Press ESC to close

Усны ГудамжУсны Гудамж Бичээчийн Хөгжих Талбар

Ганцхан тун хайр

 

Зохиолч Э.Бүжинлхамын “Эрүгэ өртөө” романы тухай тэмдэглэл.

Зүүднээс цааш алхахуй

  Сэтгэлийнхээ гүний гүнд инээж дадаагүй хүний этгээд төрхөөр хулдсан, тойруу замаар амьдрал туршдаа далдалсан тийм дурсамж бий юү, бидэнд. Оюун санаа он жилүүдийг өдөржин баллуурдаж байхад зүрх сэтгэл харин түүнийг шөнөжин сэргээн зурдаг шиг санагдана. Эл хорвоогийн хаа нэгтээ хэн нэгэн хамгийн зовуурьтай хэсгээ умартсан дүр үзүүлж, цусаа шүүрүүлсэн чигээрээ алхаад л, амьдраад л яваа даа гэж “Эрүгэ өртөө” зохиолыг уншиж байхдаа бодсон сон. Ангаж яваа амьтны зөнд усны чимээ сонсогдох шиг нэг л зүйл намайг ховсдоод байсныг мэдэж байна. Зөн совин, зүүд зэрэглээний тухай эрэгцүүлэл үү. Түүнээс илүү романы дотор уйгагүй холхиж байгаа үүсмэлүүд.

Бид жигтэй бүхэнтэй хоршин амьдрахаар хүн болж мэндэлжээ. Өөртэйгөө ч, өрөөлтэй ч, далд ертөнцтэй ч, ерийн нэгэн дасал болсон өнгөтэй хүртэл шүү.

Үүний завсраар хиймэл оюун ухаан зугуухан гулссаар хүн төрөлхтөний тархи руу харан орших болсон. Гэвч бидний зүүдтэй бол дүйх юм биш л дээ. Зохиол дахь “Дангаар орших оюун ухаан гээд сүртэй нэр өгчихсөн л болохоос биш үүсмэл бие гэдэг чинь зүгээр л тухайн хүний хийсэн үйлдлийн мэдээллүүдийг цуглуулж байгаад л автоматаар үүсгээд буй нэг төрлийн код л биз дээ (137 нүүр)” гэсэн өгүүлбэр сонирхол татсан юм. Үнэндээ романы хэсэг бусагт энэ үүсмэлүүд нэг талаараа “хиймэл оюун”-ы ажиллагаа, зохион бүтээгчийнх нь зовнилыг төрүүлдэг хэтийн төлөвтэй төстэй ч юм уу хэмээх эргэцүүлэлд хөтөлж байлаа. Түүнийг бол одоохондоо хүн залуурдаад байж дөнгөнө. Тэгвэл махан биеэ огоорсон оюун ухааныг юу залуурддаг байх нь вэ?

Хүн болгон насандаа нэг удаа ч гэсэн “Эрүгэ өртөө”-нд очсон байж мэдэх юм. Тэнд таныхаар бүх зүйл өрнөнө. Дахин дахин тийшээ очмоор оргино. Заримдаа өөрийн эрхгүй л тэнд оччихно. Хааяа тэнд та өөрөөсөө огт өөр хүн шиг жигтэй авирлана. Хариултыг олохыг хүссэн хүмүүс мөд Зохиолч Э.Бүжинлхамын нээж өгсөн “Эрүгэ өртөө”-нд зогсож байх болов уу. Дүрээр нэвтрэн гарах зохиолчийн эмзэглэл нийгмийн харанхуй талд байх хүний сэтгэлийн бөглүү хязгаарыг тэмтэрч, зовлон шаналангийн учир шалтгаанд хүрч байгаа нь Эрхас, Ариан, Галтнамуу зэрэг баатруудын туулсан амьдралын үнэнтэй нэг шугамд давхцаж байгаагаас харагдана. Дотроос үргэлж өвтгөн чангаадаг тийм харанхуйг туулж яваа хэн нэгнийг эдгээх зүйл нь юу юм бэ? Хүнийг хүнээс хүртэл тусгаар болгоод буй зүйл юу вэ. Зохиолч үүний хариултыг олохоор өртөө рүү замчилж байгааг “Охин аавынхаа өвөр дээр суучхаад, ууттай хоолоо хурдан гэгч үмхлэх жаал хүүг цоо ширтэнэ. Тэгтэл хүүгийн зулай хавиас утаа шиг зүйл сүүтгэнэж эхлэв. Тэгснээ ердөө л гуравхан хормын дотор мөнөөх бор хүүгээс хэд дахин том цагаан шувуу болоод хувирчих нь тэр. Шувуу харин хаашаа ч ниссэнгүй. Мөнөөх жаалыг юунаас ч юм харамлан, хамгаалах мэт далавчаараа хумин тэвэрчээ (198 нүүр)” гэснээс тодруулан үзэх нь ч учиртай байгаа юм. Орчлонд орь ганцаараа байсан ч хайрын сүр хүчээс бид хааш зугтаж чадаа аж даа. Ядаж л “харсан тэнгэр хаяхгүй” гэж бодох итгэл мэт зүйл цээж өгсөөд ирнэ.

ГАНЦ ТУН ЗҮҮД хүртээд л сэтгэлийнхээ харанхуй ангал руу уначхаж байхад ГАНЦ ТУН ХАЙР хүртээд гэрэл гэгээ рүү нисэж болох л юм.

Зөнч тэмдэгтүүд

-Ёр бэлгийн гүн рүү унахуй.

Тэмдэглэл аль ч урсгал руу чиглүүлэхгүй. Гагц тус роман бичигдсэн дэвсгэр бол хүний сэтгэл, нийгмийн толь. Сэтгэл зүйн асуудлаасаа болж үхэгсэд, түүнийг давж гараагүйчүүдийн тухай зохиолд дурдагдана. Гэвч бодлоор бол суурь нь тэр л мэт. Хөндүүрийг хөндөж хөндөж, тарчлааж хаях биш “сануулчхаад” тайтгаруулах бэлдмэлээ өгөхөө мартаагүй нь Э.Бүжинлхам зохиолчийн ертөнцийн үзэх үзлийнх нь тод тусгал мөн.

Үнэндээ “Эрүгэ өртөө”-нд сэрэх түгшүүртэй болж эхэллээ. Өөрийнхөө эсрэг талд бөх гэгч нойрсож буй ухамсараа сэрээхгүйн тулд энэ хүртэл сэтгэлээрээ хазаар ногт хийж шогшсон хүн нүдээ аниад л зүрхээ шатаачихна гэж яаж мэдэх билээ. Роман тэмдэгтээр дүүрэн. Хонгор мод ч, улаан аалзны сараана цэцэг (Red spider lily) ч тэр хоёр ертөнцийг зааглаж буй тэмдэгтүүд. Эл этгээд нэртэй улаан сараана үхэл хагацал, уйтгар гунигийн бэлгэдэл. Дүр (Эрхас зэрэг)-ийн гүнд нуугдах шарх, үйл явдал өрнөж буй орныг тэмдэгтээр дамжуулан тодруулж байгаа нь тус романы онцлог байна.

Нэг хэсэг нөгөө хэсгээ тодруулсаар, учир байдлыг нэхэн хөвөрдсөн мэтээр бичигдсэн энэ бүтээл зохиолчийн зүүд зөнгөөс гадна эрэл хайгуул, итгэл үнэмшил, урлан бичихүйн дадал сэжмээр нэхэгдсэн байх юм.

Хүн эцэстээ бусдаас авсан шарх, шаналлаа давж гарч, бүр эдгээж чадахгүй байсан ч оюун санаа, зөн мэдрэмжээрээ өөрийн алхаж яваа замын тэмдэгтүүдийг зурж болох юм гэж үү.

Зовуурь хөндүүртэй амьдралын дунд хайрлан харах нүдээ л сохлохгүй хамгаалан үлдэх хэрэгтэй юм уу.

“Эрүгэ өртөө”-нд боломжгүй зүйл үгүй, шидлэг ч нэг л зүйлийн илбэ шидийг дийлэхгүй нь, мөн чанартаа хүн гээч сэтгэл зүрхнээсээ дангааршиж чадахгүй нь егөөтэй.

Магадгүй, хэн ч хариулаагүй байх

Энэхүү романд дурдахгүй өнгөрч боломгүй нэг зүйл байна. Хүний сэтгэл, зөн бэлгэ, зүүд совинтой сүлэлдээд одчихож байгаа нэг зүйл. Тэр бол бүтээн туурвиж явахад мөнхийн тулгардаг асуултууд. Магадгүй, өнөөдөр танд хэн ч хариулаагүй байж мэднэ. Өөрөөсөө өөр зүйл, ер үнэнээс өөр зүйлийг яруу найрагч, хүүрнэлчид бичиж болох уу? Худлаа юм бичээд л гэж хэн нэгэн хэлэхийг сонсов уу? Залуу зохиолчдод тулгардаг бичихүйн асуудлыг эл романд мөн хөндсөн байна.

Ганцхан тун хайр

 Зохиолч Э.Бүжинлхамын “Эрүгэ өртөө” романы тухай тэмдэглэл. Зүүднээс цааш алхахуй   Сэтгэлийнхээ гүний гүнд инээж дадаагүй хүний этгээд төрхөөр хулдсан,…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

@Katen on Instagram
[instagram-feed feed=1]