Press ESC to close

Усны ГудамжУсны Гудамж Бичээчийн Хөгжих Талбар

Бүрэнхий бас уйтгарын тухай шинэ сонин үгүй л – Д.Ганцэцэг

Усны гудамжийн онцлох шүлэгч Д.Ганцэцэг. Тэрээр өдгөө БНСУ-ын Ханбат Их Сургуульд Бизнесийн удирдлага мэргэжлээр суралцаж буй. Бид цахим шууданд ирүүлсэн бүтээлүүдээс түүний шүлгийг уншиж, шүлэгчтэйгээ холбоо тогтоосноос хойш богиногүй хугацааг үдсэн юм. Харин долдугаар сар охорлож шинэ сар, шинэ улирлын салхи сэвэлзсэн ийм өдөр түүний шүлгүүдийг уншигчдадаа өргөн барих учиртай байжээ.

Хамтдаа суугаад 

Өөр өөрийн ганцаардлаа эргэн санахуй 

Хэчнээн сайхан. 

Өвдсөн, гунигласан 

Өнчирсөн, хагацсан 

Хатуудсан, илүүдсэн мэт 

Хачин хүнд өдрүүд өнгөрч. 

Ихэнхэд нь шүд зуун чимээгүй тэмцсэн ч 

Эхэр татан гашуудсан мөчүүд ч цөөн байсангүй. 

Хурдны зам дээр давхин өнгөрсөн мэт 

Хуучирсан, эдгэсэн, холдож одсон бүхэн

Хат суулгасан, зааж сургасан л байж. 

Ердөө л… 

Гадаа бороо орж, харин чи тэртээ хол 

Гараас минь атгаагүй мөртлөө л урьдынх шигээ 

Ганцаардлаас холтгон дулаацуулах мэт 

Гараг ертөнц гэвч одоо ч бидний талд биш. 

Нэгэн тивийн хоёр талд суугаад 

Өөр өөрийн амьдралаа эвлүүлж суухуй 

Өвтгөх, шаналгах ямархан нэг зүйл 

Өөдөөс гэтэн анах мэт

Амьдрал гэвч…

***

Чамайг дагаад 

Яг эндээс унах хүсэл 

Чиний даль жигүүрээс зүүгдэн 

дээшээ нисэх хүсэл 

Хар даа, 

Орхисон нь чи 

Үлдсэн нь би 

Үлдээж хоцроосон 

Яг тэр ирмэг дээрээс 

Чи л нэрээр минь дуудвал 

Амьдарна гэсэн итгэлээсээ 

нэрээ татаж авах зориг. 

Тийм зоригоор шагнасан 

Чиний бүтээсэн миний арван долоон нас.

Бидний үзэн яддаг зүйлс

Бид үргэлж л ийм цаг агаарыг үзэн яддаг байсан 

Алга хөлрөхөд, нүүр улайхад, салхилахгүй удахад, 

бас нэгнээ тэврэхгүй удахад, 

Тусдаа унтахад, харц тулгарахгүй удахад дургүй байсан 

Бид үргэлж л аянга цахилгаантай шөнийг үзэн яддаг байсан 

Нэг нь дотор хүлээзнэж, нөгөө нь гадаа даарч зогсоход, 

Үе үе цочиж сэрчхээд буцаж унтаж чадахгүй байхад, 

Хөл бүлээцэхгүй байхад, хүйтэн зэврүүн өглөөг угтахад дургүй байсан

Бид үргэлж л бусдын бодол гэнэт өөрчлөгддөгийг үзэн яддаг байсан 

Гэнэт холдох хэрэгтэй болоход, гэртээ харих ёстой болоход, 

Биднээс ихэнх зүйлс шалтгаалахгүйг мэдэхэд, 

Үргэлжид бардам зан дийлдэг байхад дургүй байсан 

Бид үргэлж л өөр мөрөөдөлтэй байснаа үзэн яддаг байсан 

Урт наслах тухай бодоход, зарим зүйлсийг төлөвлөхөд, 

Төлөвлөсөн зүйлс ихэнхдээ л нурчихдаг байсанд, 

Тэгээд бид үргэлж л хагацан салахаа мэддэгтээ дургүй байсан…

***

Чамдаа, чамдаа гэж дотночлон бичсэн бүх шүлэг 

Чиний тухай бишийг мэдэх ямар байсан бэ? 

Одоо хэр нь эдгэж амжаагүй сорвио имрээд л 

Орон дотроо уйлахад чи минь хэр их өвддөг вэ? 

Хойно үлдээсэн, мартсан гэх бүрдээ 

Хоолойгоо боомилоод одоохон үхмээр санагддагаа 

Хорсож, цээжинд тулсан хүйтэн амьсгалаа залгиж зогсохдоо 

Хэзээ ч мартаагүйгээ хэлвэл чи минь хэр гүн шархлах вэ? 

Шархтай яваа би чамайг ч бас гэмтээсээр байхад 

Шаналлыг минь эдгээх гэж чи хэчнээн их зүдэрнэ вэ 

Чин үнэний өмнө би толгой бөхийн номхровч 

Чиний хайрын өмнө бүр л хүлцэнгүйд баригдах юм даа.

***

Тэсвэр алдаад л 

Бороонд гараад гүйчихдэг байсан цаг 

Тийм дээ, бид хүүхэд байлаа шүү дээ 

Тэмүүлэл гэдэг үг бидний үгийн санг дүүргэж 

Харц солилцож, ном өгөлцөж… 

Хайр хүрмээр, ямар гэгээн байгаа вэ 

Нэг чихэвчээр дуу сонсож 

Нэлээд цагт нь үг дуугүй хөтлөлцөн алхаж 

Хамтдаа хөгжим тоглож, уулын оройгоос 

Ертөнцийг тольдоод л 

Ер бусын, бас ямар энгийн байгаа вэ 

Чи бид хоёр…

***

Бүрэнхий бас уйтгарын тухай 

Шинэ сонин даанч алга 

Бүгчим энэ шөнүүдийн хаа нэгтээ л 

Чамайг гээчихсэн аятай 

Бүрэн нойрсож ч чадахгүй үүр цайлгах нь 

Танил бус биш ч гэлээ 

Санахын тэр их уйтгар гуниг одоо ч 

Салхи шиг хуучнаараа гэдгийг хэлэх гэсэн юм. 

Зурж амжаагүй гарын үсгийн 

Хоосон цагаан мөрийг тэмтрэх бүрдээ 

Зулгарчихсан жижиг шархны чинь 

Зургийг авах дуртай байснаа, 

Гитарын цүнхнийхээ хажуу халаасанд шургуулж хийсэн 

Ганц нэгхэн хувцастай аянд гардгийг чинь дурсдаг юм. 

Одоо чи ертөнцийн нэгэн хязгаарт бүлээн салхинд илбүүлэн 

Од мичдийн эсвэл цэнхэртэх далайн зургийг дарж яваа байх. 

Өнгөрөн одсон долоон жилийн хаа нэгтээ хайр байсан эсэхийг 

Өдөн санахын ч завгүй гүйж яваа байх. 

Бүрэнхий бас уйтгарын тухай 

Шинэ зүйл алга 

Өдрүүд, сарууд, жилүүд 

Хурднаас хурдан өнгөрөвч 

Бүдгэрч арилаагүй зүйл

Ганцхан л байна…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

@Katen on Instagram
[instagram-feed feed=1]