Press ESC to close

Усны ГудамжУсны Гудамж Бичээчийн Хөгжих Талбар

Заваан, хэнд ч хэрэггүй дайнд дэлхий дасаад эхэлж, би бол эвлэрч чадахгүй

2025 оны Нобелийн утга зохиолын шагналыг хүртсэн Унгарын зохиолч Ласло Краснахоркайн Йэль Рэвьюд өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна. Шинэхэн нобелтонтой Йэль Рэвьюн сэтгүүлч, зохиолч Хари Күнзрү өнгөрөгч хоёрдугаар сард хөөрөлдсөн нь ийм буюу.

***

Хамгийн сүүлд түүнтэй уулзахад тэр надад хайртайгаа тунхаглаж билээ. Мэдээж галерейн үзэгдчийн өмнө илтгэл тавьж байхдаа тэр өөрийн бичлэгийн өвөрмөц хэв маягийн талаар ийн дүрсэлж байсан хэрэг л дээ. Гэлээ ч надад аятайхан байсан. Краснахоркай бол Унгарын хамгийн нэр хүндтэй зохиолчдын нэг. Нобелын шагнал хүртэх магадлалтай хүний тоонд бараг жил болгон нэр нь багтдаг гэхэд хилсдэхгүй. Анхны зохиолуудаа кино болгох ажилд Кино найруулагч Белла Тарртай хамтарснаар оршихуйн гүн гүнзгий утга санаа бүхий, гутранги ч гэмээр өвөрмөц дүрслэл дэлхийн үзэгчдийн хүртээл болсон билээ. 

Бичлэгийн арга барилын хувьд тасралтгүй хэдэн арван хуудас дамнан үргэлжлэх нийлмэл өгүүлбэрээрээ алдартай. Гүн ухааны эргэцүүлэл, хошин элэглэл зэрэг хязгааргүй уян хатан дүрслэлүүд дунд түүний зохиолууд өрнөдөг. Зохиолчийн хэлсэнчлэн илэрхийлэхэд ихээхэн зориг, цаг хугацаа шаардагдах “хайр” гэх мэт чухаг сэдвүүдийг богино өгүүлбэрт багтаан бичих аргагүй ажээ. Тэрбээр нэгэнтээ “цэг” гэгч бол бурханы эд хэмээсэн билээ. Гэвч өгүүлбэрүүд нь ийн урт үргэлжилдэг нь уламжлалт модернист утга зохиолын “ухамсрын урсгал” шиг эмх замбараагүй дотоод сэтгэлийн илэрхийллүүд биш. Харин ертөнц дэх бүхнийг хамарсан сониуч эрэлхийлэл тул уг арга барил нь уншигчийг дуусашгүй урсгал руугаа хаман одох бөлгөө.

ХК: Таны “An Angel Passed Above Us” өгүүллэгийн үйл явдал Украйнд өрнөдөг шүү дээ. Украйны дайны тухайд та юу гэж бодож байна вэ? Европ, тэр дундаа Унгарын уугуул, мөн Германд чамгүй олон жил амьдарсан хүний хувьд энэ дайныг юу гэж харж буй нь сонирхолтой байна л даа.

ЛК: Дэлхийн нэгдүгээр дайн үндсэндээ давтагдаж байна уу даа?! Юу гээч?! 

Айдас хүйдэс төрж байна. Украйн манай Унгартай хил залгаа улс. Гэвч өдгөө Орбаны засаглал Унгарын түүхэнд бараг л үзэгдээгүй байр суурь дээр байна. Уг нь Унгарчууд бид түүхэндээ ямагт дайралтад өртөж, ялагдал амсаж ирсэн улс атал улс төрийн манлайлагчид нь өрнөж буй хэрэг явдалд “төвийг сахиж” сууна чинээ санасангүй.

Оросууд хөрш улсад нь халдан орж байхад орон улс минь яаж төвийг сахиж дөнгөнө вэ? Тэд бүтэн гурван жилийн турш Украйнчуудыг хөнөөв биш үү! Гэтэл Унгарын Ерөнхий сайд үүнийг “Славуудын дотоод асуудал” гэв үү?! Хүний амь үрэгдэж байхад яахан дотоод асуудал байж таарах билээ. Цагийн цагт түрэмгийлүүлж замнасан түүхтэй улсын эрх баригч ийн хэлж байна шүү дээ. Унгарыг  халдан ирэгсдэд Орос ч багтдаг. Өдгөөх Оросууд хийгээд урьд довтолгон ирсэн оросууд ав адил.

ХК: “An Angel Passed Above Us” өгүүллэгт нуувчинд хэвтээ үхлүүд хоёр эр гардаг. Нэг нь нөгөөдөө даяарчлалын гайхамгийн тухай үлгэр ярьж өгч буй. Гэвч үлгэр хийгээд үхлүүд эрсийн байр байдал тэс өмнөө. Чухам яагаад ийм эсрэг тэсрэг өгүүлэмжийг зэрэгцүүлэн тавьсан бэ?

ЛК: Заваан, хэнд ч хэрэггүй дайн нүдний өмнө өрнөж, дэлхий дахин хэдийнээ дасаад эхэлж. Харин би бол эвлэрч чадахгүй. Хүмүүс нэгнээ хөнөөж буйг хүлээн зөвшөөрөхдөө би маруухан л даа. Тэгэхээр  хэвийн бус этгээд нь би өөрөө ч байж мэдэх юм. Дайнтай зэрэгцээд цахим ертөнцөд технологийн дотор зарсхийлгэм хурдтай хөгжил бидэнд шинэ сайхан ертөнцийг авчирна гэх. Жинхэнэ солиорол. Мөн өмнөх зууны дайны гал дахин дүрэлзэж ахуйд зарим нь “Бид тун удахгүй Ангараг гарагт бууна” гэнэ. Эхний зорчигчид нь Путин, түүнийг дэмжигчид байгаасай билээ.

ХК:Таны зохиол дээр хүүрнэгч “…Би ирээдүйг сонждог хүн биш, ерөнхий хандлага, өгөгдөл баримтыг л шинждэг” гэдэг. Тэр өргөн хүрээний бүх ертөнцийн түвшний асуудалд ч тэр, хувь хүний сэтгэлзүйн түвшний нарийн асуудалд ч тэр ер нь тийм ч таатай ханддаггүй. Гагцхүү нийгмийн хүрээний асуудалд л анхаарал илүү татагддаг шүү дээ. Тэгвэл ирээдүйн тухай мэднэ гэдэг нь өгөгдөл, баримтаар тайлбарлагдчихдаг эд мөн үү?, эсвэл түүнээс давсан сүнслэг ойлголт болж таарав уу?

ЛК: Эл асуулт өөрөө тийм ч таатай биш. Эцсийн эцэст зохиолын үйл явдал нийгмийн орчинд өрнөхгүй. Ердөө нэг шархадсан цэрэг үхлийн ирмэгт байгаа нэгэндээ амь зогоох итгэл найдварын тухай ярьж өгч байгаа л түүх. Бүх зүйл өөрчлөгдөж, гайхалтай болж мэдэх шинэ үзэсгэлэнтэй дэлхийн тухай өгүүлэх түүх… Хүмүүний төрөлх зөн нь л хажуудахдаа амар амгаланг урихад хүргэж байна. Угаас ч тэдэнд өөр ямар ч найдвар үлдээгүй. Дижитал ирээдүйн тухай яригч нөхөр өөрөө ч энэ бүхэн зүгээр л хугацаа хожих оролдлого гэдгийг мэдэж байгаа. Нөхөд нь тэдэн дээр ирнэ гэсэн горьдлого хэн хэн нь тээх боловч тийм зүйл хэзээ ч болохгүйг бас хоёул сайн мэдэж л байгаа. Тэгэхээр энэ ярианд ямар ч сүнслэг, эсвэл метафизик утга байхгүй. Үнэндээ энэ бол туйлын бодит. Итгэл найдвар эвдрэн үгүйрсэн үед хүнд шарх олсон нөхрөө хий хоосон үгээр амьд байлгахыг оролдох хэн нэгний тухай бодит түүх.

ХК: Дайны нуувчин дахь энэ орчин таны зохиолуудад ээнэгшсэн үзэгдэл. Сюзан Сонтагийн таны тухай “цөвүүн гамшгийн эзэн” хэмээсэн тодорхойлолт таныг үргэлж дагадгийг би мэднэ л дээ. Гэхдээ таны бүтээлүүд дэх цөвүүн цаг бол гэнэт л галав юүлээд байгаа хэрэг огтоосоо биш. Хүн төрөлхтний өөрсдийнх нь бүтээсэн аажим аажмаар мэрэн идэгч ямар нэгэн зүйл байж таарна. Тэгэхээр бид ирээдүйтэй ямар харилцаатай байх ёстой гэж? Бид сүйрлийн өмнө морилоод байна уу? Эсвэл сүйрэл төгсгөлийн дараах үеийг туулаад байна уу?

ЛК: Цөвүүн цаг гэдэг нь Шинэ гэрээний Эцсийн шүүлт дээрх шиг зүйл биш л дээ. Сүйрэл бол маш удаан хугацаанд үргэлжилсээр ирсэн, цаашид ч тохиосоор байх үйл явц. Сүйрэл яг одоо энд болж байна. Бид аль хэдийн түүний дотор л амьдарч байна. Тасралтгүй үргэлжилсээр үргэлжилсээр буй “шүүлт”…

ХК: Та зохиолууддаа, ялангуяа Seiobo There Below романдаа урлагийн тухай онцгой их дурддаг шүү дээ. Урлаг хийгээд ирээдүй хоёрын харилцааг юу гэж тодорхойлох вэ? Ирээдүйг төсөөлөхөд, эсвэл бий болгоход урлагийн үүрэг ямар байх бол? Урлаг аврал мөн үү? Эсхүл тусгал уу?

ЛК: Урлаг бол хүн төрөлхтний хоосрол төөрөгдөлд хариу болгон өгсөн гайхамшиг. Чанад гоо үзэсгэлэнг хүртэх боломжгүй. Урлаг гар хүрч, эзэмдэж үл болох гагцхүү “тийм ээ, тэнд үнэхээр ямар нэгэн зүйл байна” хэмээн хүлээн зөвшөөрөхөөс хэтрэхгүй бидний давж үл чадах хязгаарын цаана оршино. Гоо үзэсгэлэн бол итгэл найдвар хийгээд дээд эмх цэгцээр цогцолсон бүтээл.

Орчуулсан: С.Энхцэцэг, Э.Доржсүрэн

Хянасан: М.Дэвээжаргал

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

@Katen on Instagram
[instagram-feed feed=1]