Press ESC to close

Усны ГудамжУсны Гудамж Бичээчийн Хөгжих Талбар

Өгүүллэг: Цогтой

Усны гудамж сайт залуу зохиолчдын бичвэрийг хүлээн авч, нийтэлсээр буй. Та бүхэнд Сэлбэ сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш, Pallaswati утга зохиолын бүлгэмийн гишүүн Г.Барсболдын өгүүллэгийг толилуулж байна. 

Цогтой

  1.  

“Тэмээн тэргэнд буурчийн зуух тогоогоо ачаад явж байтал дайсны нэг салаа араас ирж буйг харсан юм. Тэргээ орхиод хэсэг газар хар тэмээгээ сөхөртөл нь жонжууллаа. Дайны цагийн туранхай тэмээ хол явдаггүй юм билээ. Түүнээс цааш хамаг чадлаараа л гүйгээд байгаа юм. Дээлээ тайлж хаяад гүйсээр байгаад өөрийнхөн дээрээ ирж хэл хүргэж байлаа…” хэмээн өвөө нь хуучилдаг байв. Түүхийг сонссоноос арван таван жилийн дараа Цогтой “Энэ зээрийн мах байна” хэмээн оюутны гуанзанд захиалсан хоолоо буцаасан өдрөөс ирээдүйтэй инженерийн мэргэжлийг орхин бэлтгэгч тогооч болсон юм. “Хичээлийнхээ хажуугаар хийж болно шүү дээ” гэж багш нар нь ч үглээд нэмэр болоогүй л дээ. Шулж хөлдөөсөн үхрийн цул мах тууш нарийн хэрчиж зогсохдоо ширхгийг нь хараад л хаа, гуя, хүзүү гээд аль ч хэсгийнхийг ялгаж чаддаг гэдгээ хэлдэггүй л байлаа.

 Хаврын нэг өдөр өчүүхэн хэрэг манджээ. Захиалагч нь шөлний үнэрээс дотор нь муухайрч хоол буцаасан учрыг хэн ч олсонгүй. Хөөрхий үйлчлүүлэгчийг “жирэмсэн болохоороо л шинэ хонины махны шөлөнд хий нь хөдөлсөн” гэж дүгнэснээ ам дамжуулсаар хэдэн бүдүүн тогооч хэргээс зайлав. Ганцхан хоолны тооцоо төдийд ч юухныг сэтгээд  хэргээс салж чадах энэ хэдийнхээ дэргэд Цогтой өөр бодолтой байлаа. Зохион байгуулагчид Цогтойгийн хэлсэн нь “Гол махыг хуурганд татаж өгсөн ч анзааргагүй нэг нь шөл буцалгачихсан юм. Хаврын тарчигт хий нь тулсан эмэгтэй гол махны шөл өлөн дээрээ идэж болдоггүй гэж үнэн л юм шиг байна”. Ийн хэлснээсээ хойш мэргэжлийн тогоочийн олон курс дамжиж дамжиж одоо өндөр зэрэглэлийн зоогийн газар ахлах тогооч болсон нь энэ. 

  1.  

“Юмхнаар л хоол хий гэж даалгадаг байлаа. Нэг өдөр бүр баахан гоёо түүж өгчхөөд “горойгоод үхчихээргүй л болгоод өг” гэж гуйж ч байсан шүү. Хатаачихвал уг нь хүйтэн элсэн дээр хэвтсээр шээс нь задгайрсан хэдэн цэрэгт сайн ч гэлээ ингэний жаахан сүү олоод өдөржин дэвтээгээд орой нь бүгдэд нь өл залгуулж билээ.” хэмээн өвөө нь хуучилдаг байв. Эл түүхийг сонссоноос хойш хорин таван жилийн дараа Цогтой хоол амталж зогсохдоо “Махны амтлагч нь таарсан байна. Соус нь ч аятайхан. Харин.. харин…” хэмээн түгдчив. “Дараагийн удаа тугалын махаа өөр газраас ав гэж цаадуулдаа хэлээрэй. Ямар ч амт алга” хэмээгээд цааш явахад нь өнөөх тогооч “Танд таарах амттай мах олдохгүй л юм шиг байна” гэж үглэлээ. Амандаа үглэхийг нь сонссон Цогтой тэрхэн зуур дайны өвчтэй өвөөгөө өөрт нь л итгэж ярьдаг асан түүхүүдтэй нь хачин их санав.  Өөрийнх нь яриаг зүгээр л сонсоод суучих жаахан хүүхэд ч болтугай хаймаар санагдах мэдрэмжээ таягдаад маргааш болох тогоочдын тэмцээндээ бэлдэж суулаа.

Өөрийнх нь нэрийг “Цогдой” хэмээн багынхаар нь өхөөрдөн дуудах эмэгтэй хоолой сонсогдов. Цагаан хоолны тэмцээн дээр шар буурцгийн сүүнд нэгэн зэлний улаан гоёог дэвтээж тэргүүн шагналыг тэвэрч зогссон Цогтой гэнэт л жаахан хөвгүүн болоод, говийн жижигхэн сууринд эгч нь араас нь дуудаж буй мэт санагдлаа.

– Тунгаа юу даа? Сайн уу?

-Тийм ээ. Чи надад чулуун гэртээ хоол хийж өгдгөөсөө дээрдсэн юм шиг байна.

-Одоо бол элсээр ч хоол хийнэ шүү. Хаяалаа ийм газар харна гэж санасангүй.

-Харин би чамайг өдөржин л харлаа.

-Анзаараагүй бол өршөөгөөрэй. Би чулуун гэртээ хоол хийж өгье л дөө явъя.

– Тэгье…

Жазз хөгжимтэй тансаг уушны газраас гарахын үесдээ Цогтой:

-Манай удмынхан дунд амтлах мэдрэхүйгээ алдсан хүн байдаг болов уу? гэхэд Тунгалаг жаахан бодолхийлснээ:

-Мэдэхгүй юм. Ямартай ч аав маань гурван жилийн өмнө өөд болохынхоо урьд агь идсэн намрын хонины асуудаг үе чанаад өгөөч хэмээн гуйсан юм. Идсэнийхээ дараа “Залуу цагийнх шиг сайхан байсангүй. Хүмүүс юмны чанар муудлаа л гэж хэлдэг юм. Бидний мэдрэхүй л мууддаг байх. Гэхдээ сэтгэл ханалаа” гэсэн.

-Нээрээ л хонины махны хамгийн амттай өөхтэй хэсэг шүү. Том ах тогооч болсон бол махны амтыг сайн мэдэх байжээ.

Хаах цаг болж буйг үйлчлүүлэгчдээ дуулган яваа зөөгчийг харснаа Тунгалаг:

-Чи намайг дөхүүлээд өгөх үү? Аавын тухай жаахан хуучилмаар санагдаад …

Хаяалуудын хооронд жигшил болоод удамшлын өвчнийг тэсэн гарах зориг хийгээд учир бол хэн хэндээ хань болсон ээнэгшүү дулаан мэдрэмж л байх. Цогтой, Тунгалагийг гэрт нь хүргэж өгөөгүй юм.

  1.  

“Манайхны сүүлийн тулаанд хүн хүч дутаад би буу бариад л жагсаалын ард давшиж байлаа. Гэнэт л буун дуу нүргэлж, чихний хажуугаар сум шунгинаад эхлэв. Салаан даргын “давшаад” гэсэн шийдэмгий үг сумны исгэрээний хажуугаар сонсогдсон юм. Уухай хашхираад л цэргүүд хавцгай өгсөн гүйж гарагсдын араас сажилж байсан чинь цээж “лүг” гэж дуугараад л бие сульдаад явчихлаа шүү. Дээлний энгэр дээр гараа дараад автал нуль цус бялдсан байсныг хараад л ухаан балартаж унасан.” Өвөөгийнх нь ярьдаг дайны урт түүхийн төгсгөл нь энэ. Цогтой өвөө шигээ сүрхий шарх сорви аваагүй ч хутга мэсэнд гараа санаандгүй зүссэн нь бий. Алган дээрх хурууны өндгөн чинээ сорвио ширтэн ээлжит нэгэн тэмцээнийхээ дүнг хүлээж суулаа. “Тэргүүн байрын шагналыг тогооч Цогтойбаяр” хэмээн дуудахад индэр дээр гарч шагналаа авбал шүүгчид түүний үг хэлэхийг нь харцаараа хүлээж байв. Цогтой хоолой засаад “Нэгэнт тогтсон нэр хүндээр ч гэх үү, эсвэл азаар ч гэх үү түрүүлчих шиг тийм итгэлгүй шагнал минь байлаа” хэмээн буухад нь сонсож байсан хүмүүс дуу алдлаа. Харин тэр “Өвөөгийн дурсамжид энэ шуугиан бол цэргүүдийн уухай юм даа” хэмээн амандаа хэлээд харихаар гарвай.  

Цогтойг орой гэртээ ирэх бүр орцоор дүүрэн эхнэрийнх нь хийсэн хоолны үнэр түгэж угтдаг юм. Энэ удаад хонины нуруу гурилаар хучиж ялз чанажээ. Гал тогоо руу орвол тусдаа тогоонд богино сүүл чанаад гэрийн эзэнд царанд тавьж өглөө. Өөх махыг алаглуулан хэрчээд амстал агины амтгүй ч шимтлэг нь араанд шингэж байлаа. Цогтой араандаа шингэж байгаа эл амтыг төсөөлж, төсөөлөл нь биежих тэрхэн мөчид “Би ялагдлаа” хэмээн амандаа шивнээд өндийв. Гал тогоонд цааш харан битүү чанасан мах гаргах Тунгалаг “Хөдөөнөөс өдөр мах ирээд ээ. Чиний дуртай бүхнийг л чаналаа. Хүмүүс намайг тогооч нөхөртэй болсон амар суудаг л гэж бодоод байх шиг санагдах юм. Тэр хүн чинь бас өөр нэгний гарын хоолыг үгүйлдэг л байж таараа гэхээр итгэхгүй…” яг энэ яриаг буун дуу тасаллаа. Магадгүй өвөөгийнх нь чихний хажуугаар шунгинаж асан тэр хараалт сум ачийг нь оносон биз.

Өгүүллэг: Цогтой

Усны гудамж сайт залуу зохиолчдын бичвэрийг хүлээн авч, нийтэлсээр буй. Та бүхэнд Сэлбэ сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш, Pallaswati…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

@Katen on Instagram
[instagram-feed feed=1]