйлсээр л баялаг хүүхэд нас байж дээ. Шидийн гэх юм уу? Ямар нэгэн уулын домог нь гэнэт биелээд, аварга хүний алхаа сонстож, том могой атираад л гараад ирэх юм шиг санадаг байж. Миний шүлэгт өссөн ахуй минь хэрвээ туссан гэж үзэх бол зөн билиглэг чанараараа л туссан байх даа.

Зураг: М.Дэвээжаргал "Уяа сойлго"

Багаасаа үгийг эрэлхийлж, бичихийг л оролддог байсан. Эмээтэйгээ үгийн толгой холбож байна гээд л үсэг бүрээр эхэлсэн шүлэг бичиж туршсаар гучин таван үсгийг барах дөхөж билээ. Зөөлний тэмдгээр эхэлсэн шүлэг бичих л дутсан байх (инээв). Эргэн тойронд минь А-аар эхэлсэн ямар үг байгаа билээ гээд ажиж эхэлсэн тэр цагаас л эрлийн дон туссан юм болов уу? Гэхдээ бас өөрөө ирдэг зүйл гэж байдаг. Шүлэг бичихдээ юмыг гоёор хэлэхийн тулд хүн мэдээж толь бичиг ухахгүй. Өөрт ирсэн үгсийг л гадагшлуулна. Тэгээд үе үе нутгийн аялгууны үгсээ хар аяндаа л ашиглачихсан байдаг. Ингээд бодохоор миний нутаг, сонсож өссөн үгс ямар нэгэн байдлаар одоогийн бичиж байгаа зүйлст нөлөөлсөн л гэж санагдаж байна.

Зураг: М.Дэвээжаргал

ОДОО: ТЭГВЭЛ ОДОО ЦАГАА ЯРИЛЦЪЯ. ШИНЭХЭН БҮТЭЭЛИЙНХЭЭ ТАЛААР БИДЭНТЭЙ ХУВААЛЦААЧ?

Нэгдүгээр курст байхдаа “Загасны сормуус” номоо гаргасан минь, за би ийм юм бичдэг шүү гээд өөртөө тоогдох, магадгүй хүмүүст харагдах бүгтхэн хүслээс ч улбаатай байх. Энэ номын тухайд бол ангижрах гэх үү дээ. Могой хальснаасаа гуужих шиг гараад, нэг цаг хугацаанаас өөрийгөө чөлөөлж, ахиад өөр нэг уран бүтээл рүү орох хүсэл. Уран бүтээлч гэх үү, уран бүтээлч болохыг хүсдэг хүний хувьд өөр зүйл бичмээр оргиж, өөр тийшээ гүйхийг хүссэндээ энэ номыг гаргасан гэж хэлж болно. Тэгээд л өөрийнхөө туулсан зургаан жилийн амьдралыг ном болгоод хааж байна л гэж бодсон.

Бас нэг шалтгаан нь гэвэл, надад ер нь шүлэг, аливаа бичвэр дан дангаараа байхдаа бүрэн хүчээ олоогүй байх шиг санагддаг. Жишээлбэл би нэг шүлэг бичиж мартчихаад арван дөрөв хоногийн дараа ахиад шүлэг бичээд л, ингэж тэгсээр өөртөө их сүрхий юм бичсэн хүн болоод явна. Гэтэл цогц бүтээл болгоод, ном болгоод харахаар үнэхээр сайн уу, муу юу гэдэг нь харагдаад байх шиг санагддаг. Энэ номыг гаргаж байгаа нь ч нэг талаараа өөрийгөө харах гэсэн оролдлого. Өөрийгөө яг юу бичээд, яаж явсаар энэ хүрэв гэдгээ мэдэх гэсэн юм. Энэ гэхдээ ямар нэгэн дүгнэлт биш л дээ, зүгээр л тэр дүгнэлтэд хүрэхээр явах замын цуглуулга. Оролдлогууд. Гэхдээ дүгнэхгүй ч байж болно. Дотоод чин хүсэл гэгч зүйл минь уран бүтээлч байх руу чиглэж байна. Яруу найрагч байх руу ч юм уу. Гэтэл би тэрнийхээ төлөө юу хийж байгаа билээ гээд харахаар тархай бутархай хэдэн шүлэг. Энд тэнд очиж уншаад, хэн нэгэнд уншуулаад л, энэ болчих шиг боллоо гээд л үзүүлж явахаас илүү бүтээл гаргах чухал. Цаг хугацаанд, эсвэл хүмүүсийн орчихуйд, хамт бичиж байгаа хүмүүсийнхээ уран бүтээлд ч юм уу, хаа нэгтээ өөрийгөө түгжигдчихсэн байгаа мэт мэдрэмжээс, энэ хүн шиг биччихвэл хүмүүст таалагдах юм биш үү гэх бодлоос зугтахын тулд энэ номыг гаргаж байгаа юм. Энэ ном миний хувьд өмнөтгөл, өмнөх үг шиг зүйл.

Гэхдээ өмнөх үг намайг бүрэн гүйцэд илэрхийлэхгүй.

Зүгээр л зарим нэг хэсэгт нь миний туулсан цаг хугацаа байгаа, зарим нэг хэсэгт нь үнэхээр миний уран зохиолын тухай бодож явдаг зүйлс байгаа. Үнэхээр олж сонсъё гэвэл цаана нь ямар нэгэн зүйл байгаа, түүнийг хэн нэгэн олж хараасай гэж хүссэн.

ИРЭЭДҮЙ: ТАНЫ УРАН БҮТЭЭЛИЙН МӨРӨӨДӨЛ?

Хүн том мөрөөдөлтэй байж л тодорхой зүйлд хүрэх юм шиг санагддаг. Миний уран бүтээлийн мөрөөдөл гэвэл ядаж шүлгийн ганц мөр ч болтугай монголын уран зохиолд үлдээсэй гэх биш, бүхлээрээ үлдээсэй… Юу ч гэмээр юм. Түрхэн зуурын эмзэглэлээс илүү зүйлийг хүснэ. Эмзэглэл байж болно л доо, гэхдээ бүхлээр нь харахад цогц байх хүсэл. Жигтэйхэн том толины өмнө зогсож байна, нэг жижигхэн буланд нь би харагдаж байна гэж төсөөлье. Тийм мөчид миний мэдэрсэн өчүүхэн эмзэглэл тэрхэн хугацаанд орхигдох биш, цаашаа томорч, хүмүүс түүнийг тал талаас нь мэрж, бас тийм эмзэглэлийг мэддэг байгаасай гэх хүсэл юм даа.

Уран бүтээлч хүний хүсэл дотор минь бойжиж байгаа л гэж хэлье.

Агуу хүн болохоороо биш. Яг одоогоор бол ахиж дэвшихийг л хүсэж байна. Сайн юм бичих. Үргэлжилсэн үг ч, яруу найраг ч бичих. Энэ хоёрыг хослуулж чаддаг догь уран бүтээлч болохыг хүсдэг.

“Өөрийн гэсэн өрөө” ярилцлагын видео хувилбарыг та дараах линкээр үзээрэй

II. ОРОН ЗАЙ ДОТОРХ ОРОН ЗАЙ…

ӨРӨӨНД ТАНЬ ОНГОДЫН ХУРТАЙ, ОЛОН УРАН БҮТЭЭЛ ТӨРӨН ГАРСАН ХЭСЭГ БАЙГАА ЮУ? ТА ХААНА ИЛҮҮ БҮТЭЭЛЧ БАЙДАГ ВЭ?

Намайг бүтээлч болгодог цаг хугацаа гэвэл үүрээр юм шиг байгаа юм. Ихэнхдээ үүрээр сэрэхээрээ шууд юм бичдэг. Би босож юм бэлддэггүй. Зүгээр орон дотроо, дэргэдээ орхисон дэвтрээ хайгаад л, өөрийнхөөрөө тухалж байж бичих зүйлдээ ордог. Гэхдээ одоохондоо л миний орон зай ор болж таараад байна даа. Миний хамгийн их хүсдэг зүйл бол өөрийн гэсэн өрөөтэй болоод, бичгийн ширээтэй болох. Энэ мөрөөдлөө биелүүлчихвэл тэр миний орон зай болно. Тийм юм байхгүй учраас тогтчихоод байгаа орон зай нь ор байгаад байна шүү дээ.

ХАМГИЙН ДОТНЫН ТУСЛАХ, ГАРТ ОЙР БАЙЛГАДАГ БАГАЖ ЧИНЬ ЮУ ВЭ?

Үзэг. Үзэг сонин шүү. Үзэгт их ач холбогдол өгдөг. Миний үзэгний хошуу нарийн. Маш тод гардаг хар өнгөтэй үзгээр бичих сайхан санагддаг.

Зураг: М.Дэвээжаргал "Салхинд сэмэрч буй өд"

 III. БҮТЭЭЛ БИД ХОЁР

ИЙМ БҮТЭЭЛ НАДААС ТӨРӨХ ЮМ БАЙНА ГЭХ ЗӨН ТӨРСӨН ТЭР АГШНАА ДҮРСЭЛБЭЛ?

Яагаад ч юм гадаа нэг юм эргэлдэж, хүчтэй зүйл өрнөж байвал надад тод мэдрэмж төрдөг. Шуураад л, хүмүүс хийсчих гээд л, нэг хэлбэрт орчихсон явах мөч… Байгалийн хүчтэй үзэгдэл надад тод мэдрэгддэг. Зөн түүнтэй төстэй. “Асгын хэлтэрхий” гэж эхэлдэг тэр шүлгээ би үүрээр бичиж байсан. Аясаараа өөрөө уншаад явчихсан. Нэг л сонин. Юу ч гэмээр юм. Чанга дуугармаар. Биччихээд толинд харахад яг л мөн гэх мэдрэмж төрсөн. Яг таалагдсан, таарсан, болчихлоо гэж бодсон шүлгээ чанга дуудах дуртай. Тэгвэл хүч нь тод мэдрэгдэнэ. Надад хүчтэй л мэдрэгдэж байвал ямар нэгэн зүйл хийх төрөгдөл болдог.

Зураг: М.Дэвээжаргал

ТА БҮТЭЭЛТЭЙГЭЭ ЮУГААРАА АДИЛХАН БЭ?

Гүний гүндээ эрэмгий зан чанар байгаа гэж боддог. Гунигийн шүлгүүдэд минь ч явбал яв даа, би яах ч үгүй гэх шиг тийм эрчим байгаа. Миний гунигт ч гэсэн эрэмгий шинж чанар байгаа гэж боддог. Тэгэхээр миний бичиж байгаа зүйлс эрэмгий гэдгээрээ ‘би’ юм. Зүгээр л хүчтэй хүн байхыг хүсдэг. Амьдралд тийм байж чадахгүй үе байгаа л даа. Гэхдээ цавын цаанаа хүчтэй орчих хүсэл байдаг. Бүтээлүүд минь хүчирхэг байгаасай гэж хүсдэг. Аль нэг хэсгээс нь өм цөм аваад хаячихвал өм цөм л нурдаг бүтээл байлгахыг хүсдэг. Өчүүхэн хэсгийг нь ч хөдөлгөж, орхигдуулж болохооргүй.

Нэг үгийг нь  өөр үгээр орлуулшгүй тийм хүчирхэг уран бүтээл байгаасай. Тэр хүч нь үгээр ч бай утгаар ч бай, далдын далдаас дуудаж л байвал тэнд ‘би’ байгаа.

БҮТЭЭЛЭЭ ХӨГЖИМТЭЙ ЗҮЙРЛЭВЭЛ?

Хөгжмийн зэмсгээр зүйрлэж болох уу? Хуучир юм уу. Хуучрыг гаднаас нь харахаар их л гоё шүү дээ. Эмэгтэйлэг хөгжим. Гэхдээ дуугарахдаа эршүүд. Тийм болохоор миний уран бүтээл хуучир шиг байж магадгүй. Хуучрын аялгуу гоё.

САНАСАНДАА ХҮРТЭЛ БҮТЭЭЖ ЧАДАХ ТИЙМ АГШНЫГ ХЭРХЭН ТӨСӨӨЛДӨГ ВЭ?

Санасандаа хүрэх тэр агшин байхгүй байх аа. Уран бүтээлч хүнд байхгүй байх. Яах вэ санасан руугаа дөхөх юм бол нэг сайхан орилох л байх.

Тэр агшинд бүх юм миний төлөө байгаа юм шиг санагдах болов уу. Дотроос огшоод л гарах юм шиг байна. Салхи хүртэл нэвт шувт мэдрэгдэх юм шиг байна. Санасандаа хүрэх агшин гоё байх аа.

ЭНЭ ШҮЛЭГ Л ЯГ БОЛЛОО ДОО ГЭЖ ӨӨРТ ТАНЬ БОДОГДОХ ТЭР ҮЙЛ ЯВЦ ЯМАРХУУ БАЙХ ЁСТОЙ САНАГДДАГ ВЭ? 

 Бичигдэж байх үйл явц гэвэл халуун гал дээр ус пор пор буцлах шиг мэдрэмж. Дэвэрч чадахгүй, буцлаад л байгаа ус шиг. Ар араасаа хөвөрдөж байгаа юм шиг санагдах. Өрцөн цаанаас баахан зүйл татаад гаргах шиг.

Зураг: М.Дэвээжаргал "Нотны дэвсгэр мэт утсан дээр нот мэт шувууд"

ДЭВЭЭЖАРГАЛЫН ШҮЛГҮҮД ХАТУУ ЗӨӨЛӨН ХОЁР ЗҮЙЛИЙН ЭВ НАЙРАМДАЛТАЙ ОРШИХУЙ ШИГ САНАГДДАГ. ЗӨВ ЗӨӨЛӨН ҮГНИЙ ХАЖУУД ЭРЧИМЛЭГ ХАТУУ ҮГ ДАВХАРДАНА. АГУУЛГЫН ХУВЬД Ч ТЭР. ӨӨРТЭЙ ЧИНЬ АДИЛХАН ГЭХ САНААНД ЭНЭ ДӨХӨХ ҮҮ? НАДАД БОЛ ӨӨРИЙН МИНЬ ШҮЛЭГ НАДТАЙ АДИЛХАН БАЙХ ЗАРИМДАА ИЧГЭВТЭР, ЗАРИМДАА АЙМААР САНАГДДАГ. ЧИНИЙ ШҮЛЭГ ЧАМТАЙ АДИЛ БАЙХ ЯМАР САНАГДАЖ БАЙНА?

Хорвоогийн хүмүүс бас ийм зүйлс мэдрэг л байх. Номд оруулаагүй шүлгүүд ч бий. Тэрийг би нууц нэрээр гаргая гэж бодсон. “Ужиг хүслийн тэмдэг”-т ч гэсэн хүмүүст үзүүлэмгүй гэмээр, “Загасны сормуус”-ыг уншиж байсан хүнд бол хэтэрхий унжгар, гунигтай болж дээ гэж санагдаж мэдэх шүлгүүд бий. Гэхдээ яах юм? Миний туулсан цаг хугацаа энэ. Миний байгаа байдал нь л тэр. Уншихыг хүссэнээ уншаад, харахыг хүссэн нь хараад, мэдрэхийг хүссэн нь мэдрэг.

ГЭХДЭЭ ӨӨР НЭРЭЭР ГАРГАХЫГ ХҮССЭН ШАЛТГААН ЧИНЬ ӨӨРТЭЙГӨӨ ЭВЛЭРЧ ЧАДАХГҮЙДЭЭ БАЙНА УУ?

Өөртэйгөө эвлэрч чадахгүйдээ биш. Тэнд байгаа мэдрэмжтэй эвлэрч чадахгүйдээ л. Өөртөө л хадгалж үлдмээр зүйлс. Миний хувьд шүлэг гэхэд хэцүү. Бүрэн гүйцэд ямар нэгэн зүйл болж чадаагүй юм шиг санагдаад байгаа. Тийм учраас хүмүүст харуулаад байх зөв ч юм уу, буруу ч юм уу. Илүү үйл явдлын тухай шүлэг.

ШҮЛЭГ ГЭХЭД ХЭЦҮҮ ГЭЖ ЧИ ӨӨРӨӨ ДҮГНЭЭД БАЙГАА ШҮҮ ДЭЭ? УРАН БҮТЭЭЛЧ ХҮНД ОДОО БАЙГАА ЭНЭ ӨГӨГДЛӨӨ АЛДАХ АЙДАС БАЙДАГ. БИ ИНГЭЭД Л БОЛЬЧИХОЖ БАЙГАА ЮМ УУ ГЭХ МЭДРЭМЖ. ЧИ ТИЙМ БАЙДАЛД ОРВОЛ ЯАХ ВЭ?

Энд тэнд, тарчиг тарчиг бичиж явсаар яг уран бүтээлчийн амьдралаар амьдарч чадахгүй бол яана гэсэн айдас байдаг. Гэсэн ч би чадна л гэж боддог. Ингээд бичээд явж байхад аз жаргалтай төгсөнө үү, гунигтай төгсөнө үү хамаагүй.

Тийм аз жаргалгүй, мухардсан үеийг уг гүнд байгаа мөнөөх чанараараа л давж гарах байх. Гүнзгий санаа алдах байх даа. Тэгээд л цаашаа явна даа…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

@Katen on Instagram
[instagram-feed feed=1]