Press ESC to close

Усны ГудамжУсны Гудамж Бичээчийн Хөгжих Талбар

Сайтар эдгэсэн шарх төдий, гэвч…

Зохиолч У.Бямбанямын “Дурсамжийн газрын зураг” зүймэл романы тухай тэмдэглэл

Зовлон шаналлыг харахгүйн тулд

Суутан гэдэг үгийг өөрт шинээр томьёолсон минь “Дурсамжийн газрын зураг” номын хайр хүрэм ганц өгүүлбэрийн тухай эргэцүүллээс үүдэлтэй шиг. Багаасаа л их урт, ойлгоход бэрх зохиолыг суут зохиол гээд, тун ухаантай, оюуны өндөр чадамжтай нэгнийг суут уран бүтээлч гэж нэрлэдэг шиг тийм л мэдрэмж дотор суугаатай явжээ. Ухамсартайгаар ийн бодоогүй ч хар зөнгөөрөө суусан мэдрэмж тийм буюу. Тийм л мэдрэмжтэй он удаан жил явснаа, мөн одооноос тэгж бодохоо больж буйгаа би “Дурсамжийн газрын зураг” номын нэгэн хэсэгт анзаарсан билээ. Өгүүлэгч бага насныхаа тухай дурсана. Бага нас, бага насандаа анх үзсэн цэнхэр нүдтэй харь хүмүүс, тэр хүмүүсийн бэлэглэсэн шашны номын зурагт гарах галан тэнгист амьдаараа хуйхлагдаж буй хүмүүсийг олж харсан тэрхэн мөчөө зохиогч ийн өгүүлсэн байна:

        “Тэдний зовлон шаналлыг харахгүйн тулд тэр хуудаснуудыг хавсраад цаасны цавуугаар нааж орхилоо. Маргааш нь хичээлдээ очвол манай ангийнхан өнөөх номноос нэг нэгийг барьсан байх бөгөөд бурхадуудын нүүрэн дээр давхарлан зурж, элдвээр дамшиглажээ… (16-17 нүүр)”

Үүнээс та зохиогчийн хүслийг тод томруун олж харна. У.Бямбаням гэж хүн яагаад хүсэл мөрөөдөл, цэл залуу нас, итгэл найдвар, амь насаа шударга бусын өмнө зольсон хүмүүсийн мөрөөр тэгтэл удаан бэдэрч, яагаад заавал ийм ном бичив? Ердөө л тэдний хуваалцахын аргагүй, нэгэнт өнгөрсөн зовлонгийн өмнө, өөрөө тэр хэрэгт огтоос буруугүй хэдий ч хүнийхээ чанараар, сайн хүний хувиар хариуцлага хүлээж, үл ялиг ч болов тайтгарахын төлөө гэж би санана. Үнэхээр цаасны цавуудаад наачихмаар түүхийн тэрхэн хэсгийг бага ч болов аргадмаар санагддаг нь “сайн хүний зан” буюу. Сайн хүний тийм зангаас сайн бүтээл, суут бүтээлүүд төрдөг гэдгийг энэ номын туршид бодлоо. Хүн төрөлхтний хэргийг хүчирхэг тархиар гэхээсээ хүнлэг сэтгэлээр мэдэрч, анзаарсан хүмүүс “үлдэх бүтээл” туурвидаг, түүнийг нь зарим хүн хайрлах бол зарим нь дамшиглаад өнгөрдөг шиг. Харин бид энд ямар ч эргэлзээгүй “үлдэх бүтээл”-ийн талаар ярьж байна.

Хөндөж болохгүй шарх

Одоо зохиогчийн хүүрнэлийн арга барил номынхоо сэдэвтэй хэрхэн уялдсаныг авч үзье. Түүхийн эмгэнэлийг “уянгын халил” болгогчдоос залхсан хүн байвал “Дурсамжийн газрын зураг”-ийг шүүрээд ав. Одоо бид хүндэтгэлийн тухай ярих гэж байна. Дараах нөхцөлийг төсөөлөөрэй:

“Дэргэд чинь сэтгэлдээ мартахын аргагүй зовлон мэдэрч, ихэд шархалсан дотны найз чинь сууж байна (Номын үүднээс бол хүүрнэгчийн тэр найз нь Д.Нацагдорж юм). Чи найзыг чинь зовоосон тэр сэдвийн тухай ам нээхээс аргагүй, өөр ямар ч замгүй. Гэвч чи найзыгаа бас өвтгөмөөргүй байна. Учир нь чи түүнийг хайрладаг, бас хүндэлдэг. Тийм үед яаж энэ түүхийг ярих вэ?”

Нэг, хоёр, гуравдугаар биеийн хүүрнэл гэж уран зохиолын хичээл дээр үздэг дээ. Романыг ерөнхийдөө нэгдүгээр биеэс хүүрнэх боловч үндсэн сэдэвтэй шууд болон шууд бусаар холбоо хамааралтай орших олон дүрийн өнцгөөс өгүүлнэ. Хөндлөнгийн хүмүүсээр үг хэлүүлэхийн цаад учир нь юу гээч? Халгаад, бас хэргийн гол оролцогч талуудын байр байдлыг хүндэтгээд байгаа хэрэг. Зохиогчийн хувьд яг л ийм зүйл болсон гэж тулган хэлж чадахгүй нөхцөлд орсон байна, тэгэх ч эрхгүй байна. Дур мэдэн ярьж болохгүй сэдэв учраас гол нууцыг алсаас ажиж, олон олон өөр дүрд шингэн аялах замаар бусад хүмүүст түүх ярьж өгч байна. Магад уншигч зарим хэсгийг өөрсдөө нөхвөрлөнө. Дэндүү холоос тэмтчээд байх шиг санагдах ч бодит зай нь угаас тийм юм. Өнгөрсөнд болсон явдлыг хүүрнэгч бүрэн дүүрэн мэдэх аргагүй, мэдэхгүй байлаа гээд дур зоргоороо зохиогоод байж болохгүй. Тиймийн учир зохих “зайг баримталж” түүгээрээ мөн эрхэмлэн буй хүнийхээ амьдралыг хүндэтгэж ажилласан нь уг номын бас нэгэн ончтой тал. 

Дурсамжийн газрын зураг

Эцэст нь нэрийн тухайд. Анхандаа тогтоож чадалгүй “Дурсамжийн галт тэрэг” гэж хэлж зүүлэгдсэн өнөөх нэрийнхээ учрыг уншиж дуусаад бүрэн ойлгов би. Энэ бүтээлийн гол онцлог бол зохиомж, зохиолын бүтэц юм. Тал бүрээс хүмүүс өөрийн түүхээ ярина– Дурсамж. Зохиолын орон олон өөр орчинд, олон өөр он цагийг хамран үргэлжилнэ—Газрын зураг.  Уншиж байхад үнэхээр л газрын зураг дээрээс юу ч юм эрэн бэдэх шиг санагдана гээч.  Дүрийнхээ талаас, үйл явдлынхаа өнцгөөс бодож нэрлэсэн номууд олон байдаг ч ийнхүү зохиолын байгууламж, хэлбэрийн талаа тодотгон нэрлэсэн тохиол цөөн байдаг болов уу. Ихэд нарийн бодож олсон нэр, хэлбэр, өгүүлэх сэдэвтээ хүнлэг хандах хүүрнэлийн арга барил гээд энэ номд баргийн бүтээлээс олж үзэмгүй “хачин” зүйлс олон багтжээ. Баярлалаа. Учир нь хэлмэгдүүлэлтийн гашуун түүхэнд яг л “Дурсамжийн газрын зураг” шиг хүнлэг хариу барихыг маш олон хүн, олон арван жилийн турш хүсэж явсан гэж би боддог.

Сайтар эдгэсэн шарх төдий, гэвч…

Зохиолч У.Бямбанямын "Дурсамжийн газрын зураг" зүймэл романы тухай тэмдэглэл Зовлон шаналлыг харахгүйн тулд Суутан гэдэг үгийг өөрт шинээр томьёолсон минь…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

@Katen on Instagram
[instagram-feed feed=1]