
1-р хэсэг: Эрх чөлөөг саруул ухаанаар тодорхойлох нь

“Мизес Монгол” ТББ-ийн үүсгэн байгуулагч, комедиан Д.Амартүвшин
Эрх чөлөө, эрх мэдэл хоёр үргэлж түлхэлцэж оршдог. Өнөөдрийн байдлаар Монгол улсад шүүх, хууль тогтоох, гүйцэтгэх гурван тогтолцоо нь “цус холилдсон” байгаа. Үүнээс болоод одоо манай улс ерөнхийдөө авторитар дэглэм рүү орчихсон гэж яригдаж, хүмүүс энэ тухай дурдах болсон. Мөн Жорж Оруэлл 2+2=4 хамгийн чухал гэж хэлсэн нь дарангуйлал рационал байдлыг, эрүүл оюуныг ямагт үгүйсгэж байдаг учраас ингэж хэлж байгаа хэрэг. Бусдаар хувь хүний тухайд хариу нь хэд ч байж болох. Харин эрх мэдэл тухайн нэг бодит асуудлыг бодит биш болтол нь хүмүүсийн тархийг угаадаг. Нэг жишээ нь Монгол Улсын түүх. Монгол Улсын түүхийг Монгол Улсын түүх биш болгоод, Орос хэлээрх ном авчирж орчуулаад Монгол Улсын түүх гээд гаргачхаж байгаа юм. Сүхбаатар гэж яг хэн байсан юм? Данзан гэж хэн байсан? Тэр бодит хүмүүсийг, мөн чанарыг нь байхгүй болгоод ёстой нөгөө 2+2=13 болгочхож байгаа нь тэр. Тэгэхээр Жорж Оруэлл аливаа асуудалд рационал хандахгүй бол тэнд дарангуйлал үүснэ, хэн нэгэн ямарваа нэгэн байдлаар манипуляц хийчихдэг шүү гэдгийг л ахин дахин хэлээд байгаа хэрэг.
Хоёрдугаарт энэ зохиолоос онцлог нэг зүйл нь хамтач үзэл гэдэг ямар аюултай вэ гэдгийг харуулж байгаа. Хамтаараа, бөөндөө, цугаараа, бүгдээрээ гэх энэ үзэл хандлага хүмүүсийг хэрхэн дарангуйлал руу явуулдаг вэ гэдгийг зохиолд харуулдаг. Энэ роман гарахаас 10 жилийн өмнө бичигдсэн Айн Рэндийн “Магтуу” гэж зохиол бий. Би гэж байхгүй “бид” л гэж бий гэсэн агуулга бүхий мөн л дистоп зохиол. Эл бүтээл Жорж Оруэлл 1984 романаа бичихэд түлхэц болсон болов уу.
Гуравдугаарт хэлэх зүйл нь аливаа мэдээллийг урвуулж, эргүүлэх явдал. Ямар нэг жагсаал цуглааныг ч эргүүлчихнэ. Энэ хүн амьдралаа авч явах гээд ТҮЦ ажиллуулж байна гэж хэлэхэд өөдөөс: “Үгүй, манай хот гоё. Бид гудамжиндаа ТҮЦ-тэй байж болохгүй, хотоо ядуу харагдуулж болохгүй” гэж сөргөх жишээний. Тухайлбал, хамгийн сүүлд цацраг идэвхт бодис, бүхэл бүтэн шинжлэх ухааны асуудлын тухай ярьж байхад түүний өөдөөс сюрреализм ярьж хариулж байна. Ямар ч эрүүл ухаан, сэтгэхүй байхгүй мэт. Үүнийг хэн сэдэж байна вэ гэхээр эрх мэдэл сэдэж байгаа хэрэг: “Шинжлэх ухаан юу юм бэ? Бид олуулаа! Бидний эх орон!”
Яг энэ байдал цаашдаа биднийг дарангуйллын нийгэм рүү аваачихад хамгийн гол нөлөө үзүүлнэ. Гэхдээ Монгол хэдий 70 жил социализмын замаар явсан ч гэлээ монгол хүн өөрөө “амьд үлдэхийн тулд” аливаа асуудлыг бодитоор харж чаддаг хүмүүс 2+2=4 шүү гэдгийг амьдралынхаа явцад ойлгодог. Тиймээс татвар өндөр байх нь буруу юм байна, төрд өндөр татвар төллөө гээд бидэнд ямар ч ашиггүй, эсрэгээрээ дээрх нөхдийн эрх мэдэл улам гаарах юм байна гэх мэтээр бодит байдлыг олж харах чадвартай. Мөн нүүдэлчид маш хурдан дасан зохицож чаддаг юм байна. Асуудлыг бодитоор харуутаа л түүнд маш хурдан дасан зохицдог болохоор монгол хүн эрх чөлөөний үзэл маш сайн суусан байдаг юм байна гэж харж байгаа.
Монгол Ардын намын байр дотор энэ жүжгийг тавьж байгаа нь өөрөө маш том ёжлол шиг санагдаж байна. Мөн энэ жүжиг өнгөрсөн жил тоглогдоход Монгол Улс авторитар дэглэмтэй улс гэсэн ангилал руу ороогүй байсан. Харин энэ жил орсон. Энэ эмзэглэм дүр зургийг хараад зохиолч маань монологоо илүү хүчтэй бичих болов уу гэж итгэж хүлээж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр
Би ЗХУ-д утга зохиолын дээд сургуульд сурсан. Тэр үед 1984 роман бол хориотой зохиол байсан. Чухал зохиол гэж ойлгосон учраас, сонгодог зохиол учраас дэлхийн шилдэг 50 номын жагсаалтад оруулаад Монгол Улсын Ерөнхийлөгч байхдаа хэвлүүлж, ард түмэндээ хүргэсэн. Энэ романыг дангаар нь ярихад хэцүү юм билээ. Александр Солженицын, 1984, Олдос Хаксли “Гайхамшигт шинэ ертөнц”. Энэ гурван зохиолын дундаас дарангуйллын тухай, эрх мэдлийн тухай сурч ойлгох боломжтой болдог. Миний хувьд бол эрх мэдэл гэж юу юм бэ гэсэн ойлголтыг шинэчилсэн зохиолууд.
Эрх мэдэл бол хайр дурлалаас ч илүү, өмч хөрөнгөөс ч илүү хүний татдаг, асар их шунал тачаал хөдөлгөдөг зүйл. Эрх мэдлийн дэргэд өөр бусад нь юу ч биш. Их эрх мэдэлтэй болсон хүмүүст хайр дурлал хэрэггүй болдог, өмч хөрөнгө хэрэггүй болдог. Эрх мэдэл л хэрэгтэй. Зохиол дээр байдаг шүү дээ. Эрх мэдэл юуны төлөө вэ, эрх мэдлийн л төлөө. Өөр юуны ч төлөө биш. Энэ гурван зохиолд тэр ойлголтыг л шинэчлэхийг оролдсон оролдлого. XX зуунд хүн төрөлхтөн эрх мэдлийг янз янзаар ашигласан байдаг. Эрх мэдлийн төлөө дэлхийн I дайн, II дайн, хүйтэн дайн болсон байна. Одоо ч эрх мэдлийн төлөөх алалцаан үргэлжилсээр байна. Тийм учраас эдгээр зохиол хуучрахгүй. Яагаад гэвэл эрх мэдлийн төлөөх хүний хүсэл, шунал тачаал хэзээ ч дуусахгүй.
Эрх мэдлийг яаж буруу ашигладаг вэ. Дэлхийн II дайны улмаас 80 гаруй сая хүн амь үргэдсэн. I дайны улмаас бас л олон сая хүн амь үрэгдсэн байдаг. Одоо өрнөж байгаа дайн ч эрх мэдлийн төлөөх тэмцэл. Эрх мэдлийг хүнд хоргүй замаар хэрэгжүүлж байгаа хэд хэдэн хэлбэр бий. Улс болгон янз бүрийн оролдлогыг хийж байна. 1984 дээр “харах” аргаар хэрэгжүүлж байна. Эрх мэдлийг айдсаар баталгаажуулах гэж оролдож байна. Байнга хараад байхаар тэр хүн айдсаасаа болоод эрх мэдэлтэнд өөрийнхөө бие сэтгэлийг бүрэн тушааж байна. Дараа нь таашаалаар нь гэх юм уу, сайхан санагддаг зүйлээр нь хүнийг өөртөө элсүүлчхэж байна. Эцэстээ юу ч хамаагүй болдог, юу ч сонирхолгүй болдог… Хүн ер нь тэгэх дуртай. Үүнд сексийг оруулсан. Гуравдугаарт төгсгөлгүй хэрэглээ. Дэлгүүрт ороод л юм худалдаж аваад байх юм бол тэгээд л тэр хүн эрх мэдэлд үйлчилж байна гэсэн үг. Хүн бол энэ гуравхан юмыг л хүсдэг амьтан. Түүгээр нь эрхэндээ оруулж байна.
XX, ХХI зууныг консумеризмын зуун гэж хэлдэг. Хэрэглээний зуун. Өнөөдрийн энэ сошиал бол хүнийг дээд зэргийн эрх мэдэлтнүүдэд тушаасан, хэн ч биш гэдгийг нь мэдрүүлдэг арга. Александр Солженицын зохиолын гол санаа нь олуулаа байх нь эрх мэдэл гэдэг. Сошиал бол олуулаа болох гол арга. Чи олон дагагчтай байх юм бол чи эрх мэдэлтэнд бууж өгсөн байна, чи олон дагагчтай болохын төлөө хөөцөлдвөл чи өөрийнхөө мөн чанарыг алдана, чи дарангуйлагчийн талд орно. Сошиал бол олонхын дарангуйлал. Өөрийгөө авч үлдье гэж байгаа бол сошиалаас гарах хэрэгтэй. Өөрийнхөө эрх чөлөөг үнэлж байгаа бол сошиалаас гарах хэрэгтэй. Магадгүй Зукерберг энэ тухай санаагүй байх. Гэхдээ өөрөө дарангуйллын нийгэмд үйлчилдэг механизмыг бий болгочихсон. Сошиалд үнэн хэрэггүй. Сошиалд сэтгэл хөдлөл л хэрэгтэй. Хүний сэтгэлийг л хөдөлгөж байвал тэр үнэн байна уу, худлаа байна уу хамаагүй. Тэгэхээр “1984” зохиол дээр 2+2=4 гэдгийг хэлж чадна гэдэг бол эрх чөлөө гэж ярьж байгаа юм. Тэгтэл Оросын зохиолч Достоевский бол үгүй. Хоёр 2+2=4 гэдэг бол хайрцаг. Үүнийг эвдэж гарч ирж байгаа, шинэ юмыг эрэлхийлж байгаа хүн бол 2+2=3 ч гэж үзээд дарангуйллын дүрмээс гарч ирж болно. Тийм учраас дарангуйлал, эрх мэдлийн тухай ойлголт янз бүр. Францын Монтеский судлаач эрх мэдэл гэдэг ямар аюултай зүйл вэ гэдгийг мэдээд үүнийг дор хаяж гурав хувааж байж энэ нийгэм дарангуйллаас ангид байх юм байна гэж онолыг нь гаргасан. Гүйцэтгэх засаглал буюу Засгийн газар, хууль тогтоох нь парламент, шүүх. Энэ эрх мэдлийг хувааж байж л нийгэм өөрөө дарангуйлал биш болно гэсэн. Харамсалтай нь оролдлого яваад л байна. Одоо аль ч улсад тийм байж чадаж байна уу, гэвэл бүгдээрээ тийм гэж хэлж чадахгүй байна. Гэхдээ Америкийн Үндсэн хуульд бол “хүн аз жаргалын хойноос бүх амьдралынхаа турш тэмүүлэн зүтгэх хэрэгтэй” гэсэн байдаг. Дэлхийн II дайн өнгөрсний дараа хүн төрөлхтөн модернизмын замаар явах юм бол өөрийгөө сөнөөгөөд дуусах нь гэдгийг мэдсэн учраас мета модернизм гэх өөр хэмжүүр лүү өөрийн эрхгүй шилжсэн байна. Мета модернизмд бол 2+2=5 болж болно гэж гаргаж ирсэн. Тийм учраас тэр аз жаргал бол миний хувьд тав байж болно шүү дээ. Өөр хүний хувьд дөрөв, гурав ч байж болно. Харин Америкийн давуу тал бол аз жаргалыг юу гэж ойлгож байгаа юм бэ, түүнийхээ хойноос тэмцэхийг зөвшөөрчихсөн гэсэн үг. Бусад оронд бол үгүй. Ямар нэгэн дарга, ямар нэгэн нам, ямар нэгэн ТББ, ямар нэгэн эвсэл тэр чиний аз жаргал мөн гээд заачихсан. Тэгээд бүгдээрээ түүнийг дагаад явж байгаа. Харамсалтай нь бид өнөөдөр зөвхөн төр засгийн хэн нэгэн албан тушаалтан руу, нам руу, эсвэл ямар нэгэн өмч хөрөнгөтэй хүн рүү ярихыгаа эрх чөлөө гээд нэрлэчихсэн. Өнөөдөр бидэнд өөрийнхөө аз жаргалыг олох тухай ойлголт ерөөсөө байхгүй. Бид бусдын аз жаргалд атаархдаг. Бусдын аз жаргал юу болох нь бас эргэлзээтэй, ойлгомжгүй нийгэмд амьдарч байгаа. Дахин хэлэхэд аз жаргал, эрх мэдэл хоёр бол нэг талаасаа нэг юм шиг байгаа юм. Би та нараас давуу талтай нь эрх мэдлийг амсаж байсан. Ерөнхийлөгч байхын, Ерөнхий сайд байхын эрх мэдлийг амссан хүн учраас хэлэхэд эрх мэдэлд донтоно гэдэг бол хамгийн аюултай. Тийм учраас эрх мэдлийн донтолтоос л өөрийгөө сэрэмжилж чадах хэрэгтэй. Тэгэхийн тулд “1984” болон дээрх дурдсан хоёр номыг уншиж болно.
Эрх мэдэл, эрх чөлөө хоёр нэг нэг рүүгээ шилжиж байдаг. Тэр утгаараа хүн бүрийн дотор эрх мэдлийн төлөө асар хүчтэй тэмүүлэх үр нь байгаа. Шуналтай, шуналгүй гэж ялгах хэцүү. Тийм гэдгийг XX зууны түүх баталчихсан. Хүн болгоны дотор эрх мэдэлд шунах хүсэл байдаг. Түүнийг яаж хязгаарлах вэ гэдэг дээр эрх чөлөөний тухай ойлголт орж ирдэг. Эрх чөлөөнөөс татгалзаж сурах нь ч хамгийн том эрх чөлөө. Буддын шашин, христын шашин, хувь хүн өөрөө ч заавал дагах хөгжил байна л даа. Эхлээд бодлоо цэвэрлэ, хэлээ цэвэрлэ, үйлдлээ цэгнэ гэдэг. Өөрийн бодол, хэл, үйлдлийг удирдаж чадвал эрх чөлөөтэй болж байгаа юм. Түүнийгээ эдэлж чадахгүй байх юм бол хааш хаашаа савчсан, уурласан, омогдсон, бухимдсан эсвэл хэт инээсэн, жаргасан этгээд болж хувирна. Тэр гурвыг л эзэмшиж чадвал жинхэнэ эрх чөлөөг мэдэрнэ. Тэгэхээр эрх мэдлийн хойноос хөөцөлдөхөө болино. Эсвэл эрх мэдэлд хүрсэн ч өөрийгөө татаж чаддаг болно. Эрх мэдэл хар тамхитай ижил, гоё зүйлтэй адил. Өөрөөс нь урвуулах чанартай зүйл. Эрх чөлөөг эдлэхийн тулд өөртэйгөө л ажиллах хэрэгтэй. Өөр хүний бодол, хэл, үйлдлийг өөрчлөх гээд амжилт олоход хэцүү. Эхлээд өөрийгөө засчих. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэгтэй л ижил. Биеэ зас гэдэг бол бодлоо засах, гэрээ зас гэдэг бол хэлж ярьж байгаагаа засах явдал. Өөрийн үйлдлээ засчих юм бол жинхэнэ эрх чөлөөг мэдэрнэ. Эрх мэдлээс татгалзаж чадна. Үүнийг шинэ ёс суртахуун гэж хэлж болно. Харамсалтай нь, дарангуйлал эрүүл саруул ухаан дээр тогтдог.
Гитлер, Сталины ярьсан зүйлс эрүүл саруул зүйлс байдаг. Ээдрээтэй амьдралын хүрд рүү явж байгаа зүйлийг энгийн болгох гэж, хялбаршуулах гэж оролдвол муу муухайн талд байна гэсэн үг. Амьдрал ээдрээтэй байх тусмаа зорилго нь зөв байдаг. Дэлхийн I дайны дараа, 6.5 сая еврейг хорт хийгээр угаартуулж алсны дараа, 80 гаруй сая хүнээ устгачихсаны дараа, химийн дайн хийчихсэний дараа 2+2=4 гэж хэлж болохгүй юм. Хүн өөрийгөө супер болж байна гэж бодсон цагт фашист болж байна гэсэн үг. Ингээд өөрийнхөө бодол, үг, үйлдлийг захирахаа больж, хэлсэн үйлдсэн бүхэн чинь зөв санагдана. Супер хүн гэдэг бол фашизмын философи. Гуйвсан философи гэж хэлж болно. Өөрийн бодол сэтгэл, үг үйлдлээ засчих юм бол чи эрх чөлөөг мэдэрнэ. Тэгэхээр “1984” бол хүн төрөлхтөнд соён гэгээрлийн зууныг авч ирсэн модернизм, сэргэн мандлыг авч ирсэн урсгал мухардаж, мета модернизм руу шилжсэн тэр цагийн зааг дээр төрсөн зохиол. “1984” зохиолыг найруулагч улам ээдрээтэй болгоосой.

Black box театрын ерөнхий найруулагч С.Мягмар
Намайг Мягмар гэдэг. Зураач найруулагч. Би одоо 30 жил социализмд амьдарсан. МАХН-ын удирдлага дор. Одоо 30 жил би капитализмд амьдарч байна. Эрх чөлөө, тусгаа тогтнол бол бидний хүсэж мөрөөддөг тэр сайхан зам мөр байсан. Оруэллыг би эрт уншсан, маш эрт уншсан. Дөнгөж оюутан болонгуутаа л уншсан. Тэгээд нэг их сэтгэл хөдлөөгүй. Тэр үед нөхцөл нь их өөр байсан. 90 оны дараа уншсан, маш хүчтэй мэдрэгдсэн. Тэгж хүчтэй мэдэрсэн болохоороо хоёр дахь сонгуулийн үеэр цагаан мориныхоо улаан чөдрийг нь тайлж аваад мориндоо давхиж яваа хүүгийн зурагтай плакат, реклам хийж байлаа. Тэгш эрх, эрх чөлөө гэдэг реклам. Харин одоо бол би өдөр бүхэн энэ Жорж Оруэллын номыг харж байна. Өдөр бүхэн. Мэдээ үзэх болгонд энэ номыг дахиж унших шиг болох юм. Хамгийн хамгийн зовлонтой нь тэр. Тусгаар тогтнолын ордонд Жорж Оруэллын 1984 хэмээх энэ жүжгийн тоглох юм байна. Тусгаар тогтнолын ордон дотор шүү. МАН-ын байранд. Гайхамшигтай. Энэ дотор орж ирж үзнэ гэдэг бол ховор тохиолдол. Тэгэхээр та бүхэн энд номоор хийсэн жүжгийг үзээд өөрийнхөөрөө дүгнээд, энэ номоор амьдралаа шүүж хараад үзээрэй. Одоо байгаа энэ ертөнц чинь сайхан ч харагдаж мэднэ, дур гутмаар, увайгүй ч харагдаж мэднэ. Гэхдээ бидэн шиг эрх чөлөө тусгаар тогтнолоо олж ядаж байгаа энэ нөхцөл улс болгонд тохиодог. Хэдэн жил вэ? гэдэгт л учир байгаа байх. Тэгэхээр өдрөөс өдөрт алсарч байгаа ардчиллаа бодоорой. Өдрөөс өдөрт чамаас холдож байгаа тэгш эрхээ бодоорой.
Тэгэхээр энэ эрх чөлөөний төлөө би юу хийсэн юм бэ? Би энэ хооронд яасан юм бэ гээд бодлоо л доо. “Black Box” гэдэг хувийн театр байгуулаад тэндээ арван хэдэн жүжиг тоглосон. Орлогогүй газар шүү дээ. Ф.Дюррематтын Хөгшин хатагтайн айлчлал, Э.Ионескогийн “Сандлууд” тэргүүтэй хоёр гурван жүжиг, С.Беккетийн “Годог хүлээхүй”.
Бид 1984 жүжгийг хэсэг хүмүүст хүргэх гэж энд цугласан байна. Дарангуйллыг хэрхэн тэсэж, цаана нь гарах вэ гэдгийг энэ жүжгээр харуулчихсан учраас хүмүүст энэ жүжгийг ирж үзээч ээ гэмээр санагдаж байгаа юм. Монголчуудын туулсан зүйлс их хэцүү шүү дээ. Зүгээр л үхрээ саагаад сууж байсан чинь нэг Орос нөхөр ирээд мориндоо мордоод капитализм дээгүүр харай гэсэн, тэгээд харайсан байхгүй юу. Д.Амгалан зураачийн зураг байдаг шүү дээ. Капитализмын хар ангал дээгүүр морьтойгоо харайж байгаа дүрслэлтэй. Номын сангийнхаа ханан дээр зурчихсан байдаг байсан. Тэгээд яасан? Харайгаад цаана нь гарчихсан юм уу, капитализм руугаа доошоо уначихсан юм уу? Эсвэл ерөөсөө харайгаагүй юм уу? Яасан юм бид? Тэр хооронд хүмүүсийн амьдрал хорь, гуч, дөч, тавин жилээрээ сүйрч байлаа. Миний амьдралын хамгийн аагтай, хамгийн сайхан хэсгийг ч авсан. Дөч, тавин жилийг яаж барчхаагүй юм. Бас талыг нь үлдээсэн байгаа юм аа. Би тэрэндээ баярладаг. Би эрх чөлөөг амссандаа баярладаг. Одоо алдарч байгаа эрх чөлөөг харахаараа гутардаг. Одоо амьдрал ямар гунигтай, ямар өөдгүй, бүр үзэн ядмаар гээч. Юунд нь баясах юм бид? Гэтэл талбай дээрээ хоол тараагаад, плов идээд баясаад байж байна шүү дээ. Бид нар тэгж нэгнийгээ худлаа баярлуулж олон жил болсон. Зуун жил л гээд байдаг. Одоо зуун жилийн ойнууд нь дуусаж эхэлж байгаа байх. Ийм гунигтай амьдралын дунд залуу насаа өнгөрүүлсэн болохоор эрх чөлөөг би хайрладаг юм. Тэгээд бүгдээрээ эрх чөлөөгөө хайрлая. Харин та нар орчин тойрондоо байгаа хүмүүст хэл 1984 гэдэг жүжгийг ирээд үзчих. Өөрийнхөөрөө үзэж мэдэр. Өөрийнхөөрөө үзсэн юм амттай. Ер нь гол нь энэ шүү дээ.
Надад Н.Энхбаяр даргаас асуух асуулт байна.
Асуулт: Бидний ярилцлагыг үзэж байгаа хүмүүс Н.Энхбаяр даргыг энд оролцож байгааг хараад нэг зүйлийг заавал асуумаар болно. Энэ зохиол угаас том ахын тухай. С.Энхбаяр дарга бол цагтаа том ах явсан хүн. Тэгэхээр би таныг энэ дундуур бас нэг үг хэлэх болов уу гэж бодож байна. Та цагтаа улсын хаан байсан хүн. Том ах байх ямар вэ?
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр
Яахын аргагүй энд байгаа хүмүүстэй харьцуулах юм бол миний давуу юм уу эсвэл сул тал бол би Мягмарын хэлдгээр 1958 онд төрсөн учраас 90 он хүртэл 32 жил хуучин тогтолцоонд амьдарсан байна. Эрдэнээ гуай Пүрэвдорж гуай, за Сүрэнжав гуай Урианхай гуай гэх мэтийн зохиолчидтойгоо хамт. Нам магтан дуулдаг социализм, коммунизмыг магтан дуулдаг зохиолчид ч байлаа. Тэрний эсрэг үзэл бодолтой хүмүүс ч тэнд байсан. Хойно 1975-аас 80 онд сурч байхад Брежнивийн дэглэм байсан. Улс төрд бол зогсонги үе гэж ярьдаг байсан ч үнэн хэрэгтээ оюун ухааны хамгийн идэвхтэй амьдралын үе гэж хэлж болно, учир нь тэр үед хориотой зохиолууд хүмүүсийн гараас гарт их дамждаг байсан. Янз бүрийн кино бүтээлүүд гарч байсан. Тарковский киногоо хийж байсан байна. Тэр үе идэвхтэй оюун ухааны амьдрал өрнөж байсан үе. Тэр утгаараа би тэнд оюутан байсан учраас надад их сайхан санагддаг юм. Би тэр цагийг одоо юу гэдэг юм бэ аймаар хоцрогдсон, жинхэнэ хайрцаглагдсан цаг биш гэж хэлнэ. Харин яаж хайрцагт баригдахгүй байх вэ гэж хүсэж байсан учраас 2+2=4 гэж надад Брежнев дарга заахад нь Булгаковын 56 оны Москва сонинд хэвлэгдэж байсан Мастер Маргаритаг зохиолыг бид нар гараас гарт дамжуулж уншиж байсан байхгүй юу. Брежнев даргын дэглэм 2+2=4 гэсэн дэглэм байсан учраас Достоевскийн 2+2=5 гэдэг нь надад илүү таалагдсан байхгүй юу. Тэгээд одоо түүгээрээ би яваад байж магадгүй. Тэр утгаараа би энэ дарангуйлал гэгч аягүй эрүүл саруул юман дээр тогтдог юм байна аа гэж бодож байсан. Дарангуйлалтай тэмцэхийн тулд их эрүүл саруул биш байх ёстой юм байна аа гэж. Нөгөө талаар бол би өөрөө ерөнхий сайд, их хурлын дарга, ерөнхийлөгчийн ажлыг хийж үзсэн. Эрх мэдэл гэдэг юмыг амссан, ямар нэгэн байдлаар хүртсэн байна. Би өөрийгөө муулж байгаа юм биш, магтах ч хэрэггүй байх. Байдены засгийн газрын үед цагаан арьстнууд маань өөрсдийгөө жижгэрүүлээд бүх зүйлд уучлалт гуйж амьдрах ёстой гээд бодчихсон, хар арьсан орж ирэхээр уучлалт гуйдаг, ижил хүйстэн хүнтэй уулзахаараа уучлалт гуйдаг, би тэр арал дээр очиж уучлалт гуйна манай өвөг дээдэс маань муухай юм хийж байсан байна боолуудыг зарж байсан байна гээд бүх юманд уучлалт гуйж ханддаг болчихсон. Тэр нь тэгсэн чинь эсрэгээрээ нийгмийн харилцааг эрүүл саруул биш харилцаа болгоод, бүр хүйсээ ч ялгаж чадахаа болиод эр, эм хүйс байгааг хэлэхээс айдаг, улс төрийн хувьд аягүй буруу юм хэлчих гээд, маш бүдүүлэг болчих гээд байна гээд дуугарч чадахаа байчихсан. Харин Трамп гарч ирээд эрэгтэй хүн эмэгтэй хүн хоёр байгаа юм аа гээд зарлиг гаргачихлаа шүү дээ. Зарлигтай зарлиггүй уг нь бурхан угаасаа нэгийг нь эрэгтэй, нэгийг нь эмэгтэй болгоод төрүүлчихсэн шүү дээ. Гэтэл тэрийг чинь Байдены үед будилуулж хаяад, тэрийг нь Трамп гарч ирээд жорлонг нь хүртэл хуваалаа шүү дээ, эрэгтэй ба эмэгтэй жорлон. Хуучин бол эрэгтэй жорлон, эмэгтэй жорлон, эрэгтэй эмэгтэй жорлон гэсэн ийм гурав дахь жорлонтой болчихсон байсан. Надад бол эрх мэдлийн тухай ярихдаа дандаа уучлалт гуйж ярих нь утгагүй байгаа юм. Залуучууд тэгүүлэх гээд байгаа байхгүй юу. Та нар бүгдээрээ уучлалт гуй. Гучин жилийг ингээд сэглээд хаясан нөхдүүд. Та нар л уучлалт гуй. Намайг хүртэл. Сүүлдээ би одоо уучлалт гуйгаад байгаа шүү дээ. Уучлаарай гээд л ярьдаг болчихсон байгаа шүү дээ би чинь. Тэгэхгүй бол болохгүй байхгүй юу, уучлаарай гэж хэлэхгүй бол болохгүй. Эсвэл бидний үед ийм байсан гэж бахархаж яримааргүй байгаа юм. Шинэ үндсэн хуультай боллоо. Оросын өврөөс салгалаа гэдэг ч юм уу, мянганы зам тавилаа, олон намтай боллоо, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг авчирлаа, сонгуулийг анх бид нар л хийсэн юм чинь үнэн шүү дээ, үндэсний телевизийг буюу төрийн телевизийг олон нийтийн болголоо гэх мэтээр. Тэгэхдээ энийг ярих гэхлээр магтсан болчих гээд. Яаж ч ярьсан хүн аль нэг талд нь л үнэлэх гээд байгаа учраас, яаж л үнэлбэл үнэлэг би саналаа хэлье ээ гэж… Миний хувьд бол миний давуу тал нь зохиолчдынхоо дунд 2+2=4 гэдгийг эсэргүүцэж байсан хүмүүсийн дунд өссөн. 6.5 сая еврей хүнийг шатааж байсныг эсэргүүцэж байсан хүмүүсийн дунд, Гулаг олтриг номыг уншиж байсан хүний хувьд Сталины дэглэмийг шүүмжилж байсан, Брежневийн зогсонги, царцанги дэглэмийг шүүмжилж, албан ёсоор биш ч хоорондоо ярьж байсан. Үүнийхээ хувьд би эрх мэдэл бол аюултай гэдгийг ойлгож байсан. Тийм учраас би биеэ татаж холддог байсан. Мэдээжийн хэрэг тэр болгон биеэ татаж чадахгүй. Заримдаа сонгуульд оролцохдоо хэтрүүлнэ. Хэтэрхий өөрөө оролцоод, ард түмэн намайг сайн мэддэг, намайг хүндэтгэдэг байхад нь хэн ч биш хүнийг сурталчлаад “За энийг л сонговол намайг сонгож байгаатай адил, та сонго” гэж тулгаж байсан үе байна шүү дээ. Хэн ч мэдэхгүй Дорж, Долгорыг дагуулаад л “Энэ манай багийн хүн, энийг би батлан дааж байна та сонгочих” гээд л. Ингэж биеэ татаж чадахгүй явсан үе байна. Яагаад? Сонгуулийн улайралд автаад. Гэхдээ нөгөө талаасаа бол ардчилсан намыг татан буулгах, бүр сонгуульд оруулахгүй байх бололцоо зөндөө байсан. Хуулийн хүрээнд. Бүдүүлэг аргаар биш. Яагаад гэвэл өөрсдөө манай сонгуулийн нэр дэвшигч худлаа болчихлоо, манай эвсэл худлаа гээд бүр факт баримттайгаар надад өгч байсан байхгүй юу. Хуулиар нь харах юм бол тэр үеийн ардчилсан нам ба түүний эвсэл болсон намууд сонгуульд оролцох бололцоогүй байсан байхгүй юу. Гэхдээ би биеэ татаад сонгуульд оролцохгүй бол болохгүй гээд би хууль зөрчин зөрчин тэднийг сонгуульд оруулж байсан. Ороход нь тусалж байсан биш. Өнөөдөр харин тэгэхгүй байна тийм үү. Өнөөдөр арай өөр байх шиг байна. Гэхдээ өнөөдөр гэдэг нь би сүүлийн 15 жилийг ярьж байгаа шүү. Яагаад гэвэл би өөрөө сонгуульд ороогүй. Орох гэсэн чинь намайг мэдлэг боловсрол дутуу гээд оруулаагүй. Мэдлэг боловсрол дутуу учраас Энхбаярыг оруулахгүй гэсэн шийд гарсан. Тэгээд би мэдлэг боловсролоо дээшлүүлэхээр 15 жил оролдож байна шүү дээ. Эрх мэдлээ татах гэж оролдож байсан, заримдаа өөрийн мэдэлгүй эрх мэдлээ хэтрүүлж байсан. Хүнд их найдах хэрэггүй. Тийм учраас Монтеский эрх мэдлийг гурав хуваажээ. Шүүх эрх мэдэл байна, битгий тийшээ оролц, биеэ дааг. Гүйцэтгэх засаглал, тэр ажлаа л хий. Хууль тогтоох, хуулиа л тогтоо гэж хуваагаад өгсөн байна шүү дээ. Хүний эрх, эрх чөлөө бол маш чухал юм байна гэдгийг ойлгосон. Яагаад гэвэл энэ гурван засаглал гурвуулаа хүний эрх чөлөөг зөрчдөг юм байна. Шүүх нь ч зөрчдөг юм байна, засгийн газар ч зөрчдөг юм байна, хууль тогтоох байгууллага нь ч зөрчдөг юм байна гэдгийг харсан. Тийм учраас яг энэ гуравтай адилхан хүний эрх, эрх чөлөөг хамгаалдаг институц бий болгох ёстой гэж боддог юм, одоо бол. Хүний эрхийн үндэсний хороо бол яг их хуралтай адилхан, яг засгийн газартай адилхан, яг шүүхтэй адилхан эрх мэдэлтэй байгууллага байх ёстой. Тэгж байж энэ эрх чөлөө жинхэнэ ёсоороо харьцангуй баталгаатай болно. Эрх чөлөөг хүнээс гуйгаад хэрэггүй гэж үнэн л дээ. Гэхдээ тэр бол нэг хүний байр суурь, яг нийт ард түмэн талаасаа үзэх юм бол төр гэдэг чинь өөрөө дарангуйллын л механизм шүү дээ. Веберийн хэлснээр “Төр бол хүчирхийллийн эрхийг хууль ёсны дагуу авсан субъект”. Веберийн энэ тодорхойлолт маш бүдүүлэг, маш муу тодорхойлолт гэж боддог юм. Гэхдээ европын философи, социологичид үүгээр яваад байгаа юм. Тийм учраас төр хүний эрх, эрх чөлөөний эсрэг явдаг учраас би бол хүний эрх, эрх чөлөө гэдэг ийм биеэ даасан институцийг бий болгож байж энэ их хурлын эсрэг, энэ засгийн газрын эсрэг, энэ шүүхийн эсрэг тавьж тэнцвэржих болов уу гэж бодож байна. Сүүлийн жилүүдэд миний олж мэдсэн, судлаад сонирхоод эсхүл дунд нь явсан туршлага дээрээ тулгуурлан дүгнэсэн зүйл ийм байна.

Gej yu ve үүсгэн байгуулагч А.Доржпалам
1984 миний амьдралыг өөрчилсөн номуудын жагсаалтын нэгдүгээрт байдаг. Би хоёрдугаар курсдээ буюу цэргийн сургуульд ороод найм дахь жил болж байхдаа Туркийн цэргийн Их сургуульд энэ зохиолыг уншиж байсан. Тэгээд тэр үед өөрийгөө бодож байснаасаа арай өөр хүн болж бэлтгэгдэж байсан юм байна гэдгээ 1984-ийг уншаад анзаарсан. Хүний эрх чөлөөг хамгаалах, эрх чөлөөний хамгаалагч болж бэлтгэгдэх ёстой байтал, тийм биш. Ялангуяа Монголд очоод ажиллавал огт өөр зүйл хийхээр бэлтгэгдээд байгаа юм байна гэдгээ анзаарсан. Миний Их сургуулийн орчин 1984 зохиолын жижгэрүүлсэн хувилбар байсан. Туркэд Ататурк гээд том ах байдаг. Хэдийгээр нас барсан ч гэсэн тэнд симбол болоод үлдчихсэн. Их сургуулийнхаа амьдралыг бодохоор бүгдээрээ эрчүүд, секс бол хориотой зүйл, бидэнд хувийн эрх чөлөө маш хязгаарлагдмал, өмсөж зүүх хувцаснаас эхлээд өдөр тутмын бүх хэрэглээ яг ижилхэн. Жижиг хэмжээний социализм шиг газар би маш олон жил болсон учраас надад маш хүчтэй нөлөөлж байсан. 1984 зохиолыг уншсан тэр шөнөдөө унтаж чадаагүй. Дараачийн хэдэн өдрүүдэд оршихуйн хямралд ороод, яах ёстойгоо гайхаж бодсон. Би өөрөө цэргийн сургуульд явдаг байсан болохоор улс яавал хөгжих вэ гэж маш их боддог байсан. Монгол улс яагаад ийм “миа” юм бэ? гэж. Тэгээд ер нь түүний гаргалгаа нь олон нийт, олон нийтийн боловсрол байсан. Эрх чөлөө гэж юу вэ, эрх чөлөөний үнэ цэн юу вэ? Эрх чөлөөнд яаж хүрдэг вэ? гэдгийг мэдэхгүй байвал дарангуйлалд байгаагаа мэдэхгүй. Яг аквариумын загас шиг. Гаднаас харахад тэр загас эрх чөлөөтэй биш, гэхдээ тэр загас өөрөө эрх чөлөөний тухай мэдэж байгаа юу гэдэг шиг. Тиймээс олон нийт эрх чөлөөний тухай мэдэхгүй байвал дарангуйлалд орсон гэдгээ мэдэхгүй байх юм байна. Олон нийтийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр би юм хийх ёстой юм байна гэж бодсон. Яавал хөгжилд хүрэх вэ?, яавал эрх чөлөөнд хүрэх вэ? гэхээр рациональ, логикт суурилсан, хараат бус оюун ухаан байж хүн юу нь юу вэ? гэдгийг ялгаж эрх чөлөө гэж юу юм, дарангуйлал гэж юу юм, юу зөв бэ?, юу нь буруу вэ гэдгээ анзаарах юм. Тэр хүмүүсийн тоог илүү олон болгоё гэж өөрийн амьдралын зорилгоо өөрчилсөн. Тэгээд төгссөн ч гэсэн гурав хоногийн дараа нь ажлаасаа гараад л шинжлэх ухааныг аль болох олон хүнд тайлбарлах ёстой юм байна, энэ харах өнцөг, энэ хандлагыг түгээх ёстой юм байна гэж бодоод энэ чиглэлийн ажлууд хийж эхэлсэн.
Би шинжлэх ухааны салбарын хүн биш л дээ. Гаднаас нь хэлэхэд шинжлэх ухаан бол эрх чөлөөнөөс ургасан жимс гэж би хардаг. Өнөөдрийн бидний шинжлэх ухаан гэж тодорхойлж байгаа энэ арга техник анх яагаад Грект үүссэн бэ? Шинжлэх ухаан яагаад европт үүссэн юм бэ? гээд харахаар энд эрх чөлөө гэдэг ойлголт тэнд байдаг гэсэн хариулт л гарч ирдэг. Яагаад шинжлэх ухаан Монголд үүсээгүй вэ?, яагаад Хятадад үүсээгүй юм бэ?, эсвэл Энэтхэг, Египет гэх мэт өндөр хөгжсөн соёл иргэншилд яагаад үүсээгүй вэ? гэхээр тэнд ямар нэгэн оюун санааны дарангуйлал байсан учраас… Грек олон жижиг хот улстай, олон жижиг аралтай байдаг учраас тус тусдаа үзэл санаа дэвшүүлээд, хоорондоо хэлэлцээд хэрэлдэх орон зай эрх чөлөө нь байсан учраас тэнд шинжлэх ухаан үүссэн гэж үздэг юм билээ. Европт мөн адил жижиг жижиг улс орнууд байсан. Тэгэхээр эрх чөлөө бол шинжлэх ухааны чухал зүйлсийн нэг. Өнөөдөр шинжлэх ухаан бол дарангуйлалд автах боломжгүй болчихсон, хараат бус… Хэн нэгэн, ямар ч улс, ямар ч байгууллага үүнд нөлөөлж болохооргүй тийм эрх чөлөөтэй зүйл. Энэ нь хамгийн чухал. Монголд шинжлэх ухаан яагаад хөгжихгүй байна вэ гэхээр институцын дарангуйлал байгаа учраас. Эрдэмтэд хараат бус судалгаа хийх боломжгүй байгаа учраас шинжлэх ухаан сөнөчихсөн байгаа юм болов уу гэж боддог юм, салбарынх нь гаднаас харахад. Шинжлэх ухаандаа бид мөнгө хаяхгүй байна гэдэг. Үнэндээ бол мөнгө хаядаг. Гэхдээ тэр тогтолцоо руу хэчнээн мөнгө хаясан ч гэсэн тэр бол мафижчихсан, дарангуйллын систем бий болсон, дарга нь хэзээ ч солигддоггүй хаант засаглал үүсчихсэн учраас хөгжих ямар ч боломжгүй байх гэж би харж байгаа. Уул нь хүний танин мэдэх чадварт шинжлэх ухааны фактууд, шинжлэх ухаанч хандлага маш чухал нөлөөтэй. Харах өнцөг нь хэр өргөн байна, тэр чинээгээр сонголт хийх чадвар, шүүн дүгнэх чадвар нь өндөр байж, илүү эрх чөлөөтэй болно. Тэгэхээр өнөөдрийн монголын нийгэм шинжлэх ухааны боловсрол дутуу байгаа учраас эрх чөлөөтэй гэж дүгнэмээргүй байгаа. Ертөнцийг харах үзэл нь хэтэрхий богинохон байгаа учраас өөрсдийгөө тэгж бодохгүй байж магадгүй ч яг үнэндээ эрх чөлөөтэй хүмүүс биш.

Philosophy.mn, RENEW LLC-ийн үүсгэж байгуулагч М.Дөлгөөнбаяр
1984 номыг арван жилийн сургуулийнхаа номын санд уншиж байсан. Манай сургуульд Цэдэнсодном гээд нийгмийн ухааны багш байдаг байсан. Их эрх чөлөөт үзэлтэй. Тэр багш манай сургуулийг юу гэж хэлж байсан бэ гэхээр “Энэ бол жижгэрүүлсэн хойд Солонгос байна аа” гэдэг. Манай сургуулийн захирлыг “Чи бол Ким Жон Ун” гэж бүр хэрүүл хийдэг байсан. Яагаад тэгдэг байсан бэ гэхээр, миний санахаар би формныхоо дээд талын өмсгөлийг мартаад ирчих юм бол намайг сургууль руу маань оруулахгүй, гадаа өдөржин өнжүүлдэг. Эсвэл үсээ нэг жаахан өнгийг нь өөрчлөөд ирчихээр намайг хичээлд суулгахгүй сар болж байсан тохиолдлууд ч гарч байсан. Тэгээд сургуулийн коридороор явж байгаад захиралтай мэндлэхгүй өнгөрвөл тэр хүүхэд захирлын өрөөнд дуудагддаг тийм л хэмжээнд арван жилийн сургууль маань байсан санагдаж байна. Яг тэр үед 1984-ийг уншсан. Ингээд харахаар манай арван жилийн ангийн үеийнхэн дотроос янз бүрээр үзэл санаагаа илэрхийлдэг, цаашлаад жагсаал цуглаан дээр очиж байгаа хүн ер нь бол нэг ч байхгүй. Эргээд бодохоор арван жилээс нь хүүхдүүдийг үзэл бодлоо илэрхийлэх нь байтугай гараа өргөхөөс айдаг болгоод сургачхаж байгаа юм. Сурагчийнхаа ширээн дээр гараа өргөж юм асуудаггүй хүүхэд чинь юун Сүхбаатарын талбай дээр жагсаж, үзэл санаагаа илэрхийлэх вэ? Эсвэл яаж сошиал дээр өөрийнхөөрөө байж чадах юм бэ гэдэг асуудлууд гарч ирнэ.
Эрх чөлөө бол мэдрэмж юм уу? Эсвэл оюун дүгнэлт юм уу гэсэн асуудал дэвшигдэнэ. Эрих Фромм гээд нийгмийн сэтгэл засалчийн авч үзэж байгаагаар бол “Эрх чөлөө бол мэдрэмжтэй огт холбоогүй зүйл. Хүн мэдрэмжээ дагаад л байх юм бол эрх чөлөөг алдах асар өндөр магадлалтай” гэдэг. Харин стоик философичдын үзэж байгаагаар Хүний эрх чөлөөтэй байх боломжийг хэмжээд үзэхээр нэг дойлоор хэмжигдэх тэр мөчид эрх чөлөөгөө алдах магадлалтай байдаг. Энэ юуг хэлээд байна вэ гэхээр хүний мэдрэхүйн эрхтнүүдээр гадаад орчноос тархинд ирж байгаа өдөөлтийг хүн оюун санаандаа дүгнэлт хийгээд шийдвэр гаргах хүртэл нэг секунд хүрэхгүй хугацаа байдаг. Энэ хоорондох хугацаа. Яг тэр дунд хүн өөрийнхөө мэдрэмжид хөтлөгдөхгүйгээр шийдвэрээ гаргаж чадаж байна уу? Эсвэл хэн нэгнийг дагахаа больж чадаж байна уу? Өөрийнхөө үйлдлийг татаж авч чадаж байна уу? Тэр удирдаж байгаа үйлдлээ оюун санаагаар хазаарлаж авахгүй, мэдрэмжээ дагах л юм бол хүн эрх чөлөөтэй байж чадахгүй юм байна аа гэдэг эхний дүгнэлт гарч байгаа юм. Тэгвэл энэ эрх чөлөө гэдэг чинь барьж авахад их хэцүү, яг одоо би эрх чөлөөтэй болчихлоо гэдгийг тодорхойлоход хэцүү ойлголт юм байна. Хоёрдугаарт явсаар байгаад эрх чөлөөтэй үйлдлүүдийг хүн оюун санаатайгаа уялдуулан ухамсартайгаар хийгээд эхлэхээр дараа нь дахиад нэг өөр мэдрэмж төрнө. Тэр бол анх төрж байсан тэр айдсын, сандралын балмагдлын мэдрэмжээс арай өөр буюу тайтгарал, юмсыг оюун санаагаараа хянаж чадаж байгаа, миний амьдрал минийх шүү гэдгийг мэдэрч чадаж байгаа бахдалын мэдрэмж араас нь төрж, ингээд эрх чөлөө тогтдог юм шиг санагдсан. Мэдрэмж гэдэг дээр нэг жишээ аваад яривал яагаад дээр үеэсээ социалистууд коммунистууд өөрийн гэсэн дуу хөгжим, тунхагтай байж ирсэн юм бэ? Жишээ нь Мао Зэдуны магтуу дууг орчин үеийн хүүхдүүд бичлэг эдитлэхдээ ашигладаг болчихсон байгаа. Тэр дуу одоог хүртэл хүчтэй байгаад байна шүү дээ. Тэгэхээр эрх чөлөө рүү халдах эхний алхам бол хүний мэдрэмж рүү нь дайрах юм байна. Үзэл санаа, бодол эргэцүүлэл, нухацтай логик гэхээсээ илүүтэй дуугаар, магадгүй шүлэг уран зохиолоор дайрах дайралт. Нэг жишээ бол хойд Солонгосын Ким Жон Уны баримтат кино дээрээ өөрөө хувьдаа кино албатай байдаг гэнэ л дээ. Кинондоо өмнөд Солонгосоос жүжигчид хулгайлж авчраад тоглуулдаг. Тэгэхээр бид нар эрх чөлөөтэй гэх мэдрэмжийг цэврээр олж авахын тулд хэрхэн урлаг, уран сайхнаас авч байгаа зүйлээс давж бодох вэ? гэдэг нь өөрөө хувь хүнд ирж байгаа хамгийн том сорилт гэж харж байна.
Сүүлийн хоёр жил эрх чөлөөтэй холбоотой уран бүтээлүүдтэй танилцсан. Эрих Фроммын Эрх чөлөөнөөс дайжихуй хэмээх сэтгэлзүй талаас нь авч үзсэн бүтээл. Жон
Стюарт Милийн Эрх чөлөөний тухай ном. Энэ бүтээлүүдийг уншаад үзэхээр надад нэг айдас төрсөн. Ер нь энэ хүн гэдэг чинь өөрөө эрх чөлөөнд дуртай юм уу дургүй юм уу? Мэдрэмжийн хувьд. Фроммын тайлбарлаж байгаагаар хүн, тэр дундаа олонх бол эрх чөлөөнд дургүй. Эрх чөлөөгөө тушаах ямар нэгэн том зүйлийг үргэлж хайдаг. Тэр нь шашин байна уу, том үзэл санаа байна уу, нам байна уу, төр байна уу хамаагүй… Төрсөн цагаас хойш бүх амьдрал нь аав ээжээсээ хараат байж байгаад, аав ээжийнхээ гэрээс гарсан цагаас нь шашин юм уу, ямар нэгэн үзэл санаа цааш авч явах болж ирнэ. Яг энэ сэтгэл зүйн суурь дээр төр тоглолт хийж оршин тогтнодог гэдэг дүгнэлт гаргасан байсан. Энэ дээр нэг сонин гаргалгаа байсан л даа. Би бүр хараад гайхсан. Эрх мэдэлд шунадаг улс төрчид садомазохист сэтгэлзүйн хэв шинжтэй байдаг. Тэр хүмүүс бас эрх чөлөөгүй. Фроммынхоор том ах бол эрх чөлөөгүй хүн гэнэ ээ. Яагаад гэхээр тэр хүн бас ганцаараа байж чадахгүй. Хүмүүсийг ямар нэг байдлаар өөртөө татаж, тэр хүмүүсийн эрх чөлөөг авч байгаагаараа тэр хүн бас эрх чөлөөгүй. Тэгэхээр том ах гэж байгаад, эсвэл ямар нэг эрх мэдэлтэн дарангуйлагч байлаа гэхэд тэр хүн өөрөө сэтгэлзүйн хувьд бусдыг татах байнгын хэрэгцээ шаардлагын талаасаа эрх чөлөөгүй, тэр хүнд очиж наалдаж байгаа хүмүүс нь бас сэтгэлзүйн хувьд эрх чөлөөгүй. Тэгэхээр Фромм юу гэж хэлээд байна вэ гэхээр эхлээд бид нар сэтгэлзүйн хувьд эрүүл болох хэрэгтэй. Ямар нэг хүнийг өөрөөсөө хамааралгүй, тэр хүн дээр очиж өөрөө ч хамаарахгүй, бие даасан байгаагаараа тайван амгалан болъё. Эхлээд адаглаад нэг тайван сууцгаачихдаг болъё. Үүний дараа эрх чөлөөний хувьд сэтгэл зүйн суурь нь бүрдэнэ ээ гэсэн сонирхолтой санааг гаргаж ирсэн байдаг. Харин Жан Сьюарт Миль “Хүн эрх чөлөөтэй төрдөг. Төр түүнийг нь өгнө гэж байхгүй ээ. Төр хүнд эрх чөлөө олгодог субъект нь биш. Хүн анхнаасаа л эрх чөлөөтэй” гэж үзсэн байдаг. Би үүнд үнэмшдэг байсан. Гэхдээ сүүлд Ницшегийн бүтээлүүдийг хараад байхад үүний эсрэг байгаа юм. Хүн анх эрх чөлөөтэй төрөөгүй.Тэрнийхээ төлөө тэмцэж байж олж авдаг ирээдүйн ямар нэгэн төлөв байдлыг эрх чөлөө гэнэ ээ. Тэрнээс биш төрөөс ч юм уу, эсвэл ямар нэг олонхоос эх чөлөөг нэхээд олдохгүй. Өөрийнхөө хүч хөдөлмөрөөр олж авдаг тэр нэгэн төлөв байдлыг эрх чөлөө гэж хэлсэн. Би өөр дээрээ хүн сонсоход тэнэг санагдаж магадгүй зүйлсийг өөр дээрээ хатуу хэрэгжүүлж эхэлсэн. Жишээлбэл Батчулуун доктор улсаас өгч байгаа тэтгэвэр тэтгэмж авдаггүй. Яагаад вэ гэвэл хүн хэн нэгнээс мөнгө аваад эхлэхээр цаагуураа шүүмжлэх нь жаахан багасаад л, хараат мэдрэмж төрөөд эхэлнэ шүү дээ. Үүн дээр сүүлд би өөрийнхөө амьдралд хэрэгжүүлсэн жишээ нь Манай эхнэр жирэмсэн байхад, жирэмсэн ээжийн цалин гэж өгдөг юм байна шүү дээ. Тэрийг би лав аваагүй. Дараа нь хүүхэд төрсний дараа данс нээлгээд хүүхдийн 20 мянган төгрөг өгнө гэсэн. Би хоёр хүүтэй. Хэн дээр нь ч би тэр дансыг нээлгээгүй. Хэрэв тэгчих юм бол нэг найдах зүйл үүсэх юм шиг санагдаад, би тэр сэтгэл зүйгээ алдахгүй гэж хичээж байгаа. 2020 онд би UB cab компаниас гарсан. Ажилгүйдлийн тэтгэмж гэж байдаг юм байна шүү дээ. Тэрийг би бас аваагүй. Авахгүйгээр яаж ийгээд өөрийнхөө бизнес гэх юм уу, хувь хүний хариуцлага руугаа шилжээд явсан. Тэгэхээр миний ойлгож байгаагаар яг тэр индивид гэж нэрлээд байгаа хүн эрх чөлөөтэй байна гэдэг чинь эхлээд сэтгэл зүйн сууриа бэлдэх юм байна. Янз бүрийн өгөх гээд байгаа мөнгөнүүдийг “хүн болгон л авдаг юм байна” гээд авах биш. Яаж би бодож төлөвлөөд өөрийнхөө амьдралыг авч явах вэ гэдэг хариуцлагаа нэгдүгээрт бататгах ёстой юм байна гэж бодож эхэлсэн. Хүмүүст тэнэг сонсогдож магадгүй. Дараа нь компани маань бага зэрэг өргөжөөд эхэлсэн чинь татварын асуудал яалт ч үгүй том асуудал болж гарч ирж байна.
Фредрих Ницше гээд философичийн тодорхойлсон бас нэг сонирхолтой ойлголт байгаа юм. Боолын ёс зүй ба эзний ёс зүй. Хүн төрөлхтөн ийм хоёр төрөлд хуваагдаад байна. Боолын ёс зүйтэй хүн гэж хэн бэ гэхээр өөрийнх нь амьдралын утга учир, сайн мууг нь өөр нэг хүн тодорхойлж өгдөг. Чи ийм зүйл хийвэл сайн, ийм зүй хийвэл муу гэдгийг нь гаднын субтект тодорхойлж өгдөг. Эзний ёс зүйтэй хэсэг нь өөрөө өөрийнхөө амьдралын утга учрыг тодорхойлох чадамжтай бөгөөд бусдад түүнийгээ түгээх чадамжтай хүмүүс. Ингээд Ницше энэ үзлийнхээ үүднээс хэдэн мянган жил үргэлжилсэн Христийн шашныг үгүйсгэж “Бурхан үхсэн” гэсэн алдарт эшлэлээ гаргаж ирсэн байдаг. Тэгэхээр бидний сайн мууг хэн тодорхойлоод байна вэ? Юуг хийвэл зөв бэ? Юуг хийвэл муу вэ? Үүнийг бид нар үнэлж, дахин дүгнэх ёстой. Ёс зүй, ёс суртахуун гэдэг үгийн цаана яригдаж байгаа тэр зүйлсээс чанадад байх (Beyond good and evil) хэрэгтэй. Тэгэхээр бид нийгмийнхээ бүх хэм хэмжээг, сайн мууг дахин тодорхойлох хэрэгтэй болчихжээ. Тэгэхгүй бол хуучин ёс зүйн хэм хэмжээ нь ерөөсөө ажиллахаа больчихож гэсэн санааг гаргасан. Үүнийгээ ойлгоод эхэлж байгаа хүнийг Ницше хэн гэж үзсэн бэ гэхээр “Тэмээ” шатандаа явж байгаа хүн гэж нэрлэсэн байгаа юм. Ямар нэгэн зүйл хазаарлаад байна гэдгийг мэдээд байгаа шатыг “тэмээ” шат гэжээ. Дараа нь тэмээ бурантгаа тастахаар хэн болж хувирдаг вэ гэхээр арслан. Өөрийнх нь эрх чөлөөг хорьж байгаа юм болгонтой очиж хэрэлддэг, мөргөлддөг, муудалцдаг шат. Энэ шатаа даван гараад, төлөвшлийнх нь сүүлийн шатанд нялх хүүхэд болж төрөх нь Ницшегийн яриад байгаа ер бусын хүн. Хүн төрөлхтний дараагийн бодгаль хүртэлх санааг гаргасан байдаг. Тэгээд номынхоо эхлэл дээр “Нөгөөдрийн хүмүүст энэ номыг зориулж бичлээ” гэж гайхалтай үгийг бичсэн байдаг. Нэг ийм тэнэг тохиолдол сүүлд гарсан л даа. Манай ээжийн гэрт гал гарсан. Төрөөс ирээд торгууль тавьчихсан. Би их гайхсан. Тухайн хүний гэр нь шатна уу, яана уу? тэтгэмж гуйгаагүй, туслаач ээ гээгүй байхад төр ирэнгүүтээ “Чи яагаад байшингаа шатаачхаж байгаа юм” гээд торгочихсон. Ямар өдчихсөн юм бэ гэдэг бодол мэдрэмж төрсөн. Батчулуун докторыг либертари гэдэг зүйлийн бодит биелэл гэж боддог. Ярьдаг биш, ярьсан шигээ амьдарч чаддаг. Тэгэхээр та бүхэн индивид оршин тогтнохын тулд төрөөс ч юм уу, эсвэл хүч бүхий субъектээс эхлээд эдийн засгийн хувьд хараат байдлаа танаж эхлээрэй. Ирээдүйд эрүүл мэндийн даатгал ч юм уу, янз бүрийн асуудал гарч ирэхэд хувийн даатгалын газарт даатгуулдаг ч юм уу энэ тал руугаа явахгүй бол бид ингэж хараат байгаад л байх юм бол боолын ёс зүйтэйгээ л байгаад байна гэдэг л дүгнэлт гарах гээд байна аа гэсэн үг. Олон хүн Ницшег фашизмын үзэл санааны эцэг гэж бодоод байдаг. Гэтэл яг бодит түүхэн намтрыг нь судлаад үзэхээр гэртээ өвчтэй байж байгаад охин дүүгийнхээ гар дээр өөд болсон. Охин дүү нь аль хэдийн фашист намд элсчихсэн байж байгаад өөд болсных нь дараа хэвлэгдээгүй virtue power, genealogy of morals буюу ёс зүйн хоёр номыг нь Гитлер фашист намынханд өгөөд тэд нар дахин засварлаад нэрсийг нь өөрчлөөд хэвлэсэн байдаг.
Leave a Reply