Press ESC to close

Усны ГудамжУсны Гудамж Бичээчийн Хөгжих Талбар

Хар эрвээхэй – Лую Гоо Фаны богино өгүүллэгүүд

Хятадын орчин үеийн уран зохиолд богино өгүүллэгээрээ алдаршсан Лую Гоо Фаны бүтээлүүдийг Б.Манлайцогтын орчуулгаар хүргэж байна. 

Амьдрал

Өглөө эртлэн тэр усанд явахдаа мөн л хүүхэд байсан билээ. 

Үүр хараахан гэгээрээгүй байлаа. Усанд хөнөгөө дүрээд татахад толигор нарыг ч хамтад нь хутгаж гаргав. 

Тэгээд дамнуургаа мөрөн дээрээ тавин хөнөгөө сажлуулан алхав. 

Дэмий хол явалгүй зогсож амарлаа. 

Нарны доогуур будан хөшиглөж, гэр нь нэлээд хол байгааг анзаарчээ. 

Хөнгөн санаа алдав. Ийм хол зам… хэдийдээ ч хүрдэг билээ дээ. 

Тийм ээ, замынхаа гудаст том хүн болчхов. 

Нар дээрээс нь төөнөнө. 

Ахиад амрахдаа эргэж хараад газар дэмий хороогоогүйг ойлгов. Худаг энүүхэнд байна. Нарны хурц гэрэлд юмс тод үзэгдэх ажээ. 

Гүн санаа алдаж, ийм ойрхон зай… Насныхаа хагасыг хэдий нь элээжээ. 

Хөнөгөө дамнасаар явж эхлэв. 

Гэртээ дөхжээ. Нарны хурц гэрэл мөн л тэндхийг гийгүүлэх аж. 

Гэр нь овоо ойртсоныг мэдрэв. 

Мөрөн дээрх дамнуурга нь ч гайгүй хөнгөрсөн мэт санагдана. Түргэлэн алхаж гэртээ түргэхэн хүрэх сэн гэж яарна. 

Харамсалтай нь үүдэндээ тулахад хариугүй өтөлжээ. 

Мөрөө амрааж түр зогсов. Хөнөгт нь нар хэвээрээ байв. 

Үдшийн шар бүрийд хавь орчин сүүмэлзэнэ. Худгийг бараалбал хол ч биш, ойр ч биш бүртэлзэнэ. 

Гүн санаа алдав. Явсан замынхаа уртыг баримжаалж чадсангүй. Юутай ч үүнийг туулах гэж нэгэн насыг зориулжээ. 

Дамнуургынхаа хүндийг ч тооцоолж чадсангүй. Гэхдээ л насаар нь биеийг нь тас дарсан шүү дээ. 

Дамнуургаа мөрлөн өндийлөө. Хатавч нь хэтэрхий өндөр тул хөлөө өргөж даалгүй бүдрэв. Тэр тээглээд уначихжээ. Дамнуурга мөрнөөс нь гулган уналаа. 

Ус асгаран нэлийтэл урсав. 

Хөнөгт нь байсан нар ч газарт шидэгдэв. Нар нь сүйрчээ. Нар нь сүйрсэн тул тэнгэр ч харангуйлжээ.

Лую Гоо Фан 1957 онд Жянси нутагт мэндэлжээ. Түүний бүтээлийг богино өгүүллэгийн мастер Ж.Лхагвын өгүүллэгүүдтэй зүйрлэж болом.

Хар эрвээхэй

Тухайн үед хүү нь өвөрт нь цээжийг нь налаад сууж байв. Хар, асар том эрвээхэй нисэн ирэв. Хүү нь өврөөс нь мултран бууж, тэнтэр тунтар алхан хөөв. Хүүд эрвээхэй баригдсангүй, харин тэр гүйж очоод хүүгээ барьж аваад “Эрвээхэй бариузай” гэж захижээ. 

Хүү толгойгоо өргөөд “Яагаад?” гэж гайхав.

“Хүн өнгөрөөд эрвээхий болдог юм” гэж тэр хэлжээ.

“Өнгөрсөн хүн болгон эрвээхэй болох уу?”

“Хүн болгон эрвээхий болно”

“Аав ч бас хожим эрвээхэй болох уу?”

“Ингэж ярьж болдоггүй юм аа”

Хүү нь ахиад л эрвээхий барих гээд байсан тул тэр хоёр гарыг нь чанга барилаа. Олон эрвээхий толгой дээгүүр нь бүжин эргэлдэх аж. Хүү толгойгоо өргөж харснаа “Ийм олон хүн эрвээхэй болсон байх нь ээ” гэж хашхирав.

Тэр хүүгээ аваад гэртээ буцав.

Үүнээс хойш тэр хүүтэйгээ хамт байх нь цөөрөв. Маш хөөрхөн хүүхэнтэй үерхэж, нөгөө бүсгүй нь өдөржин хамт байхыг хүснэ.

Нэг удаа бүсгүй “Хоёулаа гэрлэх үү?” гэж хэлжээ.

“Хүүдээ сэтгэл хоргодоод байна” гэж тэр хариулав.

“Би чамд төрүүлээд л өгчихнө өө” гэж бүсгүй амлажээ.

Тэр хэсэг гөлөрснөө толгой дохижээ.

Чингээд гэрлэлтээ цуцлуулж, юм хумаа аваад гэрээс гарахад нь хүү гараас нь зууран “Аав аа, хаашаа явах гэж байгаа юм бэ?” гэж асуув.

“Хол явна аа” гэж худал хэлжээ.

“Та намайг хаяж байгаа юм уу?”

Тэр юу гэж хариулахаа мэдэхгүй тээнэгэлзэв.

Нэг маш том хар эрвээхэй нисэж ирэв.

Хүү нь эрвээхэйг ширтэн хөдлөлгүй хөшиж орхисныг тэр анзааржээ.

Хар эрвээхэй эргэлдэн ниссээр одов.

Тэр ч яваад өгчээ.

Хожмоо хүүтэйгээ уулзаж чадахгүй болов. Хүүгээ энсэн санана. Хүүгээ үгүйлэх бүрд шинэ эхнэр нь хэвлийгээ алгадан “Дэмий санаа чилээх хэрэггүй, би төрүүлээд л өгнө” гэдэг байв.

Тэр ч хувь заяатайгаа эвлэрчээ.

Тэгээд шинэ эхнэрийнхээ хэвлий нь бондойхыг хүлээв. Хүлээн хүлээсээр, хүлээсээр л байв. Эхнэр нь хүү төрүүлж өгсөнгүй.

Хүүгээ санах  нь улам хэцүү болов.

Нэг удаа үнэхээр тэвчээр нь барагдаж, эхнэрээсээ нуугаад хүүгээ эргэхээр явжээ. Олон жил улиран одсон тул хүүгийнхээ хаашаа нүүснийг хайж олох гэж махаа иджээ. Юутай ч сураг чимээ гаргаж чадав.

Амьдардаг гэрийг нь хайж очоод, унаган төрхөө хэдийн гээчихсэн том биетэй хүүг олж харав. Тэр хүүхдийг харц салгалгүй ширтэн, нэг л танил бус санагдаж байсан ч зөн совин нь хүү чинь мөн гэж итгүүлж дөнгөжээ. Чингээд хүүгээс “Намайг таних уу?” гэж асуулаа.

Хүү толгой сэгсрэв.

Хүүг сайн харахыг сануулав.

Хүү сайн харж харж “Би чамайг танихгүй юм байна” гэжээ.

“Аав чинь байна шүү дээ”

“Биш ээ, чи миний аав биш” гэж хүү хариулав.

“Аав чинь мөн, би чиний аав байна”

“Биш ээ, чи миний аав биш”

“Мөөөөн, би чиний аав мөн” гэж тэр зөрүүдэллээ.

Хүү түүнтэй маргалдахаа больж, гэртээ гүйж ороод, жижигхэн модон сав авч ирэн түүнд өгөөд “Миний аав энд байна” гэжээ.

Жижигхэн модон савыг онгойлгов.

Тэр модон савыг онгойлгох төдийд нулимс нь асгаран буув.

Сав дотор нэг эрвээхэй байлаа.

Хар, маш том эрвээхэй.

Хятад хэлээс орчуулсан Б.Манлайцогт

Хар эрвээхэй – Лую Гоо Фаны богино өгүүллэгүүд

Хятадын орчин үеийн уран зохиолд богино өгүүллэгээрээ алдаршсан Лую Гоо Фаны бүтээлүүдийг Б.Манлайцогтын орчуулгаар хүргэж байна. АмьдралӨглөө эртлэн тэр усанд явахдаа…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

@Katen on Instagram
[instagram-feed feed=1]