Press ESC to close

Усны ГудамжУсны Гудамж Бичээчийн Хөгжих Талбар

Цаг хугацаа царцсан түүх – Тавдугаар бойны газар

Зохиолч Курт Воннегутын “Тавдугаар бойны газар” номын тэмдэглэл

Курт Воннегут 1922 оны арваннэгдүгээр сарын 11-нд АНУ-ын Индианаполис мужид герман гаралтай цагаачдын гэр бүлд мэндэлжээ. Эцэг эх нь хэдий герман хүмүүс ч Дэлхийн I дайны дараа эрчээ авсан германчуудын эсрэг хөдөлгөөнөөс болоод Куртэд төрөлх хэлийг нь зааж өгөөгүй гэдэг. Хожмоо Дэлхийн II дайны үеэр зохиолч өөрийн элэг нэгтнүүдийн эсрэг тулалдан, олзлогдож явахдаа Дрездений аймшигт бөмбөгдөлтийн амьд гэрч болсон юм. 

Курт Воннегут дайны өмнөхөн Корнелын Их Сургуульд биохимичээр хоёр жил суралцаад, дайны дараа Чикагогийн Их Сургуулийн антропологийн ангийг дүүргэжээ. 1952 онд “Төгөлдөр хуурч” дистопи романаараа уран бүтээлийн гараагаа эхлүүлж, нийт 14 роман, гурван өгүүллэгийн түүвэр, таван жүжиг, таван баримтат бүтээл туурвисан юм. Тэрээр уран бүтээлийн замналдаа хүний мөн чанар, дайн, ёс суртахуун, хувь тавилан зэрэг сэдвийг хөндөн бичсээр иржээ. Жишээлбэл, “Муурын хэвтэр” романдаа “Мөс-9” гэх бодисоор дамжуулан, шинжлэх ухаан хэт хяналтгүй хөгжвөл ямар аюулд хүрэх, улмаар өөрсдийгөө ч устгах боломжтойг харуулсан билээ. 

Та бүхэнд Курт Воннегутын алдар хүндтэй бүтээл “Тавдугаар бойны газар” романыг задлан шинжилсэн бичвэрийг хүргэж байна. 

ТҮҮХЭН ЭГЗЭГТЭЙ МӨЧИД МЭНДЭЛСЭН БҮТЭЭЛ 

Курт Воннегутын “Тавдугаар бойны газар” роман нь ХХ зууны уран зохиолын хамгийн нөлөө бүхий бүтээлүүдийн нэг бөгөөд дайны хор уршгийг илэн далангүй, гүн гүнзгий өгүүлсэн туурвил гэдгээрээ онцгой. 

Эл бүтээл анх 1969 онд олны хүртээл болсон ба 1960-аад оны сүүл үе бөгөөс Америкчуудын хувьд асар олон зөрчил тэмцэл, урсгал хөдөлгөөн, жагсаал өрнөсөн ороо бусгаа, “эгзэгтэй” жилүүд байв. Дайныг эсэргүүцэж, эрх чөлөө болоод энх тайвныг эрхэмлэсэн хиппи хөдөлгөөн оргил үедээ өрнөж, домогт Жими Хендрикс Вүүдстокын тайзнаа “Одод гялалзсан далбаа”-г дуулж, хар арьстнуудын эрхийн төлөөх тэмцэл эрчээ авч, эмэгтэйчүүдийн эрхийн хөдөлгөөн ч шинэ түвшинд гарав. Мөн Хүйтэн дайн хурцдаж, Нийл Армстронг, Базз Алдрин, Майкл Коллинз нар Аполлон-11 хөлгөөр анх удаа саран дээр хөл тавьсан түүхэн мөч тохиожээ. 

Энэ л үед Курт Воннегут энэхүү романаа нийтийн хүртээл болгосон нь зүгээр ч нэг давхцал биш. Тэрээр романаараа “Дайнд ялагч гэж үгүй, хохирогч л гэх бий” гэх санааг тунхаглаж, олон нийтэд дайны хор урхгийг дахин сануулсан билээ.

ГАШУУН ТҮҮХ: ДРЕЗДЕНИЙ БӨМБӨГДӨЛТ

1945 оны хоёрдугаар сард Англи, Америк улсын зэвсэгт хүчин хамтарч Зүүн Германы Дрезден хотыг бөмбөгдсөн аймшигт үйл явдал болсон юм. Дрезден тухайн үедээ “Эльбийн Флоренц” гэж нэрлэгддэг, барокко рококо хэв маягийн гоёмсог барилгууд, олон сүм дуган, түүхэн алдарт дурсгалууд бүхий соёл түүхийн чухал ач холбогдолтой хот байв. Чухамдаа Дрезден бол Германы соёлын төв, дэлхийн хамгийн үзэсгэлэнт хотуудын нэг байж. Харин тус бөмбөгдөлтөөр эл бүх соёлын өв, олон хүн харамсалтайгаар амь үрэгдсэн гэдэг. 

Энэ эмгэнэлт үйл явдал зохиолчийн хувийн амьдралтай салшгүй холбоотой. Курт Воннегут Дэлхийн II дайны үед Америкийн армид сайн дураараа элсэж, тагнуулын салаанд алба хааж байхдаа герман цэргүүдэд олзлогдож, нэгэн бойны газрын зооринд хоригдож байв. Тэрхүү зооринд нуугдаж байхдаа зохиолч Дрездений бөмбөгдөлтийг аймшгийг биеэрээ мэдэрчээ. Эл бүхэн зохиолчийн зүрх сэтгэлд арилшгүй хүнд дурсамж болон үлдсэн бөгөөд энэхүү хөндүүр зовлонгоо олон жилийн тээж явснаа үг болгон сийрүүлсэн нь уг роман бөлгөө. 

Зохиолч тус романдаа бөмбөгдөлтийн дараах Дрезден үнэхээр нүд халтирам байсныг “Сарны гадаргууг санагдуулна…” хэмээн зүйрлэж бичсэн байдаг. Зохиолчийн энэхүү жир бус хувь заяа, золоор амьд үлдсэн туршлага нь уг роман бий болох гол суурь болсон юм. 

 

ҮНЭНИЙ ТУХАЙ ЭРГЭЦҮҮЛЭЛ

Үйл явдлыг хураангуйлж өгүүлбээс, нэгдүгээр бүлэгт зохиолыг бичихэд тулгарсан асуудлуудын тухай зохиолч хүүрнэх бол хоёрдугаар бүлгээс эхлэн зохиолын үйл явдлыг хүүрнэнэ.

Билли Пилигрим бөгөөс 1922 онд төрсөн, хараа зүйч мэргэжилтэй, цаг хугацааны эргүүлэгт “замбараагүй сэгсчүүлж буй” хүн. Хоёрдугаар бүлэг “Аан гээч та минь, Билли Пилигрим цаг хугацаа гээчийг огт мэдрэхээ больжээ…” гэж эхэлдэг. Түүний амьдрал шугаман дарааллаар бус, шилжих үсчээн дунд өрнөнө. Нэг мэдэх нь ээ 1941 онд, дараа нь 1955 онд, чингээд гэнэтхэн Дрездений бөмбөгдөлтийн үед, эс бөгөөс алс холын Тральфамадор гараг дээр… Аль үе рүү очихоо Билли өөрөө ч мэдэхгүй. Гэсэн ч өөрчилж чадахгүй энэ гэнэтийн шилжилтээ тэрээр гайхмаар тайван хүлээж авна. Билли амьдралаа удирдан залж буй бус, харин амьдрал түүнийг хаа аваачна түүнд дасан зохицож, хүлцэнгүй орших ажгуу.

Охиныхоо хуримын үеэр харь гаргийнханд хулгайлагдаж, амьтны хүрээлэнгийн үзмэр хүртэл болно. Мөн тэнд амьдарч ахуйдаа Тральфамадор гаргийн соёлтой танилцаж, дэлхийн хүмүүсээс тэс өөр өнцгөөр цаг хугацааг хардаг болохыг ойлгож авдаг: Тральфамадор гаргийнхны хувьд үхэл тийм ч гойд юм биш. Яагаад гэвэл тэр хүн өнгөрсөн цаг хугацаанд амьдарч л байгаа. Дэлхийнхэн цаг хугацааг хэлхсэн сувд шиг ар араасаа тохиож буй байдлаар хардаг бол Тральфамадорчууд зэрэгцээ олон уулсыг яаж зэрэг харж болдог билээ түүн лугаа адил үзнэ. Өөрөөр хэлбэл өнгөрсөн одоо ирээдүй бүгдээрээ нэгэн цаг мөчид өнө мөнхөд оршсоор байдаг ажгуу. Иймээс ч энэ гарагт хүн үхсэн ч маргааш өглөө нь цайгаа уугаад сууж байж болдог гэх. Харийнхан Биллид хань болгож, дэлхийгээс зориуд өөр нэг хүн хулгайлж ирсэн нь кино од Монтана Вайлдбэк.

 “Би, Билли Пилигрим 1976 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр нас барсан, нас барсаар байх болно…” 

Билли үхсэн өдөр лүүгээ хүртэл эгэн очоод ийн хэлж байх жишээний. Улмаар тэр эхнэртэйгээ танилцсан үе рүүгээ, буцаад харь гараг руу гэх  мэтээр үсчсээр байх болно. Энэ бүхнийг сонсоод хэн ч бодит болсон явдал гэж үнэмшиж уншихгүй нь ойлгомжтой. Гэтэл гайхмаар нь энэхүү роман “Энэ зохиолд өгүүлсэн бараг бүх үйл явдал үнэн бодитой…” гэж эхэлдэг. Цаг хугацааны аялал, харь гаргийнхан гэх мэт уран зөгнөлт элементүүдийг өргөн дэлгэр агуулсан эл номыг гагцхүү реалист хэмээн хэлэх чинхүү хүндрэлтэй. Тэгвэл Воннегут энд яг ямар үнэнийг яриад байна вэ?

“Үнэн” гэдэг ойлголт хэний нүдээр, ямар өнцгөөс харж байгаагаас шалтгаалан өөр өөр байж болдог. Тиймдээ ч үнэхээрийн л барьцгүй, тун чиг холбиромтгой эд. Иймд бид өөрийн үзэж харсан, мэдэрч сэтгэсэндээ л итгэхээс өөр аргагүй. Энэ утгаараа Воннегутын яриад буй үнэн бол бодит түүхэн баримт гэхээс илүүтэй дайны дараах хүний сэтгэл зүйн “дотоод үнэн”-ийг нээн харуулах оролдлого гэж ойлгож болно. Цаг хугацаа энд урсахгүй. Харин бутарч, тасарч, сунаж агшиж, эргэн сүлэлдэнэ. Бид Билли Пилигримийн зүгээс л зохиолыг хөөж уншихаас өөр ямар ч боломжгүй. Биллигийн нүдээр харж буй бүхэн бидний хувьд “үнэн” болно.  Энэ тухайд уг зохиолын 50 жилийн ойгоор Салман Рушди ийн тодорхойлсон байдаг:

Билли Пилигримийн Тральфамадор гарагтай холбоотой бүхий л туршлага тэр чигтээ бодит бус, харин дайнаас авсан сэтгэл зүйн гэмтлийнх нь илрэл байх бүрэн боломжтой. Воннегут сайн зохиолчийн жишгээр энэ асуултын хариуг уншигчдад нээлттэй үлдээжээ.

Үнэхээр ч энэ бүх цаг хугацааны гэнэтийн шилжилт нь чухамдаа Биллигийн дайнаас авсан сэтгэлзүйн хүнд бэртэл буюу гэмтлийн дараах стресст эмгэг (PTSD)-ийн илрэл байх тун магадтай. 

Биллиг PTSD-тэйг батлах хэд хэдэн шинж тэмдэг бий. Үүний хамгийн гол шинж нь одоо цагтаа бүрэн оршиж чадахгүй өнгөрсөн рүү, үгүй бол ирээдүй рүү үсчиж буй явдал. Уншигчид ч одоо цагтаа оршин буй Биллиг бараг л олж харахгүй. Түүнчлэн хамгийн их очиж буй цаг хугацаа нь Дрездений бөмбөгдөлт буюу Биллигийн сэтгэцэд гүн шарх үлдээсэн дайны үеийн дурсамж. Ийм эмгэгтэй хүмүүсийн нийтлэг шинж нь хүнд хэцүү дурсамжаа өөрийн мэдэлгүй ахин дахин санасаар байх явдал. Гэхдээ зүгээр нэг дурсамж байдлаар бус яг тухайн агшин дахин тохиож буй мэт бодитоор мэдрэх… Билли цаг хугацаагаар аялдаг нь зүгээр нэг “уран зөгнөлт элемент” бус харин оюун санаа нь дайны үедээ бүрэн гацсан тэдгээр хүмүүсийн төлөөлөл байх боломжтой. 

Өөр нэг шинж нь Билли ямар ч он цагт очихдоо машид тайван байдаг явдал. Сэтгэл зүйн хүнд гэмтэл авсан хүмүүс ихэнхдээ өөрийгөө хамгаалах зорилгоор мэдрэмжээ таг дарж орхих нь бий. Өөрөөр хэлбэл сэтгэл хөдлөлөө бүр мөсөн хааснаар өөрийгөө дахин зовж шаналахаас урьдчилан сэргийлдэг гэсэн үг. 

Билли ч мөн нэг тод жишээ. Бид нар Биллиг сэтгэл мэдрэмжээ илэрхийлж буй хэсгийг бас л ховорхон уншина. Тральфамадор гаргийнханд хулгайлагдаж буй үйл явдал нь дайныг бэлгэдсэн байж болно. Тэнд Биллиг өөрийнхөө хүсэл зоригийн эсрэг, ямар ч эсэргүүцэх нөхцөлгүйгээр амьтны хүрээлэнд хоригддог. Дайн ч ялгаагүй яг үүн шиг Биллиг ямар ч гарцгүйгээр шахаж, зовлон шаналалтай үүрд мөнхөд хавж орхисон билээ. Дайн хүний эрх чөлөө, амьдрах хүсэл зоригийн үүнтэй адил харгисаар булаан авдгийг ийнхүү ёгтолжээ. 

Чингэвэл энэ бүх цаг хугацааны шилжилт, мөн Тральфамадор гараг ч Биллигийн оюун бодолд өрнөж буй сэтгэлийн шарх, хийсгэлэн зүйл болж таарч байна. Гэхдээ Биллигийн хувьд энэ бүхэн “бодит үнэн” үү гэвэл тийм.  

Курт Воннегут амьдралынхаа эзэн байхаа больж, цаг хугацааны урсгалд бие махбод, оюун бодлоо бүрэн даатгасан, сэтгэл хөдлөлгүй гэмээр энэ дүрээр дайн ямар уршигтай болохыг, дайнд ялагч гэж үгүй, харин хохирогч л бий гэх санааг хоржоонтойгоор илэрхийлжээ. Билли Пилигрим дайнаас амьд үлдэж чадсан. Гэхдээ жинхэнэ утгаараа үргэлжлүүлж амьдарч чадсан болов уу? Аймшигт цаг хугацааны урсгалд Билли үүрд “цоожлогдон” үлджээ. 

Постмодерн сэтгэлгээний итгэл алдрах, зорилгогүй амьдрах, зохиолд олон дуу хоолой оролцох, олон үнэн зэрэгцэн орших зэрэг гол шинж нь энэ романы амин судас мөн. Курт Воннегут хүн төрөлхтний эмгэнэлт түүх, хүний амьдралын зовлонт мөчүүдийг сэртхийм хошигнолоор егөөдөж үнэнийг “үнэмшимгүй байдлаар” өгүүлжээ.

ҮНЭН ҮХЭЛД ОРШИНО БУЮУ SO IT GOES

Курт Воннегут хэмээх эрхмийн туурвилзүйн арга барилыг “эчнээ ярилцлага” хэмээх сонирхолтой аргаар тайлахаар зорилоо. Зохиолчийн өмнөх хуучин ярилцлагуудыг ашиглан зүйж, өөрийнх нь үг яриагаар туурвилзүйн онцлог нууцыг нээн хүргэж байна.  

Сайн байна уу. Юуны өмнө манай сайтад ярилцлага өгөхийг зөвшөөрсөн танд баярлалаа.

Зүгээр. Хурдхан шиг л дуусна гэж найдъя.

Мэдээж. Гол яриагаа эхлүүлье. Mонгол уншигчдадаа зориулж таны “Тавдугаар бойны газар” гэх зохиолоор нийтлэл бичиж байгаа юм. Та зохиолдоо үхлийг хэрхэн шийдэж байгаа нь их сонирхолтой санагдсан. Ямар нэгэн дүр үхэх бүрийд араас нь “Ийм л юм болжээ” (So it goes) гээд орхичих юм. Заримдаа энэ өгүүлэмж залхмаар олон тааралдахыг яана. Таны туурвилзүйн заль мэх үү? Эсвэл  нурших дургүй чинь энэ мэтээр илэрч буй хэрэг үү?

Чи миний зохиолыг уншсан. Зохиолд “Үнэн үхэлд оршино” гэх өгүүлбэр бий. Дүр үхэх хүртлээ үүргээ гүйцэтгэчихсэн. Үнэн нь тэр. Зохиол цааш өрнөх ёстой. Үхсэний хойно нь нэмж бичих хэрэг юун. Аа, энэ “ийм л юм болж” гэдгийг бүр энд тэндхийн бичээчид тоолчихсон байсан. Нийт 106 удаа бичжээ ч гэх шиг. Нэмээд хоёр удаа оруулчихсан бол танай 108 суварга шиг бэлгэдэлт байдлаар судлагдах байсан ч юм бил үү. Надад заль мэхсээд байх зүйл үгүй. Ийм л юм болсон хэрэг (мушийв). (Энэ нь түүний туурвилзүйн заль мэхийг хэдийнээ баталж байна. Ц.Т)

Таны зохиолын гол дүр Билли Пилигримээр дамжуулан дайны хор уршиг хүний сэтгэлзүйд хэрхэн нөлөөлж буйг харуулсан. Нөгөө талаас зохиолын шугаман бус өгүүлэмж, харь гаргийнхан, цаг хугацаагаар аялах зэрэгт эргэлзэж болох ч итгэл төрүүлэхээр бичиж чаджээ. Энэ нь уран зохиолын эрх чөлөө, түүний өөртөө үнэн үлдэж байгаа шинж мөн үү? 

Уран зохиолын үнэн яг л толины тусгал мэт. Хүн өөрийгөө толинд хараад энэ бол “би” гэж итгэдэггүй үе байх. Ухаандаа, толинд ямар нэгэн байдлаар харагдаж л байгаа бол энэ чиний нэгээхэн тусгал мөн гэж бодож байна. Уран зохиол ч үүнтэй адил. Уран сэтгэмж, зөгнөл, байж боломгүй зүйлс дүрслэгдэх хэдий ч энэ нь үнэн баримт, бодит зүйлсийн л тусгал байдаг. Билли эрүүл нэгэн биш гэх гээд байх шиг байна. Үнэн. Билли ганцаараа эрүүл хүн төрөлхтөн эрүүл биш гэвэл бас л үнэн. Зохиолоо л унш. Цаг хугацаагаар аялж үзээгүй би Биллигийн өмнөөс юу хэлэх билээ.

Тэгвэл таны тусгал толинд хэрхэн үзэгдэж байна даа?

Ихэнхдээ далавчтай заан үзэгддэг шүү. Заримдаа өнөөх заан нисээд явчихдаг. Үрчгэр өвгөн л үлддэг юм (инээв).

Та хэр шооч хүн бэ? Зохиолд тань хар бараан зүйлсийг егөөдлөөр халхлах аястай уншигдсан. Зүгээр л инээдэм болгох бус хувийн туршлага, дурсамжаа шингээн өргөн мэдлэгийн хүрээнд бичсэн тань бахдам санагдсан юм.

Би эмгэнэлийг инээдмээр хаших дуртай. Хэн нэгэн зовжээ, бүр ингэж зовжээ гээд дөжиртөл нь биччихсэн зохиолууд хаа сайгүй бий. Уй гашуу, зовлон, үхэл хагацлыг хэдэн хуудас дамнан уншсаар байвал юу ч үлдэхгүй. Харин нэг сайн хошигнолоор хэлээд хаячихвал уншигчдад үлдэнэ шүү дээ. Шүүмжлэл ч тэнд оршиж чадна.

Зохиолчид бүтээлдээ өөрийнхөө ярьж буйг нуухыг хичээдэг. Харин таны үг шууд зохиол дотор явж байх юм. Бүр Биллитэй өрнүүлсэн харилцан яриа байдаг шүү дээ. Та эдгээр зүйлсээ зорилготойгоор оруулсан байх эсвэл зүгээр л биччихэв үү?

Зохиолд орсон өгүүлбэр бүр зорилготой. Хэлийг чөлөөтэйгөөр ашиглана гэдэг хэчнээн сайхан. Уран зохиол, уран сэтгэмж л биднийг аварна. Чиний надтай ярилцаж буй чинь хүртэл үүний нэгэн жишээ шүү дээ. 

        Бидний охорхон яриа ийнхүү өндөрлөж байна. Ташрамд өгүүлэхэд тэрээр 2007 онд 84 насандаа тэнгэрт дэвшсэн юм. Ийм л юм болжээ.

ШУУДХАН Л ШУУГИАН ТАРЬЖЭЭ 

Тавдугаар бойны газар роман хэвлэгдсэн даруйдаа л дуулиан тарьсан юм. Зохиолч энэ романаа туурвих гэж хорь гаруй жилийг зарцуулсан гэдэг. Үүнээс өмнө “Төгөлдөр хуурч”, “Муурын хэвтэр”, “Аваргуудын өглөөний зоог” зэрэг таван ном туурвисан ч эл роман нь түүнийг жинхэнэ алдар нэрийн оргилд хүргэсэн ажгуу. 

Худалдаанд гаруутаа Нью Йорк Таймсын шилдэг борлуулалттай номын жагсаалтад арван зургаан долоо хоногийн турш жагсав. Улмаар долоон сарын хугацаа өнгөрөхөд роман таван ч удаа дахин хэвлэгдэв. Энэ амжилтын шалтгаан нь дан ганц цаг үеийн нөхцөл байдал бус харин уран зохиолд өмнө нь байгаагүй шинэлэг арга барил оруулж ирсэнтэй холбоотой юм. Дайн байлдаан, сэтгэцийн эмгэгийг бараан егөөдөлтэй сүлж бичсэн нь яах аргагүй шинэ үзэгдэл байсан билээ. 

Дуулиан дан ганц магтаал сайшаалаар хязгаарлагдсангүй. Романд буй хараалын үг, насанд хүрэгчдэд зориулсан хэсгүүд олны эсэргүүцлийг дагуулж ширүүн маргаан дэгдэж, улмаар АНУ-ын зарим мужийн сургалтын хөтөлбөрөөс удаа дараалан хасагдах шалтгаан болсон юм. Мичиган мужийн шүүх 1972 онд уг зохиолыг “ёс суртахуунгүй, бузар бүдүүлэг, мөн Христийн шашны үнэт зүйлсийг гутаан доромжилсон” хэмээн үзэж хоригложээ. Энэ явдлаас жилийн дараа Хойд Дакотагийн сургууль 32 хувийг сургуулийнхаа зууханд шатааж байв. Хүүхдүүд эхэндээ номоо өгөхөөс татгалзсан тул шүүгээг нь ухаж, нэгжиж байгаад олж шатаасан гэх баримт бий.

Тавдугаар бойны газар романыг хориглох санал лавтай 18 удаа гарч байжээ. Гэхдээ энэ бүхнээс болоод номын үнэ цэн буурч доройтсон нь үгүй. Харин ч номын эрэлт өсөн нэмэгджээ. Курт үүнтэй холбогдуулан дараах хариуг өгсөн байдаг: 

“Хэрэвзээ та бүхэн боловсролтой хүний зүгээс номыг маань уншваас энэ бүтээл ямар ч садар самуун, ёс суртахуунгүй байдлыг өөгшүүлсэн утга агуулаагүй болохыг ойлгоно. Харин ч хүмүүсийг илүү хариуцлагатай, нинжин сэтгэлтэй байгаасай гэж хүссэнийг маань харах вий. Яах вэ, зарим нэг дүр маань бүдүүн хадуун яриатай. Яагаад гэвэл хүмүүс бодит амьдрал дээр ингэж л ярьдаг шүү. Нэн ялангуяа цэргүүд болон ажилчин ангийнхан яг ингэж л ярьдаг. Хамгийн хүмүүжилтэй хүүхдүүд ч үүнийг мэднэ…” 

НОМЫН ТУХАЙД ХЭН ЮУ ГЭЖ ХЭЛЭВ?

Салман Рушди эл романы талаар “Энэ ном бидэнд яаж дайныг зогсоохыг хэлж өгөхгүй. Харин бидний хэдийнээ мэддэг зүйл болох дайн гээч өөрөө там болохыг сануулдаг. Мөн хүмүүс бүгдээрээ муу биш, ердөө цөөхөн хэдхэн л муу хүн байдаг гэдгийг харуулсан нь маш чухаг. Энэ ертөнцөд хүний мөн чанар гээч хэзээ ч өөрчлөгдөшгүй, тогтмол зүйл бөгөөд үүнийг дэгсдүүлэлгүйгээр, дордуулалгүйгээр, аймшигт цаг үед ч хүмүүс хүн чанартай хэвээрээ байдгийг уран яруугаар, басхүү чин үнэнээр харуулснаараа онцгой” хэмээсэн байдаг. 

Харин 1970 онд The  Guardian сэтгүүл уг романы тухайд “Дайны тухай өр өвтгөм, асар шулуухнаар бичсэн энэ ном урлаг өөрийн цаг үеэ олж төрдөг болохыг батлан харуулж байна” хэмээн бичжээ.

Номын 50 жилийн ойг тохиолдуулан хэвлэсэн хувилбарын өмнөх үгтээ Кэвин Поверс “Энэ ном бол хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн хүнлэг бүтээл мөн. Нүүрлэн ирэхээс өөр аргагүй болсон зовлонгийн эсрэг тэмцэх, урьдчилан сэргийлэх, сэтгэлээ хөнгөлөхөд бэлтгэж буй энэ номоос илүү зүрх зоригтой, ёс суртахуунтай бүтээл байхгүй л болов уу” хэмээсэн байдаг.

Курт Воннегутын “Тавдугаар бойны газар”  дан ганц дайныг эсэргүүцэж бичсэн бүтээл биш. Харин үг хэлэх эрх чөлөө, хүний эрх, үнэт зүйлсийн төлөөх тэмцлийн илэрхийлэл болсон бүтээл билээ. Хэчнээн шүүмжлүүлж, хавчигдсан ч улам тод гэрэлтэж цолгорсоор, тавин жилийн хойно ч үнэ цэнээ алдалгүй дэлхий даяар ахин дахин уншигдсаар байна.

Нийтлэл бичсэн: Ц.Төгсбаатар, Б.Чандмань

Цаг хугацаа царцсан түүх – Тавдугаар бойны газар

Зохиолч Курт Воннегутын "Тавдугаар бойны газар" номын тэмдэглэлКурт Воннегут 1922 оны арваннэгдүгээр сарын 11-нд АНУ-ын Индианаполис мужид герман гаралтай цагаачдын…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

@Katen on Instagram
[instagram-feed feed=1]