
“Хэсэг хүүхдүүд бужигнан
Хиртэй малгай булаалдаад
Хээр тоглож байжээ
Энэ яадаг малгай вэ гэсэнд
Өмссөн хүн нь үзэгддэггүй
Ид шидтэй малгай гэжээ”
С.Батзориг: Далдын хар малгай гэж сайхан “юм” бий. Малгайг гартаа оруулж чадсан баатар гуай хүсэл зорилгоо биелүүлэхэд нэн ойртож ирдгийг бид юунд эс андах. Үл үзэгдэх гэдэг тийм “супер хүч” юм сан уу? Хорвоогийн хамаг сайн муу, сайхан муухайг нүд минь үзүүлж, бодитой бодьгүйг ялгуулж, үнэн худлыг таниулдаг гэж бид боддог (тийм эсэхийг хэн мэдэх вэ). Тооцоолж үзэхэд бүх мэдээллийн 90 орчим хувийг хүн нүдээрээ л үзэж, олж авдаг гэнэ. Зуухан ширхгийн ерийг нь “аяган доторх алаг”-таа тушаачихдаг гэхээр хачин. Харна гэдэг ийм чухал. Тэгвэл харахгүй байна гэдэг ч төдий чинээ чухал ажээ. Харахгүйн хажууд харагдахгүй оршино. Ингээд бодохоор үл үзэгдэгчийн үнэ цэн “нүдний өмнө” тодроод ирэх мэт.
Дэлхийн уран зохиолын түүхэнд “Үл үзэгдэгч” хэдийнээс бий. Аман зохиол, үлгэр домгуудад үл үзэгдэгчид олон тохиолдоно. Өрнө дахинд үл үзэгдэхийн тулд ихэвчлэн нөмрөг нөмөрч, харин манай ийшээ малгай өмсдөг ажээ. МА “Хааны хүү Гомбо, харцын хүү Гонгор” үлгэрт Гомбо, Гонгор хоёр хөөрхий долоон чөтгөрийг гурвантаа луйвардан, гурван зүйл эрдэнэ олсны дотор далдын хар малгай агч. Малгайн нүдэнд үл үзэгдэх шид жатгыг овжин ашиглаж, шулмын хувилгаан Цэвцэл хатны нууцыг тандан мэдэж, хамсаатан ламыг нь тосонд түлж алаад, хатныг ичээн хөөж, хаан ширээнд харцын хүү суудаг билээ. Яг л ийм сюжет дэлхий дахины үлгэрүүдэд түгээмэл давтамжтай. Бодвоос үл үзэгдэх эрхийг гартаа оруулсан үлгэрийн баатар эсрэг талын мэдээллийн эх сурвалж руу хаалтгүй нэвтэрч, тэндээс аминд тулсан чухал мэдээлэл олж мэддэг юм байна. Харагдахгүй байсан болохоор л тэр. Далдын хар малгайтай нөхрийн ажил бүтэх магадлал 90% (нөгөө л 90 шүү дээ).
Бичгийн уран зохиолд энэхүү уламжлал хадгалагдсаар арай ч “хааны хүү Гомбо, харцын хүү Гонгор шиг” байхаа больсон цаг буюу 1897 онд Хэрбэрт Уэллс “The Invisible man” (Уг зохиолыг монгол хэлнээ “Үл үзэгдэгч хүн” гэж орчуулжээ) гэж ил цагаан бичсэн нь шинжлэх ухааны туршилтаар үл үзэгдэгч болсон хүний сэтгэлийн шаналгаа, элдэв асуудлын тухайтад өгүүлэх шинжлэх ухааны, шүүмжлэлт реализм байв. Үүнээс эхлээд үл үзэгдэх хэмээх нь их л өөр агуулга болсон шиг байна. Аж үйлдвэрийн хувьсгалаас хойших, орчин үеийн хүний амьдралд үл үзэгдэх гэдэг нь юу болоодхов? гэсэн асуулт ургажээ. Энэхүү асуултад “цэвэр уран зохиол”-ын талаас хариулсан бүтээл бол Америкийн зохиолч Пол Остерын “Үл үзэгдэгч” роман болой.
Набоковын хэлсэн нэг үг байдаг даа, “Зохиолч хүнийг үлгэрч, багш, шидтэн гэсэн гурван түвшнээр дүгнэж болно. Сайн зохиолчийн дотор үлгэрч, багш, шидтэн гурав зэрэгцэн оршиж байдаг. Гэхдээ шидтэний чанар нь давамгайлаад ирэхээр л гарамгай зохиолч төрдөг юм даа” гэж ирээд л… Тэгвэл далдын хар малгай чинь үлгэрчийн ч, шидтэний ч бичих юм мөнөөсөө мөн болж таарна аа даа. Пол Остер үлгэрч, шидтэн мөн болов уу?
Энхцэцэг: Америкийн зохиолч, яруу найрагч, кино зохиолч, найруулагч Пол Бенжамин Остер орчин үеийн Америкийн постмодерн детектив уран зохиолын шинэ мастер, хамгийн өвөрмөц бичлэгтэй зохиолч хэмээх тодорхойлолтыг шүүмжлэгчдээс хүртсэн. Тэр бээр 1947 оны хоёрдугаар сарын 3-нд АНУ-ын Нью Жерсид мэндэлсэн. 2024 онд 77 насандаа таалал төгссөн. Түүний бичсэн Winter Journal, Sunset Park, Invisible, The Book of Illusions, The New York Trilogy, 4 3 2 1 зэрэг олон бүтээл бестселлер болж байсан бөгөөд амьдралд туршдаа 18 роман туурвисны 15 дахь роман нь “Үл үзэгдэгч” хэмээх эл бүтээл юм. Пол Остер яруу найргийн 10 гаруй ном, эсээ намтарчилсан бүтээл, кино, жүжгийн төрлөөр 20 орчим ном хэвлүүлсэн нь дэлхий даяар 40 гаруй хэл дээр орчуулагдсан байна. Түүний бүтээл бүр шинэ туршилт байдаг учраас бичлэгийн аль нэгэн төрөл зүйлд эсээ, роман, баримтат гэх мэтээр ангилах тун хэцүү болдог гэдэг. The Yale Review сайтад нийтлэгдсэн “Why the novelist’s brand of postmodern detective fiction still matters” буюу “Постмодерн детектив өгүүлэмж яагаад одоо ч үнэ цэнтэй вэ?” нийтлэлдээ Бен Лиман “Уншигчид Пол Остерт эргэлзээ гайхширлын өртэй болж хоцордог” хэмээн дүгнэсэн нь бий. (https://yalereview.org/article/paul-auster-tribute )
Түүний зохиол бүтээл үргэлж хоёрдмол утга, метафизик орон зай, дотоод хөдөлгөөний философийн сэдвийг хөндөж, асуулт үлдээх шинж чанартай байдаг. Гэхдээ Остерын мета-зохиолууд ойлгоход хэзээ ч бэрх байгаагүй. Тун энгийн бичиглэлтэй. 2009 онд The New Yorker сэтгүүлд Жеймс Вудын бичсэнээр эсрэгээрээ “хэт чихэрлэг” буюу хэтэрхий ойлгомжтой нь түүний сул тал хэмээн шүүмжилсэн нь ч бий. (https://www.newyorker.com/magazine/2009/11/30/shallow-graves)
Пол Остер детектив постмодерны мастер хэмээн нэрлэгдэх болсон шалтгаан нь ийм. Детектив буюу алив гэмт хэрэг, том үйл явдлыг зохиол бүтэн бүрэлдэх үйл ажиллагаатайгаа хамт илэн далангүй дэлгэн ил харуулдаг. Ингэснээрээ уншигчид мөрдөгчийн байр суурин дээр ирэхдээ мөн адил зохиол бүтээл туурвигчийн өнцөг дээр ирж зогсох бүрэн эрхтэй болдог гэсэн үг. Энэ утгаараа Escapeintolife сайтад нийтлэгдсэн A Review of Paul Auster’s “Invisible” нийтлэлд Остерыг “Детектив романд туурвилзүйн туршилт хийх алтны уурхайг илрүүлсэн” хэмээн дүгнэсэн байдаг. (https://www.escapeintolife.com/book-reviews/a-review-of-paul-austers-invisible/) Тэрээр 1990-ээд онд Францын Prix Médicis étranger нэр хүндтэй шагналыг хүртсэн, Prince of Asturias Award for Literature буюу спани хэлт уран зохиолын шагнал, мөн Smoke киногоороо Шилдэг кино зохиол төрөлд Independent Spirit Award шагналыг хүртсэн. Мөн Италийн туран зохиолын салбарын томоохон шагнал болох Premio Napoli хүртэж байв.2017 онд Ман Бүүкерийн шагналд 4 3 2 1 роман нь богино жагсаалтад орсон байдаг. Мөн Commandeur de l’Ordre des Arts et des Lettres – Францын урлаг, утга зохиолын одонгийн командлагч билээ. Ингээд яривал барагдашгүй, дурдвал дуусашгүй Пол Остерын зохиол бүтээлийн замналыг сорчлон тоймлон энд үлдээгээд Үл үзэгдэгчийн хаалгаар шагайя.
С.Батзориг: Юваль Ноа Харари хэлж байна “Бидний хосгүй өвөрмөц хэл яриа чухамдаа ертөнцийн тухай мэдлэгээ хуваалцах хэрэглүүр болон үүсэж хөгжсөн ажээ. Гэхдээ дамжуулах ёстой хамгийн чухал мэдээлэл нь арслан, бух гөрөөсний тухай биш, хүний өөрсдийнх нь тухай мэдээлэл байв. Бидний хэл яриа үнэндээ хов жив ярих хэрэгсэл болж хувирчээ. Энэ онол ёсоор, хомо сапиенсыг юу юунаас илүүтэй нийгмийн амьтан гэж үздэг. Бид нийгэмд байнга хамтран ажилласныхаа хүчинд л амьд байж, өсөж үрждэг. Эрэгтэй, эмэгтэй хувь хүмүүс ердөө арслан, бух гөрөөс хаана байгааг мэдээд сэтгэл ханахгүй. Тэдэнд арслан, бух гөрөөс хаана байгааг мэдэхээс илүүтэй, овгийнхны хэн нь хэнийгээ үзэн яддаг, хэн нь хэнтэйгээ унтдаг, хэн нь үнэнч шударга, хэн нь зальхай амьтан бэ гэдгийг мэдэх нь л хавьгүй чухал”. Хомо сапиенсыг хомо сапиенс болгосон хамгийн их хүч бол “хов ярих” юм гэнэ. Хов ярихад хүний тархинд зүсэн зүйлийн бодол төсөөллүүд ээлжлэн жирэлзэж, допамин, серотонин энэ тэр гээд жаргал цэнгэлийн талыг хариуцсан дааврууд үер мэт сагалзаж, эгээ л нэг донтолтын адил үйлчилгээ үзүүлдэг гэхээр сонирхолтой. Хов үнэн худал нь хамаагүй гагцхүү “үнэн юм шиг байхдаа”, “ятгаж байхдаа” амт шимт нь оршино. Ийм хэл ертөнцийг ч бүтээж болно.
Өрнийн утга зохиол судлаачид Пол Остерыг гарамгай, магадгүй дэлхийн шилдэг постмодернист зохиолч хэмээн өргөмжлөн, түүний “Үл үзэгдэгч” романыг постмодерн текст, зохиолчийн хамгийн шилдэг зохиол гэж үнэлдэг.
Бидний амьдарч буй цаг үеийг “постмодерн” гэж нэрлэдэг. Постмодернистууд реализм, модернизмд байсан “агуулга, утга” гэдэг санааг хэрэгсдэггүй. Гагцхүү хэлбэрийг, хэлбэрээс ургаж болох бодит бус бодит байдлыг эрхэмлэнэ. “Түн түн түн түн түн сахур – бомбардиро крокодило – ассасино каппучино”. Чихэнд тань сонсогдохгүй байна гэж үү? Лабубу, Crybaby гээд кино, дуу, хөгжим, урлагийн аль ч салбартай ямар ч хавиралдаан байхгүй зүгээр л дүрүүд дэлхийн хүүхэд багачуудыг байлдан дагуулж байгааг харахгүй байна уу? Reel scroll-дож суугаа та өөрийгөө бод, тэнд утга байна уу? Таны зөв, байхгүй! Гэхдээ та салж чадахгүй үзээд суугаад байна уу? Бас л таны зөв, тэнд хэлбэр, дүр байгаа юм! Постмодернизмд утга үгүй атал “постмодерн текст”, энэ чиглэлийн уран зохиол байж байгаа нь гайхалтай хэрэг. Бид уншиж байгаа юмнаасаа ямар нэгэн ухаарал, танин мэдэхүй, ойлголт, мэдлэг, хүмүүжил, ёс суртахуун гэх мэт хүний амьдралын нандин сайхныг олж авах хэрэгтэй байсаар байхад, бүх амьдсын дотроос хүнд л гагц заяасан “УНШИХУЙ” хэмээх гайхамшгийн хамгийн гол зорилго сэдэв, санааг нээж, гүн далд утга агуулгыг нь ойлгож ухаарах эрмэлзлийг бид дотроо тээсээр байхад үүнийг үгүйсгэдэг ИЗМ-ээр бичсэн зохиол байх ч гэж дээ.
“Үл үзэгдэгч” романы 209-р талд “Бодит үнэнийг өгүүлэхийн тулд уран зохиол болгож хувиргах хэрэгтэй” гэжээ. Пол Остер роман дотроо Адам Валкер зохиолчийн бэсрэг романыг шингээсэн ба Адам Валкерын романыг зохиолч Жеймс Фриймэн бас бичилцэнэ.
С.Батзориг: Утга зохиолын онолч, философич Ролан Барт (Франц хүн) постмодернизм, постструктурализм (бас л пост үзэл учир утга, үнэн, ойлголт зэргийг хөдлөмтгий чанартай, туйлын бодит байдал, үнэн гэж байхгүй энэ нь нөхцөл байдлаас хамаарч өөр өөр байна гэсэн санаатай үзэл)-ын томоохон төлөөлөгч бөгөөд түүний онол үзлүүдээс хамгийн хүчтэй, том нөлөөтэй нь “Зохиогчийн үхэл” хэмээх үзэл юм. “ЗҮ”-ээр бол текстийн утга учир нь зохиогчийн санаа, үзэл бодол, зорилго, сэдлээс биш харин уншигч авхай уншиж байхдаа өөртөө тайлбарлах үйл явцаас бий болдог гэсэн утгатай ажээ. Энэ үзлээс өмнө зохиолч абугайн эрх мэдэл ихэд өндөр, сүр жавхлан төгс мандаж, уншигчид өөрийн агуу их оюун ухаан, суу заль, авьяас билгээрээ нөлөөлж, соён гэгээрүүлж, хүмүүжүүлж, боловсруулж байсныг Барт гуай яг эсрэгээр нь болгож зохиогч юу ч биш, уншигч агуу, уншигч юу гэж тайлбарлана, тэр үнэн гэжээ. Энэ үзэл өдгөө ч хүчин төгөлдөр хэрэгжиж байна. Жишээлэхэд, ЕБС-ийн Уран зохиолын хичээл дээр Тэмүжин Бэгтэрийг хөнөөсөн үйл явдлыг ангид хэлэлцүүлж байснаа багштан “Хүүхдүүд ээ, та нар Тэмүжиний оронд байсан бол яах байсан бэ?” гээд палхийтэл асуучхаж болдог цаг үед бид амьдарч байна. Энэ асуултад ангид байгаа 30-65 сурагч бүгд өөрөөр хариулах боломжтой агаад багштан алийг нь ч буруу зөрүү гэж шүүмжлэх ёсон үгүй. Үүнтэй л агаар нэгэн эрх чөлөөг “Зохиогчийн үхэл” хэмээх үзэл олгосон гэх үү дээ.
Гэтэл “Үл үзэгдэгч” роман уншигчийн эрх чөлөөнд хүртэл асуулт тавих мэт.
Романы гол дүр Адам Валкерын “дампуурдаг” (үгүй ч байж мэднэ) 1967 оны намар Ролан Барт “Зохиогчийн үхэл” гэдэг хачин жигтэй номоо хэвлүүлчхээд Эйффэлийн цамхгийн өмнүүр гунхаж явснаас 40 жилийн дараа 2007 онд гарсан “Үл үзэгдэгч” романд хэтрүүдүү хэлэхэд “Уншигчийн үхэл” тохиолдож байх шиг байдаг гэж “уянгалан бодмоор”. Бартынхаар бол “уншигч зохиолыг шинээр бичдэг, нээдэг, тайлдаг” харин Остерын романд бүх учиг зангилааг нь дүрийнхээ захидлаар тайлаад орхичихоор өнөөх тайлан тайлбарлах, ойлгож ухаарах, нээн таних гэдэг оюуны үйлийн таашаалыг сөргүүлсэн “шинэ хэлбэр” бүтчихэж байна. Роман нэгдүгээрт, зохиолоос зохиолчийг нь хайдаг (зохиолчийн хувь хүнийг хайдаг) шизоанализ болон психоанализын арга, хоёрдугаарт зохиолыг уншигч бүрэн дүүрэн болгодог “пост” аргуудыг хөнгөхөн няцааж, улмаар зохиогч нь тодорхойгүй эсвэл ямар ч зохиогчгүй роман бүтээх туршиц байсан болов уу гэж зүрхлэн таамагланам. Ингээд л энд бодит, хуурамч нь ялгагдахгүй, Ювалт Ноа Хараригийн хэлж байгаачлан “Төсөөллийн бодит байдал” үлдээд, “Роман болж хувирсан дурсамж = Дурсамжаа тэмдэглэсэн роман” бүтсэн байгаа юм даа. Ай, миний яруу алдарт ПОСТМОДЕРН цаг үе минь!
Роман бичих гарын авлага: Гурван биеийн дайн
Пол Остер Үл Үзэгдэгч романы зохиомжийг шинжлэхүй
Энхцэцэг: Нэгэн зохиолч амьдран суудаг байжээ. Тэрхүү зохиолч мөн нэгэн амьдран суудаг зохиолчийн тухай бичих болжээ. Ингээд Үл үзэгдэгч романыг бичив. Зохиолч хүн зохиолч хүний зохиол бүтээлийн тухай өгүүлнэ гэдэг нь энд ямар нэгэн хэмжээгээр уншигчид хэзээд үл үзэгдэж асан туурвилзүйн нууцуудаа ил харуулна гэсэн үг.
Зохиолын бүтэц, зохиомж: Үл үзэгдэгч романы хамгийн сонирхолтой хэсэг бол зохиомж.
Романы эхлэлд Адам Валкер өөрөө нэгдүгээр биеэс өгүүлнэ. Гэхдээ эхний бүлгээс хойш тэрхүү Адам Валкерын нэгдүгээр бие дахиж хэзээ ч гарч ирэхгүй. Тэгэхээр юу гэсэн үг вэ? 60-р хуудаснаас хойш ном дуусах хүртэл 100 гаруй хуудасны туршид гол дүр өөрийн түүхийг үл өгүүлэх “үл үзэгдэгч” болж оршино. Энэ хооронд хоёрдугаар бие орж ирж Валкерыг сонсогчийн байранд аваачна. Энэ удаа Валкер сонсож, “үл үзэгдэгч” хэн нэг хоёрдугаар бие: “…Хавар дуусаж зун эхэлнэ. Чи хорьтой. Чи их сургуулийнхаа гуравдугаар дамжааг хилийн чадад дүүргэх өргөдөл өгнө.Чи Парисыг сонгоно…” гэх мэтчилэн Валкерт эсвэл уншигчид хэн нэгэн шууд тулгаж байгаа мэтээр хүүрнэл үргэлжилнэ. Ингээд Зун бүлэг өрнөнө. Валкерын оюутан ахуйн найз Жим өгүүлэмжийг хөтөлнө. Ном гуравдугаар биеэс Валкер Жим хоёрын солилцож буй захиа байдлаар хэсэг өрнөнө. Эцэстээ Валкерийн 1967 онд хэдхэн хоног уулзаж асан Сесил гэх эмэгтэйн өдрийн тэмдэглэлээр дуусна. Адам Валкер өөрөө биш, Жим биш, хахь хол Сэсилээр төгсөнө гээд бод. Эцэстээ энэ романы бүхий л үйл явдлыг өөртөө хариуцах эзэн нь, жинхэнэ гол дүр нь ч үл олдоно. Ерөнхий зохиомж нь энэ. Үнэндээ ямар ч эмх замбараагүй. Гэхдээ маш нарийн эмх цэгч дор зангидагдсан болохыг гарцаагүй хэлэх байна…

Зохиолын тохиргоогоор (setting) дүрийг чигжиж амьдруулах нь
Уран зохиол, бичвэр туурвилын нэн түрүүний бүрдэл хэсгийг тохиргоо (setting) гэдэг. Энэ нь зохиолын орон, цаг хугацаа бүхий л нөхцөл шалтгааныг зааж өгдгөөрөө дүрийн хөгжилд томоохон үүрэг гүйцэтгэнэ. Үл үзэгдэгч романы хувьд дүрээ нээж, хөгжүүлэхдээ зохиомжоороо тохиргоог тааруулсан байдаг. Нэг, хоёр, гуравдугаар биеэс зохиомжилсноороо баатрын ухамсрын орон зайг маш өвөрмөцөөр харуулж байна. Нэг дүр амьдрахын тулд уншигчдад ямар ямар талаараа харагдаж болдог вэ гэдгийг бүхий л өнцгөөс нь шавхаж харуулсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл Үл үзэгдэгч бол аль нэгэн түүх биш, харин түүхийг хэрхэн харуулах вэ гэдэг ном. Адам Валкер зөвхөн өөрийгөө яриад байх нь хангалтгүй. /I бие/ Өөр хэн нэгэн түүний тухай ярина. /дахиад өөр I бие/ Тэгээд болоогүй Адам Валкерын ярьж чадахгүй, ам нээхээс ч халгам тэдгээр зүйлийг өөрт нь хэн нэгэн магадгүй уншигч ярьж өгнө./II бие/ Уншигч хүртэл түүний зохиолд маш идэвхтэй оролцоотой. Үл үзэгдэгч романыг уншсан хэн бүхэн явцдаа алив бүхний гаргалгааг хийх асар их ажлыг нэг мэдэхэд гардаж авсан байх вий. Эцэст нь Адам ганцаараа биш. Нийгмийн дунд, хүмүүсийн дунд тэр хэн юм бэ? /III бие/ Бусад дүрүүдийг Адам Валкертай зэрэг хөгжүүлнэ. III бие гаднаас нь буюу илүү алсаас, илүү бүтнээр харуулж байгаа юм. Сонин шүү. Нэг хүний эсийг нь микроскопоор дурандаж судалж байснаа /I бие/ өөдөөс нь нэг хараад /II бие/, бүр алсаас улс нийгэмтэй нь телескопоор ажиглах мэт /III бие/.
Тэгэхээр зохиомж=дүрийн хөгжүүлэлт
Пол Остерын XXI зууны уран зохиолын зохиомжид оруулж ирсэн шинэ туршилт:
Гурван бие
Бие | Баатрын байр суурь | Төлөөний үг | Үл үзэгдэгч роман дахь жишээ |
I бие | Өгүүлэгч | Би | Би тэр эртэй 1967 оны хавар анх уулзаж гар барьсан. Тэгэхэд би Колумбиагийн их сургуулийн хоёрдугаар курсийн оюутан “Хавар бүлэг” |
II бие | Сонсогч | Чи | Хавар дуусаж зун эхэлнэ. Чиний хувьд энэ бол Рупольф Борнтой хаврын дараах зун. Харин дэлхийн үлдсэн хүн ардын тухайд энэ бол Зургаан хоногийн дайны зун. Чи хорьтой. “Зун бүлэг” |
III бие | Өртөгч | Тэр | Төлөвлөсөн хичээлүүд нь эхлэхээс сарын өмнө Валкер Парист ирнэ. “Намар бүлэг” |

Нэгдүгээр бие
Нэгдүгээр биеэс ихэвчлэн намтарчилсан сэдэвтэй, эсвэл сэтгэл зүйн романууд бичигдсэн байдаг. Яг зөв. Бидний хамгийн сайн дассан хүүрнэлийн хэв маяг. Достоевский, Селинжерийн зохиолуудыг санавал мөн Шарлотта Бронтегийн “Жэйн Эйр”, Ф. Скотт Фицжеральдын “Агуу Гэтсби”, Чарльз Диккенс “Дэвид Копперфилд”… ер бидний мэдэх ихэнх зохиол бүтээл нэгдүгээр биеэс бичигдсэн болохыг анзаарч болно. Дүрийн бодол мэдрэмж, айдас гэмшил, хүсэл зэргийг шууд ойлгох боломж энд бүрддэг. Адам Валкер ердөө өөрийнхөө тухай ярьж байна. Уншигч Валкерын сэтгэлзүйн хувирал өөрчлөлтүүдийг нарийн амьд мэдэрнэ. Адам Валкер өөрөө ямар асуудалд хутгалдаж орхисон, үл ойлгогдом нууцлаг гаж гэмээр Рудольф Борн хэмээх эрийг тэр юу гэж бодож байгааг, яаж таньж байгааг, 1967 онд болсон үйл явдлыг хэрхэн харж байгааг уншигч илүү ойроос хүртэнэ.
“…Харин Борн сайн хүн биш. Ухаалаг, өвөрмөц тааварлах аргагүй байж болох ч “дайн бол хүний сэтгэлийн хамгийн цэвэр илэрхийлэл” гэж зүтгэсэн ямар ч хүн сайн байж таарахгүй.”/17-р тал/
“…Борн намайг ялжээ. Тэр жигшиж зэвүүцмээр хулчгар занг минь надад илчилж харуулан би энэ насандаа анх удаа хүнийг үзэн ядах ямар байдгийг ойлгов. Би түүнийг хэзээ ч уучлахгүй. Би өөрийгөө хэзээ ч уучлахгүй.” /58-р тал/
Ингээд Достоевский, Селинжерийн адилаар Адам Валкер үүргээ гүйцэтгэчихлээ. Гэхдээ энэ хангалтгүй. Одоо Адам Валкерыг гадны хүн юу гэж харж байгаа вэ? Дүр амьд болж жинхэнэ хүний амьдралаар амьдрахад өөр хэн нэгэн түүнийг юу гэж харж байгааг ч гэсэн уншигчдад үзүүлэх хэрэгтэй!
Цааш нь хоёрдугаар хэсэгт Жеймс нэгдүгээр биеэс өгүүлэмжийг хөтөлнө.
“Тэр өөртөө хэтэрхий хатуу хандаж байна. Борнтой үүсгэсэн харилцаандаа сул дорой, аясыг нь харсан байдалтай байсныгаа жигшиж, залуу насны хүсэл тэмүүлэл, өөдрөг зангаа зэвүүцэн мангас гэмээр хүнтэй харилцаж байгаагаа ойлгож ухаараагүйгээ зэмлэж байна. Гэвч Борн шиг сүртэй нөлөөтэй ч ёс суртахууны хувьд дорой хүний дэргэд 20 настай залуу оюутан зүг чигээ алдсаныг хэн буруутгах билээ дээ?
Энэ удаа өөр нэгэн “би” баатар Адам Валкерыг гаднаас харж дүгнэж байна. Адам Валкер өөрийгөө насан туршдаа буруутгаж, тэрхүү буруутгал гэмшлээсээ болж мэргэжлээ ч орхиж, хуульч болов. Жаахан ч болтугай шударга ёсыг өөртөө тунхаглахыг хүссэнээс тэр. Энэ үйлдлийг Жеймс өөртөө ийнхүү дүгнэж. Жеймсын дүгнэлт ч уншигчид хэрэг болсон байж мэднэ.
Нэгдүгээр биеэс уншигч дүрийн өөрийгөө ойлгож байгаа тэрхүү ойлголтыг илүү ойроос харлаа. Гэхдээ энэ хэсэгт бодит байдал дээр яг юу болсон юм бэ гэдэг үнэнийг бүрэн бүтнээр нь бус зөвхөн би баатрын нүдээр харж, зөвхөн би баатрын таньж мэдэрснээр бүхнийг тольдоно. Тэгэхээр Адам Валкерын хэлсэн зүйлсээс гадна хэлээгүй үлдээсэн зүйл байж болох уу? Тэр бүхнийг хаанаас олж мэдэх вэ? Түүний өнцгөөс биш гаднаас нь харахад тэр хэн юм бэ? Пол Остер II болон III биеэр энэ асуултад хариулсан.

Хоёрдугаар бие
Номын хоёрдугаар бүлэг Адам Валкерын захианд Жеймс хариу бичиж байгаагаар эхэлнэ.
Романыхаа гацалтаас хэрхэн гарах талаар Жеймсийн зөвлөгөө Үл үзэгдэгч романы 68-р тал:
“…Өөрийн тухай нэгдүгээр биеэс хүүрнэснээрээ би өөрийн амьсгаагаа боож, үл үзэгдэгч болгож, улмаар хайж буйгаа олж чадахгүйд хүрчээ. Би өөрийгөө өөрөөсөө тусгаарлах ёстой байв. Нэг алхам гэдрэг алхаж сэдвээсээ (сэдэв нь би өөрөө) өөрийгөө тусгаарлах ёстой. Тиймээс дэд бүлгээ хоёрдугаар биеэс өгүүлж эхлэв. “Би” нь “Чи” болж, тэрхүү бяцхан өөрчлөлтийн ачаар үүссэн сул орон зай надад номоо дуусгах боломж өгсөн. Магадгүй чи сэдэвтээ дэндүү ойр байгаа байх. Сэдэв нь нэгдүгээр биеэс тал барихгүйгээр хүүрнэх аргагүй дэндүү зүрх шимшрүүлсэн хувийн шинжтэй байж болно. Шинэ хандлага өөриймсвөл гацаанаасаа гарч дахин бичиж эхлэх магадлал бий болов уу?…”
Тийм. Адам Валкер сэдвээ харах шинэ өнцгийн тусламжтай бичихүйн гацаанаасаа гардаг. Шинэ өнцөг=II бие.
“Чи хорьтой, их сургуулийн хоёрдугаар дамжаагаа дөнгөж дүүргэсэн. Чи Израилын армид нэгдэж цэрэг болох эсэхээ эргэцүүлнэ. Гэхдээ чамайг шийдвэрээ гаргаж ажлаа төлөвлөхөөс өмнө дайн гэнэтхэн дуусна. Гэсэн хэдий ч чамд одоогийн байгаа газраасаа хаашаа ч хамаагүй явах хүсэл хүчтэй төрж, чи Парисыг сонгоно.” /71-р тал/
“Чи” төлөөний үгийг ашиглан, эгц урдаас нь уншигчийг дүрийн байр сууринд давхцуулан шууд татан оролцуулах сонирхолтой арга барил. II биеэр бичигдсэн зохиол тун цөөн. Мета текст буюу зохиол өөрөө өөрийнхөө тухай өгүүлж(өнөөх постмодернизм), улмаар зохиол өөрийгөө цоо шинээр танин мэдэх шинжтэй. Мөн уламжлалт дүр, өгүүлэмж, цагийг эвдэж уншигчийг оролцуулах туршилт байж болдог. Хамгийн гол шинж нь өөрөөсөө зай барьж, хоёр туйлд хуваагдчихсан дүрийн орон зайн нөгөө туйлынх нь илэрхийлэл болох нь элбэг. Жишээ нь Итало Кальвино “If on a Winter’s Night a Traveler” “Хэрэв өвлийн шөнөөр аянчин” зохиолыг дурдаж болно. Мета текстийн хүрээнд уншигчийг сэтгэлгээний хувьд гол дүр болсон мэтээр өгүүлэмж өрнөнө. Үл үзэгдэгч романы хувьд хоёрдугаар бүлэг тэр чигтээ Адам Валкерын гэмшил, өөрийгөө шүүсэн жигшсэн хандлагыг илчилж байдаг. Адам Валкер хамгийн харгис хэрцгий, таагүй муухай, жигшүүртэй гэж үзсэн тэрхүү намтраа хоёрдугаар биеэс бичсэн. Энэ бичлэгийн аргыг ашиглахгүй л бол Адам Валкерын зохиол бичих явц удаан хугацаанд гацаж орхисон байсан гэж гарна. Тэрхүү гацалтаас гарах овжин бөгөөд мэргэжлийн суут туурвигчийн арга нь зохиомж, бие болж таарсныг илэн далангүй үзүүлж байгаа нь Пол Остерын онцлог. Тийм ч учраас зарим судлаач шүүмжлэгчид түүний энэ ур чадварыг магтан сайшаасан байхад зарим зохиолч нар хэтэрхий илэн далангүй хамаг нууцыг дэлгэчихлээ хэмээн буруутган шогшрох нь бий.

Гуравдугаар бие
Өөрөө хамаг үнэнээ тоочдог юм байж, өөрийнх нь амнаас гарахгүй байгаа үнэнийг ч гэсэн хэлүүлж орхидог юм байж. Одоо юу үлдэв? Бараг л юу ч үлдсэнгүй. Дотроос нь бараг л эсийн түвшинд танилаа. Эгц урдаас нь чичиж байгаад үнэнийг нь улайлгалаа. Гэхдээ Пол Остер шүү дээ. Тэгэхээр гаднаас нь, бүр алсаас харах орон зайг ч мөн олгох хэрэгтэй гэж тэр үзжээ.Энэ орон зай гуравдугаар бүлэгт гарч ирнэ. Гуравдугаар бие Адам Валкерыг нийгмийн дунд байрлуулж гаднаас нь улс хамт олон, юутай ийтэй нь иж бүрэн харах түвшинд авчирна. Ингээд Адам Валкер гэж яг хэн юм бэ гэдэг асуултад хэн нэгэн гуравдугаар бие яг л дота шиг бүх улс нийгмийг нь байгуулж эргэн тойрон хүмүүсийг ижил тэнцүү хөгжүүлж хариулна, харуулна. Энэ биеэс маш олон зохиол бүтээл бичигдсэн байдаг. Жишээ нь Л.Н.Толстойн “Анна Каренина”, Густав Флобер “Бовари хатагтай”, Габриэль Гарсиа Маркес “Зуун жилийн ганцаардал”, Ф.М.Достоевский “Гэм зэм” гэх мэт. Өгүүлэгч бие болон дүр хооронд зай гарч ирдэг. Энэ алс зай уншигчид шүүн тунгаах завсар нь болдог. Хоёрдугаар биед уншигч шууд өртөж байсан бол энэ удаа илүү эрх чөлөөтэй, аюулгүй ( хэн ч чи тэгсэн, ингэсэн гэж дайрч давшлахгүй) шүүгчийн байранд байна. Гуравдугаар бие бүхнийг мэдэж илүү их мэдээллийн уншигчид өгнө. Мөн олон дүр яг зэрэг хөгжөөд явна. Жишээ нь гэхэд “Зуун жилийн ганцаардал” олон үе дамнасан гэр бүлийн түүхийг бүтнээр нь багтааж чадсанаас гуравдугаар биеийн багтаамжийг харж болно. Үл үзэгдэгч романы хувьд гуравдугаар бие орж ирээд хамаг итгэл найдварыг үгүй хийдэг. Уншигчийн өдийг хүртэл итгэж ирсэн бүхнийг эргэлзээтэй болгож орхих болно. Энэ бол Пол Остерын төлөвлөгөө. Эцэст нь Адам Валкер өөрийнхөө тухай үнэн ярьж байсан нь эргэлзээтэй болно. Тэр өөрийгөө зөвтгөсөн үү?, зарим зүйлийг зориуд нуусан уу?, эсвэл зүгээр л дурсамж гэдэг угаас ийм барьцгүй зүйл бил үү?… Эцэст хэн нь үнэн яриад, хэн нь худлаа яриад байгаа нь мэдэгдэхээ байна. Гэвч бодит байдал ийм л байдаг. Гуравдугаар бие ихийг мэдэж байлаа гээд улам л их эргэлзүүлэхээс цаашгүй болохыг ойлгох вий. Гэхдээ эцэстээ зохиолын гол дүр Адам Валкер биш ч байж болно. Энд нэг л хүний тухай бүгд хүүрнэж байгааг анзаарвал Рудольф Борн. Борны тухай Валкер, Борны тухай Сесил. Гэсэн атлаа нэгдүгээр биеэс өөрийгөө өгүүлж чадаагүй үлдсэн ганц л баатар байна. Ингээд харахаар Үл үзэгдэгч гэх нэрийн утга агуулгаараа, хэлбэрээрээ гарч ирж байна. Угаас ингэж нэрлэхээс өөр ямар ч арга байгаагүй мэт харагдаж байна. Үзэгдэх юу ч алга учраас. Эцэст нь дүгнэхэд гурван биеийн дайн өрнөж, тэсэрч дэлбэрч асар том үл үзэгдэх зүйл бий болсон…
+1 -10
Хэдүүлээ нэгэн зохиол бүтээл туурвих гээд сууж байна гэж төсөөлье. Арай ядан хөгжүүлж буй хоёр дүр маань хоорондоо юм яриад байж байг. Мөхөс бичээч харилцан ярианыхаа зураасыг татаж аваад ярилцуулж гарлаа. За яг эндээс хамгийн гол юм эхэлнэ. Пол Остер энэ хэсэгт л “дэлбэлдэг”. Ихэнх бичээчийн хувьд хоёрын харилцан яриа төгсгөлөг бүрэн шинжтэй байх магадлал их. Гэхдээ Пол Остер юуг ч төгсгөдөггүй. Төгс байх, бүрэн байх албагүй. Харилцан яриа төгс өрнөхгүй. Заавал ямар нэг ач холбогдолтой байх албагүй. Яагаад ийм байгааг нь ямар ч хүүрнэгч тайлбарлах албагүй. Манай хоёрын нэг нь ярьж байхдаа ямар нэг зүйлд эргэлзэж байна гэж бодъё. Гэхдээ яриагаа заавал эргэлзсэн өнгө аястай хэлэх албагүй. Дотроо нэг эргэлзсэнээ болиод, юу ч болоогүй юм шиг яриагаа үргэлжлүүлж л дээ. Энэ тохиолдолд бичээч зөвхөн хоорондоо юу ярьсныг л эсвээс зохиолд ач холбогдол бүхий бодол эргэлзээг л оруулах магадлал бий. Эсвэл ярианаас маань огт өөр зүйл толгойд нь орж иржээ гэж бодъё. Үүнийг мөн л зохиолд ач холбогдолгүй бол дурдах албагүй. Харин Пол Остер бол… Тэр бүгдийг дурдана. Аймшигтай. Тэр бүх зүйлийг нэгд нэгэнгүй хэлж өгнө. Хүний дотор байдаг нарийн ширийн тайлбарлах аргагүй мэдрэмжүүдийг бүгдийг нь. Жишээ нь: Сэдрик Вилламсыг гарцаагүй Борн хөнөөсөн гэдгийг эрс шулуун хэлж орхино. Тэр орой болон дараах өдрүүдэд нь болсон аймшигтай явдлуудыг өгүүлэнгээ Маргогийн царайг анхааралтай ажиглахад Марго түүнд өвдөлт мэдэрдэг, ухамсартай хэвийн хүн шиг санагдахын сацуу хайрлаьж дурлан хоёр жил хамт амьдарсан эрдээ итгэх итгэлийг нь үгүй хийн, түүнийг гэнэтийн цохилтоор балмагдуулах нь өөрт нь таалагдаж байгааг Валкер ойлгоно. Марго уйлж эхэлжээ. Нью-Йоркт өөрт нь хэрхэн хандсаны хариуг авах гэсэндээ
Гэхдээ ийм илэн далангүй байх тусам үл үзэгдэх зүйлсийн тоо геометр прогрессоор нэмэгдэнэ. Нэгийг илчлэх тоолонгоор олон арван нууцлагдмал зүйл гарч ирнэ гэсэн үг. Пол Остерыг уншина гэдэг нь уншигчийн хувьд нэг зүйлийг олж авчхаад буцаагаад 10 зүйлийг алдах мэт. Эргэлзээнд оруулж гүйцэх атлаа юуг ч үл хэлнэ. Тэгээд яг юу үл үзэгдэгч вэ? гэдэг асуулт гарч ирнэ. Үнэндээ тэрхүү гол санаа ч үл үзэгдэгч шинж чанартай. Энэ бол Пол Остерын ажил биш. Уншигч миний ажил болж таарсан юм. Тэгэхээр мөхөс уншигч би бээр ажлаа ийнхүү хийв.
-
Энхцэцэг
- 02/13/2026
Бодит үнэнийг өгүүлэхийн тулд уран зохиол болгож хувиргах хэрэгтэй
“Хэсэг хүүхдүүд бужигнанХиртэй малгай булаалдаадХээр тоглож байжээ Энэ яадаг малгай вэ гэсэнд Өмссөн хүн нь үзэгддэггүй Ид шидтэй малгай гэжээ” С.Батзориг:…
Венецид мэндэлсэн шүлгүүд – П.Буянцогт
- 02/11/2026
Танк бол түр зуурынх, лийр бол үүрдийнх
- 12/03/2025
Гэм зэм жүжгийн УР
- 11/30/2025

Leave a Reply