
Англи хэлт уран зохиолын орчин цагийн гол төлөөлөгч, Мэн Бүүкэрийн шагналт зохиолч Жулиан Барнстай монгол уншигчид “Төгсгөлийн мэдрэмж” зохиолоор нь танилцаж байсан. Харин энэ удаа “Айх зүйл үгүй” хэмээх намтарчилсан эсээний номоор ахин учирч байна.
Туурвилзүйн онцлогийг шинжлэхүй – С.Энхцэцэг
Пойнтилизм (Narrative fragmentation) ба аалзны тор
Ертөнц дээрх хамгийн үзэсгэлэнтэй уран нарийн бүтээл бол аалзны тор. Уран бас нарийн… Аалз үхэл шиг аймшигтай. Хүн төрөлхтний хувьслын түүхийн аль нэгэн хугацаанд аалз үхэлд хүргэхүйц аюултай амьтан байсан гэдэг. Тэгээд хэдэн мянган жилийн өмнөх энэ айдас өнөө хүртэл хүн төрөлхтнөөс гээгдэж амжаагүй юм. Яагаад гэдгийг нь хэлэхэд хэцүү л дээ. Хүн хөгжих гээд гэрээ цэвэрлээд завгүй байсан байх. Тэгэхээр аймшигт үхлийн тухай аалзны тор лугаа уран нарийн хийц бүхий бүтээлийг ярих гээд байгаа маань энэ. “Айх зүйл үгүй” зохиол тун нарийн аргаар мэтгэж урласан тор юм. Түүний мяндсан хэлхээ, уран сүлжээсийг тогтож харвал пойнтилизмын гайхалтай туршилт нүднээ мэлтийх болно.
Романы туурвизүйн онцлогийг ярихын тулд өвөрмөц бүтцийн нууцыг ил гаргахаас эхлэх нь зүйтэй. Роман гэж тодорхойлоход ярвигтай энэ бүтээлд өгүүлэгдэхүүний дараалал гэж үгүй. Энэ бол эртээ урьдын цагт гэж эхэлдэг эхлэл зангилаа, өрнөл, туйл, тайлал, төгсгөлтэй, амар сайхандаа жаргадаг өгүүлэмжтэй бүтээл биш. Өөрөөр хэлбэл эхэлдэггүй, өрнөдөггүй, төгсдөггүй. Эхлэл, төгсгөл гэж байлаа гэхэд тэр чигээрээ эхлэл аль эсвэл тэр чигтээ төгсгөл байх учиртай могойн суганы үс лугаа орцтой бүтээл гэсэн үг юм даа. Угтаа могой чинь тэр чигтээ суга “шүү дай”.
Жулиан Барнс Монтенийг бишрэн уншдаг нэгэн. Үүнийгээ ч зохиолдоо нуулгүй хэлчихдэг.
Монтэнийг би анх Оксфордод байхдаа уншсан юм. Үхлийн талаарх орчин цагийн бодрол эргэцүүлэл бүгд Монтэниос эхтэй. Тэрээр эртний ертөнцийн мэргэдийг өнөөгийн бидэнтэй холбож өгсөн гүүр юм.
Тэгэхээр бичлэгийн арга барилыг илрүүлэх эрэлдээ Монтенийг сэжигтнээр татлаа. Мишель дө Монтень бол эсээ бичих сонгодог загварыг дэвшүүлсэн нэгэн. Түүний эсээний бүтэц эхлээд асуудлаа дэвшүүлэх, хоёрдугаарт болсон явдал, түүх, жишээ, философичдын эшлэл, өөрийн амьдралын туршлага гэх зэргээр баримтаар бороо оруулах, дараа нь олон талаас нь харж эргэцүүлэн, эцэст нь дүгнэлтийг нээлттэй орхидог.
Харин Айх зүйл үгүй зохиолын өгүүлэмж хоёрхон тулгуур баганаас бүрдэнэ. Түүний ах, болон Жулиан Барнс өөрөө. Тэдний өнгөрсөн дурсамж, намтрын зүйл хийгээд үзэл санааны харгууллаас бусдаар зохиол тэр чигтээ 2D дүрслэлийн цуглуулга гэж хэлж болохуйц. Жюль Ренар, Жак Брел Шостакович, Даудет, Де Гонкур, Костлер, Эйнштейний хэлсэн үхлийн тухай, сүсэг бишрэл, итгэл үнэмшил, үхлээс айх айдас, үзэл санааны эцэс төгсгөлгүй эшлэлийн цуглуулга хийгээд тэдгээрийн хаа тийш нь хөтөлж буй эргэцүүллүүд, хоорондын нарийн сэжим… Өөр. Тэгэхээр энэ бол эсээ биш. Монтений эсээнд агч сонирхолтой түүх баримт хийгээд асуултын сэжим үлдээх гогцоо зэрэг элементээс бусдаар эсээ хэмээн нэрлэчхэж боломгүй зүй тогтол ажиглагдана. Тэгэхээр эсээний ямар нэг бүтцийн код олох гэсэн оролдлого маань бүтэлгүйтэв.
Дараагийн сэжигтэн бээр Жюль Ренар. Барнс Ренарыг “аль эрт үхсэн, франц цусан холбоогүй хамаатнуудын маань нэг” хэмээн танилцуулаад, “Ренарыг үргэжилсэн үгийн зохиолоо бичиж эхлэхэд тууж роман нэгэнт үеэ өнгөрөөчхөөд байв. Флобер, Мопассан, Гонкур, Золя нарын нарийн дүрслэл задлан шиинжлэл бүхий бүтээлүүд орчлон хорвоогийн шүүсийг шахаад дуусчихсан, уран зохиолд хийгээд байх зүйл үлдээгүй байсан цаг. Ренар үүнээс цааш уран зохиолын хөгжилд хураангуйлал, богино тэмдэглэл голлосон пойнтилизмын зарчмаар урагшлах зам үлдсэн гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Тэгэхээр зуун жилийн дараа Жулиан Барнс пойнтилизмыг туршсан юм биш биз?
Пойнтилизмын арга нь XIX зууны сүүлч XX зууны эхэн хагаст урлагийн салбарт орж ирсэн урсгал. Хамгийн анх уран зурагт нео-импрессионистуудын дараагийн арга барил болон хөгжсөн түүхтэй. Уран зохиол дэх пойнтилизмыг ойлгохын тул уран зураг дахь пойнтилизмтой танилцвал дөхөм болов уу. Үүний гол төлөөлөгч нь Францын зураач Жорж Сеурат. Түүний “Ла Гранде Жатте дахь ням гараг” бүтээл нь хамгийн алдартай.
Sunday on the Island of La Grande Jatte
Уран зураг дахь пойнтилизм нь оптикийн шинжлэх ухаан дээр суурилсан бөгөөд бие биетэйгээ ойрхон байрласан олон жижиг цэгээс бүрдэнэ. Будгийг холилгүйгээр зотон дээр өнгө өнгийн цэг тавин бүтээх аргачлал гэсэн үг.
Morning, Interior by Maximilien Luce
Эдгээр цэгүүд жигд бөгөөд хоорондын өнгөний нарийн уусгалт бүхий зохиомжоор эцсийн дүнд холоос харахад нэгэн уран зураг цогцолно. Өнөөгийн компьютер, дэлгэцийн пикселийн схем энэ зарчмаар дүрслэгддэг билээ.
Уран зохиол дахь пойнтилизм (Narrative fragmentation)
“Салангид, олон жижиг өгүүлэмж нийлж эцэстээ нэгэн цогц утга санааг бүрдүүлдэг бичвэрийн аргачлалыг поинтлизм (pointillism) гэж нэрлэдэг. Энэхүү тусгаар өгүүлэмжүүд өөр хоорондоо зөвхөн цаг хугацааны шугаман дарааллаар бус, харин хүний ухамсар, дурсамж, мэдрэмж зэрэг ‘цэгүүд’-ээр холбогддог.
Баримтат эсээнээс ялгаатай нь тэдгээр баримт цэгүүд нь нарийн сэжмүүдээр холбогдох учиртай. Өөр хоорондоо ялгаа бүхий санааг ар араас нь угсруулан нэг утгад багцлан зангидахаас илүү нэг дор ойр байгаа санаанууд хоорондоо тун нарийн болгоомжтой уусах учиртай. Хэт үсрэлт хийж болохгүй. Уран зурагтай харьцуулбал уусгалт бүхий өнгөөр бус, хэт үсрэн шилжсэн өөр өнгө орж ирэх юм бол алсаас харахад үүсэх эцсийн бүтээл нь амжилтгүй болно гэсэн үг. Нэгэн жишээ дурдахад номын 73-р тал дээр бурхны талаар зөвхөн өөрсдийн үзэл бодол дээр төвлөрдөг хүний шинжийг шүүмжлэн хөндөхдөө ийн өгүүлсэн.
Чамд эзэн бурхны талаарх хувийн үзэд бодол байдаг байж болно, гэхдээ бурхан чиний талаар хувийн үзэл бодолтой болов уу? Энэ л чухал. Бурхан гэж тэнгэрт залраатай цагаан сахалт өвгөн үү, эсвэл бүхнийг хөдөлгөгч энергийн эх ундарга байна уу, цаг хугацааны эзэн, эсвэл эмэгтэй хүн, эсвэл ёс суртахууны шүүгч байна уу, эсвэл бүр Юу ч биш байг, Тэр эрэгтэй, Тэр эмэгтэй, Тэр зүйл эсвэл Тэр юу ч биш чиний тухай юу гэж бодох нь чи түүний тухай юу гэж бодохоос илүү чухал шүү дээ.
Ингээд нэг хэсэг төгсөөд дараагийн хэсэг эхлэхдээ
“…Бага жаалхандаа би ганцхан л цагаан сахалтай өвгөн харж байсан нь миний өндөр өвөө буюу ээжийн аавын аав болох Алфрэд Сколток Йоркширийн уугуул, сургуулийн багш хүн байв.” хэмээн өөрийн бурхны тухай эргэцүүллийн хэсгээс “цагаан сахалт өвгөн” хэмээх маш нарийн сэжмээр өндөр өвөөгийнхөө тухай ах болон өөрийн дурсамжийн харьцуулал руу шилждэг. Энэ мэтээр уншигчдын анхаарлыг алдалгүйгээр 350 хуудасны турш философийн эргэцүүлэмж дунд барина. Энэ бол Барнсын олон жилийн турш тэмдэглэл бичсэн туршлагаас үүдэлтэй туурилзүйн онцлог. 350 хуудас философийн эшлэлийг хэн уншиж барна гэж? Гэхдээ энэ бол сувд хэлхэх мэт нэг бүрчлэн, хоёр бүрчлэн, бүр гурав бүрчлэн нарийн тооцоолж нэхсэн тор. Амьдрал, үхэл, шашин, бурхны оршихуйн талаар үзэл бодол, сүсэг бишрэл ба бурхангүй үзэл, үхлийн тухай гүн гүнзгий мэдрэмж, намтар дурсамж, гэр бүлийн амьдралын тухай егөө, ёгтлол бүхий хөгжилтэй атлаа арвин, арвин эргэцүүллийн хэлхээс болсон бүтээл юм.
Хам сэдвийг шинжлэхүй – Г.Барсболд
Үхлийн тухай рациональ сэтгэлгээ
“Сар шинийн золголтын л үе байсан юм. Номхон тэмээгээр Бөөрөг гэх дэрстэй хоолой руу уруудаж явтал замд арван мянган төгрөг хэвтэж байдаг юм. Бууж өнөөх мөнгийг аваад л олзонд гэрэлтсэн нүдээр урагш ахиулан харвал задарсан цаасан хайрцагнаас “снежко” гэх ууттай чихэр цухуйж байв.. Хэн нэгэн нь л цагаан сарын бэлгээ хаячхаж дээ хэмээн бодоод цааш явтал гурилын уутнаас хадаг яндар цухуйж байлаа. Нээгээд үзтэл юу вэ? Жаахан хүүхдийн хүүр байдаг юм даа…”
Дээрх тохиолдол бол бичээч миний анх удаа үхэлтэй нүүр тулсан түүх. Арван мянгын дэвсгэрт, снежко чихэр, хадаг, элдэв хог чихээтэй гурилын уут харахаар сэргэдэг дурсамж. Тэр үед л анх хүн үхээд хаашаа явдаг тухай бодож эхэлсэн юм даг. Буддист мухар сүсэгтэй ах дүүсийн маань яриагаар бол бид үхээд там диваажингийн аль нэг рүү явдаг, эсвэл төрөл сольж дахин төрдөг… Мэдээж там руу явахаас айж л байсан. Харин “Айх зүйл үгүй” гэх булшны чулууны доор “Үхэлтэй нүүр тулахуй” хэмээх дэд гарчигтай номын хавтсыг хараад миний үхэлтэй анх нүүр тулсан түүхийг бодвол хэр юм бэ дээ? гэж сонирхож авч байлаа. Ном “Би бурханд итгэдэггүй ч, бурхныг үгүйлдэг” гэж эхэлнэ. Хэн ч үхлийн дараа юу байгааг мэдэхгүй. Ердөө таамгууд бий. Харин үхлийн дараа там эсвэл диваажин бий бөгөөд бидний амьдралд сайн эсвэл муу явах зам бий гэх шашны үзэл үндэстэн бүхэнд буй.
Жулиан Барнс гэж хэн бэ?

Зохиолч Жулиан Барнс нийт 20 гаруй бүтээл албан ёсоор хэвлүүлсний 14 нь үргэлжилсэн үгийн зохиол, үлдсэний дотор баримтат бүтээл, эсээ, намтар дурсамж, хоолны ном хүртэл багтана. Уран зохиолын бүтээлүүдээс “Төгсгөлийн мэдрэмж” роман нь англи хэлт уран зохиолын хамгийн нэр хүндтэй шагнал болох Ман бүүкерийг хүртсэн. Итгэж үнэмшиж ирсэн дурсамж бодит байдал өөр бусдынхаас, эсвэл бодит байдал гэгчээс зөрж орхиход төрөх мэдрэмжийн тухай хөндсөн байдаг. Англи Англи, Флоберийн тоть, Артур Жорж хоёр зэрэг гурван ч бүтээл нь Бүүкерийн шагналын богино жагсаалтад шалгарч байв. Хоолны номынхоо тухайд тэрээр энгийн гял цал хоолны зурагтай жорны ном болон жинхэнэ хоол хийх хоёрын ялгааг харуулах гэсэн юм хэмээсэн байдаг. Францын мэс заслын эмчийн тухай бичсэн намтар бүтээлээрээ Францын засгийн газраас талархал шагнал хүрэж байв. Барнсын бичиж байгаа болгон нь ямар нэг сахилгагүй туршилт байдаг гэж хэлж болно. Бүтээн туурвих ажлыг нийтлэг хэвд барьдаггүй, өөрийнхөөрөө философидох орон зайгаа болгодог. Бусад зохиолч, уран бүтээлчдээс ялгаатай нь тэрээр зохиол бүтээлдээ хязгаарлалтгүйгээр эх чөлөөтэй ханддаг билээ.
Зохиолч багадаа шашны сургуульд сурч байсан. Намтар дурсамжид нь өгүүлснээр өвөө эмээ хоёр нь шашингүй үзэлтнүүд, нэг нь капитилист, нөгөө нь социалист. Аав нь бурхныг үгүйсгэдэггүй хэр нь ээ нотолгоотой байгаа гэдэгт нь итгэдэггүй нэгэн бөгөөд түүн шигээ амьдралдаа ч аливааг үгүйсгэхгүй, хүлээн зөвшөөрөөд л орхичихдог хүн аж. Харин ээж нь шашингүй үзэлтэн, өөрөөсөө өөр нэгний үзэл санааг няцаагч нэгэн. Ах нь философич бөгөөд ахыгаа дурсах бүрдээ өөрийгөө харьцуулан зохиолын гол шугам цааш өрнөнө.
Зохиолчийн үндэстнийх нь католик шашинд “бурханд итгэхгүй бол тамд очно” гэх үгчилсэн сургаал үгүй. Гэхдээ “Түүнд итгэдэг нь яллагдахгүй, харин итгэдэггүй нь аль хэдийнэ яллагдсан юм, учир нь тэр Бурханы цорын ганц Хүүд итгээгүй билээ.” (Иохан 3:18) эсвэл “Хэн итгэж баптисм хүртсэн нь аврагдана, харин итгэхгүй нь яллагдана.” (Марк 16:16) гэх мэт хэрэв итгэхгүй бол там руу очно гэсэн агуулга бий.
Үхлээс айх айдсын тухай энэ бүх эргэцүүллүүд бурхны тухай ярианаас эхлэх нь хачирхалтай. “Хүмүүс бидний үхлээс айх айдсыг бурхнаас айх айдас орлох болсон” гэх хэсэгт үүний учир тайлагдана. Гэтэл Барнс аавтайгаа ижил агностик үзэлтэн. Эндээс зөрчил эхэлнэ. Номын эхэнд дурдсан “Би бурханд итгэдэггүй ч, бурхныг үгүйлдэг” гэх үгийн учир хөвөрнө. Шүтлэггүй, гурван үеийн сэхээтэн гэр бүлээ тэрээр “Үлгэр домгоор дулимагхан” хэмээн егөөдөж байгаа юм даа.
Шашны үлгэр домгоор баялаг гэр бүлд өссөн бид үхлээс айх айдас бага (эсвэл байхгүй) ч юм бил үү.
Зохиолчийн уран зохиол, гүн ухаан, хөгжим, уран зураг, шашин, шинжлэх ухаанаас ч эш татаж эргэцүүлэх чадвар нь тун гайхалтай. Тэрхүү эргэцүүллүүд дунд “шашны урлаг”-ийг шашнаас нь салгаж мэдрэх боломжтой эсэх гаргалгааг маш нухацтай бичсэн бий.
Тухайлбал бурханд итгэгч сүсэгтэн болон ургамал судлаач мэргэжилтэй үл итгэгч хоёрт бурхны цэцэг гэгдэх цэцгийг үзүүлбэл хэнийх нь тархинаас гоо зүйг таашаах үед ялгарах синапс гэрэлтэхийг шалгачихъя гээд “Амлая итгэгч нарт илүү гэрэлтэнэ” хэмээн бооцоо тавьж байгаа юм. Үүний хажуугаар Паскалын бооцооны онол гэх нэгэн онол бий. Онол ёсоор бол шашинд итгэгчдийн ихэнх нь:
“Чи бурхан байдагт итгэдэг. Тэгээд Бурхан үнэхээр байдаг бол чи хожиж диваажинд очно. Харин чи Бурхан байдагт итгэдэг ч Бурхан байдаггүй болж таарвал чи мэдээж хожигдоно. Гэхдээ тэгээд алдах юм байхгүй.” Дараа нь “Бурхан ашиг хонжоо хөөсөн зусар итгэгчээс чин шударгаар эргэлзэгчийг илүүд үзэх байлгүй” хэмээн хэлэх үггүй болгоно.
Өнөөх гоо зүйг илүү таашаагч бурханд итгэгчдийг бооцооны онолоор егөөдөн харуулж буй нь энэ. Нэгэнтээ Барнс бурхнаас айх айдас гайхах бишрэхээс эхтэй учир сүсэг бишрэлд суурилсан урлагийн бүтээлийг шашинтай нь хамт хүндэлсэн. Гэхдээ бурхнаас тусламж гуйгаагүй.
Бурхнаас айсандаа бишрээд дуу дуулаад, мөргөл үйлдээд байж болно. Харин үхлийг бишрэх ямар ч боломжгүй. Жулиан Барнс үхлээс айх айдастай бусад хүмүүсийн жишээгээр, үхлийн тухай тэмдэглэл, хөгжим тэдгээрийг бүтээсэн уран бүтээлчдийн тухай, үхлээс айх айдаст нь нөлөөлсөн гэр бүлээ дурдана. Үхлээс айх айдсаа бусадтай жишиж жижгэрүүлэх эргэцүүлэл дээр өөрийн найз Г, өөрийн холын хамаатан зохиолч Жюль Ренар, танатофобийн алтан медальт хөгжмийн зохиолч Рахманинов зэргийн хүмүүсийн айсан жишээнүүдийг дурдаад “Би харьцангуй гайгүй байгаа биз дээ? Тэгээд ч энэ айдас чинь тоглоом биш шүү” гэх утгатай хүүрнэлээр үнэнээ өчнө. Намтарчилсан эсээний энэ мэт хэсэгт Барнсын уншигчтайгаа харьцаж байгаа харилцааны сонирхолтой элементүүд орж ирнэ. Эдгээрт та өөрөө ч хариу өгмөөр санагдаад болохгүй. Тэгээд дээрх үгэнд нь нэг л итгэхгүй. Цааш нь:
“Үхлийн айдсаа өшөө жижгэрүүлээч” хэмээх уншигчийн ёжтой инээдийг сонссон мэт оцон шувууны тухай сонирхолтой хүүрнэлийг заавал уншаарай хэмээгээд тайлбарлалгүй орхиё. Оцон шувууны талаар дурдаад ч уншигчаас дахин ёжтой инээд сонсож магадгүй гээд удаах эшлэлийг дурдлаа.
“Кэмбрижийн Сансар судлал, астрофизикийн профессор Мартин Рийсийн хэлсэн үг үнэхээр сэтгэл догдлууллаа:
Би хүмүүсийг бидний өмнө хэчнээн аугаа уудам цаг хугацаа хүлээж байгааг арай илүү өргөн хүрээнд олж хараасай гэж хүсэж байна. Ихэнх боловсролтой хүн бид бол Дарвины томьёолсноор 4 тэрбум жилийн шалгарлын үр дүн гэдгийг мэддэг ч, маш олон хүн “хүнийг” энэ хувьслын оргил цэг нь гэж боддог. Манай нар гэтэл амьдралынхаа талыг ч туулаагүй байна. Нарны мөхлийг хүмүүс бид үзэх ч үгүй, 6 тэрбум жилийн дараа болох үйл явдал шүү дээ. Бид бактер болон нэг эст амьтнаас хэчнээн их ялгаатай билээ, нар мөхөх үед оршин байх амьтдад ч биднээс төдий чинээ ялгаатай байх болно”
Ертөнцийн хэчнээн аугаа уудам болохыг хэмжиж өөртэйгөө жишихэд л “Хүн төрөлхтөн нэг тоосонцор төдий байж Барнс минь үхэлд санаа зовж яах юм” гээд уншигч та түүний талд орчихсон явж байх вий.
Ингээд зохиолчийн үзэл санаа тогтсон намтрыг эсээчилсэн эшлэлүүд, хурц егөөдлийн хамтаар санал нэг нийлж, нэг зөрж уншиж дууссаны дараа ахыгаа гэр бүлээ шашингүй үзэлтэйгээ хамтад өгүүлсэн жижиг хэсгүүдийн учрыг үхлийн тухай эцсийн эргэцүүлэлдээ зангидаж төгсгөж байгаа юм. Намтраас зохиолч өөрийгөө хэрхэн тодорхойлсныг номоос нь дүгнэвэл:
Аавыгаа дуурайсан агностик үзэлтэй урлагийн өндөр мэдрэмжтэй, урлагийн гоо сайхныг эрхэмлэдэг хүн гэсэн тодорхойлолт ахтайгаа жишин харьцуулсан намтраас гарч ирнэ. Ах нь ээжийгээ илүү дуурайсан үхлээс айх айдасгүй шашингүй үзэлтэй философич. Гэлээ ч ахынхаа тэс эсрэг оршихуй биш. Эндээс ахтайгаа ижил оюунлаг хэдий ч түүнээс илүү нь урлагийн мэдрэмж харьцангуй зөөлөн сэтгэл заяасан гэх утгатай дүгнэлт гаргаж болж байна. Харьцангуй зөөлөн сэтгэлтэй учраас хааяа бурхныг үгүйлэх шалтгаан гардаг байж болох. Тэгвэл үхлийн тухай рацианоль дүгнэлт хийгээд байсан хүн чинь тэгээд иррацианоль байж таарав уу?
Дүгнэлтүүд
– Агностик үзэл санааны бодит хэмжүүр
Өөрийнх нь бурхныг бий гэдэгт итгэдэггүй ч бурхны оршихуйг үгүйсгэдэггүй үзэл санааны бодит прагматик хэмжүүрийг номын төгсгөлийн “БАЯРТАЙ, БАЯРТАЙ, Баяртай” хэмээх гурван үгнээс үсгийн өндөр нь дундаж нүдэнд дулаахан донжтой нь илэрхийлж байгааг сонговол номын төгсгөлд зохиогч ч өөрөө БАЯРТАЙ гэдгийг нь сонгоод дуусгажээ. Хэл шинжээчийнхээ онцлогийг агностик үзлийнхээ хэмжүүр төдийхөн ч болгоогүй л дээ. “Жаргалтай бурхангүй үзэлтэн би бээр…” гэсэн өгүүлбэрийнхээ араас жаргалтай гэдэг нь зөвхөн бурхангүй үзэл дээр л тэр шүү хэмээн бидний төөрөгдөл хийгээд хөөрөгдөлийг аль алийг нь дарж байх болно.
– Биографик дүгнэлт
Намтарчилсан эсээ учраас зохиолч нь өөрөө ил өчөөгүй мөртлөө санаандгүй илчилсэн зүйлс байгаа нь гярхай уншигчид сонирхолтой байж болно. Дунд сургуулийнх нь найз “Агуу Алекс” гэх хүү “бурхан үхсэн” хэмээн Барнсд хэлж Ницшетэй танилцуулжээ. Тэрхүү найз нь амьдралд нь сайнаар эсвэл муугаар дурсагдан өдийг хүрсэн тэр сэтгэгдлийг нь сайн төнхөж уншиж болохгүй байсан л даа. Ер нь эцэг эхийнхээ үгнээс илүү үеийнхнийхээ үгийг сонсдог өсвөр насан дээр нь шүтлэггүй болоход нөлөөлсөн найзыгаа сайнаар лав дурсахгүй байж магад. (Учир нь тэр итгэдэггүй бурхнаа үгүйлдэг шүү дээ) Тийм ч учраас найздаа жаахан гомдонгуй, басхүү бишрэнгүй явснаа “Төгсгөлийн мэдрэмж” роман дээрээ өгүүлсэн буй. Тони Вебстер хэмээх дүрийн ээж нь ч, найз охин нь ч Адриан хэмээх найзыг нь өөрөөс нь ухаантай хэмээн ялган харьцаж буй зохиолын уур амьсгал бүрдүүлдэг. Гэтэл өнөөх өөрөөс нь ухаантай найзын дүр нь амьдрал дээрх Агуу Алексийн адил залуу насандаа нас барна. Зохиолд Адрианыг “Жинхэнэ сонгодог аргаар амиа хорлосон” хэмээн эхлэн дүгнэснээ зохиолын туйл хэсэгт хэчнээн амиа хичээгч вэ гэдгийн нотлох баримтыг дэлгэж байх жишээтэй. Зохиолчийн амьдрал дээрх бодит хүн зохиолд нь дүр болон орсон бол биографик үүднээс таамаг дэвшүүлж болдог билээ. Зохиолд дурдаж буй Адрианы дүр үнэнээ нууж, гол дүр буюу Тонигийн ойлголтыг төөрөлдүүлснээр зохиолд интерпретаци хийх боломжтой болгожээ. Харин түүний ухаалаг байдал хийгээд залуудаа амиа хорлож буй үйлдэл нь агуу Алексийн үйлдэлтэй ижил учир бодит амьдралаасаа сэдэвчилсэн оруулсан дүр болохыг текстийн үнэлгээгээр илрүүлж болно гэж таамаглав. Эсвэл зохиолд буй Алекс гэх найзын дүрээсээ Адрианы үхлийг сонсдог ба Алексийн дүр гол үнэний эх сурвалжийн субъект болж буй.
Тэгэхээр зохиолч хэрвээ агуу Алексийг сайнаар дурсдаг бол “Төгсгөлийн мэдрэмж” зохиолд гол үнэний эх сурвалж болсон Алексийн дүрээр илэрхийлсэн байж болно. Харин таагүй дурсамжтай бол Адрианы дүрээр ч илэрхийлсэн байж магад бөгөөд биографик текст шинжлэлд судалгааны чиглэл сэдэв болгон эх хэл дээр нь судалгаа хийж болмоор сэдэв юм.
– Дурсамжийн тухай эргэцүүлэл
Жулиан Барнс нас явахын хэрээр хүмүүстэй холбоотой дурсамжаа тухайн хүний санаж байгаагаас огт ондоо байгаа тухай эргэцүүллээ “Төгсгөлийн мэдрэмж”, “Айх зүйл үгүй” хоёр бүтээлдээ хоёуланд нь тусгасан байгаа юм. Нээрээ л дурсамж гэдэг сонин эд болохыг нь “… логикийн хувьд боломжгүй хэцүү байсан ч хүмүүс бид санаж буйгаасаа илүүтэй мартсанаа ярих ч хэрэгтэй байж мэдэх юм…” хэмээх хүртлээ эргэцүүлэхдээ ч дунд нь “…өөд болоочид амьд үлдэгсдийнхээ дурсамжид хэвээр үлддэг гэдэгтэй ихэнх маань санал нийлдэг” гэсэн ч бий. Дурсамж бол нас явахын хэрээр эргэцүүлүүштэй сэдвүүдийн нэг болдог тухай цөөнгүй дурдсан амьдралд сонирхогчийн түвшний (бид бүгд л ижил) зохиолч маань хэнтэй ч ярихад тохиромжтой нэгэн сэдвийг гайхалтай өнцгөөр бидэнд нээж өгч байгаа юм.
-Орчин үеийн үхэл
Намтар эсээ элдэв уянгын халилтай дүгнэлтгүй, хар бараан дурсамж бичсэн хэдий ч чимх егөөдөлтэй өгүүлбэрүүдээр хачирлахаар шимтэн уншиж болж байна. Басхүү харьцуулан тунгаах үзэл бодлын зөрүү нь уншиж байсан номоо түр тавиад удаан бодлогошрох тохиол олгоно. Жишээ нь: намтар эсээний турш эшлэл авах Жюль Ренар “Тэмдэглэл”-дээ “1982 оны долоодугаар сарын 25: Эмч “Хүн өөртөө меньерийн өвчин үүсгэх боломжгүй. Тэгэхээр таных төрөлхийн өвчин” гэсэн сэн. Би хариуд нь “Өө ашгүй, тэгвэл эцэг эхээ л буруутгах юм байна” гэсэн сэн” Хэмээгээд өөрийнхөө бас дүлийрсэн тухайгаа бичиж байгаа юм. Гэтэл монголчууд яадаг билээ? Хөгшчүүл чих хатуурсныгаа “Энэ чинь буян шүү дээ. Ертөнцийн шуугианаас холдож байгаа юм” гэдэг. Энэхүү хоёр тохиолдлыг харьцуулаад нүглийн эсрэг л юм чинь дүлийрэх хүртэл үхэлд бэлтгэгдэх сайн зүйл болж байгаа юм гэх мэтчилэн элдвийг эргэцүүлэн бодож байтал эл эргэцүүллийн эсрэг номонд “Ёс заншил хаалгаар гарч, оронд нь төрийн хүнд сурталтай системт горим руу шилжсэн” гэнгүүт “Бурхан болоочийг нас барсан гэж төрснийхөөс нь том гэрчилгээ олгож байна” гэх эмээгийн үгтэй цуг сонсогдоод элгээ хөштөл инээж, Барнсын тодорхойлсон орчин үеийн үхэл бидэнд ч ялгаагүй тохиолддог болсон нь ижилхэн харуусал төрүүлэн сууна. Эмнэлэг явах дургүй хөгшчүүдийн шалтгаан нь орчин үеийн үхэлтэй өөрийнх нь амар амгалангийн замдаа (бидний л нэрлэдгээр) явах хүсэл нь тохирдоггүй болохыг та ойлгож магад.
-Дахин нэг дүгнэлт
“…Бичих хүслийг тань үхлийн айдастай хамт огт оргүй болгоод өгье. Та зөвшөөрч байна уу?” гэвэл хариуд нь өөрийнхөө урын санг шалгаж, бодолхийлж байснаа, “Бичих хүсэлтэй минь хамт үхлийг үгүй хийгээд аль” хэмээн мөнхрөх хүсэлтэйдээ бичиж байгаа гэдгээ егөөдөж чаддаг, илэн далангүй намтар зохиол биччих зоригт монголын ач өсөж өндийж байгаа гэж найднам.
Нийтлэл бичсэн: С.Энхцэцэг, Г.Барсболд

-
Энхцэцэг
- 07/23/2025
ҮХЭЛ ШИНЖЛЭЛ-АЙХ ЗҮЙЛ ҮГҮЙ
Англи хэлт уран зохиолын орчин цагийн гол төлөөлөгч, Мэн Бүүкэрийн шагналт зохиолч Жулиан Барнстай монгол уншигчид "Төгсгөлийн мэдрэмж" зохиолоор нь…
Бие хүнийг мартсаны дараах 632 он
- 07/18/2025
Ганцхан тун хайр
- 07/09/2025
Leave a Reply