Press ESC to close

Усны ГудамжУсны Гудамж Бичээчийн Хөгжих Талбар

Anicca | Анидча

Өнгөрөгч оны арван нэгдүгээр сарын 25-нд 28 дахь удаагийн “Таллины Хар шөнө” кино наадмаас гранпри шагнал хүртсэн найруулагч Ж.Сэнгэдоржийн “Чимээгүй хотын жолооч” уран сайхны киноны тухай бичсэн Мариана Христовагийн ревьюг Усны гудамж сайт орчуулан хүргэж байсан билээ. Энэ удаад та бүхэнд нийтлэлч, сэтгүүлч А.Пүрэвдоржийн тус киноны тухай өгүүлэх “Anicca” бичвэрийг хүргэж байна.

А.Пүрэвдорж Unread Today сайтад нийтлэлч, сэтгүүлчээр ажилладаг төдийгүй Италийн Үдинэ хотын Их сургуульд редакторын мэргэжлээр суралцаж буй.

Anicca

Уг шүүмжийг “Чимээгүй хотын жолооч” бүтээлийн зохиолч, нэгдүгээр найруулагчаар ажилласан Т.Номуунзулын зөвшөөрлөөр киног нь үзэж, бичсэн болно.  

Гавж Д.Нямсамбуугаас багш нь нэгэн удаа “Там хүртэл хэр хол бэ?” гэж асуухад тэрээр “Бодь мөрийн зэрэг” ном дээрхийг санаж их л нарийн тооцоолон хариулсанд багш нь “Үгүй ээ, ердөө нэг л амьсгал авахын зайтай” хэмээсэн гэдэг. Найруулагч Ж.Сэнгэдоржийн хамгийн сүүлд Бүгд Найрамдах Эстони улсын “Таллины хар шөнө” кино наадмаас Гран-При шагналыг хүртээд буй “Чимээгүй хотын жолооч” бүтээл гагцхүү хүмүүний амьдралын энэ л цаад мөн чанар луу тэмүүлжээ. 

Кино эхний сценээсээ л үзэгчийг ер бусын, сюрреалист мэдрэмж рүү нэг мөсөн түлхэж, ар араасаа хөврөх учир битүүлэг үйл явдлын сүлжээсэнд хөтөлнө. Арван дөрвөн жилийн турш “аавынд суусан” Мягмар (Амартүвшингийн Түвшинбаяр) гэх эр буяны тэрэгний жолоочоор ажилд орсноор амьдралд “ахин” хөл тавих аж. Цаг хугацаагүй, нарны туяагүй, хамгийн гол нь “нэргүй” буюу нэгнээ зөвхөн тоогоор л дуудах шорон гэгч “газар доор орших” харанхуй ертөнцөөс дөнгөж гараад буй уг дүр Оросын их зохиолч Ф.М.Достоевскийн зохиолын дүрүүд, тэр дундаа “Гэм зэм” романы Раскольников, “Газар доороос бичсэн тэмдэглэл”, “Инээдтэй эрийн зүүд” бүтээлүүдийн өгүүлэгч эрсийг санагдуулах буюу тэдний амьдрал, амьд явахуйн гэрэл гэгээгээ үүрд алдчихсан мэт хэр нь туйлын гэм зэмгүй мөн чанарыг нь эрхгүй санагдуулам. Мягмар ажлынхаа авс урладаг хараагүй мужаан эр, түүний охин Саруул нартай (Г.Наранцэцэг) учирснаар “шинэ амьдрал”-ын тэс өөр эргүүлэгт татагдан орох бөгөөд амьдрал, хувь тавилан, зөв буруу, нүгэл буян, там диваажин зэрэг хүмүүний амьдрал, оршихуйн хоёр талт зоос мэт шинж чанартай хөөцөлдөж тоглоно.   

Найруулагч урьд урьдын бүтээлүүддээ (“Бодлын хулгайч”, “Үргээлэг”, “Ларьдма” киноны дүрүүдээр дамжуулан шоронд өнгөрөөх он жилүүдийг дүрслэн харуулсан өнцөг) хүний эрх, хүмүүний ёсыг уландаа гишгэсэн шоронгийн амьдралын талаар хүчтэй өгүүлж байсан нь “Чимээгүй хотын жолооч” ч тусгалаа олсон байна. Монгол кинонд төдийлөн үзэгдээд байдаггүй тун хурц бөгөөд шинэлэг, өвөрмөц шийдэлтэй  өнгө тавилт нь (Автобусны буудал дээрх шөнийн сценa, гол дүрийн нохдоо хооллох мах цус, бүдэгхэн гэрэлтэй байшингийнх нь ширээний өнгөний ялгарал зэрэг нь гүн, өтгөн бараан өнгөөр давамгайлуулсан нь тун хурц харагдах бол өглөөний буяны ажлын замд гарах сценүүд саарал, бүдэгхэн, өглөө дөнгөж боссон хүний нүдээр үзүүлж буй аятай бүрхэг өнгөтэй) Хонг Конгын Шинэ Давлагаа (Hong Kong New Wave)-ын үеийн бүтээлүүдийг санагдуулам.

Мөн киноны нэгэн сонирхолтой метафорлог илэрхийлэмж нь өнчин ботгоны дүр. Гол дүр Мягмарын өнгөрсөн дэх хар бараан дурсамж тэрхүү өнчин цагаан ботготой холбогдох бөгөөд уг илэрхийлэмж Колумбийн нэрт зохиолч Г.Г.Маркесийн алдарт “Зуун жилийн ганцаардал”-ын Хосе Аркадио Буэндиагийн эх нутгаа орхин гардаг шалтгаан, түүний үйлийн үр төлөөс, ёгт өгүүлэмж зэрэгтэй тун төстэй. Харин Саруулын амьдрал Английн зохиолч Льюис Кэрроллын “Алиса гайхамшгийн оронд” номын энэ цагийн бодит биелэл мэт. Найруулагч өмнөх бүтээлүүддээ үргэлж эмэгтэй дүрүүддээ илүү анхаарч тэднээр дамжуулан нийгмийн үнэн бодит, хар бараан төрхийг тод томруунаар үзүүлсэн шигээ өдгөө мөн л Саруул гэх тун сонирхолтой боловч эгэл жирийн нэгэн дүрийг бүтээжээ. Хүн бүр л анхлан нийгэмд хөл тавихдаа Алиса адил сониуч, гэнэн, мөрөөдөмтгий байдаг болов уу. Харин бүхий л зүйлс “туулайн нүх” рүү унах тэр мөчөөс эхлэн цааш хэрхэхийг хэн ч таашгүй. Гагцхүү Л.Кэрроллийн бүтээлд Алиса охин “туулайн нүх”-нээс сэрж байж л гарч чаддагийн адил бид ч мөн сэрэх цагтаа сэрж гэмээн бүх зүйлийн учгийг тайлж, сая зовлон зүдүүрээ дуусгавар болгоно гэх Буддын гүн ухаан уг кинонд нэвт шингэсэн байв.

 Түүнчлэн, киноны өөр нэгэн нэр нь юмс үзэгдлийн мөнх бус, хоосон чанарыг илтгэх Пали хэлний “Anicca” /Анидча.ред/ гэх үг байгаа нь дээрх санааг улам бататгана. Гэхдээ кинонд Буддын нүгэл буян, үйлийн үр, там диваажин, гэгээрэл, мөнх бус, хоосон чанар зэрэг гүн гүнзгий ойлголтуудыг илүү бодит, нэг талаараа Японы Зэн гэж хэлж болохуйц маягаар, тун жир амьдралын шүүлтүүрт (тодруулбал, гол дүр Мягмарын лам хүүтэй там, диваажингийн талаар хөөрөлдөх яриа, Саруулын аав болох авс урлаачийн авсандаа амьдаараа орж цээр гаргах үйлдэл, “муу явдалт” нэгний нохойн тор, жирийн гэр хорооллын хашаанд нүцгэн түгжигдсэн байх сцена, бурхан болоочийн хойноос уйлахыг тэвчих буюу амьдралд ирж буцахын жамыг үзүүлсан тэдгээр хэсгүүдэд) буулгасан нь хэтээсээ прагматик байхуйд дуртай малчин ард түмний Буддын гүн ухааныг харах уламжлалт өнцөгт төгс нийцэхийн зэрэгцээ түүнийгээ өнөөгийн орчин үеийн хотжилтын хөрсөнд үнэнхүү чадварлаг буулгасан нь уг бүтээлийг нэн онцлууштай бөгөөд үзүүштэй тал болжээ. Мөн кинонд хүн, нохой хоорондын харилцаагаар дамжуулан шүтэн барилдлага, бүхний харилцан хамаарал буюу алив зүйл бусдаас туйлын хамааралгүй орших үндсэндээ боломжгүй гэдгийг үзүүлсэн мэт.  

Кинонд ашигласан өргөн дуран (widescreen) өгүүлж буй түүхийнхээ нэгэн хэсэгт үзэгчдийг урвуулснаар тэдэнд шигтгээлгэ (detail) буюу гярхай байдлыг шаардах сцена, үзэгдлүүд өрнөхөд “моментум” бүрд нь алдалгүй барих, анзаарахад дөхөм болсон байлаа. Түүнчлэн киноны туршид Серж Генсбурийн “Comme un boomerang” гэх ганцхан дууг яг бумеранг адил давтсан нь тун минимал шийдэл болохын зэрэгцээ, гагц энэ л дуу өөр өөр мөчид өөр өөр мэдрэмж, сэтгэл хөдлөл, эргэцүүлэлд хөтөлж байсан нь дүрслэлийн хэлээр чөлөөтэй ярих нэгэн сайхан жишээ болжээ. Хамгийн гол нь уг бүтээл өнөөгийн бидний хэн бүхний танил, дотно нэгний тухай өгүүлэх мэт ойр (to relate) агаад орчин үеийн монгол хүн, яг өнөөдрийн Улаанбаатар хотын амьдралыг хүүрнэх тун хувийн шинжтэй (personal) түүх болжээ. 

Киноны төгсгөлд бүхий л дуу чимээ арчигдан арилахуй дор гагц амьсгал авах мөн гаргах (ana, pana) дуу л сонсогдох нь дээр өгүүлсэн там хүртэлх зай, хүмүүний төрөхөөс үхэх хүртэлх хором мөч бүрийг тоолох хамгийн бага нэгж, мөн тасралтгүй үргэлжлэх амьдралын хүрд зэргийг нэгэн агшин дор хураах шиг санагдана. Нийтдээ 137 минут үргэлжлэх уг бүтээл үзэгчийг огт чилээхгүйгээр зогсохгүй цааш үзэх, эргэцүүлэх хүсэлд автуулж, үзсэний дараа ч удаан бодолд хөтлөхийн учир аргагүй кино урлагийн сайн бүтээл болсон ажээ.  

А.Пүрэвдорж Unread Today сайтад нийтлэлч, сэтгүүлчээр ажилладаг. Италийн Үдинэ хотын Их сургуульд редакторын мэргэжлээр суралцаж буй.
А.Пүрэвдорж
Нийтлэлч, сэтгүүлч
Anicca | Анидча

Өнгөрөгч оны арван нэгдүгээр сарын 25-нд 28 дахь удаагийн “Таллины Хар шөнө” кино наадмаас гранпри шагнал хүртсэн найруулагч Ж.Сэнгэдоржийн “Чимээгүй…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

@Katen on Instagram
[instagram-feed feed=1]