
Зохиолч Виржиниа Вүүлф “Өөрийн гэсэн өрөө” эсээндээ “Уран бүтээлч хүн бүтээн туурвихын тулд өөрийн гэсэн өрөөтэй байх хэрэгтэй” хэмээсэн байдаг. Хамтдаа бүтээлчийн өрөө буюу бүтээл төрөх хувийн орон зай болсон дотоод ертөнцөд түр саатацгаая. Энэ удаа бид жүжигчин Пүрэвсүрэнгийн Мөнхдэлгэртэй ярилцлаа. Тэрээр тун саяхан Хархны ан жүжгийн эрэгтэйн дүрээр Гэгээн Муза авсан билээ.
Зочин: П.Мөнхдэлгэр
Уран бүтээлийн чиглэл: Театрын урлаг, жүжиг
Өнөөдөр танилцуулах бүтээл: Зөгий театрын “Хархны ан” жүжиг
П.Мөнхдэлгэр: Уран бүтээлч хүн дүрээрээ эдгэрч байдаг
I. ЦАГ ХУГАЦАА…
ӨНГӨРСӨН: ТАНЫ АМЬДРАЛ АХУЙ, ӨССӨН НӨХЦӨЛ АЛИВАА ДҮР ДЭЭР АЖИЛЛАХАД ТАНЬ ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ ?
Би бага байхдаа ганцаардмал хүүхэд байлаа. Дээрээ хоёр эгчтэй, айлын ганц хүү… Ганцаархнаа өөрийгөө саатуулаад байж байна. Тэр байдал маань өсөж томроод ирэхэд ч давтагдсаар л байсан. Ганцаардах мэдрэмжийг мэддэг байсан маань надад дүр дээр ажиллахад их хэрэг болдог шиг санагддаг. Бага насны тод мэдрэг тэр зүйлс дүрийн зовлон шаналлыг мэдрэхэд хэрэг болно.
Хүүхэд байсан ч, хэн ч байсан хүний зовлон, шаналал, гуниг гэдэг бол яг үнэндээ агаар нэг л юм.
Миний ээж бурхан болох, эсвэл тэр эмэгтэй найз залуугаасаа салах хоёр адилхан л зовлон. Тэгэхээр хүний шаналал зовлон гэдэг нэг. Дүр дээр ажиллаад ирэхээр, дүрийн сэтгэл зүйг ойлгоход бага байхдаа хорвоо ертөнцийг харж байсан, тэр үеийн мэдрэмжүүд ч нөлөөлөх нь бий.
ДҮР ДЭЭР АЖИЛЛАНА ГЭДЭГ ШИНЭЭР ЮМ ЗОХИОХ БИШ ӨӨРТ БАЙСНАА Л ӨӨР ӨӨР БАЙДЛААР ГАРГАНА ГЭСЭН ҮГ ҮҮ?
Тийм.

ОДОО: ГЭГЭЭН МУЗАД ХОЁР ХҮНИЙ ЖҮЖГИЙН ТӨРӨЛД ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ГОЛ ДҮРИЙН ШАГНАЛЫГ АВСАН “ХАРХНЫ АН” ЖҮЖГИЙН ТУХАЙ ЯРИВАЛ? ТЭР ЭРЭГТЭЙН ДҮР ТАНЫ ДОТОР ОДОО БАЙНА УУ?
Байгаа. Ажиллагааны явцад өөртөө олж авч байгаа юм л даа. Хэдий хорин хэд гарсан, төлөв даруу эр хүн ч гэсэн цаана нь хүүхэд шиг чанар байдаг. Дүрийн сэтгэлзүйн хувьд ярих юм бол багаасаа хэнд ч тоогдоогүй, хэн ч түүнийг хайрлаагүй гэх мэт зүйлүүд давтагдаж явсаар маш том шаналал болж, эцэстээ дэлбэрч байгаа л хэрэг..
ТАНЫ АЖИЛЛАЖ БАЙСАН ДҮРҮҮД ОДОО ТАНЫ ДОТРООС ЯАЖ МЭДРЭГДДЭГ ВЭ?
Мэдээж нөлөөлнө л дөө. Тэр бол уран бүтээлч хүн болгонд байдаг зүйл. Жүжигчний арга ажиллагааны тухай ярих юм бол жүжиг дууссаны дараа эргээд дүрээсээ гарч чадах нь жүжигчин хүний суулгах ёстой уран чадваруудын нэг байхгүй юу. Мэргэжил гэдэг цаанаа онолтой байгаа шүү дээ. Тэрний л нэг хэсэг. Хамгийн хэцүү нь юу вэ гэхээр түүнийг мэдрэх нь л. Тэр мэдрэх гэдэг зүйлийг хувь уран бүтээлч өөрөө хийх ёстой. Энэ бол жүжигчний ажиллагаа. Өөртэйгөө ажиллах, дүртэйгээ ажиллах гэсэн хоёр ажиллагаа бий. Хархны ангийн дүр надад маш их урам зориг өгсөн. Дүрийнх нь сэтгэлзүй нь надад тэгж мэдрэгддэг. Текстүүдийг хэлэхийн тулд жүжигчин хүн өөрөө мэдэрнэ. Тэр мэдрэмж нь жүжиг дууссаны дараа ч надад итгэл үнэмшлийг өгдөг.
Уран бүтээлч хүн дүрээрээ эдгэрч байна аа гэсэн үг.
ИРЭЭДҮЙ: ТАНЫ УРАН БҮТЭЭЛИЙН МӨРӨӨДӨЛ?
Бодож явдаг уран бүтээл маш олон байгаа. Зохиолоо өөрөө бичээд найруулга дээр зөвлөгөө аваад сайн кино хийхийг мөрөөддөг.

II. ОРОН ЗАЙ ДОТОРХ ОРОН ЗАЙ…
ТАЙЗ ТАНД ЯМАР САНАГДДАГ ВЭ? ГЭР ОРОН ШИГ САНАГДДАГ УУ, ЭСВЭЛ ХҮРЧ БОЛШГҮЙ ЭРХЭМ ДЭЭД ЗҮЙЛ ШИГ САНАГДДАГ УУ?
Мэдээж аль аль нь байх. Миний хувьд тайзыг шүүх танхим мэтээр боддог. Ямар ч театрын тайз байлаа уран бүтээлч хүний шүүгч. Тайз, үзэгч хоёр уран бүтээлчийг, шүүж, шүүмжилж, боловсруулж, хөгжүүлж оршдог юм шиг санагддаг.
ХАМГИЙН ДОТНЫН ТУСЛАХ, ГАРТ ОЙР БАЙЛГАДАГ БАГАЖ ЧИНЬ ЮУ ВЭ?
Надад ганц байгаа багаж зэвсэг гэх юм бол сургуулилалт. Судалгаа, шинжилгээ, тууштай байдал. Судлахгүйгээр мэдэхгүйгээр, уншихгүйгээр болохгүй шүү дээ. Зүв зүгээр сууж байгаад гараад жүжиглэнэ гэж байхгүй.

ИЙМ ДҮРИЙГ БИ БҮТЭЭЖ ЧАДАХ ЮМ БАЙНА ГЭХ ЗӨН ТӨРСӨН ТЭР АГШНАА ДҮРСЭЛБЭЛ?
Их сургуулиа төгссөний дараахан хоёр найзтайгаа “Хунгийн дуу” жүжгийг сонгоод тавьж байв. Насаараа театрт ажилласан хөгшин эрэгтэйн тухай. Би ч бас насаараа театрт ажилласан хүний сэтгэлзүй ямар байдгийг мэдмээр санагдсан. Өнгөрсөн жил “Хархны ан” жүжгийг тэр үеийнх шиг сонгосон юм. Жүжгийн зохиолыг уншихад залуугийн дүр онцгой байсан. Тэгээд л ажиллаж үзмээр санагдсан. Зохиолыг уншихад л мэдрэгддэг дээ, нэг тийм мэдрэмж байдаг. Оноож нэрлэж чадахгүй байна (инээв).
ХАРХНЫ АНГИЙН ДҮР ТАНТАЙ ЮУГААРАА АДИЛХАН БЭ?
Энгийн байх гоё. Энгийн, байгаагаараа байгаа юмс надад таалагддаг. Тэр дүрийн өөриймсөг, өөрийнхөөрөө байгаа нь, хогийн цэг дээр нууж далдлах зүйлгүй, элдэв чамирхалгүй байдалд тухтай байдаг тэр зан чанар нь надтай төстэй байсан юм болов уу.
ХАРХНЫ АН ЖҮЖГИЙГ ХӨГЖИМТЭЙ ЗҮЙРЛЭВЭЛ?
The Phantom of the Opera гэдэг дуурьтай харьцуулна. Би багадаа дуурийн дуулаач болно гэж мөрөөддөг байсан юм л даа.
УРАН БҮТЭЭЛ ХҮРТЭГЧТЭЙГЭЭ ХАМГИЙН ОЙР БАЙДАГ УРЛАГИЙН МЭРГЭЖИЛ БОЛ ЖҮЖИГЧИН БАЙХ?
Жүжиг нэг талаараа амьдрал шүү дээ. Энэ цэгээс тэр хүртэлх хугацаанд жүжигчин тайзан дээр амьдарч байна гэсэн үг. Мөн жүжигчин, үзэгч хоёр жүжиг эхлээд дуусах хүртэл мэдрэмжээрээ, сүнслэг орон зайгаар холбогдож байдаг юм. Манай театрын тухайд үзэгчидтэйгээ бүр ч ойр байдаг. Тэр байдал нь надад таалагддаг.
.

ЖҮЖИГЧНИЙ ЦАЛИНГААР АМЬДРАХАД САНХҮҮГИЙН НӨХЦӨЛ ХЭР БАЙНА ДАА? ЭСВЭЛ ХҮСЭЛ ЗОРИГООРОО ТЭНЦҮҮЛЖ АВЧ ЯВНА УУ?
Монголын нөхцөлд урлаг, уран бүтээл, тэр дундаа театрын урлаг хөгжил дэвшлийн хувьд ямар байгаа билээ. Шантрах үе их байсан. Гэхдээ найз, найруулагч Баттулга маань байсан болохоор энэ хүртэл явсан гэж боддог. Шантрах бүрдээ бид энэ бүхнийг эхлүүлсэн тэр мөчөө санадаг юм аа. Бид их сургуулиа төгссөнийхөө дараахан хүнээс таван сая төгрөг зээлж жүжиг тавьж байлаа. Жүжгийн орлого зардлаа бараг л нөхсөн дөө. Арав юм уу, хорин мянган төгрөг л дутсан (инээв). Тэгээд л “Болох юм байна” гэж бодсон юм. Шантрах бүрдээ тэр мөчийг эргэн санаж, дурсамжаараа өөрсдийгөө хөглөж явдаг.
АНХ “ЗӨГИЙ” ТЕАТР ЯАЖ БАЙГУУЛАГДАЖ БАЙСАН ЮМ БЭ?
2019 онд Д.Мэндсайхан гэдэг зохиолч эгч маань энэ театрыг байгуулсан юм. “Хүн гөрөөс” жүжгээр театрын нээлтээ хийхэд би дөрөвдүгээр курсийн оюутан ШУУМ дээр ажиллаж байсан юм. Тухайн үед жүжигчдийг илүү ойроос харж байсан болохоор тоглолт нь илүү гүн мэдрэгддэг, маш сайхан санагддаг байсан. Тэгээд “Энэ л тайз дээр тоглох юм шүү”, үзэгчид намайг яг энэ жүжигчдийг харж байгаа шигээ мэдрээсэй гэж хүсэх болсон юм. Улмаар сургуулиа төгсөөд Баянхонгорын театрт зургаан сар ажилласны хойно Зөгий театртаа ажиллах болсон доо. Энэ хугацаанд шантрах үе байсан л даа. Тухайлбал, энэ жил хоёрдугаар сард ажлаасаа гараад хэсэг хугацаанд жолооч хийв шүү дээ. Төдөлгүй найруулагч залгаад “Хархны ан гэдэг жүжигт тоглооч. Энэ жүжиг дээр л хамтраач” гэж хэлсэн юм. Би зөвшөөрсөн, тоглосон, жүжиг маань Гэгээн Муза шагнал хүртсэн. Тэгээд энэ мэргэжлээрээ ажиллая гэж дахин шийдсэн дээ. Одоогийн байдлаар ийм нэг уналтыг давчхаад сууж байна.

ЭМЧ, ЭДИЙН ЗАСАГЧ ГЭЭД Л МЭРГЭЖИЛТЭН БҮРИЙН ТУХАЙД “ЗОРИГ” ГЭДЭГ НЬ ӨӨР ОЙЛГОЛТ БАЙДАГ БОЛОВ УУ. ЖҮЖИГЧНИЙ ТУХАЙД БҮХ ЗОРИГОО ТАЙЗ ДЭЭР Л ГАРГАХ ХЭРЭГТЭЙ БОЛДОГ БАЙХ. ТУХАЙН ДҮРИЙГ БҮРЭН ИЛЭРХИЙЛЖ ГАРГАХ ХҮРТЭЛ БҮХ ЗҮЙЛ ТОДОРХОЙГҮЙ ШҮҮ ДЭЭ.
Жүжигчин хүн сэтгэл зүйн хувьд маш эрүүл байх ёстой. Ангижирч чаддаг байх ёстой, түүнийг өөртөө суулгах хэрэгтэй. Нэг дүрээсээ гарахгүй яваад л галзуурна шүү дээ. Тухайлбал, Би “Хунгийн дуу” жүжгийн дүр дээр зургаан сар ажилласан. Театртаа бүтэн сарын турш ганцаараа амьдарсан. Учир нь дөчин таван жил театраар амьсгалсан хөгшин эрийн сэтгэл зүйг мэдрэх гэж тэр. Харин жүжиг тавигдсаны дараах мэдрэмж их сонин. Амттай ч юм шиг, гоё юм шиг байсан санагдана. Тухайн үед нэг их уймраа, уйланхай, үзвэр үзэж байгаад нэг ая явбал л мэгшчих гээд байдаг хүн болсон байсан. Түүнийгээ мэдрээд “одоо жаахан цоглог байх ёстой гэж бодсон” юм. Аливаа нэгэн зүйлийн тунг нь тааруулж байх хэрэгтэй юм билээ. Жүжигчин хүн “тэнэг хүн ”байж болохгүй гэдэг шүү.
Жүжигчний мэргэжил эзэмшсэндээ үнэхээр их талархдаг. Маш их зориг, хичээл зүтгэл, хүч хөдөлмөр шаарддаг мэргэжил. Энэ мэргэжлийг сонгосон минь үнэхээр гайхалтай, онцгой зүйл гэж боддог. Магадгүй өөр мэргэжил сонгосон бол энэ мэдрэмжүүдийг мэдэрч чадахгүй байх.
Leave a Reply